Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 320/ШШ2026/00497

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: П.Г***хүсэлттэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй, 320/2026/00204/и дугаар индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Т***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Г*** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие П***ийн Г*** нь Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд *** онд П***ийн ууган хүү болон мэндэлсэн бөгөөд тус сумынхаа 8 жилийн дунд сургуулийн 3 дугаар анги төгсөн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд туслах үйлдвэрт 1981 онд элсэн орсон билээ. Түүнээс хойш тус нэгдэлд 1983 оны 4 сар хүртэл тасралтгүй ажиллаж байгаад 1983 оны 5 дугаар сард Дорноговь аймгийн *** хээрийн *** дугаар ангид 3 жилийн хугацаатай цэргийн алба хаасан. 1986 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 170 дугаар тушаалаар халагдсан. 1986 оны Соёл нэгдэлд хадлангийн салаанд, 1987 онд 1,2,3 дугаар сард нэгдлийн жолооч, 4-12 дугаар сард нь 2 дугаар бригадад малчнаар ажилласан. 1988 оноос 1992 он хүртэл нэгдэлд малчнаар тасралтгүй ажилласан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажилласан байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтэртээ бичилт хийлгүүлж авч байсан боловч 2003 онд өвлийн гэр маань галд автсанаас болж хөдөлмөрийн дэвтэр шатсан тул миний ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Би улсаас ажилласан жил авч чадаагүй. Хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувь эрүү нүүр мэс заслын дараах оношоор чадвар алдалттай явдаг. Иймд П.Г*** миний Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Г*** нь эрүү нүүрний мэс засал хийлгэснээс болоод ярьж чадахгүй учир би түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Бид нэг нутгийн хүмүүс юм. П.Г*** нь дунд сургуулийн 3 дугаар ангийг төгсөөд сургуулиас гарсан хүн. Тэгээд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  1983 оны 4 дүгээр сарыг дуустал Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан юм. Цэргийн албанаас халагдаж ирээд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэгдэлд жолоочоор, 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал Соёл нэгдэлдээ малчнаар тус тус ажиллаж байсан юм. Тэрээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн учир хөдөлмөрийн чадвар алдалттай групп авдаг байсан нь зогсоогдсон тул энэхүү ажилласан байдлаа тогтоолгосноор тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх юм билээ. Улсаас ажиллаж байсан жил тооцож олгох үед тооцуулаагүй юм байна лээ. Иймд түүний дээрх ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхний хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн албан бичиг 1 хуудас, итгэмжлэл, цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 5 хуудас, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1982 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаартай тушаал, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1986 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 24 дугаартай тушаал, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаартай тушаал, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн Ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай тогтоол, түүний хавсралт, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын засаг даргын Тамгын газрын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 3/424 дугаартай албан бичгээр хүргүүлсэн цалин хөлсний 70 дугаар дансны түүвэр, хуулбарын хамт зэргийг тус тус ирүүлжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Н.Б***аас гэрчийн мэдүүлэг авсан байна.

                               

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс П.Г***ын  ХААТР-1 (А), ХААТР-21 (А) лавлагаа,  Хаягийн хуудас №7-ийн хуулбар зэргийг тус тус  бүрдүүлсэн.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        1.Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т*** нь хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг П.Г***ын  Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  1983 оны 4 дүгээр сарыг дуустал малчнаар,1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэгдэлд жолоочоор, 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор тодруулсан ба үүнийг тогтоолгосноор нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгох эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа юм гэж тайлбарласан болно.

3.Хэрэгт:

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1982 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаар ...ачигч буулгагчаар...П***ийн Г*** нарыг 1982 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн томилсугай гэж бичигдсэн  “ажилд томилох тухай” тушаалын Хөвсгөл аймгийн Архивын тасаг Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар 1 хуудас , 

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1986 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 24 дугаар ...П***ийн Г***ыг ЗИЛ-130 машины жолоочоор 7 дугаар сарын 20-ны өдрөөс... тус тус томилсугай гэж бичигдсэн  “Цэргээс ирсэн хүмүүсийг ажилд томилох тухай” тушаалын Хөвсгөл аймгийн Архивын тасаг Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар 1 хуудас , 

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар ...Газ-66 машины жолооч П***ийн Г*** ажил өөрчилж өгөхийг хүссэн учир ...2-р сарын 10-ны өдрөөс тус тус ажлаас чөлөөлсүгэй. 2. ...П.Г***ыг 7-р хэсгийн хоньчноор... 3 дугаар сарын 01-ний өдрөөс тус тус томилсугай  гэж бичигдсэн  “Ажил өөрчлөх ба томилох тухай” тушаалын Хөвсгөл аймгийн Архивын тасаг Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар 1 хуудас , 

