| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2505 00000 0909 |
| Дугаар | 2025/ДШМ/1379 |
| Огноо | 2025-12-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Намжил |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2025/ДШМ/1379
2025 12 04 2025/ДШМ/1379
Ж.Э-, З.О- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Намжил,
шүүгдэгч, хохирогч Ж.Э-ын өмгөөлөгч Ц.Гансүх,
шүүгдэгч, хохирогч З.О-ын өмгөөлөгч И.Түвшинжаргал,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/2326 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, хохирогч Ж.Э-ын өмгөөлөгч Ц.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ж.Э-, З.О- нарт холбогдох 2505 00000 0909 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Р- овгийн Ж-ын Э-, ......., ял шийтгэлгүй, /РД: Ж-/;
2. Х- овгийн З-ийн О-, ......, /РД: З-/;
Шүүгдэгч, хохирогч Ж.Э- нь 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн үүрээр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, З--ын 2-1 дүгээр байрны 2 дугаар орцны 120 тоот хаалгыг цохилоо гэх шалтгаанаар иргэн З.О-тай маргалдаж, гараараа цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, буйланд цус хуралт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн шанаанд цус хуралт” бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч, хохирогч З.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн үүрээр гэртээ орохоор явж байхдаа Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, З--ын 2-1 дүгээр байрны 2 дугаар орцны 120 тоот иргэн Ж.Э-ын гэрийн хаалгыг андуурч цохисны улмаас Ж.Э-той маргалдаж, гараараа нүүрэн тус газарт нь цохиж, “уруулд нэвт няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт, зүүн сарвуунд зулгаралт” бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Ж.Э-, З.О- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ж.Э-, З.О- нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-, З.О- нарыг тус бүр 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-, 3.О- нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-, З.О- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг, нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Э-, З.О- нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч, хохирогч Ж.Э-ын өмгөөлөгч Ц.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгдэгч Ж.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн.
1. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Ж.Э- нь тус байрны 6 давхарт, шүүгдэгч З.О- нь 9 давхарт буюу шүүгдэгч нар нь нэг байрны нэг орцонд хамт амьдардаг. Шүүгдэгч З.О- нь гэртээ орох гэж яваад шүүгдэгч Ж.Э-ын гэрийн хаалгыг андуурч цохисны улмаас тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, бие биедээ халдаж харилцан зодолдсон үйд баримт тогтоогдсон. Хүний амь, эрүүл мэнд эрх, эрх чөлөө, нийгэм, төрийн ашиг сонирхолд халдаж байгаа буюу шууд халдах гэж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор өөрийгөө болон бусдыг хамгаалж, тухайн халдагчид гэмтэл учруулж, өөрөөр урьдчилан сэргийлэх боломжгүй нөхцөлд хийгдсэн үйлдлийг “Аргагүй хамгаалалт” гэж үздэг. “Аргагүй хамгаалалт” хийх эрх нь хор хохирол учруулах бодитой шууд аюул тулгарсан, өөрөөр хэлбэл эхэлсэн, илэрхий, хүч хэрэглэсэн довтолгооны үед төдийгүй, довтолгоон болох илэрхий заналхийлэл хийгдсэн үеэс үүсдэг. Шүүгдэгч З.О-ын гэртээ орох гэж яваад айлын хаалга андуурч цохисон үйлдэл нь шүүгдэгч Ж.Э-ын болон түүний гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдах санаа зорилго агуулаагүй, бодитойгоор халдлага эхлээгүй, аюул үүсээгүй, өөрөөр хэлбэл шууд довтолгоо гэж үзэх боломжгүй, харин эндүүрэл, андуурлаас шалтгаалсан маргаан байсан нь хэрэгт авагдсан хохирогч З.О-ын “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явж байгаад гэртээ орохдоо айл андуурч хаалга нүдсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Б-гийн “би хогоо хаях гээд гэрээсээ гараад доошоо явж байсан чинь манай хүү О- 5 давхарын шатны дээр унтаж байсан. Би сэрээгээд гэртээ оръё гэхэд жоохон байж байгаад оръё гэсэн. Гэр лүүгээ ороод хувцсаа сольж байх хооронд орцонд чимээ гараад байхаар нь сонссон чинь манай хүүгийн хоолой байх шиг байсан. Тэгээд буугаад очсон чинь манай хүү 6 давхарт нэг айлын хаалга түшээд нүүр хэсгээс нь цус гарсан байдалтай зогсож байсан” гэсэн мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна. Иймд шүүгдэгч Ж.Э-ын хохирогч З.О-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, буйланд цус хуралт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн шанаанд цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцох боломжгүй. ...” гэжээ. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тайлбар МУДШ Ханнс-Зайделийн сан 2010 он 129-130 дахь талд “... Аргагүй хамгаалалт нь хуульд нийцсэн байх нь нэг талаас довтолгоонд /халдлага/ хамаарах, нөгөө талаас хамгаалах ажиллагаанд хамаарах хоёр талын нөхцөлүүдийг нэгэн зэрэг хангасан эсэхээс шууд хамаарна. Халдлагад хамаарах нөхцөлүүдэд а/ халдлага өөрийн обьектив шинжээрээ нийгэмд аюултай байх, б/ довтолгоон нь бодитой өөрөөр хэлбэл нэгэнт эхэлсэн дуусаагүй байх, в/ халдлага нь үнэн хэрэг дээрээ байх зэрэг хамаарна.
Халдлагад хамаарах нэг дэх нөхцөл бол нийгэмд аюултай байх явдал юм. Аргагүй хамгаалалт хийхийг шаардсан өөрөөр хэлбэл амь биед аюултай хүч хэрэглэсэн халдлага гэдэг нь хамгаалагч болон бусад хүмүүсийн амь насыг хохироох, бие махбодид хүнд, хүндэвтэр гэмтэл учруулах зорилгоор тэдний хүсэл зоригийн эсрэг хийгдэж байгаа хүний амин газар /толгой цээжин тус/ цохих, хүзүү толгойг нь боох, хүйтэн газар хорьж цагдах, толгойд нь агаар нэвтрэхгүй уут углах, удаан хугацаагаар усан доор байлгах, амьсгалыг боогдуулах зэрэг халдагч этгээдийн зүгээс явуулж буй нэн аюултай, хууль зөрчсөн, ил буюу далд, нэн даруй хохирол учруулах шинжтэй үйл ажиллагаа юм. Дээр дурдсан шинжгүй бол амь насанд аюулгүй халдлага гэж үзнэ.
Аргагүй хамгаалалтын хууль ёсны шинжийг тодорхойлох халдлагад хамаарах хоёр дахь нөхцөл бол халдлага бодитой, өөрөөр хэлбэл эхэлсэн дуусаагүй байх явдал юм. Нийгэмд аюултай халдлага бодитой эхэлсэн, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь хэн бүхэнд тодорхой байгаа үед хамгаалалт хийх эрх үүснэ. Бодитой, хүч хэрэглэсэн шинжтэй шууд заналхийлэл нь аргагүй хамгаалалт хийх хууль зүйн үндэслэл юм. Аргагүй хамгаалалт хийх эрх нь илэрхий, хүч хэрэглэсэн довтолгооны үед төдийгүй, довтолгоон болох илэрхий заналхийлэл хийгдсэн үеэс үүсэх бөгөөд довтолгоон эхэлсэн байхыг шаардахгүй. Халдлага бодитой байх нь иргэд, нийгэм, төрийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд хор хохирол учирч байгаа эсхүл тийм хор хохирол учруулах бодитой шууд аюул тулгарсан, заналхийлэл бий болсныг ойлгоно. Өөрөөр хэлбэл, аюул нь хамгаалалт хийж буй хүний төсөөлөлд биш, харин бодитой оршин байх ёстой. Нийгэмд аюултай гэмт халдлага нэгэнт эхэлсэн, эсхүл довтлох аюул занал бодитой байгаа, тиймээс хамгаалалтыг хойшлуулж болохгүй болсон /аргагүйдсэн/ үед л аргагүй хамгаалалтын эрх үүснэ. Хожимдох хийсэн хамгаалалт түрүүлж хийгдсэн хамгаалалттай хууль зүйн үүднээс нэгэн адил үнэлэгдэж хариуцлага хүлээх учиртай. Хожимдсон хамгаалалт, өөрөөр хэлбэл довтолгоон дууссан нь тодорхой байхад аргагүй хамгаалалт хийх нь өш хонзонгийн шууд үр дагавар болдог учир эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөхгүй, гэхдээ хохирогчийн довтолгооноос эхлэлтэй тул хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. ...” гэсэн байдаг. Шүүгдэгч З.О- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах байдлаар мэдүүлэг өгсөн. Үүнд:
а/ Гэрчээр өгсөн мэдүүлэг “... 2025 оны 04 дүгээр сарын 28-ны орой би гэртээ харих гээд явж байхдаа ах Шонхоотой таараад бид нар хамт сууж байгаад архи согтууруулах ундааны зүйл нэг лоунжид ороод уусан. Тэгээд би тухайн лоунжаас яаж гарснаа санахгүй байна, нэг сэрэхэд хүнд зодуулсан байдалтай гэртээ байж байсан бөгөөд цагдаагийн албан хаагч нар намайг эмнэлэг дагуулж явна гэж хэлээд дагуулаад гарч ирсэн. /согтууруулах ундааны зуйл нэлээд хэрэглэсний улмаас болж өнгөрсөн үйл явдлын талаар тодорхой зүйл санахгүй, өөрийн үйлдлийг ухамсарлан удирдах чадвар муутай/,
б/ Анхан шатны шүүх хуралдаан дээр давхар андуураад айлын хаалга цохисон, нэг залуу хаалга онгойлгож өгсөн, намайг түлхэхээр нь цохиж байна гэж андуураад тэр залууг цохисон /ямар нэг шалтгаангүйгээр хууль бус довтолгооныг эхлүүлэн Ж.Э-ыг цохиж, түүнийг эсэргүүцэл үзүүлэхээс өөр аргагүй байдалд оруулсан Ж.Э-од бодитой аюул шууд тулгарсан/.
Мөн шүүгдэгч З.О-ын ээж П.Б-гийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “... 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө 06-07 цагийн үед би хогоо хаях гээд гэрээсээ гараад доош явж байсан чинь манай хүү О- 5 давхрын шатан дээр унтаж байсан. Тэгээд би сэрээгээд “гэртээ оръё” гэсэн “жоохон байж байгаад оръё” ...” гэсэн байдаг. /шүүгдэгч нь З.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг нотолно./
- Шүүгдэгч З.О- нь 2022.07.24-нд олон нийтийн газар тамхины иш хаясан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн,
- 2023.09.30-нд нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн,
- 2024.01.24-нд Баянзүрх дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрт согтуу танхайрсан гэх үндэслэлээр эрүүлжүүлэгдсэн /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсан тавьдаг, муу авир гаргадаг, бусадтай муудалцах магадлал өндөр/. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.Э- нь хэрэг учрал болох үед өөрийгөө болон эхнэр хоёр хүүхдээ, мөн орон байраа хамгаалах зорилгоор, З.О-ын хууль бус довтолгооны эсрэг хүч хэрэглэсэн болох нь харагддаг. Энэ талаар анхан шатны шүүх бодитой үнэлэлт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.
БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тайлбар 1982 он редактор Г.С- 29 дэх талд “... Аргагүй хамгаалалтыг довтлогч этгээдэд гэм хор учруулах аргаар хийх бөгөөд тэр гэм хор нь хэлбэрийн хувьд довтлогчийг зодох, эрүүл мэндэд нь гэмтэл учруулах, эрх чөлөөг нь хязгаарлах түүгээр ч барахгүй зарим онцлог тохиолдолд амь насыг нь хохироох ч байж болдог. Аргагүй хамгаалалт хийж байгаа ажиллагаа бол идэвхтэй ажиллагаа буюу үйлдэл байдаг. Довтлогчоос бусад хүнд гэм хор учруулах нь аргагүй хамгаалалт биш, хууль бус үйлдэл болдог. Довтолгоонтой үйлдэлд үл хамаарах этгээдийг уг хэргийн хамтран оролцогчдын нэг гэж ойлгож, гэм хор учруулсан бол хууртаж хийсэн хамгаалалттай адилаар асуудлыг шийдэх ёстой. ...” гэсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрээс харахад цаашдаа, орон гэр лүү нь согтуу хүн хууль бусаар нэвтрэхээр дайрахад эсэргүүцэл үзүүлж болохгүй, амь нас эрүүл мэндэд нь аюул учруулах зорилготой довтолгооныг хүч хэрэглэн зогсоосон тохиолдолд өөрөө буруутан болох юм байна. /гэмтэл авсан ч тэвчээд байж зогсож байх ёстой байсан/.
2. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Э-, З.О- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 700.000 төгрөгийн торгох ял оногдуулж, шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ... шийдвэрлэв. ...” гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэжээ. Шүүгдэгч З.О- нь согтуугаар гэмт гэмт хэрэг үйлдсэн, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, орон байрны халдашгүй байдлыг зөрчсөн, Ж.Э-ыг түрүүлж цохисон, З.О-ын буруутай үйлдлээс шалтгаалж хэрэг учрал гарсан. Шүүгдэгч Ж.Э- нь хэрэг учрал болох үед эрүүл саруул, гэртээ амарч байсан, хаалгаа тайлахад согтуу хүн гэр лүү нь дайрч орохыг завдахаар нь түлхсэн, өөрийг нь цохиж авахаар нь эсэргүүцэл үзүүлсэн, хэрэг учрал гарахад Ж.Э-ын буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхгүй. Бодит байдал ийм байхад анхан шатны шүүх Монгол улсын ялын бодлогыг алдагдуулж шүүгдэгч нарыг адилхан хэмжээгээр ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.
3. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... Шүүгдэгч З.О-ын гэртээ орох гэж яваад айлын хаалга андуурч цохисон үйлдэл нь шүүгдэгч Ж.Э-ын болон түүний гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдах санаа зорилго агуулаагүй, бодитойгоор халдлага эхлээгүй, аюул үүсээгүй, өөрөөр хэлбэл шууд довтолгоо гэж үзэх боломжгүй, харин эндүүрэл, андуурлаас шалтгаалсан маргаан байсан...” гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар 2025 оны 04 дүгээр сарын 29-ний үүрээр шүүгдэгч З.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Э-ын гэр лүү хууль бусаар орохыг завдсан, түүгээр ч үл барам Ж.Э-ын эсрэг хүч хэрэглэн орон байрны халдашгүй байдлыг зөрчин, түүний гэр лүү хүч хэрэглэн орохоор оролдсон. З.О-ын дээрх үйлдлийг зөвтгөх ганцхан шалтгаан нь, тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас өөрийн үйлдлийг ухамсарлан удирдах чадвар муутай байсан. З.О- нь тухайн үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн. Энэ талаар Ж.Э-ын өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаан дээр ярьж тайлбарласан боловч ямар нэг байдлаар үнэлж дүгнээгүйд гомдолтой байна. Жишээлж хэлэхэд: согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хонь гаргаж байна гэж бодоод хүний амь насыг хохироосон тохиолдолд эндүүрэл, андуурлаас шалтгаалсан байна гэх үндэслэлээр цагаатгах боломжтой юм байна. Эдгээрийн харгалзан үзэж, шүүгдэгч З.Э-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч, хохирогч З.О-ын өмгөөлөгч И.Түвшинжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч З.О- гэм буруугийн талаар болон ял шийтгэлийн тухайд маргадаггүй. Анхан шатны шүүхээс хэргийг тал бүрээс шинжлэн судалж үндэслэл бүхий шийтгэх тогтоол гаргасан гэж үзэж байгаа. ... З.О-ын биед учирсан хөнгөн гэмтлийг олон удаагийн үйлдлээр учруулсан гэж шинжээчийн дүгнэлтэд дурдсан. Үүнийг аргагүй хамгаалалт гэж үзэх хууль зүйн боломжгүй юм. Аргагүй хамгаалалт гэдэг нь халдагч этгээдийн үйлдлийг таслан зогсоох зорилгоор хийж байгаа үйлдлийг ойлгох болохоос олон удаагийн үйлдлээр биед нь халдсан үйлдлийг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэх боломжгүй. Манай үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэх үйлдэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддоггүй. ... Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Намжил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. ... Энэ хэргийн хувьд З.О- нь үүрээр айлын хаалга андуурч тогшсоноос үл ойлголцол үүссэн. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч З.О- нь Ж.Э-ын эсрэг халдлага довтолгоо хийх урьдын сэдэлт бодол тээсэн, урьдчилан тооцсон зорилго шалтгаан тогтоогдоогүй. ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь голчлон орон байранд нь орох зорилготой, эсхүл бусдад гэмтэл учруулах, эд хөрөнгөд нь халдах, айлган сүрдүүлэх, хор уршигт хүргэх сэдэлт, санаа зорилготой байдаг. Гэтэл З.О-ын үйлдэлд дээрх шинжүүд байдаггүй. Тиймээс Ж.Э-ын үйлдлийг өөрийн амь нас, эрүүл мэнд, гэр бүлийн хүмүүсийн эсрэг хууль бус довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна. ... Шүүгдэгч нарын харилцан бие биедээ учруулсан гэмтлийн шинж байдалд нь дүгнэлт хийхэд шүүхээс шүүгдэгч нарт 700.000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь тохирсон гэж үзсэн. Иймд хэргийн зүйлчлэл, оногдуулсан ял шийтгэлийн хэмжээ тохирсон гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-ын өмгөөлөгч Ц.Гансүхийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.
Шүүгдэгч, хохирогч Ж.Э- нь 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн үүрээр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, З--ын 2-1 дүгээр байрны 2 дугаар орцны 120 тоот хаалгыг цохилоо гэх шалтгаанаар иргэн З.О-тай маргалдаж, гараараа цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, буйланд цус хуралт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн шанаанд цус хуралт” бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч, хохирогч З.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн үүрээр гэртээ орохоор явж байхдаа Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, З--ын 2-1 дүгээр байрны 2 дугаар орцны 120 тоотод амьдардаг иргэн Ж.Э-ын гэрийн хаалгыг андуурч цохисны улмаас түүнтэй маргалдаж, гараараа нүүрэн тус газарт нь цохиж, “уруулд нэвт няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт, зүүн сарвуунд зулгаралт” бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Шүүгдэгч З.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө 07 цагийн үед бага зэргийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явж байгаад гэртээ орохдоо айл андуурч хаалга нүдсэн. Тухайн айлаас нэг түрсийктэй ах гарч ирээд “яагаад хаалга нүдээд байгаа бэ” гээд нүүр хэсэг рүү 2, 3 удаа цохиод, үснээс зулгааж байгаад хана мөргүүлэх шиг болсон. Би биеэ хамгаалах гээд нөгөө залуугийн нүүр хэсэг рүү нь 1, 2 удаа цохисон. Тэгээд манай ээж гарч “ирээд юу болоод байна” гээд намайг аваад гэр лүү орсон. ... Би найзындаа архи ууж байгаад шууд гэртээ харьсан. Зодоон болж байхад бид хоёр л байсан. Дуусаж байхад ээж гарч ирсэн байсан. ...” /хх 10-11/,
шүүгдэгч Ж.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн “... 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө 05:30 цагийн үед манай гэрийн хаалгыг тогшсон. Тэгээд би хаалган дээрээ очоод “хэн бэ” гэсэн чинь “би байна” гэхээр нь би доод талын дүүг байна гэж бодоод хаалгаа нээсэн чинь нэг танихгүй залуу “ална писда, хөдөөний писда” гэхээр нь би “чи айл андуураад байгаа юм биш үү” гэсэн чинь шууд нүүр хэсэгт хоёр удаа цохисон тэгэхээр нь би хаалгаа хаах гэсэн ...татаад байсан. Тэгээд бид хоёр хоорондоо ноцолдоод би хаалгаа хаагаад утсаа аваад буцаж гарч ирээд бичлэг хийсэн чинь ээж нь бололтой нэг эмэгтэй хүн ирсэн цусыг арчаад зогсож байсан. ...” /хх 15-16/,
гэрч Л.Б-гийн “...2025 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө 6-7 цагийн орчимд би хогоо хаях гээд гэрээсээ гараад доошоо явж байсан чинь манай хүү О- 5 давхрын шатан дээр унтаж байсан. Би сэрээгээд “гэртээ оръё” гэхэд “жоохон байж байгаад оръё” гэсэн. Гэр лүүгээ ороод хувцсаа сольж байх хооронд орцонд чимээ гараад байхаар нь сонссон чинь манай хүүгийн хоолой байх шиг байсан. Тэгээд буугаад очсон чинь манай хүү 6 давхарт нэг айлын хаалга түшээд нүүр хэсгээс нь цус гарсан байдалтай зогсож байсан. Хажуу хаалганаас нэг залуу гарч ирээд хаалга цохиод байна гэсэн. Тэгэхээр нь би “чи хаалга андуурсны төлөө яагаад хүүхэд зодож байгаа юм бэ” гэхэд “танай хүүхэд чинь намайг зодсон” гээд утсан дээрээ зураг дараад гэр лүүгээ орсон. ...” /хх 23-24/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...З.О-ын баруун дээд, доод зовхи, сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, зүүн дээд 1, 2 дугаар шүдний сулрал, буйланд цус хуралт, дух эрүү, дээд уруул, баруун хацар, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 6365 дугаартай дүгнэлт /хх 27- 28/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Ж.Э-ын биед уруулд нэвт няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр, гурваас доошгүй удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 6188 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 33-34/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч З.О-, Ж.Э- нарыг харилцан зодолдож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн төдийгүй тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч, хохирогч З.О-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Харин шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа хохирогч, шүүгдэгч З.О-ын хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан уг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулалгүйгээр шүүгдэгч нарт ижил хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь учир дутагдалтай болжээ.
Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс шүүгдэгч, хохирогч Ж.Э-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг багасгаж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял болгон хөнгөрүүлэн, энэ талаар өмгөөлөгч Ц.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлын хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.
Шүүгдэгч, хохирогч Ж.Э-ын өмгөөлөгч Ц.Гансүхээс “... Ж.Э-ын үйлдэл нь аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэх үндэстэй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь, Аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “... амьд явах, халдашгүй чөлөөтэй байх ...” болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл бөгөөд хууль зүйн мөн чанарын хувьд Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн, түүнчлэн уг хуулиар хамгаалагдсан ямар ч хохирол, хор уршигт хүргэж болох боловч гэмт хэрэгт тооцдоггүй, гэмт хэргийг үгүйсгэдэг онцгой нөхцөл байдал юм.
Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан аргагүй хамгаалалт гэх ойлголт нь гагцхүү үндсэн эрхийг хамгаалах зарчим дээр суурилдаг ба түүний объектив тал нь Эрүүгийн хуульд заасан ёсоор довтолгоо байх ёстой бөгөөд довтолгоо нь хууль бус, бодитой байх шинжийг агуулсан байхыг шаарддаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч З.О- нь Ж.Э-ын гэрийн хаалгыг андуурч цохисны улмаас маргаан үүсэж, харилцан зодолдсон хэргийн үйл баримт тогтоогдсон ба З.О-ын үйлдлийн улмаас Ж.Э-ын халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, түүний амь нас, эрүүл мэндэд шууд аюул учруулж болзошгүй довтолгоо хийсэн гэж үзэх боломжгүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь орон байранд нэвтрэх эрхгүй этгээд орон байрны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй нэвтрэн орсон байхыг шаардах бөгөөд шүүгдэгч З.О- нь Ж.Э-ын орон байранд орох урьдчилан төлөвлөсөн шалтгаан нөхцөл, цаашлаад түүний орон байрны халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдах санаа зорилго байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул өмгөөлөгч Ц.Гансүхийн “... З.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийн шинжийг агуулсан...” гэх давж заалдах гомдлын хэсэг үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч Ж.Э-ын өмгөөлөгч Ц.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/2326 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... шүүгдэгч Ж.Э-, З.О- нарыг тус бүр 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.” гэснийг “... шүүгдэгч З.О-ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ж.Э-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч Ж.Э-ын өмгөөлөгч Ц.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлоос “ялыг ялгамжтай оногдуулаагүй” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад үндэслэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ М.АЛДАР