Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0030/З |
Дугаар | 221/МА2018/0459 |
Огноо | 2018-08-22 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2018/0459
2018 оны 08 сарын 22 өдөр |
Дугаар 221/МА2018/0459 |
Улаанбаатар хот |
“О р с” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийг
хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.О, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И, Ц.Ш, Д.Э, Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0390 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч “О р с” ХХК-ийн захирал Д.Г давж заалдах гомдлоор, “О р с” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “О р с” ХХК-ийн захирал Д.Г 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Сангийн сайдын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Барилга худалдах тухай” тушаал болон үүнд үндэслэн гарсан 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн “Өмчлөгчийн эрх олгох тухай” 134 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Гуравдагч этгээд “Х р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:
“Х р ХХК-д өмчлүүлсэн 338.07 м.кв талбай бүхий рашаан савлах байр, рашаан савлах байрны өргөтгөл 51.2 м.кв талбай бүхий барилгыг “О р с” ТӨХК-ийн санхүүгийн тайлан үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, үндсэн хөрөнгөөс хасах арга хэмжээ авах, үүнтэй холбоотой зохицуулалт хийхийг хариуцагчид даалгах”-ыг хүсчээ.
Гурав. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0390 дугаар шийдвэрээр:
“Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 хэсэгт заасныг баримтлан “О р с” ХХК-ийн Сангийн сайд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Барилга худалдах тухай” тушаал болон үүнд үндэслэн гарсан 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн “Өмчлөгчийн эрх олгох тухай” 134 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “Х р” ХХК-ийн “тус компанид өмчлүүлсэн 631,07 м.кв талбай бүхий рашаан савлах байр, рашаан савлах байрны өргөтгөл 51.2 м.кв талбай бүхий барилгыг “О р с” ТӨХК-ийн санхүүгийн тайлан, үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, үндсэн хөрөнгөөс хасах арга хэмжээ авах, үүнтэй холбоотой зохицуулалт хийхийг хариуцагчид даалгах бие даасан шаардлагыг хангаж” шийдвэрлэжээ.
Дөрөв. Нэхэмжлэгч “О р с” ХХК-ийн захирал Д.Г дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Нэхэмжлэлийн шаардлага бол Сангийн сайдын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Барилга худалдах тухай” 104, 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн “Өмчлөгчийн эрх олгох тухай” 134 дүгээр тушаал нь Улсын Их Хурлын 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” 70 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай” 330 дугаар тогтоол болон эдгээрийг биелүүлж гаргасан “Төрийн өмчийн хорооны 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн “О р с” ТӨХК-ийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах тухай” 607 дугаар тогтоолыг тус тус зөрчсөнийг тогтоож хүчингүй болгуулах юм. Улсын Их Хурал, Засгийн газар болон ТӨХ-ны тогтоолуудад “О р с” ТӨХК-ийн хувьд тусгайлан зориулалтыг нь өөрчлөхгүй, 100 хувь, нээлттэй дуудлага худалдаагаар, түрээслэгч “Х р” ХХК-д түүний гаргасан хөрөнгө оруулалтын зардлыг нь олгох болзол нөхцөлтэйгээр хувьчлахаар шийдвэрлэсэн байдаг. Гэтэл Сангийн сайдын 2016 оны 104 дүгээр тушаалаар “О р с” ТӨХК-ийн рашаан савлах байр, түүний өргөтгөлийн барилгыг тусад нь салгаад нээлттэй дуудлага худалдаа хийлгүйгээр шууд худалдаж Улсын Их Хурал болон Засгийн газрын тогтоолуудыг илэрхий зөрчсөн. Анхан шатны шүүхээс Сангийн сайдад хуулиар (ТбОНӨтХ28.4) эрх олгосон тул Улсын Их Хурал болон Засгийн газрын тогтоолыг зөрчих эрхтэй гэсэн агуулга бүхий шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Ялангуяа Улсын Их Хурлаас эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргаад төрийн өмч хувьчлалын талаар бодлогын шийдвэр гаргачихаад байхад үүнийг өөрчлөх, хүчингүй болгох эрх зөвхөн Үндсэн хуулийн цэц болон Улсын Их Хуралд өөрт нь байдаг.
Харин хүчин төгөлдөр Улсын Их Хурлын тогтоолыг бүх төрийн албан хаагч түүний дотор шүүх нэг мөр ойлгож хэрэглэх үүрэгтэй. Хэрэв Улсын Их Хурлын тогтоол Үндсэн хууль зөрчсөн үндэслэл байвал шүүхээс Үндсэн хуулийн цэцэд хандаад холбогдох хэргийг түдгэлзүүлэх эрхтэй. Төрийн тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэх өмчийг 4 дахин бага буюу 290 саяхан төгрөгөөр хувийн компанид шууд өгсөн /бараг бэлэглэсэн/. Улсын Их Хурал болон Засгийн газрын тогтоолыг илэрхий зөрчсөн Сангийн сайдын тушаалыг зөвтгөсөн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэг. Анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0390 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт “...“О р с” ТӨХК-ийн хувьчлалтай холбоотой Улсын Их Хурлын болон Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхдээ тус компаний үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 338,07 м.кв талбай бүхий рашаан савлах байр, рашаан савлах 51.2 м.кв бүхий өргөтгөлтэй холбогдох асуудлаар Сангийн сайдаас судалгаа хийж, шалган нягталсны үндсэн дээр хуульд заасан өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх барилгыг “Х р” ХХК-д давуу эрхээр эдлүүлэн худалдахаар шийдвэрлэсэн шийдвэр нь хуульд нийцсэн байна.
Тухайлбал Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Түрээсэлсэн эд хөрөнгийг худалдах тохиолдолд түрээслэгчид Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан эрх /тэргүүн ээлжинд худалдан авах/ эдлүүлэх эсэхийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ” гэжээ.
Анхан шатны шүүх Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4-т “Засгийн газраас баталсан жагсаалтын дагуу эд хөрөнгийг хувьчлах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг тайлагнах” эрх, үүргийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээсэн байна. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” 70 дугаар тогтоол Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай” 330 дугаар тогтоолд “О р с” ТӨХК-ийг үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгөөр нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж 100 хувь хувьчлахаар шийдвэрлэсэн байна. Гэтэл Сангийн сайд Төрийн өмчийн хорооны чиг үүргийг шилжүүлэн авсны дараа “О р с” ТӨХК-ийг бүхэлд нь 100 хувь нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах ажлыг зохион байгуулахын оронд 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Барилга худалдах тухай” 104 дүгээр тушаал гаргаж “О р с” ТӨХК-ийн үндсэн хөрөнгүүдийн нэг болох 338.07 м.кв бүхий рашаан савлах байр, рашаан савлах байрны өргөтгөл 51.2 м.кв талбай бүхий барилгыг “Х р” ХХК-д шууд санал болгон худалдахаар шийдвэрлэсэн байна.
Тодруулбал Улсын Их Хурал болон Засгийн газрын тогтоолоор баталсан жагсаалтад нэр дурдагдаагүй эд хөрөнгийг дээрх тогтоолуудад заасан нээлттэй дуудлага худалдааны аргыг хэрэглэхгүйгээр түрээсийн давуу эрх гэдгээр “Х р” ХХК-д шууд худалдсан байна. Ийм үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсоор байхад анхан шатны шүүхээс “...Сангийн сайдын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Барилга худалдах тухай” 104 дүгээр тушаал, 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн “Өмчлөгчийн эрх олгох тухай” 134 дүгээр тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана” гэж заасантай нийцсэн...” гэж үндэслэлгүйгээр дүгнэсэн.
Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоолд зохих журмын дагуу өөрчлөлт ороогүй тохиолдолд “О р с” ТӨХК-ийн үл хөдлөх хөрөнгийг тусад нь салгаж хувьчлах тухай шийдвэр гаргах эрх Сангийн сайдад хуулиар олгогдоогүй байна. Нөгөө талаас Сангийн сайд нь Улсын Их Хурал болон Засгийн газрын тогтоолыг дураар өөрчлөн хэрэгжүүлэх эрх байхгүй ба Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8-д “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу Сангийн сайд дээрх тогтоолуудыг түүнд заасны дагуу биелүүлэх үүрэгтэй.
Хоёр: Анхан шатны шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасныг буруу хэрэглэсэн:
Хариуцагч нap нь рашаан савлах байр, түүний өргөтгөлийг “Х р” ХХК-д хувьчилсан гэсэн тайлбар гаргадгаас гадна маргаан бүхий захиргааны акт болох 104 дүгээр тушаал нь Засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоолыг үндэслэсэн байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд төрийн өмчийг хувьчлах, төрийн өмчийг худалдах асуудлыг тус тусад нь зохицуулсан байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн “Төрийн өмчийн эд хөрөнгө хувьчлах” гэсэн 6 дугаар бүлэгт хувьчлах асуудлыг тусгайлан зохицуулсан байх бөгөөд 32 дугаар зүйлд “Төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн энэ хуульд заасан арга хэлбэр, нөхцөлийн дагуу хувийн өмчид шилжүүлэхийг төрийн өмч хувьчлах /цаашид энэ хуульд хувьчлах/ гэнэ, 34 дүгээр зүйлд хувьчлах аргыг тоочин зааж уг зүйлийн 2-т “Төрийн өмчийн тодорхой эд хөрөнгийг энэ зүйлд заасан аргаар хувьчлахыг Засгийн газраас баталсан жагсаалтад урьдчилан заах бөгөөд түүний дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ” гэж тодорхой заасан байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд түрээсийн давуу эрхээр хувьчлах арга тусгагдаагүйгээс гадна Засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоолд “О р с” ТӨХК-ийг нээлттэй дуудлага худалдааны аргаар хувьчлахыг маш тодорхой заасан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “түрээслэн эд хөрөнгийг худалдах тохиолдолд түрээслэгчид Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан эрх тэргүүн ээлжинд худалдан авах эдлүүлэх эсэхийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ” гэж заасан нь төрийн өмчийг худалдах тохиолдолд хэрэглэхээр тодорхойлжээ. Гэтэл анхан шатны шүүх үүнийг буруугаар тайлбарлан хэрэглэж “...“О р с” ТӨХК-ийн хувьчлалтай холбоотой Улсын Их Хурлын болон Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхдээ тус компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй рашаан савлах байр, өргөтгөлтэй холбоотой асуудлаар Сангийн сайдаас судалгаа хийж хуульд заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд дээрх барилгыг “Х р” ХХК-д давуу эрх эдлүүлэн худалдахаар шийдвэрлэсэн шийдвэр нь хуульд нийцсэн...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Гурав: Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй:
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Улсын Их Хурал нь төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл, хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг батлах, түүнд өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй”, мөн хуулийн 9 дүгээр зүйлд “Засгийн газар нь төрийн өмчийн бүрэн бүтэн байдлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах”-аар зааж уг зүйлийн 4-т “Засгийн газар нь хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлах бүрэн эрхтэй”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 4-т “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Засгийн газраас баталсан жагсаалтын дагуу эд хөрөнгийг хувьчлах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг тайлагнах” эрхтэй гэж төрийн өмчийг хувьчлах шийдвэр гаргах түүнийг хэрэгжүүлэх эрх хэмжээг тодорхой хуваарилж заасан байна.
Энэхүү хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд Улсын Их Хурал болон Засгийн газар нь “О р с” ТӨХК-ийн бүхэлд нь 100 хувь нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах хүчин төгөлдөр тогтоолууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад дээр дурдсан хуулийн заалтуудыг хэрэглэхгүйгээр “О р с” ТӨХК-ийн үл хөдлөх хөрөнгүүдийн нэг болох рашаан савлах байр, түүний өргөтгөлийг “Х р” ХХК-д шууд худалдсан Сангийн сайдын тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.
Түүнээс гадна Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 34 дүгээр 1 дэх хэсэгт төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлах аргыг тодорхой зааж мөн зүйлийн 2-т аль аргаар хувьчлахыг Засгийн газраас баталсан жагсаалтад урьдчилан заах бөгөөд түүний дагуу төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ гэж заасаар байхад Засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоолоор баталсан хувьчлах хөрөнгийн жагсаалтад тухайлан нэр заагдаж тусгагдаагүй рашаан савлах байр түүний өргөтгөлийн барилгыг түрээсийн давуу эрхээр “Х р” ХХК-д хувьчилсан Сангийн сайдын тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж анхан шатны шүүх буруу дүгнэж, хуулийг буруу хэрэглэсэн.
Дөрөв: Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд бүрэн дүгнэлт өгсөнгүй:
Маргаан бүхий захиргааны акт буюу Сангийн сайдын 2016 оны 104 дүгээр тушаалын үндэслэх хэсэгт Төрийн өмчийн хорооны 2015 оны 607 дугаар тогтоолыг дурдсан байдаг. “О р с” ТӨХК-ийг хувьчлах тухай Улсын Их Хурал болон Засгийн газрын тогтоол гарсны дараа буюу 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдөр “Х р” ХХК-иас Төрийн өмчийн хороонд хандаж албан хүсэлт гаргасан байх бөгөөд уг албан бичигт Улсын Их Хурал, Засгийн газраас “О р с” ТӨХК-ийг хувьчлах тогтоол гарсантай холбогдуулан рашаан савлах цехийн барилгыг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхээ эдлэх боломж олгох, 2012 онд өргөтгөлөөр барьсан барилгын 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг баталгаажуулж өгөх хүсэлт гаргасан байна. Төрийн өмчийн хорооны 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн “О р с” ТӨХК-ийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах тухай 607 дугаар тогтоолоор рашаан савлах байрны өргөтгөлийн барилгад оруулсан хөрөнгө оруулалтыг 50 сая төгрөгөөр тогтоож, “Х р” ХХК-иас оруулсан хөрөнгө оруулалт 50 сая төгрөгийг дуудлага худалдааны орлогоос буцаан олгохоор шийдвэрлэсэн. Тодруулбал, Төрийн өмчийн хороо нь рашаан савлах байр, түүний өргөтгөлийн барилгыг түрээсийн давуу эрхээр худалдан авах “Х р” ХХК-ийн хүлээн авалгүйгээр “О р с” ТӨХК-ийг бүхэлд нь нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн. Төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Төрийн өмчийн хорооны шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байхад уг захиргааны байгууллагын чиг үүргийг шилжүүлэн авсан Сангийн сайд нь өмнө шийдвэрлэсэн асуудлаар гаргасан Төрийн өмчийн хорооны тогтоолыг зөрчиж, дахин өөр шийдвэр гаргасан байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 104 дүгээр тушаал, 2016 оны 134 дүгээр тушаалууд хууль зүйн үндэслэл бүхий байх талаар дүгнэлт хийсэн тул гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ...” гэжээ.
Дээр дурдсаны дагуу анхан шатны шүүх нь Сангийн сайдын 2016 оны 104 дүгээр тушаал, 2016 оны 134 дүгээр тушаалуудыг хууль зүйн үндэслэл бүхий гэж дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/00000 дүгээр шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байгаа учир уг шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоолоор “О р с” ТӨХК-ийг үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгөөр нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж, 100 хувь хувьчлахаар шийдвэрлэсэнтэй Сангийн сайдын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Барилга худалдах тухай” 104, мөн оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн “Өмчлөгчийн эрх олгох тухай” 134 дүгээр тушаалууд бүрэн нийцээгүй байх боловч ийнхүү худалдсанаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
“…2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр явагдсан нээлттэй дуудлага худалдаанд ялсны дараа буюу О р с өмч хөрөнгийг хүлээлцэх ажлыг 13-ны өдөр зохион байгуулах үед л компанийн санхүүгийн тайлангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй рашаан савлах байр болон өргөтгөл нь өөр этгээдийн эзэмшилд шилжсэн байгааг мэдсэн…” мэтээр нэхэмжлэлд дурдсан ч бодит байдалд одоогийн “О р с” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдааны ялагч болж, тухайн үеийн “О р с” ТӨХК-ийг худалдан авахдаа тус сувилалын үндсэн хөрөнгийн нэг хэсэг болох рашаан савлах байр, түүний өргөтгөлийн барилга 2016 онд худалдагдсан болохыг мэдэлгүйгээр дуудлага худалдаанд оролцсон гэж дүгнэх боломжгүй.
Цаг хугацааны хувьд ч Д.Г өмчлөлд шилжихээс 1 жил орчмын өмнө худалдагдсан, мөн рашаан савлах байрыг гуравдагч этгээд “Х р” ХХК 1999 оноос хойш худалдан авах хүртлээ түрээсээр эзэмшиж байсан, Сангийн сайдын тушаал гарахаас өмнө 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, улмаар Сайдын санал болгосон 242.800.000 төгрөгийг төлсөн, худалдан авах үед 1 давхар байсан барилгыг өдгөө өргөтгөл хийн 2 давхар болгосон, Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон байгаагаас гадна ийнхүү рашаан савлах байрыг гуравдагч этгээдэд худалдсанаар одоогийн О р с үйл ажиллагаанд доголдол үүсэх талаарх ямар ч баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл хувьчлан авсан зүйлээ зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон нөхцөл байдал тогтоогдоогүй, харин ч тухайн үеийн гүйцэтгэх захирал О.С Сангийн яамны Төрийн өмчийн удирдлага, бүртгэл, тооллого, хяналтын газарт хүргүүлсэн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Санал, тодорхойлолт өгөх тухай” 57 дугаар албан бичигт “Х р” ХХК-ийн рашаан савлах үйл ажиллагаа нь сувилалын үндсэн үйл ажиллагаанд харшлах нөлөөлөл байхгүй болохыг тодорхойлсон байна.
Үүнээс гадна Р с байр, өргөтгөлийг худалдсантай холбогдуулан тухай үеийн гүйцэтгэх захирлууд болох О.С 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 152, А.Э 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 29 дүгээр албан бичгээр тус тус Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хандаж тэдгээрийг үндсэн данс бүртгэл, балансаас хасах эсэх талаар шийдвэр гаргуулахаар хандаж байсан төдийгүй Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн А/151 дүгээр тушаалаар томилогдсон нээлттэй дуудлага худалдааг дахин зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, тус газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн В.Д нь “…дуудлага худалдааны оролцогч нарт рашаан савлах байр, өргөтгөлийн хамт хувьчлагдсан талаар болон хувьчлах гэж байгаа объекттэй танилцуулсан…” гэж гэрчийн мэдүүлэг өгсөн, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 3-ын 1/-д “худалдан авсан эд хөрөнгийн нэр, төрөл”-ийг дуудлага худалдааны ялагчтай байгуулсан гэрээнд заавал тусгахаар, хэрэгт авагдсан “Нээлттэй дуудлага худалдааны ялагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-ний 1.5.2-т “хуулийн этгээдийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн жагсаалт” нь гэрээний салшгүй хэсэг байхаар тус тус заасан зэргээс дүгнэхэд Д.Г нь О р с өмч хөрөнгө, үйл ажиллагаатай сайтар танилцсаны үндсэн дээр дуудлага худалдаанд оролцсон гэж дүгнэхээр, харин хууран мэхлэгдсэн гэж үзвэл үүнийгээ эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй.
Мөн “Х р” ХХК-ийн зүгээс рашаан савлах байр, өргөтгөлийн барилгыг өмчлөгч болсонтой холбогдуулан “О р с”-ийн эзэмшил газраас 3112 м.кв-ыг шилжүүлэн эзэмшсэнтэй холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргаагүй, өөрөөр хэлбэл энэ нь тусдаа маргаан байх тул дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Иймд дээрх байдлаар рашаан савлах байр болон түүний өргөтгөлийг түрээслэгчид нь худалдсанаар “О р с” ТӨХК-ийн үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр хувьчлах тухай Засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоолын зорилго зөрчигдсөн дүгнэх үндэслэлгүй.
Харин рашаан савлах байрыг “нээлттэй дуудлага худалдаа”-ны аргаар бус түрээслэгчид нь давуу эрхээр худалдсан нь дээрх тогтоолтой бүрэн нийцээгүй ч Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “төрийн өмчийн түрээсэлсэн эд хөрөнгийг худалдах тохиолдолд түрээслэгчид нь Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг эдлүүлэх эсэхийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэх”-ээр заасан байх тул хуулиар огт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэж хариуцагчийг шууд буруутгах боломжгүй.
2.Анхан шатны шүүхээс гуравдагч этгээдийн бие даасан шаардлага болох “Х р” ХХК-д өмчлүүлсэн 338.07 м.кв талбай бүхий рашаан савлах байр, 51.2 м.кв талбай бүхий барилгыг “О р с” ТӨХК-ийн санхүүгийн тайлан, үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, үндсэн хөрөнгөөс хасах арга хэмжээ авах, үүнтэй холбоотой зохицуулалт хийхийг хариуцагчид даалгах” шаардлагыг хангахдаа шүүхийн шийдвэр биелэгдэх бодит боломжийг харгалзан үзээгүй байна.
Тухайлбал өдгөө “О р с” нь төрийн өмчит хувьцаат компанийн статусаа нэгэнт алдсан, өөрөөр хэлбэл 2017 онд хувьчлагдсанаар хязгаарлагдмал хариуцлагатай компани буюу төрийн ямар нэгэн оролцоогүй хуулийн этгээд болсон тул тус компанийн үндсэн хөрөнгийн бүртгэл тооцоонд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ямарваа хэлбэрээр оролцох эрх хууль зүйн болоод цаг хугацааны хувьд байхгүй болно.
Хэдийгээр “О р с” ТӨХК-ийг хувьчлахтай холбогдуулан хөрөнгийн үнэлгээг 2015 онд “Л” ХХК-ийн хийлгэж, уг үнэлгээнд одоогийн рашаан савлах байр, өргөтгөл тус тус үнэлэгдсэн, мөн дуудлага худалдааны ялагч Д.Г сувилалын өмч хөрөнгийг хүлээлцэх үед үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасагдаагүй байсан ч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хүрээнд уг бүртгэлээс хасах арга хэмжээ авах, энэ талаарх зохицуулалт хийхийг хариуцагчид даалгах боломжгүй.
Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 8/-д зааснаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь зөвхөн “төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах санал, …гаргах” эрхтэй.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд шийдвэрийн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангасан хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулав.
Дашрамд, бие даасан шаардлагыг хангаж буй тохиолдолд бичиглэлийн хувьд шийдвэрийн тогтоох хэсэгт “…даалгасугай” гэж төгсгөх атал “…даалгах бие даасан шаардлагыг хангасугай” гэж, мөн рашаан савлах байрны талбайн хэмжээг 338,07 м.кв байхыг “631,07 м.кв” гэж тус тус алдаатай бичсэнийг цаашид анхаарвал зохино.
Мөн шийдвэрт баримталсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу бичсэн байгааг зөвтгөв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0390 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 8/, 28 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан “О р с” ХХК-ийн Сангийн сайдад холбогдуулан гаргасан “Сангийн сайдын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Барилга худалдах тухай” 104, мөн оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн “Өмчлөгчийн эрх олгох тухай” 134 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээд “Х р” ХХК-ийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан “тус компанид өмчлүүлсэн 338.07 м.кв талбай бүхий рашаан савлах байр, 51.2 м.кв талбай бүхий барилгыг “О р с” ТӨХК-ийн санхүүгийн тайлан, үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, үндсэн хөрөнгөөс хасах арга хэмжээ авах, үүнтэй холбоотой зохицуулалт хийхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгах” бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “О р с” ХХК-ийн захирал Д.Г давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН