Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2025/ДШМ/1419

 

2025           12            16                                                                   2025/ДШМ/1419

 

М.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г-ийн өмгөөлөгч Г.Өлзийхишиг,

яллагдагч М.Э-,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/6468 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 49 дугаартай прокурорын эсэргүүцлээр М.Э-т холбогдох 2403 00000 0950 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

И- овгийн М-ын Э-, ......, /РД: М-/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1469 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн;  

Яллагдагч М.Э- нь Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Богд Вилла хотхоны баруун замд 2024 оны 10 дугаар сарын 04-ний оройн 21 цаг 50 минутын үед “Тоёота сай” загварын .... УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”,  мөн дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.14. “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг зөрчиж, явган зорчигч Л.С-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: М.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Г- гэх хүнийг хохирогчийн хууль

ёсны төлөөлөгчөөр тогтоосон атлаа С.Г-өөс огт мэдүүлэг аваагүй, энэ хэргийн хохирогч Л.С-тай ямар хамааралтай болохыг С.Г-ийн мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогоогүй, холбогдох баримт бичиг хэрэгт авагдаагүй атлаа түүнд шинжээчийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг, хэргийн материал танилцуулсан нь

ойлгомжгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авах ажиллагаа огт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, мөрдөгч нотлох баримт цуглуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 Мөн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр “...Хариулт 1. Тоёото Сай маркийн .... УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М.Э- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө” гэсэн заалтыг зөрчсөн нь дүрс бичлэгээс тодорхой харагдаж байна...” гэсэн байхад Тээврийн прокурорын газрын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 960 дугаартай яллах дүгнэлтийн Тогтоох хэсэгт “Яллагдагч М.Э- нь ...замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”. Мөн дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж

хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, ...” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж ялласан талаараа прокурор хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэний ямар шийдвэрийг үндэслэн яллагдагч М.Э-ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 10.1, 10.14-т заасныг зөрчсөн гэж бичсэн талаарх асуудлыг нэг мөр болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Г.Анхбаяраас: “...Техникийн шинжээч дүгнэлт гаргахдаа хэрэгт байхгүй баримтаар гаргасан, хорооллын дотор суурин газар гэсэн байдаг, тухайн осол болсон газар нь хороолол доторх суурин газар биш байхад техникийн шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, өөрөөр хэлбэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-д заасныг зөрчсөн гэсэн. Гэтэл тухайн зам улсын төсвөөр баригдсан зам, ямар зориулалттай зам бэ гэдгийг тодорхойлолт гаргуулах нь зүйтэй. Мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон дүгнэлтийг гаргасан дүгнэлттэй маргахгүй ч Шүүх шинжилгээний тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д шинжилгээ хийж байгаа шинжээч нь мэргэжлээрээ 10-с доошгүй жил ажилласан байна гэж заасныг зөрчсөн байх тул шинжээчийн дүгнэлт хууль зөрчиж гарсан гэж үзнэ...” гэсэн агуулга бүхий санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй, гэм буруугийн хуралдаанаар тодруулах боломжтой гэж,

 хуралдаанд оролцсон прокурор Г.Нандин-Эрдэнээс: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоосон атлаа мэдүүлэг аваагүй талаар тодруулахад шүүхийн шатанд мэдүүлэг өгнө гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүхийн шатанд мэдүүлэг авах боломжтой, яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг шүүх хуралдаанаар тодруулаад явах боломжтой тул яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны тов тогтоож өгнө үү...” гэсэн,

 хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г-өөс: “...Ааваас мэдүүлэг авсан баримт хэрэгт авагдсан, би хууль зүйн мэдлэг дутмаг учир өмгөөлөгч авсан, надаас болоод хурлыг хойшлуулах, буцаах зүйл байж болохгүй гэж үзэж байна, шүүхэд мэдүүлэг өгөх боломжтой, хэрэг асуудал тодорхой, энэ асуудлаар хойшлуулах шаардлага байхгүй, ямар санаатай хурлыг хойшлуулаад байгааг ойлгохгүй байна. Өнгөрсөн хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр намайг тогтоолгох тухай хохирогчийн хүсэлтийг би өөрийн биеэр авчирч өгсөн, аль болох хурдан шийдвэрлүүлж өгнө үү, аав тэргэнцэр дээр байгаа, гарч чадахгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй...” гэсэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Өлзийхишигээс: “...Прокурорын саналыг дэмжиж байна, хэрэг 2024 онд гарсан, энэ хэргээс яллагдагч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтыг зөрчсөн, хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх саналыг дэмжиж байна...” гэсэн агуулга бүхий санал, тайлбар гаргасныг шүүхээс тус тус дүгнэсэн болно.

 Иймд мөрдөн шалгах дээрх ажиллагааг бүрэн хийсний дараа хэргийг шүүхэд шилжүүлэх нь ач холбогдолтой байх тул яллагдагч М.Э-т холбогдох хэргийг тээврийн прокурорын газарт буцааж хэргийг прокурорт очтол яллагдагчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт нэг ширхэг сиди ирснийг хэргийн хамт хүргүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг, шүүхэд иргэний бичиг баримт ирүүлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ДШМ/381 дугаартай магадлалд заасан ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн буюу хохирогч Л.С-гийн хүсэлтээр хууль ёсны төлөөлөгчөөр түүний хүү С.Г-ийг тогтоосон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг хэргийн материалтай танилцуулж гарын үсэг зуруулсан, мөн тухайн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох үүднээс техникийн шинжээч томилж дүгнэлтийг гаргуулах, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох үүднээс шинжээч томилж дүгнэлтийг гаргуулах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Гэвч анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын дотор хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой байхад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зорилтод нийцэхгүй байна.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч /шинжээч, гэрч/ нарыг оролцуулж, мэдүүлэг, дүгнэлтийг шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байтал хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г-ийн өмгөөлөгч Г.Өлзийхишиг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... С.Г-ийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд байр сууриа илэрхийлж оролцоно гэдгээ илэрхийлж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаах 3 үндэслэлд хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол буцаадаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Шүүх хуралдаанд яллагдагч гэм буруугийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлж байсан. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

Яллагдагч М.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие гэм буруугийн талаар маргаагүй. Тиймээс хэргийг яаралтай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх М.Э-т холбогдох хэргийг “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Г- гэх хүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон атлаа С.Г-өөс огт мэдүүлэг аваагүй ... атлаа түүнд шинжээчийн болон техникийн шинжээчийн дүгнэлт, хэргийн материал танилцуулсан нь ойлгомжгүй, яллагдагч М.Э-ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 10.1, 10.14-т заасныг зөрчсөн гэж бичсэн талаарх асуудлыг нэг мөр болгох нь зүйтэй. ...” гэсэн үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан нь учир дутагдалтай болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь “... гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, ..., хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх...” -д оршдог.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд яллагдагч М.Э- нь Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөн талаарх шинжээчийн дүгнэлт авагдсан ба түүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, мөн уг хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд М.Э-ын гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Тухайлбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.С- нь гэмт хэрэг гарсан талаар болон хэрхэн хохирсон талаараа тодорхой мэдүүлсэн байхаас гадна хохирогч нь биеийн байдлын улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй болсон тул түүний хууль ёсны төлөөлөгч С.Г-ийг шүүх хуралдаанд оролцуулах замаар түүнээс мэдүүлэг авах боломжтой байна.

Үүнээс гадна, шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахыг прокурорт даалгах нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ бөгөөд хэрэв зайлшгүй шаардлагатай гэж үзвэл уг хуулийн зохицуулалтын хүрээнд дээрх ажиллагааг хийлгэх боломжтойг дурдаж байна.

Иймд прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 49 дугаартай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын                   04-ний өдрийн 2025/ШЗ/6468 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан яллагдагч М.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/6468 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч М.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                                                  Т.АЛТАНТУЯА

 

                        ШҮҮГЧ                                                                       Л.ДАРЬСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                                       М.АЛДАР