Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/1350

 

2025           11            28                                                                       2025/ДШМ/1350

 

Л.Д-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Билгүүн,

цагаатгагдсан этгээд Л.Д-,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/2300 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Х.Билгүүний бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 15 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Л.Д-ид холбогдох 2511 01699 1038 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.   

Б- овгийн Л-гийн Д-, ........, ял шийтгэлгүй, /РД: Л-/;

Цагаатгагдсан этгээд Л.Д- нь 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөрт шилжих шөнө Чингэлтэй дүүргийн Л- хороо, 39 дүгээр байрны 05 тоотод өөрийн бага насны хүүхэд болох Д.С-ын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Л.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.Л- зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б- чонос овогт Л-гийн Д-ид яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Л.Д-ийг цагаатгаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Л.Д-ид холбогдох эрүүгийн 2511 01699 1038 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Л.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар Л.Д- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Прокурор Х.Билгүүн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.Л- зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба Л.Д- нь эхнэр Д.Ц-гийн биед халдан, алгадаж байгаа үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан боловч тухайн үйлдлийн улмаас Д.Ц- нь 01 сар 18 хоногтой Д.С-ын дээр унаж Д.С-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэн Д.Ц-д хууль бусаар халдсанаар Д.Ц- нь тухайн үйлдлийн нөлөөллөөр Д.С-ын дээрээс дарж унан, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нь зүйтэй. Учир нь, Л.Д-ийн өгсөн “... С-ыг буйдан дээр тавиад над руу өөрийнхөө гар утсыг барьж ирээд гартаа байх гар утсаараа миний нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. Миний уур хүрээд Ц-г эргүүлээд хацар луу нь алгадчихсан чинь эхнэр унахдаа буйдан дээр хэвтэж байсан хүүхэд дээр дараад уначихсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Ц-гийн “... Тухайн үед нөхөр маань зүүн хацар дээр маань нэг алгадахад би газар хүүхэд дээрээ унасан юм шиг байсан. Би ухаан алдаад газар унасан учир яг яаж унаснаа санахгүй байна...” гэх мэдүүлгүүдээр Л.Д- нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдад халдаж байгаа үйлдлээ хууль бус гэдгийг ойлгож, мэдэн ухамсарлаж байсан бөгөөд харин энэ үйлдлийнх нь улмаас Д.С-ын эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь тогтоогддог. Мөн гэмт хэргийн шалтгаант холбоо нь тухайн үйлдлийн улмаас үүссэн үр дагавар буюу хохирол, хор уршиг нь хоорондоо шууд хамааралтай байхыг ойлгодог. Хэрэгт авагдсан гэрч Д.Ц-, яллагдагч Л.Д- нарын мэдүүлгээр Л.Д- нь Д.Ц-г цохиж унагасан үйлдлийг хийсэн бөгөөд Д.Ц- нь унаснаар Д.С-ын эрүүл мэндэд хүнд хохирлыг учруулсан үр дагаварт хүргэсэн байх тул Л.Д-ийн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдаж, Д.Ц-г цохисон үйлдлийн улмаас Д.С-ын эрүүл мэндэд хохирол учирсан. Л.Д- нь гагцхүү өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрахыг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэн буюу Д.С-од хохирол учруулахыг хүсээгүй боловч түүний үйлдлийн улмаас хохиролд зайлшгүй хүргэсэн нь Л.Д-ийн үйлдэл болон Д.С-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үр дагавар нь хоорондоо шалтгаант холбоотой юм. Мөн Л.Д- нь Д.Ц-г цохих үйлдлийг хийгээгүй бол Д.Ц- нь газарт унахгүй, Д.С-ын эрүүл мэндэд хохирол учруулах боломжгүй тул Д.С-ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Л.Д-ийн үйлдлийн улмаас үүссэн байх тул эдгээрийг шалтгаант холбоогүй гэж үзэх нь үндэслэлгүй байна. Иймээс анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй буюу гэм буруугүй гэж үзсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Мөн цагаатгах тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.Л- зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр болон мөн хуулийн тусгай ангийн 11.Л- зүйлд заасан бусад болгоомжгүй үйлдлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэр гэж үзэж байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/2300 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Л.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан гэж бодож байна. Манай эхнэр хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Би ажил хийж гэр бүлээ тэжээдэг учир анхан шатны шүүхээс хувийн байдлыг маань харгалзан үзсэн гэж бодож байгаа. Тухайн үед болсон үйл явдлын тухайд эхнэр “нэг пиво аваад ороод ирээрэй” гэхээр нь орой гэртээ харихдаа пиво аваад орсон. Эхнэр бид хоёр пиво ууж дууссаныхаа дараа унтацгаая гээд унтлагын өрөөндөө орж хэвтсэн. Тэгсэн эхнэр хэрүүл гуйгаад унтуулахгүй татаж, чангаагаад байхаар нь би том өрөө лүү буйдан дээр унтах гээд хэвтсэн, эхнэр араас ирээд хүүхдээ буйдан тавьчхаад гар утсаараа намайг нэлээн олон удаа цохиход нь би алгадсан. Эхнэр унахдаа хүүхдийн дээрээс унасан. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

Прокуророос Л.Д-ийг 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөрт шилжих шөнө Чингэлтэй дүүргийн Л- хороо, 39 дүгээр байрны 05 тоотод өөрийн бага насны хүүхэд болох Д.С-ын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.Л- зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан байх ба анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр Л.Д-ид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

            Учир нь, Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Л.Д- нь өөрийн эхнэр Д.Ц-тай тухайн үед үүссэн гэр бүлийн үл ойлголцооны улмаас маргалдаж, харилцан бие биедээ халдсан тухайлбал, Л.Д- нь Д.Ц-г алгадаж, Д.Ц- нь унахдаа орон дээр хэвтүүлсэн байсан 1 сар 18 хоногтой Д.С-ын дээр унаж, биед нь баруун зулай яснаас титэм, лямбада, суман заадал руу үргэлжилсэн нийлмэл хугарал, зүүн зулай яснаас чамархайн заадал руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, хоёр зулай, зүүн чамархайн хуйхан доорх цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

            Гэмт хэрэг мөн эсэхийг тодорхойлоход гэмт хэрэг үйлдсэн этгээдийн уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа буюу үйлдлээ ухамсарласан эсэх, хүсэл зориг, санаа сэдэл нь ямар байснаас хамаарч гэм буруугийн санаатай болон болгоомжгүй аль хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн эсэхийг эргэлзээгүйгээр тогтоосон байхыг шаарддаг.

            Өөрөөр хэлбэл, үйл явдлын гадаад шинж байдлын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн мэт боловч гэмт хэрэг үйлдсэн этгээдийн дотоод сэтгэхүйн хувьд хуульд заасан гэм буруугийн шинж байхгүй бол гэмт хэрэгт тооцдоггүй.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.Л- зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Л.Д- нь шууд санаатай үйлдлээр Д.Ц-г алгадаж биед нь халдсан байх боловч тэрээр энэ үйлдлийнхээ улмаас Д.Ц-г буйдан дээр унагаж, хэвтүүлсэн байсан өөрийн хүүхэд болох Д.С-ын дээр унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулах боломжтой гэдгийг урьдчилан мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэстэй байна.

Иймд Л.Д-ийн үйлдэл нь гэмт хэргийн субьектив болон обьектив талын шинжийн аль алиныг хангаж чадаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзэв.

            Дээрх үндэслэлээр прокурор Х.Билгүүний бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 15 дугаар прокурорын эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/2300 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Х.Билгүүний бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 15 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ,

               ШҮҮГЧ                                                             Б.БАТЗОРИГ

               ЕРӨНХИЙ

ШҮҮГЧ                                                                          Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                             М.АЛДАР