| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2026/00093/И |
| Дугаар | 320/ШШ2026/00361 |
| Огноо | 2026-02-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 320/ШШ2026/00361
| 2026 оны 02 сарын 12 өдөр | Дугаар 320/ШШ2026/00361 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэгч: Б.Г*** хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай, 320/2026/00093/и индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Г***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би 1985 оноос 1994 онд хүртэл Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд, Хөвсгөл аймгийн Урандөш кино театрт, мөн Хөвсгөл аймгийн Үзвэрийн газар, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг даргын тамгын газарт тус тус ажиллаж байсан. 1985 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс Мандал нэгдэлд галчаар орж гурван сар ажиллаад 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл авто грашид газ 66 машины жолоочоор ажиллаж байсан.
Тушаал дээр болохоор намайг 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс чөлөөлсөн ббайгаа юм. Гэхдээ миний санахад хавар нь уг ажлаасаа чөлөөлөгдөөд кино механикчаар томилогдож ажилласан юм. Гэтэл тушаал давхардсан нэг хэсэг хугацаа байгаад байгаа. Үүнийг би сайн ойлгохгүй болчихоод байна. Тухайн үедээ дарга нь сүүлд тушаалаа гаргаад ийм зөрүү үүссэн юм болов уу гэж бодож байна. Үүний дараа 1986 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс кино механикчаар ажиллаж байсан тушаал давхар гарсан байгаа. Ажилласан жилийг минь таслахгүй гэсэндээ ийм тушаал гарсан гэж бодож байна. Яагаад ийм давхардсан тушаал гарсныг мэдэхгүй. 20 хэдхэн настай залуу хүн байсан учраас энд ажилла, тэнд ажилла гэж хэлэнгүүт нь тушаалаа аваад харах ч үгүй л явчихдаг байсан. Арбулаг суман дахь кино механикчийн ажлаас шууд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Төмөрбулаг сумын кино механикчаар томилогдон ажиллаж байгаад 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Могойн голын нүүрсний уурхайн кино механикчаар ажиллаад үүний дараа 1990 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс Цагаан-Үүр сумын кино механикчаар ажилласан. 1992 оны сүүлээр 1993 оны эхээр Уран дөш кино театр маань Хөвсгөл аймгийн кино үзвэрийн газар нэртэй болоод удалгүй кино механикчийн ажлын байрыг сумын нь захиргааны мэдэлд шилжүүлж тус сумын захиргаандаа 1993 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1994 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад гарсан. Сая тэтгэвэр тогтоолгох гэтэл таны энэ хугацаанд ажиллаж байсан тушаалууд давхцаад байгаа учраас шүүхээр тогтоолго гэсэн. Хамт ажиллаж байсан кино механикчаа гэрчээр асуулгасан байгаа. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс:Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 221693 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн даргын 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 95 дугаартай тушаал, Арбулаг сумын Мандал нэгдлийн даргын 1986 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаартай тушаал, 1986 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 44 дугаартай тушаал, цалин хөлсний түүвэр болон 70 дугаар дансны хуулбар, Хөвсгөл аймгийн Урандөш кино театрын даргын 1986 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 31 дугаартай тушаал, 1988 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 4 дугаартай тушаал, 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаартай тушаал, 1990 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаартай тушаал, 1993 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Хөвсгөл аймгийн кино үзвэрийн газрын 01 дугаартай тушаал, 1993 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны захирамж, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын засаг даргын 1994 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаартай захирамж, баярын бичиг, болон үнэмлэхийн хуулбар, цэргийн алба хаасан батлахын хуулбар, кино механикчийн үнэмлэхийн хуулбар, жолооны үнэмлэхийн хуулбар, алтан гадас одонгоор шагнагдсан баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг тус тус ирүүлжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Т.*** аас гэрчийн мэдүүлэг авсан байна.
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Г***ын Иргэний ХААТР-1 (А), ХААТР-21 (А) лавлагааг тус тус бүрдүүлсэн.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын сарын 20-ны өдрийг хүртэл галчаар, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн авто гражид 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл жолоочоор, Хөвсгөл аймгийн Урандөш кино театр болон Хөвсгөл аймгийн кино үзвэрийн газарт 1986 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Арбулаг, Төмөрбулаг, Цэцэрлэг сумын Могойн голын уурхай, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумдын кино механикчаар тус тус, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын засаг даргын Тамгын газарт 1993 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1994 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл кино механикчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан ба үүнийг тогтоолгосноор нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгон авахад улсад ажилласан жил минь нэмэгдэж тооцогдох эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа юм гэжээ.
3.Хэрэгт:
Б.Г*** Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1985 оны 1-2, 4-5 дугаар саруудад ажиллан авсан цалин хөлсний баримтын түүвэр болон цалин хөлсний баримтад Хөвсгөл аймгийн Арбулаг сумын засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар, түүвэр зэрэг 3 хуудас (хх-ийн 11-13 дугаар хуудас),
Нэхэмжлэгчид 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлээс нээж олгосон *** дугаартай Ажлын тухай мэдээний хэсэгт: 01-02 дугаарт цэргийн алба хаасан, албанаас бэлтгэлээр халагдсан талаар бичигдсэн, 03 дугаарт Мандал нэгдэлд галчаар, 04 дүгээрт Мэргэжлийн ажилд шилжүүлэн жолоочоор, 05 дугаарт өөр ажилд шилжих болсноор жолоочоос чөлөөлсөн, Арбулаг сумын кино механикчаар, 06-12 дугаарт Арбулаг, Төмөрбулаг, Могойн гол, Цагаан-Үүр сумдын кино механикчаар томилогдсон, чөлөөлөгдсөн, Цагаан-Үүр сумын Засаг даргын тамгын газрын мэдэлд шилжсэн, Цагаан-Үүр сумын Засаг даргын тамгын газраас чөлөөлөгдсөн байдлууд бичигдэж, тамга дарагдсан “Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас,
Арбулаг сумын Мандал нэгдлийн даргын 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 95 дугаар ...Нэгдсэн конторын цэвэрлэгчээр Д.П***ыг 9-р сарын 1-нээс конторын галчаар Г***, Б.Э*** нарыг томилж 9-р сарын 24”нээс эхлэн ажиллуулсугай... гэх тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,
Арбулаг сумын Мандал нэгдлийн даргын 1986 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар ...Авто гражид ГАЗ-66 машины жолоочоор Б.Г***ыг 4-р сарын 20-ноос ... тус тус томилсугай... гэх “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн даргын 1986 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 44 дугаар ...жолооч Г***ыг 7-р сарын 1-нээс тус тус үүрэг ажлаас чөлөөлсүгэй... гэх тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,
Хөвсгөл аймгийн Урандөш кино театрын даргын 1986 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 31 дугаар 1. Өөрийн хүсэлт, кино театрын мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтийг үндэслэн Арбулаг сумын кино меканикчаар Ц.Г***ыг 4-р сарын 20-ноос эхлэн түр томилсугай гэх “Б./овог засвартай/ Г***ыг ажилд томилох тухай” тушаалын хуулбар 1 хуудас,
Хөвсгөл аймгийн Урандөш кино театрын даргын 1988 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 4 дугаар ...Арбулаг сумын кино механикч Галбадрахыг мөн 1-р сарын 1-нээс тус тус чөлөөлж, ... Төмөрбулаг сумын кино механикчаар Г*** нарыг тус тус томилсугай...гэх “Зарим хүмүүсийг ажилд томилох чөлөөлөх тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,
Хөвсгөл аймгийн Урандөш кино театрын даргын 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаар ...Төмөрбулаг сумын кино механикч Г***ыг Цэцэрлэг Могойн голын нүүрсний уурхайн кино механикчаар... 1988 оны 9 дүгээр сарын 20-ноос эхлэн тус тус томилн ажиллуулсугай...гэх “Зарим хүмүүсийг ажилд томилох ба өөр ажилд шилжүүлэх тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,
Хөвсгөл аймгийн Урандөш кино театрын даргын 1990 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар 1. Өөр ажилд шилжих болсон тул Цэцэрлэг сумын Могойн голын нүүрсний уурхайн кино механикч Б.Г***ыг 1990 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж,... Цагаан-Үүр сумын кино механикч, клубын эрхлэгчээр ажиллаж байсан Б***ийг 1990 оны 1 дүгээр сарын 31-нээс кино механикчийн зүүрэгт ажлаас чөлөөлж, кино механикч Г***ыг 1990 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн тус тус томилсугай. ...гэх “ Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,
Хөвсгөл аймгийн Кино үзвэрийн газрын даргын 1993 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаар ... Нэг. Б***ийн Г***ыг кино механикчийн үүрэгт ажлаас нь чөлөөлж Цагаан-Үүр сумын Засаг даргын Тамгын газрын мэдэлд шилжүүлсүгэй... гэж “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1993 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 7 дугаар 1. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу сумдын кино цэгүүд засаг даргын тамгын газрын мэдэлд шилжиж ирсэнтэй холбогдуулан 1993 оны 01 сарын 18-ны өдрөөс эхлэн Б*** овогтой Г***ыг кино механикчийн үүрэгт ажилд томилон ажиллуулсугай гэх “Ажилд томилох тухай” Засаг даргын захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг даргын 1994 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаар ...3. Өөр ажилд шилжин ажиллах болсон тул Б*** овогтой Г***ыг мөн өдрөөс эхлэн кино механикчийн үүрэгт ажлаас гэх “Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай” захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,
Б.Г*** Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ...14. Ажилладаг байгууллага: Уран дөш кино театр, ажилд орсон:1985, эрхэлдэг ажил: кино механик, эрхэлж эхлэсэн он: 1985, оршдог сум, район: Цэцэрлэг... гэж 1988 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр бүртгэгдсэн ХААТР-1 (А) маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 35 дугаар хуудас),
Б.Г*** Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар баримт 1 хуудас (хх-ийн 36 дугаар хуудас),
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэрч Т.Б***аас 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр авсан: Би 1989 оны 6 сард Улаанбаатар хот дахь Соёлын дунд сургуулийг кино механикч-авто клубын жолооч мэргэжлээр төгсөөд аймгийн Соёлын хэлтсийн томилолтоор аймгийн Уран дөш кино театрт туслах кино механикчаар томилогдон ирэхэд Б.Г*** хөдөөгийн нүүдлийн кино механикчаар ажиллаж байсан. Тэр цагаас хойш бид хоёр 1994 оны 6 сар хүртэл хамт ажилласан. Манай Урандөш кино театр нь сум бүрт кино механикч томилон ажиллуулдаг байсан бөгөөд миний санахын Г***нь Арбулаг, Төмөрбулаг, Могойн уурхай, Цагаан-Үүр зэрэг сумдад кино механикчаар ажиллаж байсан. Хамгийн сүүлд Цагаан-Үүр суманд ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Тухайн үед би өөрөө аймгийн төв сум руу кино хуваарилж өгдөг байсан учраас энэ талаар сайн мэдэж байгаа юм....” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн ажиллаж байх хугацаандаа шагнагдсан Баярын бичиг, Соёлын тэргүүний ажилтан тэмдэгээр шагнагдсан үнэмлэх, Төрийн дээд шагнал болох “Алтангадас” одонгоор шагнагдсан үнэмлэх зэргийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ,
133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно,
135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Г*** нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.
5. Дээрх баримтуудаар нэхэмжлэгч Б.Г***ын Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын сарын 20-ны өдрийг хүртэл галчаар, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн авто гражид 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл тус сумын жолоочоор, Хөвсгөл аймгийн Урандөш кино театр болон Хөвсгөл аймгийн кино үзвэрийн газарт 1986 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Арбулаг сумын, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын Уурхайн, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын кино механикчаар тус тус, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын засаг даргын Тамгын газарт 1993 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1994 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл кино механикчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосон болно.
Хэрэгт авагдсан ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалуудын зарим хэсэгт овог тавигдаагүй, Д.Ц байж болох бүдэг гаргац муутай овгийн эхний үсэг тавигдсан байгаа боловч цаг хугацааны дараалал, тушаал шийдвэр дээрх шилжилт хөдөлгөөний сумдын шилжсэн дараалал зэрэг нь 1993, 1994 оны тушаал шийдвэр дээрх Б***гийн Г***киномеханикч гэсэн нэхэмжлэгчийн овог, түүний эрхэлж байсан ажлын нэршил зэрэгтэй тохирч байгаа тул дээрх баримтуудыг үнэлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж ирүүлсэн хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилттэй хэсгүүд нь түүний шүүхэд ирүүлсэн тушаалын цаг хугацаатай тохирч байгаа нь түүний дээрх ажиллаж байсан байдал нотлогдож байна гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн жолоочийн ажлаас чөлөөлсөн тушаал нь нэхэмжлэгчийг Арбулаг сумын кино механикчаар тохилогдсон хугацаатай давхцаж байгаа нь хэдийгээр хоёр өөр байгууллагад ажиллаж байгаа боловч ажиллаж байгаа сум нь нэг байгаагаас шалтгаалан түүний чөлөөлсөн тушаалыг хугацаа хожимдуулсан байх боломжтой гэх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн 1986 оны хавар кино механикч болж байсан санагдана гэх тайлбараар түүний ажилласан байдлыг тогтоолоо.
Хөвсгөл аймгийн Уран дөш кино кино театр нь хэзээ ямар цаг хугацаанд Хөвсгөл аймгийн кино үзвэрийн газар болж нэршлийн хувьд өөрчлөгдсөнтэй холбоотой баримтгүй, мөн нэг байгууллага зөвхөн нэршлийн хувьд өөрчлөгдсөн гэх тул зааглан тогтоох шаардлагагүй юм.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Г***-ын Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын сарын 20-ны өдрийг хүртэл галчаар, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн авто гражид 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл тус жолоочоор, Хөвсгөл аймгийн Урандөш кино театр болон Хөвсгөл аймгийн кино үзвэрийн газарт 1986 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Арбулаг сумын, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын Уурхайн, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын кино механикчаар тус тус, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын засаг даргын Тамгын газарт 1993 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1994 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл кино механикчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА