| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2305 03296 2590 |
| Дугаар | 2025/ДШМ/1349 |
| Огноо | 2025-11-28 |
| Зүйл хэсэг | 10.1.2.2., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/1349
2025 11 28 2025/ДШМ/1349
Ч.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор И.Мөнхцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н-ийн өмгөөлөгч Н.Мөнхсүлд,
цагаатгагдсан этгээд Ч.Б-, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, Ч.Эрдэнэбат,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/2228 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор И.Мөнхцэцэгийн бичсэн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаар прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н-ийн өмгөөлөгч Н.Мөнхсүлдийн гаргасан давж заалдах гомдлоор Ч.Б-т холбогдох 2305 03296 2590 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Ч-ийн Б-, ......., /РД: Ч-/,
урьд Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;
Цагаатгагдсан этгээд Ч.Б- нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн Ч- хорооны нутаг дэвсгэрт байрлах 40 дүгээр байрны 3 давхарт 21 тоот өөрийн гэртээ хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан иргэн Ц.Б-тай “цалин өгөөгүй” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар Ц.Б-гийн хэвлий тус газарт нь өшиглөж цохисны улмаас түүний биед хэвлийн битүү гэмтэл болох баруун 6, 7 дугаар хавирганы хугарал, элэгний язарсан шарх, эдийн няцрал, нарийн бүдүүн гэдэсний чацархайн язарсан шарх бүхий хүнд гэмтэл учруулсны улмаас дотуур цочмог цус алдаж нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Баянгол дүүргийн прокурорын газраас Ч.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар цагаатгагдсан этгээд Ч.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 2305032962590 дугаартай хэрэгт Ч.Б-т эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагаатгагдсан этгээд Ч.Б- 566 хоног энэ хэрэгт цагдан хоригдсоныг болон бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н-ийн өмгөөлөгч Н.Мөнхсүлд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч Л.Н-ийн нөхөр Ц.Б- нь 2023 оны 09 сарын 01-ний өдөр амь насаа алдсантай холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж нэг жилийн дараа буюу 2024 оны 10 сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024/ШЦТ/80Ч- шийтгэх тогтоол гарч хэргийг шийдвэрлэсэн. ... Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 сарын 27-ны өдрийн 2024/ДШМ/1266 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. ... Прокурорын байгууллагаас давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдагдсан дээрх ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн байх ба мөрдөн шалгах аливаа нууц ажиллагаа, түүнтэй холбоотой баримт байхгүй гэдгийг улсын яллагчийн зүгээс тодорхой илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь эргэлзээгүй тогтоож, нотлох ажиллагаа бүрэн хийгдсэн болно. Тодруулбал, үзлэг хийгдсэн хяналтын камерын бичлэгт “Ц.Б- нь 40-р байрны орцноос гарч ирэхдээ хөл дээрээ тогтож чадахгүй биеийн байдал зовуурьтай байгаа шинжтэй гарч ирэн дэлгүүрт орж буй дүрс бичлэг харагдаж байна...” /1 хх 121-129/, гэрч Д.Б-ын “... Б- ахын гэрт нь тал шил архиа дөрвүүлээ хувааж уусан. Талийгаач Б- нь дахиад нэг шил архи авья гээд Ц-тай гадагшаа гараад явсан. Төд удалгүй талийгаач Б- нь ганцаараа 0.5 граммын архитай орж ирсэн. Б- ахын гэрт нь гурвуулаа архиа хувааж ууж байх явцад Б-, талийгаач Б- хоёр нэг дор ажилладаг. ... талийгаач нь Б-ийг өөрийнхөө ажилладаг газарт хамгаалалтын ажилд оруулаад сар болсон. Б- ахын гар нь гэмтээд сарын сүүлээр хэд хоног очоогүй юм байна лээ. Тэр асуудлаас болоод цалинг нь өгөөгүй шалтгаанаар талийгаач Б-, Б- хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Талийгаач Б- нь Б- рүү салаавч гаргаад босоод ирсэн. Б- ах босож ирээд энгэрээс нь хоёр гараараа заамдаж аваад мушгиад шалан дээр унагасан. Б- ах нь Б-г унагах явцдаа печний шилэн нүүрийг хагалсан..., талийгаач Б- хажуу талаараа унасан байдалтай босох гээд өндийхөд нь Б- ах “шил хагалчихлаа” гээд уурлаад талийгаач Б-гийн гэдэс рүү хоёр удаа хүчтэй өшиглөсөн....” гэх мэдүүлэг /1 хх 39-41, 2 хх 117-118/, гэрч Н.Ц-ын “... тэгээд байж байгаад дээд давхарт нь байх Б-ийнд орохоор болоод Б-а, Ц.Б- бид гурав Б-ийнд ороход Б- ганцаараа байсан бөгөөд бид дөрөв нийлээд Б-ынд ууж байсан архиа бариад орсон тал шил архиа хувааж уусан. Тэгээд архи бараг дуусаж байхад “би явлаа” гэж хэлээд Ц.Б-тай хамт гараад явсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 43-45, 47-49/, гэрч Б.Б-гийн “...2023 оны 06 сард манай байгууллагад ирж ажилд орох хүсэлт гаргаж анкет бөглөсөн бөгөөд Б- нь Б-ийг дагуулж ирээд “ажилд оруулах гэсэн юм” гээд надад танилцуулсан. ...Б- сарын 800.000 төгрөгөөр цалинжихаар тохиролцсон эхний сарын цалинг дараагийн сарын 05-ны өдөр бүтэн өгдөг бөгөөд Б- ажлаа таслаад тэр чигтээ алга болсон...” гэх мэдүүлэг /2 хх 121 -123/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 сарын 21-ний өдрийн 2357 дугаартай дүгнэлт “...дээрх гэмтлүүдээс хэвлийн битүү гэмтэл нь бусдын үйлдлээр буюу цохих үед үүснэ...” /1 хх 57-66/, шинжээч эмч Ч.Эрдэмболорын “... өмссөн гутал хувцаснаас шалтгаалахгүйгээр 2 удаа хэвлийд өшиглөхөд үүсэх боломжтой...” гэх мэдүүлгүүд тус тус авагдсан нь бүгд шүүгдэгчийн гэм бурууг нотолсон байна. Гэтэл дээрх байдлаар хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч, шинжээч бусад этгээдүүд, түүнчлэн шинжээчийн дүгнэлтүүд бүгд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл байгааг нотолж, шалтгаант холбоог тодруулсаар байтал хэргийн бодит байдалд нийцэхгүй үндэслэлээр буюу нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна. Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл нь мөн адил нотлох баримтаар нотлогдох шаардлагатай бөгөөд цагаатгах шийдвэр гарах болсон үндэслэлийг тодорхой дурдаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байгаа зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/2228 дугаартай цагаатгах тогтоол бүхий шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор И.Мөнхцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Цагаатгах тогтоолыг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч танилцаад “хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байхад анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна. Үүнд: Хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “... Тэлмэн дэлгүүрийн хяналтын камерын бичлэг байх бөгөөд уг бичлэгт 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр камерын цагаар 16 цаг 00 минутад амь хохирогч Ц.Б- нь “Б-” дэлгүүрт орж ирэн 100 грамм Хараа нэртэй архи худалдан авч тооцоо хийгээд дэлгүүрээс гарч байв. Үргэлжпүүлэн дэлгүүрийн гадна талын камер буюу 67/5 дугаар байрны орц руу харсан чиглэлтэй дэлгүүрийн гаднах камерын бичлэгт үзлэгийг үргэлжлүүлэхэд 16 цаг 14 минутад улаан малгайтай цэнхэр өнгийн хувцастай Ц-тай амь хохирогч таарч ярилцаж байв. Энэ үед 40 дүгээр байрнаас хэн нэг хүн Ц-, Б- нарыг дуудах бөгөөд Б- 40 дүгээр байрны ертөнцийн зүгээр хойд талд очин дээш өнгийж ямар нэгэн зүйл хэн нэг хүнтэй ярьж байх ба буцан “Б-” дэлгүүрт орж байгаа нь харагдаж байв. Үзлэгийг “Б-” дэлгүүрийн дотор талын хяналтын камерт үргэлжлүүлэхэд амь хохирогч Ц.Б- нь 0.75 л хэмжээтэй хараа нэртэй архи нэг ширхэг, ундаа 1 ширхгийг худалдан аваад гарч буй дүрс бичлэг буусан байв. Үзлэгийг цааш Б- дэлгүүрийн гадна камерын бичлэгт үргэлжлүүлэхэд “Б-” дэлгүүрээс тортой эд зүйлс /архи, ундаа/ аван гарч Ц-ын хамт 40 дүгээр байрны орц руу чиглэн явж буй дүрс бичлэг харагдаж байна. Бичлэгийг цааш тоглуулахад 18 цаг 10 минутад Ц.Б- 40 дүгээр байрны орцноос гарч ирэхдээ хөл дээрээ тогтож чадахгүй биеийн байдал зовуурьтай байгаа шинжтэй гарч ирэн дэлгүүрт орж буй дүрс бичлэг Б- дэлгүүрийн гадна талын хяналтын камерын бичлэгт буусан байв. Үзлэгийг цааш дэлгүүрийн дотор талын камерын бичлэгт үргэлжлүүлэхэд амь хохирогч дэлгүүрийн хөргөгч түшин хэсэг зогсож байх үед гаднаас 18 цаг 33 минутад амь хохирогчийн нутгийн ах гэгдэж буй Батсайхан цэнхэр өнгийн малгайтай цэнхэр өнгийн биеийн тамирын хувцастай орж ирэн ... харагдаж байна. Бичлэгийг цааш тоглуулахад 18 цаг 59 минутад Ц.Б-гийн эхнэр Л.Н- ирж Б-г дэлгүүрийн гадна шатны хажуугаас босгох гэхэд хохирогч зовуурьтайгаар мөлхөж 67/5 дугаар байрны орцны үүдэнд очин хэвтэв. Энэ үед амь хохирогчийн эхнэр Л.Н- “Б-” дэлгүүрт орж ирэн худалдагчтай ямар нэгэн зүйл ярих бөгөөд Худалдагч мөн давхар гар утсаараа хүнтэй ярьж байгаа нь “Б-” дэлгүүрийн дотор талын хяналтын камерын бичлэгээс харагдаж байв. Бичлэгийг цааш үргэлжлүүлэн тоглуулахад 67/5 дугаар байрны булангаас 19 цаг 11 минутад Б- гарч ирэн түүнтэй зэрэгцэн Л.Н- дэлгүүрээс гарч ирэн амь хохирогч Ц.Б-г түүний эхнэр Л.Н- нутгийн ах гэгдэх Б- нар өргөж 67/5 дугаар байрны орц руу оруулж буй нь харагдаж байна” гэсэн тэмдэглэл /1 хх 121-129/, гэрч Д.Б-ын мэдүүлэг “...надад өмнө мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байна. ... Манай гэрт засвар хийж байгаад ууж байсан тал шил архиа бариад 3 давхрын Б-ийн гэрт нь орсон. Б- нь халамцуу ганцаараа сууж байсан. Б- ахын гэрт тал шил архиа дөрвүүлээ хувааж уусан. Талийгаач Б- нь дахиад нэг шил архи авъя гээд Ц-тай гадагшаа гараад явсан. Төд удалгүй талийгаач Б- нь ганцаараа 0,5 граммын архитай орж ирсэн. Б- ахын гэрт гурвуулаа архиа хувааж ууж байх явцад Б-, талийгаач Б- хоёр нэг доор ажилладаг. ... талийгаач нь Б-ийг өөрийнхөө ажилладаг газарт хамгаалалтын ажилд оруулаад сар болсон. Б- ахын гар нь гэмтээд сарын сүүлээр хэд хоног очоогүй юм байна лээ. Тэр асуудлаас нь болоод цалинг нь өгөөгүй шалтгаанаар талийгаач Б-, Б- хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Би гал тогооны бүтээлэгтэй ширээний баруун талд хана налаад сандал дээр сууж байсан. Талийгаач Б- нь ширээний зүүн талд сандал дээр сууж байсан. Б- ах ширээний баруун талд сандал дээр сууж байсан. Талийгаач Б- нь босож ирээд Б- рүү салаавч өгөөд босоод ирсэн. Б- ах босож ирээд энгэрээс нь хоёр гараараа заамдаж аваад мушгиад шалан дээр унагасан. ... Б- нь хамаагүй хүчтэй илүүрхэж шалан дээр унагасан. Б- ах нь талийгаач Б-г газар унагах явцад хоол халаадаг цагаан өнгийн печний нүүрэн хэсгийг хагалсан. Яг юу нь оногдоод хагалсныг нь мэдэхгүй байна. Талийгаач Б-гийн толгой хэсэгт нь цагаан өнгийн печний шилэн нүүрийг хагалсан. Печний нүүрний бор шил нь хэдэн тал руугаа бутраад унасан. 13 цагаас хойшоо байхаа талийгаач Б-г газарт хажуу талаараа унасан байдалтай босох гээд өндийхөд нь Б- ах нь шил хагалчихлаа гээд уурлаад талийгаач Б-гийн гэдэс рүү нь 2 удаа хүчтэй өшиглөсөн. Б- ах нь таавчигтай байсан. Талийгаач Б- ах зүгээр босоод сууж байсан газраа суусан. Цагдаа дээр мэдүүлэг өгсний дараа хоёр хоногийн дараа Б-ийн гэрт нь орсон. Би “Б- ах аа, чи талийгаач Б-гийн гэдэс рүү өшиглөөд печээ хагалсныг мэдэж байна уу” гэхэд “мэдэж байгаа” гээд сандарсан байдалтай толгой дохиж байсан. Б- нь печний шил яагаад хагарсныг намайг мэдэж байгаа тул зөвхөн надтай энэ талаар ярьдаг. ... надад өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгөхийг тайлбарлаж баталгаа авсан. Тухайн үед 2 хоног архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байхад гэнэт цагдаа ирээд намайг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Талийгаач Б-г нас барсан гэхээр нь айж сандарч шоконд орсон, өдөр хоногоо будилж, ярьж мэдүүлэг өгсөн байна. Би өмнөх мэдүүлэг дээрээ худлаа мэдүүлэг өгөөгүй, андуурч, эндүүрсэн зүйлээ гэртээ хариад хэсэг хугацааны дараа тайвшраад бодож эхлээд санасан. ... би тухайн өдөр маш их сандарсан байсан, учир нь цагдаагийн алба хаагч нар 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 22 цагийн үед цонхоор болон хаалгаар хүч түрэн орж ирж намайг баривчилсан юм. Намайг цагдаагийн газарт авч ирээд 2 давхарт гаргаад “чи хэргээ хүлээ” гээд гар гавлаад намайг дарамталсан, хүч хэрэглэн намайг зодсон. Тэгээд би айж сандарсандаа тухайн газраас хурдан явах гээд айсандаа тухайн өдөр юу ч болоогүй гэж худлаа мэдүүлсэн юм. Харин 2023 оны 1Ч- сарын 13-ны өдөр гэрчээр дахин өгсөн мэдүүлэг үнэн зөв юм. Г.Г- ахын хамт 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цагийн үед Б-ийнд очсон. Б- гэртээ ганцаараа байсан. Гэрт нь Б-, Г- бид 3 хамт архи ууж байхад гаднаас Э-, Ж-, О- нар орж ирээд хамт архи уусан ба архиа ууж дуусгаад О-, Э-, Ж- нарын хамт гэрээс нь гарсан. Гэрээс гараад би ганцаараа Баянгол дүүргийн Ч- хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны гадаа саданд М-тэй хөзөр тоглож байгаад гэртээ харьсан юм. Тэгээд гэртээ байж байхад гаднаас Ц-, Б- нар 1 шил архи аваад орж ирсэн. Тэгээд тэр архийг нь хувааж ууж байгаад архиа талд нь оруулаад гэрээс гараад Б-ийнд ороод үлдсэн тал архиа ууж дуусгаад байж байтал Б-, Ц- нар гадагшаа хамт гараад Б- гаднаас архи аваад ганцаараа орж ирсэн. Тэгээд тухайн архийг нь хуваагаад ууж байхад Б-, Б- нар цалин мөнгөний асуудлаас болоод маргалдсан. Б- “чи миний мөнгийг өг, тэр газар чинь миний цалинг өгөхгүй байна” гэтэл Б- “би тэрийг чинь яаж мэддэг юм” гээд салаавч гаргаад босоод иртэл өмнөөс нь Б- босож ирээд Б-г цээжээр нь тэвэрч аваад “мушгиад газарт биеийн баруун хэсгээр нь унагаасан. Б- газарт унахдаа печний нүүрийг хагалчихсан. Тэгтэл Б- уурлаад “чи муу пиздаа печний нүүр хагалчихлаа” гээд Б-гийн гэдэс хэсэг рүү нь баруун талын таавчигтай хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэгээд Б- босоод ирэхээр нь би “та нар больцгоо” гээд тэр хоёрыг салгаад сандал дээр суулгасан. Тэгээд архиа ууж байгаад хэсэг хугацааны дараа Б- гэрээсээ гараад явсан. ... Би тухайн өдөр Б-г цонхоор дуудсан асуудал байхгүй. Б- дуудсан байж магадгүй. ... Надад нүүрэлдэн мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. ... Би хэн нэгнийг гүтгэсэн худал мэдүүлэг өгсөн зүйл байхгүй. ... Надад мэдүүлэг өгөхөд хэн нэгэн нөлөөлсөн, дарамталсан зүйл байхгүй...” /1 хх 39-41, 2 хх 117-118/, гэрч Н.Ц-ын мэдүүлэг “...тэгээд байж байгаад дээд давхарт нь байх Б-ийнд орохоор болоод Б-а, Ц.Б- бид гурав Б-ийнд орсон тухайн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Бид гурав Б-ийнд ороход Б- ганцаараа байсан бөгөөд би дөрөв нийлээд Б-ынд ууж байсан архиа бариад орсон тал шил архиа хувааж уусан. Тэгээд архи бараг дуусаж байхад “би явлаа” гэж хэлээд Ц.Б-тай хамт гараад явсан бөгөөд би Ц.Б-гаас арай түрүүлээд гараад явсан, араас нь Ц.Б- ах гарсан юм. Ц.Б- ах орцны код мэдэхгүй учир би хаалгыг нь барьж зогсож байгаад Б- ахыг дэлгүүрээс дахин нэг шил архи аваад эргээд ороход нь орцны хаалгаар оруулж өгчхөөд “би явлаа” гэж Ц.Б- ахад хэлээд гэр лүүгээ явсан. ... талийгаачийг яагаад ямар шалтгааны улмаас нас барсан талаар нь надад мэдэх зүйл байхгүй, харин саяхан Б-атай уулзахад Б-а надад чамайг гараад явсны дараа Б-, Б- нар хоорондоо маргалдаад пилетканы шил хагалаад Б- Б-г унагаагаад гэдэс рүү нь өшиглөчихсөн гэж надад ярьсан. ... 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б-ын гэрт Б- бид 2 дэлгүүрээс нэг шил архи авч ороод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгж байгаад Б-а манай гэрт засвар хийж байгаа хэдүүлээ Б-ийн гэрт оръё гээд Б-ийн гэрт Б-а Б- хоёртой хамт Б-ынд ууж байсан тал шил архиа аваад орсон. Б-ийн гэрт ороод тал шил архинаас би 2-3 удаа татаад “за би явлаа явлаа” гэж хэлтэл талийгаач Б- ах Б- ах 2 хоорондоо цалингийн асуудлаар ширүүхэн ярилцаж нөгөө газар чинь цалин мөнгө өгөхгүй байна гээд байсан. Тэр хооронд би гэрээс гараад явсан бөгөөд миний араас талийгаач Б- гарсан бөгөөд намайг гадаа байхад Б- ах гарч ирээд “би дэлгүүр ороодохъё, орцны хаалга барьж байгаарай” гэж хэлсэн. Тэгээд Б- дэлгүүрээс тортой юм аваад Б-ийнх рүү орсон бөгөөд би хаалгаар оруулж өгөөд “битгий маргалдаарай” гэж хэлчихээд яваад өгсөн. ... би хэн нэг хүнийг Б-атай нийлж гүтгэсэн гэмт хэрэг нуун далдалсан зүйл байхгүй, би болсон асуудлын талаар үнэн ярьж байна...” /1 хх 43-45, 47-49/, гэрч Т.О-гийн “... Б-ийн гэрт гэрээсээ гараад Ж- архи уух гээд гаднаас ганцаараа орсон бөгөөд ороход Э-, Б-а Б-, Г- нар архи ууж байсан. ... Ороход Б-а надад 20.000 төгрөг өгсөн бөгөөд би тэрийг нь аваад гадагшаа гараад дахиж архи аваад гэрт нь буцаж ороод бүгдээрээ хувааж уусан. Тэгж байгаад нээх удаагүй бид нар бүгдээрээ буюу Г-, Э-, Б-а бид нар 09-10 цагийн үед гараад явцгаасан бөгөөд Б-ийн гэрт Б- ганцаараа үлдсэн. Г-, Э- бид 3 гараад 31 дүгээр байрны урд очоод саравчинд архи уусан. Архи ууж байхад Б-а нэмэгдэж ирсэн. Тэгээд тэнд саравчинд байж байгаад тарцгаасан. ...” /2 хх 130-131/, гэрч С.Э-ын мэдүүлэг “...Б-ийн гэрт ганцаараа орсон. Намайг ороход Б-а, Г- ах нар архи уугаад сууж байсан. Тэгээд бид 3 сууж байхад гаднаас О- орж ирээд бид нар хамт архи ууж байгаад 09-10 цагийн үед цувраад гараад явцгаасан. Бид нарыг гарахад Б- гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээд Г-, О- бид нар хамт тэднийхээс гарсны дараа 31 дүгээр байрны гадаа архи уусан, тэгж байгаад тэндээсээ салцгаасан. ... Сайн санахгүй байна Б- биеийн тамирын бараан өмдтэй байсан санагдаж байна” /2 хх 134-135/, шинжээч эмч Ч.Эрдэмболорын мэдүүлэг “...өмссөн гутал хувцаснаас шалтгаалахгүйгээр 2 удаа хэвлийд өшиглөхөд үүсэх боломжтой” /2 хх 137/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэсэн заалтад хамаарч байх ба шүүх хуралдааны явцад улсын яллагчийн зүгээс шинжлэн судалсан нотлох баримтуудад авагдсан үйл баримтууд нь ямар нотлох баримтуудаар няцаан үгүйсгэгдэж байгааг дүгнээгүй. Хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нъ авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байхад анхаарч үзэлгүй орхигдуулсан. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/2228 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Ч.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Ч.Б-ийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцүүлэн уг хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Амь хохирогч нь хамгийн сүүлд дэлгүүрийн худалдагчтай ярилцсан талаар дэлгүүрийн худалдагч гэрчээр мэдүүлэг өгөхдөө дурддаг. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад дэлгүүрийн худалдагчийн мэдүүлгийг няцаасан ямар ч баримт авагдаагүй. Мөн Б-ын мэдүүлэг нь камерын бичлэгтэй таардаггүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц-, Б-, Д.Б-атай нүүрэлдүүлж мэдүүлэг авахад Ч.Б-, Д.Б-а нарын мэдүүлэг нь өмнө нь өгсөн мэдүүлгээс зөрдөггүй. Харин Н.Ц- нь сүүлд өгсөн мэдүүлгээ өөрчилдөг. Тэрээр мэдүүлгээ өөрчлөхдөө “...Б-ийн гэрт ороогүй...” гэж мэдүүлсэн. Д.Б-ын мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан дэлгүүрийн худалдагчийн мэдүүлэг болон камерын бичлэгээр үгүйсгэгдэж байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Ч.Б-ийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх 2024 онд уг хэргийг шийдвэрлэхдээ Ч.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байна гэж дүгнэсэн байдаг. Тухайн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэх үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгосон. Өмгөөлөгч миний зүгээс давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагаа бүрэн дүүрэн хийгдэлгүйгээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцэгдсэн гэж үзэж байна. Учир нь Д.Б-а нь Ч.Б-ийн гэрт хэн хэнтэй хамт орсон талаараа байнга зөрүүтэй мэдүүлдэг. Тодруулбал Б- гэх хүн Ч.Б-ийн гэрт байсан гэж мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байдаг боловч уг хэрэгт Б- гэх хүнээс мэдүүлэг, тайлбар авсан зүйл огт байдаггүй. ... Мөн амь хохирогчийг хэний гэрт байж байгаад гарсан гэдгийг Д.Б-ын мэдүүлгээс өөр тогтоосон баримт байдаггүй. Н.Ц-ын маршрутыг шалгаагүй. Гэрч Н.Ц- мэдүүлэгтээ “...би зуслангаас ирсэн явж байхад Д.Б-а намайг цонхоор дуудсан...” гэж мэдүүлсэн байдаг бол Д.Б-а мэдүүлэгтээ “...Ч.Б- цонхоороо дуудсан...” гэж мэдүүлсэн. Энэ мэтчилэн хэрэгт авагдсан нотлох баримтууд зөрүүтэй байхаас гадна хэргийн бодит байдал эргэлзээгүйгээр нотлогдож тогтоогдоогүй тул анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Б-т холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос Ч.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, мөн 1.3 дахь заалт “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол;” давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгохоор хуульчилсан.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.Ч- зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгасан эсэх, өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь цагаатгагдсан этгээдийн гэм буруугүй эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй.
Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар бөгөөд шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж, нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох нь түүнийг шүүхээр бодитой, үнэн зөв хянан шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлдэг болно.
Хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтуудыг үнэлж дүгнэн, нэгдсэн дүгнэлтэд хүрэх ба хэргийн талаарх ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоохын тулд тал бүрээс нь бүрэн дүүрэн судалж тогтоох шаардлагыг нотлох баримтын олонлог байдал илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл, тогтоох гэж буй гэмт хэргийн үйл явдал, нөхцөл байдлыг болон бусад шаардлагатай бүх ажиллагааг явуулж, шийдвэр гаргахад хүрэлцэхүйц нотлох баримт цугларсан байх ёстой ба нотлох баримтад бэхжигдсэн мэдээлэл, эх сурвалж бүрийг мухарлан шалгаж, тогтоосон үйл баримтыг үгүйсгэж болох бүх таамаглалуудыг эцэслэн шалгаснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт хэрэгжих учиртай.
Цагаатгагдсан этгээд Ч.Б-т холбогдох энэ хэргийн хувьд нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрэн хангагдсан гэж үзэх боломжгүй байна.
Тухайлбал, энэ хэргийн үйл явцыг шууд гэрчилсэн Д.Б-ын мэдүүлгийн зөрүүтэй байдлыг тодруулах зорилгоор түүний мэдүүлэгт дурдсан “... шарах шүүгээ /печ/-ний шил хагарсан байсан ...” /1хх 39/ гэх асуудлыг Ч.Б-ийн мэдүүлэгт /1хх 113/ дурдагдсан н.Т-- /Д-/, н.Б- нарыг гэрчээр асууж тодруулах, мөн Ч.Б-ийн мэдүүлэгт дурдсан “... манай эгч намайг гэрийн гаднаас түгжээд явсан, гэрээс гарч чадахгүй байсан учир архи уугаагүй ...” /хх 110/ гэх байдлыг тодруулах, мөн Д.Б-ын мэдүүлэгт дурдсан “... сааданд М-тэй хөзөр тоглож байгаад гэртээ харьсан...” /1хх 39-41/ гэх, гэрч П.О-ийн мэдүүлэгт /“Б-” дэлгүүрийн худалдагч/ “... талийгаач хэлэхдээ “... хаана уусан юм” гэж асуухад “Б-ынд архи уусан” ...” /1хх 30-33/ гэх, гэрч Н.Ц- “...намайг байхад хоорондоо маргалдаж муудалцаагүй...” /1хх 43-45/ гэх зэрэг мэдүүлгүүдийг зайлшгүй тодруулахаас гадна амь хохирогч хамгийн сүүлд хаана байсныг тогтоох зорилгоор камерын цагаар 16:17-18:10 /14:17-16:10/ хооронд хэний гэрт архи уусан асуудлыг гэрчүүд болон бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийсний эцэст гэм буруутай эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/2228 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/2228 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Ч.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ЕРӨНХИЙ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ М.АЛДАР