Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2025/ДШМ/1409

 

B.Ch-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Болорзул,

хохирогч Z.Q-ны өмгөөлөгч С.Уламбаяр,

шүүгдэгч B.Ch- гийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/2242 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч B.Ch- гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2409000000671 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

B.Ch- , 1981 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах оронд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Д Н” төвд биллиард ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр, хадам эх, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух, Монгол Улсын хуулиар эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ... гадаад паспорттой;

Шүүгдэгч В.Ch  нь 2024 оны 04 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 09-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарын юань болон төгрөг солиулах гэсэн хэрэгцээ шаардлагыг нь далимдуулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөрт байхгүй эд хөрөнгийг байгаа мэтээр ойлгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, нэр бүхий 25 хохирогчоос Хятад улсын юань болон Монгол Улсын төгрөгөөр солиулах зорилгоор шилжүүлсэн нийт 1,386,508,974 төгрөгийг өөрийн болон эхнэр Ч.Т-гийн эзэмшлийн Хаан банкны данснуудаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газар: B.Ch- гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч B.Ch- г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж, үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсгийг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгэн, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

шүүгдэгч B.Ch- гаас нийт 1,034,676,974 төгрөгийг гаргуулан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад заасан хэмжээгээр хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч B.Ch-  давж заалдах гомдолдоо: “...Яллах дүгнэлтэд байгаа нийт хохирол 1,274,436,974 төгрөгөөс миний бие 345,232,000 төгрөгийг төлсөн ба одоо 929,204,974 төгрөг үлдсэн. Гэтэл шийтгэх тогтоолоор 1,034,676,974 төгрөг гэж буруу бодож, зарим хохирогч нарт төлсөн мөнгийг хасаж тооцоогүй.

Би 2024 оны 11 дүгээр сард Нийслэлийн мөрдөн байцаах газрын мөрдөгч Н.Чинбатад нийт 40 гаран хохирогчийн нэрсийг шалгуулахаар өгсөн боловч 18 хохирогчийг шалгасан ба үлдсэн хохирогч нарыг шалгуулмаар байна. 2024 оны 12 дугаар сард Баян-Өлгий аймгийн цагдаа залгаж “Я- гэх хүний 20,000,000 төгрөгийн хохирол бүхий гомдлоор хэрэг нээж шалгаад Нийслэлийн цагдаа дээр байгаа хэрэгтэй нэгтгэхээр явуулсан” гэж хэлсэн боловч одоог хүртэл нэгтгээгүй. 2025 оны 02-03 дугаар сарын үед Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст н.Улаанхүүгийн гаргасан 240,000,000 төгрөгийн гомдлыг шалгаж дуусаад Нийслэлийн мөрдөн байцаах хэлтэст миний хэрэгтэй нэгтгэхээр явуулсан гэсэн ба одоог хүртэл нэгтгээгүй. Би тус хохирлоос 90,000,000 төгрөг үлдсэн бөгөөд 5 айлын Ар гүнтэд байрлах газар барьцаанд тавьсан. 2025 оны 01 дүгээр сарын үед Сүхбаатар дүүрэгт Ч.Х-гийн гаргасан 20,000,000 төгрөгийн хохиролтой хэргийг нэгтгэхээр явуулсан боловч ирээгүй байгаа. Тус хохирогчид 10,000,000 төгрөг төлсөн. Гэтэл үлдэгдэл 32 хохирогчийн 3 нь цагдаад гомдол гаргасан байгаа.

Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж, анхнаас нь хохирогч нараа өөрөө хэлж шалгуулсан бөгөөд хохирлоос төлсөн. Үлдэгдэл 929,204,974 төгрөгийг төлж, хохирогч нарыг хохиролгүй болгоно.

Иймд хэргүүдийг нэгтгэн, нэг хэрэг болгон шалгуулж, хохирлыг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр B.Ch-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Миний үйлчлүүлэгч өөрөө давж заалдах гомдол гаргасан ба гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч Z.Q-ны өмгөөлөгч С.Уламбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч хохирол төлбөрөө гүйцэд барагдуулж аваагүй байгаа. Нийт 163,100,000 төгрөгөөс 40,000,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлсөн. ...” гэв.