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн Ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар “Нэгдлийн гишүүдийг батлах тухай” тогтоол, түүний хавсралтын 210-д П***ийн Г*** гэж бичигдсэн тогтоолд Хөвсгөл аймгийн Архивын тасаг Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар 1 хуудас , 

 

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын засаг даргын тамгын газрын холбогдох албан тушаалтнуудаас 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 3/424 дугаар албан бичгийн хамт хавсралтаар ирүүлсэн нэхэмжлэгч П.Г*** 1981 оны 12 сар 1982 оны 1, 4, 6-7 сар, 1983 оны 2, 4, 11-12  сар, 1986 оны 8-9 сар, 1987 оны 1-2, 4, 7-9, 11-12 дугаар сар, 1988 оны 1-4 сар, 7-12 сар,1989 оны 1-3 сар, 7-8 сар, 10-12 сар, 1990 оны 1-12 дугаар сар,  1991 оны  1-4 дүгээр сар, 6-12 дугаар сар,1992 оны 1-5 дугаар саруудад авч байсан цалин хөлсний түүвэр, цалин хөлсний баримтыг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газар Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулан ирүүлсэн баримт 15 хуудас

Нэхэмжлэгч П***ийн Г***ын  Хугацаат цэргийн алба хаасан байдал гэх хэсэгт цэргийн ангийн дугаар 0168, Орон тооны албан тушаал, цэргийн цол жолооч, ангийн дансанд авсан он сар өдөр тушаал 1983.07.08, ангийн данснаас хасагдсан он сар өдөр 1986.06.24 гэж бичигдсэн “Цэргийн батлах”-ын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 5 хуудас,

П***ийн Г***ын  Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ...14. Ажилладаг байгууллага: Баянзүрх сум Соёл нэгдэл, ажилд орсон он: 1986, цех, тасаг, бригад: 6-р хэсэг, эрхэлдэг ажил: хоньчин,  оршдог, сум, район: Баянзүрх ...  гэж 1988 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр  бүртгэгдсэн ХААТР-1 (А) маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас

П***ийн Г***ын  Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн  ...хаана ямар ажилтай: Баянзүрх сумын төвд хөрөө раманд гэж бичигдсэн 1981 оны 3 дугаар сарын 11-ний өдөр бичигдсэн Хаягийн хуудасны хуулбар 1 хуудас,

П***ийн Г***ын  Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас, 

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Н.Б***ийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “П.Г*** миний санахын сургуульд бараг сураагүй хүн бөгөөд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэдлийн 2 дугаар бригадад 16 настайгаасаа эхлэн туслах үйлдвэрийн грушикээр ажиллаж байгаад 1983 оны зун цэргийн албанд татагдан 3 жилийн хугацаат цэргийн алба хааж ирээд нэгдэлдээ үргэлжлүүлэн жолоочоор ажиллах болсон. Жолоочоор ажиллаж байгаад 1987 онд 2 дугаар бригадын малчин Д***ын О***ай гэр бүл болж улмаар жолоочийн ажлаасаа гарч мал маллах болсон. П.Г*** нь тус нэгдлийг 1992 онд тартал малчнаар тасралтгүй ажилласан. Бид нэг нутгийн хүмүүс.Би Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 2 дугаар бригадад саальчнаар 1983-1992 онуудад тасралтгүй ажилласан...” гэх мэдүүлэг 2 хуудас, зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 

133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно,

 

135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зааснаар нэхэмжлэгч П.Г*** нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.

 

5. Дээрх баримтуудаар нэхэмжлэгч П.Г***ын  Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1981 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилчнаар, 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд жолоочоор, 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

             Шүүх нэхэмжлэгч П.Г***ын ажиллаж байсаан байдлыг тогтоохдоо түүний ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн, цэргийн алба хаасан хугацаа, ХААТР баримт, Хаягийн хуудас дахь бичигдсэн байдал түүний дээрх хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний баримт зэргийг үндэслэн шийдвэрлэсэн болно.

            6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон боловч шүүх Хаягийн хуудаст 1981 оны 3 дугаар сард сумын төвд хөрөө раманд гэж бичигдсэн байдлыг үндэслэн түүнийг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд  1981 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс ажилласан гэж үзэх үндэслэлтэй, цэргийн албанаас ирээд 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс жолоочоор томилогдсон нэгдлийн даргын ажилд томилсон тушаал байх тул түүнийг 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс жолоочоор ажилласан гэж үзэх үндэслэлгүй, жолоочийн ажлаас 1987 оны 2 дугаар сарын 10-ны өдөр чөлөөлөгдөн 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдөр малчнаар томилсон нэгдлийн даргын тушаалыг үндэслэн түүнийг энэ хугацаанд тасралтгүй ажилласан гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч П.Г***ын Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл жолоочоор, 1987оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор, 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Бургааст П***ийн Г*** -ын Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1981 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилчнаар, 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл жолоочоор, 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл жолоочоор, 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор, 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,  119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХТУЯА