Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 70

 

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст 

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                  Ч.Тунгалаг,

Шүүгчид:                                Г.Банзрагч,

                                               Б.Мөнхтуяа,

                                              П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь. 

Нэхэмжлэлийн шаардлага: “У” ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Заамар сумын нутаг дахь “Зүүн дэнж” нэртэй талбай бүхий XV-016224 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, эрхийг сэргээж, хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0655 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 644 дүгээр магадлал,

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0655 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3-д заасныг баримтлан Төв аймгийн Заамар сумын нутаг дахь “Зүүн дэнж” нэртэй талбай бүхий XV-016224 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, эрхийг сэргээж, хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” “У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 644 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0655 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “...Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй этгээдийг олоогүй, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн гүйцэд биелүүлээгүй гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.

4. Хэргийг тодруулбал, Төв аймгийн Заамар сумын нутаг “Зүүн дэнж” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-016224 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрээр “У” ХХК-д олгосон байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1.“хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2.“үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3.“байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4 хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргах”-ыг шаарддаг.

5. “У” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-016224 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна. Тодруулбал, хайгуулын ХV-016224 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшигч “У” ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгуулах тухай өргөдлийг манай байгууллагад ирүүлээгүй нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл болжээ гэсэн үг. Хугацаа хоцорч өргөдөл гаргах болсон шалтгаанд гаднын хүчин зүйл /байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар хуульд заасан хугацаанд баталж өгөөгүй/ нөлөөлсөн гэж үзэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийг зөвтгөх боломжгүй.

6. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлох баримтыг цуглуулсан, хэргийн үйл баримтыг зөв үнэлж, хуулийн заалтыг зөвөөр хэрэглэсэн гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг  хэвээр үлдээж,  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

7. Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

8. Нэг: Хэрэгт авагдсан “У” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Ядамжав овогтой Ихбаярыг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсныг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр бүртгэсэн байх бөгөөд тус компанийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд Х.Олонболд гарын үсэг зурж, “Болдгянтболд” ХХК-ийн тамга тэмдгийг дарсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

9. Анхан шатны шүүх “...Х.Олонболд нь тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэхийг тодруулах”-аар 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШЗ2019/3075 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон боловч захирамжид заасан үндэслэл хангагдаагүй байхад нэхэмжлэлийг буцаалгүй дахин хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн нь буруу,  энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Х.Олонболд мөн эсэхийг тодруулах нь зүйтэй юм.

11. Хоёр: Хэргийн оролцогчдын маргаж буй ХV-016224 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэхтэй холбоотой асуудалд шүүхийн зүгээс дүгнэлт өгөх боломжгүй талаар давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

12. “У” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт хандсан боловч хуульд заасан хугацаандаа баталж өгөөгүй, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан, хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулах хүсэлтдээ зайлшгүй хавсаргах ёстой баримт учир төрийн захиргааны байгууллагаас гарах шийдвэрийг хүлээхээс өөр арга байгаагүй...” гэж тайлбарлан маргасан.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй; анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төв аймгийн Заамар сумын Засаг даргад хандан “нэхэмжлэгч “У” ХХК нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хандсан, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх” баримтыг авсан хэдий ч шүүхийг хуульд заасан дээрх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй. 

14. Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга нь энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасан; нэхэмжлэгч “У” ХХК-аас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Засаг даргад хандсан байхад тэрээр ямар шалтгаан нөхцөлийн улмаас уг төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд хянаж батлаагүй, 2 сарын дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан, мөн нэхэмжлэгч компанийг ус ашиглалтын өртэй байсан эсэх, тухайн өр төлбөр нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх үндэслэл болох эсэхийг тус тус тодруулж, холбогдох баримтыг цуглуулж, үнэлж дүгнэх шаардлагатай.

15. Дээрх байдлыг тодруулснаар нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлөө хуулийн хугацаанд гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах эсэхэд шүүхээс дүгнэлт өгөх боломжтой болно.

16. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.