Прокурор С.Болорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 2024 онд БНХАУ-ын иргэнээс анх гомдол гаргаснаас хойш мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Тус нэг үйлдэл дээр прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. Тухайн үед B.Ch-  олон хохирогч байгаа тул нэг мөр хэргээ нэгтгүүлж шийдвэрлүүлэх гомдол гаргасан. Түүний гомдлоор дээд шатны прокуророос яллах дүгнэлтийг хүчингүй болгож, тэрээр нэр бүхий 25 хохирогч нарын нэрсийг мөрдөгчид гаргаж өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгчийн зүгээс дээрх хохирогч нартай нэг бүрчлэн холбогдож, 4 хохирогч гомдол гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Бусад хохирогч нарын хувьд, мөрдөгч тэмдэглэл үйлдэж, зарим нь гомдол гаргаагүй. Өнөөдрийн байдлаар бусад цагдаагийн хэлтэс болон дүүргийн прокурорын газруудаас B.Ch-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан баримт хэрэгт авагдаагүй. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд баримт гаргаж өгөөгүй тул түүнд холбогдох өөр хэрэг байгаа эсэх нь тодорхойгүй байна. Залилах гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ялын санкцтай. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд шүүгдэгчээс 300,000,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн. Түүнийг бага насны 2 хүүхэдтэй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, цаашид хохирол төлбөр нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг шүүхээс харгалзан 3 жил 5 сарын хорих ял шийтгэсэн нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх B.Ch- д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн:

1.Хохирогч Z.Q-ний: “...Тэгээд би R.Ch.G-ээр дамжуулж тухайн хүн рүү юань шилжүүлэх дансыг нь асуулгах үед данс өгсөн. 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр би Сүхбаатар дүүрэгт гэртээ байхдаа 350,000 юань тус данс руу шилжүүлсэн. Юань шилжүүлсэн талаар баримтаа зураг хэлбэрээр R.Ch.G-д явуулж, “350,000 юань буюу 163,100,000 төгрөгийг өөрийн данс руугаа авчих” гэж хэлэхэд тэрээр зөвшөөрсөн. Тэгээд би юань шилжүүлсэн хүнд R.Ch.G-ийн дансыг явуулсан...” (1хх 15-18),

-гэрч R.Ch.G-ийн: “...Энэ талаар найз Z.Q-д хэлэх үед тэр зөвшөөрч би B.Ch--аас “350,000 юань 466-аар солих уу” гэж асуухад “чи юань аа данс руу хий, би юань орж ирэхээр 163,100,000 төгрөгийг чиний данс руу шилжүүлнэ” гэж хэлсэн. Юань шилжүүлснээс хойш 1 цагийн давтамжтай мөнгө яасан талаар B.Ch--аас асуухад шалтаг хэлж хойшлуулаад төгрөг шилжүүлэхгүй байсан...” (1хх 20-21),

-гэрч Б.Ш-ийн: “...Mob cash нь 1х-ийг цэнэглэж өгдөг аппликейшн юм. Би өөрийн ... фейсбүүк хаягаас “1Х цэнэглэнэ” гэсэн зар оруулах үед хүмүүс чатаар холбоо барина. Энэ үед би цэнэглэх мөнгөн дүнг нь асууж өөрийн дансаа өгдөг...” (1хх 28-29),

-гэрч М.А-гийн: “...Манай захирлын нөхөр B.Ch- тус өдөр надад хандаж “1х нэртэй тоглоом тоглох гэсэн чинь тоглоомын эрх авах хэрэгтэй байна, би чиний данс руу мөнгө шилжүүлнэ, тухайн мөнгийг тоглоомын эрх сунгах данс руу шилжүүлээд өгөөч” гэхээр нь би зөвшөөрч түүнд дансаа өгсөн. Би өөрийн дансанд орсон мөнгийг B.Ch--гийн шилжүүл гэсэн данс руу шилжүүлсэн...” (1хх 31) гэсэн мэдүүлгүүд,

-2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 350,000 юань шилжүүлсэн баримтын хуулбар (1хх 6-7),

-дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (1хх 61-69, 72-74),

-Хаан банкны дугаар данснуудын эзэмшигчийн мэдээлэл бүхий тус банкны 29/5690 дугаар албан бичиг (1хх 71) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч B.Ch-  нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Z.Q-ээс 163,100,000 төгрөгийг авч залилсан,

2.Хохирогч W.Z-ний: “...2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хятад Улс руу гэр рүүгээ 117,000,000 төгрөг шилжүүлэх шаардлага гарахаар нь В.Ch-тай холбогдож хэлэхэд “болно, над руу мөнгө хийчих” гээд Хаан банкны данс явуулахаар нь тухайн данс руу өөрийнхөө данснаас 1 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн...” (1хх 178),

-гэрч Ч.Т-гийн: “...Миний Хаан банкны дансыг манай нөхөр B.Ch- ашиглаж, картыг биедээ авч явдаг. Би интернэт банкаараа заримдаа гүйлгээ хийдэг. 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр миний нэр дээр бүртгэлтэй данс руу манай нөхөр өөрийнхөө данснаас 2 удаагийн гүйлгээгээр 80,000,000 төгрөгийн орлого хийж, мөн өдөр бэлнээр 5 удаагийн гүйлгээгээр 165,430,000 төгрөгийг хийсэн байсан...” (1хх 191),

-гэрч Б.Н-гийн: “...B.Ch- ах “чамд виза карт чинь байна уу” гэж асуухаар нь “байгаа” гэж хэлтэл “ахдаа түр өгөөч, мөнгө хийгээд авъя” гэхээр нь өөрийн дансны дугаарыг хэлж, виза картаа өгөөд явуулсан. Тэрнээс хойш B.Ch- миний виза картыг өгөхгүй байж байгаад энэ оны 08 дугаар сарын эхээр надад буцааж өгсөн...” (1хх 193) гэсэн мэдүүлгүүд,

-2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 117,000,000 төгрөг шилжүүлсэн банкны баримт /1хх 157/,

-B.Ch-, гэрч Б.Н-, Ч.Т- нарын эзэмшлийн Хаан банкны дансны гүйлгээний хуулга (1хх 196, 201, 203),

-дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлүүд (1хх 197, 200, 205) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч B.Ch-  нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хохирогч W.Z -аас 117,000,000 төгрөгийг авч залилсан,

3.Хохирогч H.D-ийн: “...2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр би B.Ch--гийн wechat руу залгаж “юань сольж байгаа юу, ханш хэдтэй байна бэ” гэж асуухад “сольж байгаа, 1 юань 475 төгрөгийн ханштай байна” гэхээр нь “200,000 юань солиулах гэсэн юм” гэхэд данс өгсөн. 05 дугаар сарын 11-ний өдөр B.Ch--ийн данс руу 100,000 юань, 05 дугаар сарын 12-ны өдөр 100,000 юанийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлээд “нийт 95,000,000 төгрөг болж байна, төгрөгийг миний Хаан банкны данс руу хийгээрэй” гэж хэлсэн. Миний дансанд төгрөг орж ирэхгүй удаад байхаар нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр B.Ch--гийн wechat руу залгаж, мөнгө яасан талаар асуухад “дансанд байгаа төгрөг хүрэхгүй байна, төгрөг ороод ирэхээр шилжүүлнэ, хэд хоног хүлээж бай” гэхээр нь итгээд хүлээсэн...” (2хх 57) гэсэн мэдүүлэг,

-2024 оны 05 дугаар сарын 11-нээс 12-ны өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр 200,000 юань шилжүүлсэн банкны баримт (2хх 45-46),

-хохирогчоос хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн баримт (2хх 47-51) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч B.Ch-  нь 2024 оны 05 дугаар сарын 11-нээс 12-ны өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр H.D-ээс нийт  95,000,000 төгрөгийг авч залилсан,

4.Хохирогч Z.H-ны: “...2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр би B.Ch--д хандаж “Худалдаа хөгжлийн банкны дансанд байх 100,000 юанийг өөрийн хятад данс руу юань хэлбэрээр хийх гэсэн юм, өөрөө шилжүүлэх гэхээр банк орох гээд байна, чиний данс руу хийгээд чи юанийг миний хятад данс руу шилжүүлчих” гэж хэлэхэд тэр зөвшөөрсөн. Тухайн өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн данснаас B.Ch--гийн дансанд 100,000 юань буюу 46,300,000 төгрөгийг шилжүүлсэн...” (2хх 94) гэсэн мэдүүлэг,

-2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 100,000 юань шилжүүлсэн банкны баримтын хуулбар (2хх 84) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч B.Ch-  нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Z.H-аас нийт 39,840,000 төгрөгийг авч залилсан,

5.Хохирогч T.F-ийн: “...2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр B.Ch- руу залгаж “төгрөг юань болгох хэрэгтэй байгаа” талаар хэлэх үед “болно, нэг юань 472 төгрөг” гээд надад данс өгөхөөр нь тухайн өдрөө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн данснаас 2 удаагийн гүйлгээгээр 28,320,000 төгрөг шилжүүлсэн боловч юань болгож миний данс руу хийгээгүй...” (2хх 190),

-гэрч Ч.Т-гийн: “...Нөхрөө бусдын төгрөг, юанийг хувьдаа зарцуулсан талаар мэдээд тухайн хүмүүсийн төгрөг, юанийг яасан талаар асуухад 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойш гар утсаараа цахим мөрийтэй тоглоом тоглосон гэж надад хэлсэн...” (2хх 193) гэсэн мэдүүлгүүд,

-2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 28,320,000 төгрөг шилжүүлсэн банкны баримтын хуулбар (2хх 179-180),

-B.Ch-, гэрч Ч.Т- нарын эзэмшлийн Хаан банкны дансны гүйлгээний хуулганууд (2хх 96-97,196-206) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч B.Ch-  нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр хохирогч T.F-ээс нийт 28,320,000 төгрөгийг авч залилсан,

6.Хохирогч Ш.Н-ын: “...Тэгээд уг хүнээр нь шилжүүлэг хийлгэх гээд 48,000,000 төгрөгийг Ч.Т- гэх эмэгтэйн данс руу шилжүүлсэн...” (3хх 40-41),

-гэрч Ч.Т-гийн: “...Тухайн 48,000,000 төгрөгийг манай нөхөр миний дансанд орно гэж хэлсэн. Манай нөхөр миний дансыг ашиглаж юань шилжүүлэг хийдэг...” (3хх 53),

-гэрч L.H-ийн: “...B.Ch- надад нэг дансны дугаар өгөхөөр нь би Ш.Н-д өгөөд уг данс руу 48,000,000 төгрөгийг шилжүүлэхээр “мөнгө нь шууд орно” гэж хэлсэн...” (3хх 58) гэсэн мэдүүлгүүд,

-2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 48,000,000 төгрөг шилжүүлсэн банкны баримтын хуулбар (3хх 36),

-гэрч Ч.Т-гийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны дансны гүйлгээний хуулга (3хх 52) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч B.Ch-  нь 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Ш.Н-аас нийт 48,000,000 төгрөгийг авч залилсан,

7.Хохирогч H.Y-ний: “...2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа ... дугаартай данс руу 141,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд 1 юанийг 470 төгрөгөөр тохирсон. Надад нийт 170,000 юань /79,900,000 төгрөг/ өгсөн. 130,000 юань /61,100,000 төгрөг/ өгөөгүй...” (3хх 100) гэсэн мэдүүлэг,

-2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 141,000,000 төгрөг шилжүүлсэн банкны баримтын хуулбар (3хх 103) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч B.Ch-  нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч H.Y-аас нийт 61,100,000 төгрөгийг авч залилсан,

8.Хохирогч Y.J-ийн: “...2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн данснаас B.Ch--гийн өгсөн данс руу 9,480,000 төгрөг шилжүүлсэн...” (3хх 124) гэсэн мэдүүлэг,

-2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 9,480,000 төгрөг шилжүүлсэн банкны баримт (3хх 127) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч B.Ch-  нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Y.J-ээс нийт 9,480,000 төгрөгийг авч залилсан,

9.Хохирогч Г.А-ын: “...2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа ... дугаартай данс руу 14,280,000 төгрөг шилжүүлсэн. 6,760,000 төгрөгийг авсан, одоо 7,520,000 төгрөг авах ёстой...” (3хх 142) гэсэн мэдүүлэг,

-2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 14,280,000 төгрөг шилжүүлсэн банкны баримт (3хх 145) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч B.Ch-  нь 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Г.А-аас нийт 14,280,000 төгрөгийг авч залилсан,

10.Хохирогч Ch.Z-гийн: “...2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн Хаан банкны данснаас ...дугаартай данс руу 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс 11,800,000 төгрөг авсан. Үлдэгдэл 8,200,000 төгрөгийг нэхэмжилж байна...” (3хх 167) гэсэн мэдүүлэг,

-2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөг шилжүүлсэн банкны баримтын хуулбар (3хх 170) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч B.Ch-  нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Ch.Z-аас нийт 20,000,000 төгрөгийг авч залилсан,

11.Хохирогч Б.Н-гийн: “...B.Ch--тай тохиролцоод 150,000 юанийг түүний явуулсан хятад данс руу шилжүүлсэн. B.Ch- тэр хүнд юань зараад төгрөгийг нь өөрийнхөө Хаан банкны дансаар авсан. 150,000 юанийг нөгөө Хятад хүндээ 70,350,000 төгрөгөөр зарсан байсан...” (3хх 194) гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч B.Ch-  нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Б.Н-гаас нийт 72,150,000 төгрөгийг авч залилсан,

12.Хохирогч H.h-гийн: “...Тэр хүний ирүүлсэн данс руу би өөрийн хүүгийн данснаас 5,000,000 төгрөг шилжүүлсэн. 10,000 юань авна гэж тэр мөнгийг шилжүүлсэн боловч юань ирээгүй. Өгөхгүй байсаар өнгөрсөн долоо хоногт 500,000 төгрөг буцааж өгсөн...” (3хх 220) гэсэн мэдүүлэг,

-2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг шилжүүлсэн банкны баримтын хуулбар (3хх 211) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч B.Ch-  нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч H.h-аас нийт 5,000,000 төгрөгийг авч залилсан,

13.Хохирогч Y.T-гийн: “...2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр B.Ch- над руу залгаж “юань байгаа, төгрөг солиулах уу” гэж асуухаар нь 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа Хаан банкны өөрийн компани данснаас ... дугаартай данс руу 47,200,000 төгрөг шилжүүлж, түүнд юань хийх дансны дугаарыг явуулсан боловч хийгээгүй. Яагаад юань хийхгүй байгаа талаар асуухад “орой хийнэ” гэсэн. Орой нь болох үед мөн л хийгээгүй...” (3хх 238),

-2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 47,200,000 төгрөг шилжүүлсэн банкны баримт (3хх 241) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч B.Ch-  нь 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Y.T-аас нийт 47,200,000 төгрөгийг авч залилсан,

14.Хохирогч N.d -ийн: “...2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд гэртээ байхдаа өөрийн данснаас 666 дугаартай Хятад данс руу 80,000 юань шилжүүлсэн. 38,800,000 төгрөг миний данс руу хийх байсан боловч 24,000,000 төгрөг авсан. Одоо 14,800,000 төгрөг өгөх ёстой...” (4хх 8) гэсэн мэдүүлэг,

-2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 80,000 юань шилжүүлсэн банкны баримтын хуулбар (4хх 13-14) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч B.Ch-  нь 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хохирогч N.d -аас нийт 38,800,000 төгрөгийг авч залилсан,

15.Хохирогч Y.Y-гийн: “...2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн данснаас 666 дугаартай данс руу 66,000,000 төгрөг шилжүүлсэн. B.Ch- энэ мөнгөнөөс буцааж өгөөгүй...” (4хх 32) гэсэн мэдүүлэг,

-2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 66,000,000 төгрөг шилжүүлсэн банкны баримтын хуулбар (4хх 35) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч B.Ch-  нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч Y.Y-аас нийт 66,000,000 төгрөгийг авч залилсан,

16.Хохирогч H-ийн: “...2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр B.Ch--аас юань сольж байгаа эсэх талаар асуухад “сольж байгаа” гэж хэлсэн. Тухайн өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд явж байхдаа түүний данс руу 100,000 юань шилжүүлсэн бөгөөд түүнд эхнэрийн дансыг өгсөн...” (4хх 53) гэсэн мэдүүлэг,

-2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 100,000 юань шилжүүлсэн банкны баримтын хуулбар (4хх 56) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч B.Ch-  нь 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч H-оос нийт 47,500,000 төгрөгийг авч залилсан,

17.Хохирогч Н.У-ын: “...Манай нөхөр н.Б нь Өвөр Монгол Улсын иргэн юм. 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр юанийн хэрэг гараад B.Ch- гэж таньдаг хүнээсээ юань асуухад “юань байгаа, надад ч гэсэн монгол төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь тэр хүний Хаан банкны дансанд тэр өдрөө 3 удаагийн гүйлгээгээр нийт 32,900,000 төгрөг шилжүүлсэн. Гэвч нөгөө хүн нь юань өгөөгүй ба манай нөхөр 4,000,000 төгрөг буцааж авсан. Одоо 28,900,000 төгрөг буцааж авахаар байгаа...” (4хх 73) гэсэн мэдүүлэг,

-2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 32,900,000 төгрөг шилжүүлсэн банкны баримтын хуулбар (4хх 79) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч B.Ch-  нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр хохирогч Н.У-аас нийт 32,900,000 төгрөгийг авч залилсан,

18.Хохирогч Ц.Б-ы: “...Би тэр данс руу эхнэрийнхээ Хаан банкны данснаас 35,063,490 төгрөг шилжүүлсэн. Нийт 73,816 юань авах зорилгоор энэ мөнгийг шилжүүлсэн боловч буцааж аваагүй байгаа...” (4хх 98) гэсэн мэдүүлэг,

-2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 35,063,490 төгрөг шилжүүлсэн банкны баримтын хуулбар (4хх 103) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч B.Ch-  нь 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Ц.Б-аас нийт 35,063,490 төгрөгийг авч залилсан,

19.Хохирогч H.j-гийн: “...2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 65,000 юанийн хэрэг гараад B.Ch--тай холбогдож, юань байгаа эсэхийг асуухад “байгаа, нэг юанийг 470 төгрөгөөр тооцож солино” гээд надад өөрийнхөө Хаан банкны дансыг явуулсан. Би өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны данснаас 30,550,000 төгрөг шилжүүлсэн...” (4хх 129) гэсэн мэдүүлэг, 

-2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 30,550,000 төгрөг шилжүүлсэн банкны баримтын хуулбар (4хх 134) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч B.Ch-  нь 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч H.j-ээс нийт 21,150,000 төгрөгийг авч залилсан,

20.Хохирогч Z.J-ий: “...Би тэр дансанд нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 13 цаг 04 минутад өөрийн Хаан банкны данснаас B.Ch--гийн ирүүлсэн дансанд 4,900,000 төгрөг шилжүүлсэн...” (4хх 160) гэсэн мэдүүлэг,

-2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 4,900,000 төгрөг шилжүүлсэн банкны баримтын хуулбар (4хх 165) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч B.Ch-  нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Z.J-ээс нийт 4,900,000 төгрөгийг авч залилсан,

21.Хохирогч Ч.А-ын: “...2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр барилгын материал авах зорилгоор Хятад улсын үйлдвэр рүү шилжүүлэх 49,664,124 төгрөгийг юань болгон шилжүүлэхээр B.Ch- руу монгол төгрөгөөр шилжүүлсэн. Одоо энэ хүнээс 11,164,124 төгрөг гаргуулж авахаар байгаа...” (4хх 185) гэсэн мэдүүлэг,

-2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 49,664,124 төгрөг шилжүүлсэн банкны баримтын хуулбар (4хх 189) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч B.Ch-  нь 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Ч.А-аас нийт 49,664,124 төгрөгийг авч залилсан,

22.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ий: “...Шилжүүлгийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улс руу 3 хувааж Д /B.Ch-/ гэх залуугийн хятад дансанд шилжүүлсэн. Д нь Монгол Улсад байсан ба шилжүүлгээр орж ирсэн юаниас шимтгэл аваад монгол төгрөгт хөрвүүлж манай компанийн нягтлан бодогчид өгөхөөр тохирсон боловч тэр залуу төгрөг шилжүүлж өгөөгүй алга болсон. Нийт 136,756,360 төгрөг болж байсан ба 36,000,000 төгрөгийг хүлээж авсан...” (4хх 215) гэсэн мэдүүлэг,

-2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр нийт 290,600 юань шилжүүлсэн банкны баримтын хуулбар (4хх 219-234) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч B.Ch-  нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хохирогч “Ч Л И” ХХК-аас нийт 136,756,360 төгрөгийг авч залилсан,

23.Хохирогч H.S-ы: “...B.Ch- надад өөрийнхөө Хаан банкны дансыг wechat-аар ирүүлсэн. Би өөрийнхөө Голомт банкны данснаас B.Ch--гийн данс руу мөнгө  шилжүүлсэн...” (5хх 5) гэсэн мэдүүлэг,

-2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 19,885,000 төгрөг шилжүүлсэн банкны баримтын хуулбар (5хх 10-11) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч B.Ch-  нь 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хохирогч H.S-аас нийт 19,885,000 төгрөгийг авч залилсан,

24.Хохирогч Ж.Т-гийн: “...2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн данснаас … дугаартай данс руу 50,000,000 төгрөг шилжүүлсэн. Өдөр бүр шахуу юань нэхсээр 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөг авсан. Надад 10,652,000 төгрөг өгсөн ба үлдсэн 39,348,000 төгрөгийг өгөөгүй байгаа...” (5хх 83),

-гэрч Ч.Т-гийн: “...Хаан банкны … дугаартай дансыг 2012 онд нээлгэсэн ба өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа. Миний нөхөр B.Ch- нь 2022 оны хавраас эхлэн юань, төгрөг сольж өгдөг ажил хувиараа хийж байгаа бөгөөд ажилдаа миний дансыг ашигладаг...” (5хх 96) гэсэн мэдүүлгүүд,

-2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 50,000,000 төгрөг шилжүүлсэн баримт (5хх 116),

-Хаан банкны 29/9195 дугаар албан бичиг (5хх 115) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч B.Ch-  нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Ж.Т-аас нийт 44,348,000 төгрөгийг авч залилсан,

25.Хохирогч L.J-ны: “...Би тухайн үед өөрийн БНХАУ-ын АВС банкны данснаас интернэт банкаар 200,000 юань шилжүүлсэн. Түүний дараа үдээс хойш 30,000,000 төгрөг, орой нь 10,000,000 орчим төгрөгийг “М Б Д” ХХК-ийн данс руу явуулсан талаар зургийг над руу wechat аппликейшнээр явуулсан. Тэгээд үлдэгдэл 57,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх зургийг B.Ch- над руу явуулахгүй байсан...” (5хх 180-181) гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч B.Ch-  нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хохирогч L.J-аас 57,000,000 төгрөгийг авч залилсан буюу нийт 25 хохирогчид 1,274,436,974 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүх тодорхой, эргэлзээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч B.Ch- гийн бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

Аливаа гэмт хэрэг нь хүний аюулгүй байдал, эрх, эрх чөлөө нийгмийн аюулгүй байдал, хэв журам, эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах зэрэг нийгмийн амин чухал эрх ашигт халдаж хохирол учруулдаг тул Эрүүгийн хуулиар зохицуулж, хариуцлага хүлээлгэдэг. 

Шүүгдэгч B.Ch-  нь гэм буруу дээр маргаагүй, нийт 239,760,000 төгрөгийн хохирол төлсөн байх боловч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн нөхцөл байдал, хууль бус үйлдлээ таслан зогсоолгүйгээр олон тооны хохирогчийг хууран мэхэлж, залилсан гэм буруугийн хэлбэр, залилах гэмт хэргийн нийгэмд буй болгох хууль бус үр дагавар зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 3 жил 5 сарын хорих ял нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцжээ.

Тэрээр “нийт хохирлоос 345,232,000 төгрөгийг барагдуулсан боловч зарим хохирогч нарт төлсөн хохирлыг хасаж тооцоогүй, мөн надад холбогдох бусад хэргүүдийг нэгтгээгүй” гэсэн 2 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

Шүүгдэгч нь аль хохирогчид хэдэн төгрөг төлсөн, түүнийг нь шүүх хэрхэн буруу тооцсон талаар гомдолдоо тодорхой дурдаагүй байх ба давж заалдах шатны шүүхээс хохиролтой холбоотойгоор дараах дүгнэлтийг хийлээ.

Зарим хохирогч нараас авсан мөнгөний тодорхой хэсгийг шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаа эхлэхээс өмнө буцаан өгчээ. Тухайлбал:

-хохирогч H.Y-аас нийт 141,000,000 төгрөг авч, үүнээс 79,900,000 төгрөгийг,

-хохирогч Z.H-аас нийт 58,360,000 төгрөг авч, үүнээс 18,520,000 төгрөгийг,

-хохирогч H.j-ээс нийт 30,550,000 төгрөг авч, үүнээс 9,400,000 төгрөгийг,

-хохирогч Ж.Т-аас нийт 50,000,000 төгрөг авч, үүнээс 5,652,000 төгрөгийг,

-хохирогч L.J-аас 200,000 юань буюу 97,000,000 төгрөг авч, үүнээс 40,000,000 төгрөгийг тус тус хохирогч нарт буцаан төлжээ.

Дээрх буцаан өгсөн 153,472,000 төгрөг /79,900,000 төгрөг + 18,520,000 төгрөг + 9,400,000 төгрөг + 5,652,000 төгрөг + 40,000,000 төгрөг/-ийг шүүгдэгч B.Ch- гийн төлсөн хохирлоос бус, харин учруулсан хохирлын дүнгээс хасаж тооцсон байх тул түүний эрх зүйн байдлыг дордуулах, эсхүл нэгэнт төлсөн хохирлыг дахиж гаргуулах агуулгагүй болно.

Иймд шүүх хэрэг маргааныг гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд, нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэх үүргийнхээ хүрээнд хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон холбогдох этгээдүүдийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан дүгнэсний эцэст шүүгдэгч B.Ch-  нь нэр бүхий 25 хохирогчид нийт 1,274,436,974 төгрөгийн хохирол учруулсан, түүнээс 239,760,000 төгрөгийн хохирол нөхөн төлснийг үндэслэл бүхий зөв тооцсон байна.

Мөн шүүгдэгч B.Ch-  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд нэр бүхий хохирогчдын гэх нэрсийг мөрдөгчид гаргаж өгсөн байх ба үүний дагуу мөрдөгч шалгах ажиллагааг явуулжээ.

Тодруулбал, B.Ch-  нь нийт 26 хохирогчийн нэрс гаргаж өгсөн ба тухайн хохирогч нар руу залгаж, гомдол гаргах эсэх талаар асуун, гомдол гаргасан хүмүүсийг хохирогчоор тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэн, үндсэн хэрэгт нэгтгэсэн. Харин үлдсэн хүмүүс нь гомдол гаргахаас татгалзсан талаарх мөрдөгч Н.Чинбатын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тэмдэглэл хэрэгт авагдсан.

Шүүгдэгчийн гомдолд дурдаж буйгаар тэрээр 40 гаруй хохирогчийн нэрсийг гаргаж өгсөн, түүнд холбогдох шалгагдаж буй өөр хэргүүд байгаа гэх нөхцөл байдал энэ эрүүгийн хэрэгт тогтоогдоогүй байна.

Тиймээс B.Ch- д холбогдох 2409000000671 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн асуудлыг хэлэлцэн, ял оногдуулж, шийтгэх тогтоол гаргасныг буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Хууль тогтоогчоос шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох буюу “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” асуудлыг Эрүүгийн хуульд хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч B.Ch- д холбогдох яллагдагчаар татагдсан өөр гэмт хэрэг байгаа гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул түүний гомдолд дурдсанаар хэрэг нэгтгэж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тэрээр өөрт нь холбогдох гэмт хэргийн шинжтэй бусад үйлдэл байгаа бол энэ хэргээс тусад нь шалгуулах боломжтой юм.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч B.Ch-  нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 80 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/2242 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч B.Ch- гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч B.Ch- гийн цагдан хоригдсон 80 (ная) хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХТУЛГА

                        ШҮҮГЧ                                                            Г.МӨНХТУЛГА

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН