Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 128

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 207/МА2019/00128

 

 

Ж.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй хариуцагч

*******өд холбогдох иргэний

хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/00804 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ж.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******өд холбогдох,

96-96ОРА улсын дугаартай Hyundai Sonata-7 маркийн автомашины өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ийн 96-96 ОРА улсын дугаартай Hyundai Sonata-7 маркийн автомашиныг Ж.Эрдэнэбатын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, үндэслэлгүйгээр авсан 375.000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхаасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Содхүү, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Эрдэнэбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ж.Эрдэнэбат нь иргэн *******өөс мэдээллийн биржийн зарын дагуу Sonata-7 маркийн 9696ОРА дугаартай автомашиныг 8.000.000 төгрөгөнд үнэ тохирч худалдан авахаар болж 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр түүний данс гэх Хас банкны 5000096865 тоот данс руу 8.000.000 төгрөгийг шилжүүлж уг өдрөө автомашиныг хүлээн авсан. Тухайн автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэх, худалдах, худалдан авах гэрээг хийе гэтэл гэрээгүй шууд шилжүүлж болдог, тиймээс ах нь зав гарахаараа нэр дээр чинь шилжүүлж өгнө гэсэн. Ингээд худалдан авснаас хойш нэг сар болоход нэрээ шилжүүлж өгөөгүй ба би шинэ автомашин авахаараа номероо өөртөө шилжүүлж авна, эсвэл чи номерын мөнгө 1.000.000 төгрөг өгөөд нэрээ шилжүүлж ав гэж загнаж дарамтлах болсон. Түүнээс хойш би тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг шаардсан боловч шилжүүлж өгөхгүй хүлээж бай гэсээр өдий хүрсэн. Мөн энэ маргааны үеэр буюу 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би машинтайгаа хүний машины араас мөргөж осол гаргасан. Автомашины бичиг баримт нэр дээр шилжээгүй болохоор *******рүү ярьж даатгалаа гаргуулж авмаар байна гэтэл өө ах нь гаргуулаад өгье гээд Хаан даатгалыг дуудаж материал бүрдүүлэлт хийгдсэн. Даатгалд даатгалын үнэлгээний төлбөр болох 60.000 төгрөг, хохирогчийн машины хохиролд 1.145.000 төгрөг гарсан ч үүнээс илүү машины гупер 380.000 төгрөг, хойд багажны хаалга 400.000 төгрөг, хойд 2 гэрэл 600 000 төгрөг, Улаанбаатар хот очиж ирэх болон сэлбэгүүдийг нааш ачуулахад 290.000 төгрөг, засварын хөлсөнд 500.000 төгрөг, нийт хохиролд 2.230.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогчийн хохирлыг барагдуулсан тул хохирлын мөнгө даатгалаас олгох 1.145.000 төгрөг тээврийн хэрэгсэл эзэмшигчийн дансанд 2019 оны 04 дүгээр сарын 03-нд шилжиж орсон бөгөөд ******* нь энэхүү мөнгийг дансанд оронгуут дүүдээ гаргаад өгнө гэсэн ч тодорхойгүй шалтгаанаар гаргаж өгөхгүй намайг хохироож байна. Иймд Ж.Эрдэнэбат намайг Sonata-7 маркийн 96-96ОРА дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие өөрийн өмчлөлийн Соната 7 маркийн 9696 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ж.Эрдэнэбатад 10.000.000 төгрөгийн үнээр худалдан борлуулах тухай хэлэхэд 9.000.000 төгрөгөөр худалдан авах, 8.000.000 төгрөгийг нь бэлэн төлөх харин үлдсэн 1.000.000 төгрөгийг нь дараа төлөх, 1.000.000 төгрөг төлөгдсөний дараа тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Тохиролцсон ёсоор миний бие автомашины эзэмшлийг түүнд шилжүүлэн өгсөн бөгөөд тэрээр одоог болтол 1.000.000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байгаа болно. Тэрээр автомашиныг унаж яваад 2019 оны 02 дугаар сард өөрийн буруутай үйлдлийн улмаас осолд оруулж автомашиныг эвдэж гэмтээсэн. Үүнийгээ ч тэрээр хүлээн зөвшөөрч нэхэмжлэлдээ бичсэн байна. Би түүнээс үлдэгдэл 1.000.000 төгрөгөө төлөхийг удаа дараа шаардсан боловч автомашин осолд орсон түүнийг засуулах мөнгийг 1.000.000 төгрөгтөө тооцлоо хэмээн хэлж төлөхөөс татгалзсан. Үүнийг миний бие зөвшөөрөх боломжгүй тул автомашин худалдах тохиролцооноос татгалзаж байгаа тухай түүнд мэдэгдэж өөрийн өмчлөлийн автомашины эзэмшлийг надад шилжүүлж өгөхийг түүнээс удаа дараа шаардсан. Тэрээр автомашиныг надад буцаан өгнө гэхдээ автомашины эвдрэл гэмтлийг засаад хэвийн байдалд нь оруулж өгье гэж хэлээд гуйсан тул би түүний Хаан банкны дансанд 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн автомашины эвдрэлийг засварлуулах зорилгоор 375.000 төгрөг шилжүүлсэн болно. Тээврийн хэрэгслийг унаж ашиглаж байгаа атлаа татвар, хураамжийг төлөөгүй бөгөөд одоо өмчлөгчөөр тогтоолгоно гэж нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Нэгэнт Ж.Эрдэнэбат 1.000.000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд гэрээнээс би татгалзаж түүнд энэ талаар мэдэгдсэн тул автомашины эзэмшлийг буцаан авах болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие өөрийн өмчлөлийн Соната 7 маркийн 9696 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах зорилгоор Мэдээллийн бирж телевизэд зар өгсөн. Уг зарын дагуу Ж.Эрдэнэбатад автомашинаа 10.000.000 төгрөгийн үнээр худалдан борлуулах тухай хэлэхэд 9.000.000 төгрөгөөр худалдан авах, 8.000.000 төгрөгийг нь бэлэн төлөх харин үлдсэн 1.000.000 төгрөгийг нь төлөгдсөний дараа тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Миний автомашин ямар ч сэв, зураас байхгүй сайхан автомашин байсан бөгөөд тэрээр автомашиныг унаж яваад 2019 оны 02 дугаар сард өөрийн буруутай үйлдлийн улмаас осолд оруулж автомашины эвдэж гэмтээсэн. Үүнийгээ ч тэрээр хүлээн зөвшөөрч нэхэмжлэлдээ бичсэн байна. Би түүнээс үлдэгдэл 1.000.000 төгрөгөө төлөхийг удаа дараа шаардсан боловч автомашин осолд орсон түүнийг засуулах мөнгийг 1.000.000 төгрөгтөө тооцлоо хэмээн хэлж төлөхөөс татгалзсан. Үүнийг миний бие зөвшөөрөх боломжгүй тул автомашин худалдах тохиролцооноос татгалзаж байгаа тухай түүнд мэдэгдэж өөрийн өмчлөлийн автомашины эзэмшлийг надад шилжүүлж өгөхийг түүнээс удаа дараа шаардсан. Тэрээр тээврийн хэрэгслийг унаж ашиглаж байгаа атлаа татвар, хураамжийг төлөөгүй бөгөөд одоо өмчлөгчөөр тогтоолгоно гэж нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Нөгөөтээгүүр тээврийн хэрэгслийн өмчлөх эрх нь тээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгэгдсэнээр үүсдэг бөгөөд миний өмчлөх эрх тээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгэлтэй байгаа юм. Иймд Соната 7 маркийн 9696 ОРА Улсын дугаартай миний өмчлөлийн тээврийн хэрэгслийг Ж.Эрдэнэбатын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, үндэслэлгүйгээр авсан 375.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/00804 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1., 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.-д заасныг тус тус баримтлан Жамсрангийн Эрдэнэбатыг /ФБ83051317/-г 9696 ОРА улсын дугаартай Hyundai Sonata-7 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоож, хариуцагч *******ийн 96-96 ОРА улсын дугаартай Hyundai Sonata-7 маркийн автомашиныг Ж.Эрдэнэбатын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, үндэслэлгүйгээр авсан 375.000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82.100 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 142.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Эрдэнэбатад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр нар давж заалдсан гомдолдоо:

Шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд хүчин төгөлдөр гэж үзсэн нь үндэслэл муутай болсон. Учир нь 9696 ОРА улсын дугаартай соната-7 маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч нь 9.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон бөгөөд үүнийг гэрч Д.Цагаангөлөг шүүх хуралдаанд номертоо нь 9.000.000 төгрөгөөр, номергүй бол 8.000.000 төгрөг гэж тохирсон гэж мэдүүлсэн. Автомашины өмчлөгч нь өөрийн тээврийн хэрэгслийг хэдэн төгрөгөөр худалдах нь түүний эрхийн асуудал бөгөөд улсын дугаар нь азын дугаар тул худалдах үнийг тухайн улсын дугаарын онцлогт нь тохируулан нэмж үнэ санал болгох өмчлөгчийн эрхийн асуудал юм. Нөгөө талаас *******ийн хувьд номерыг худалдах талаар тохироогүй бөгөөд зөвхөн улсын дугаар нь азын дугаар тул 9.000.000 төгрөгөөр автомашиныг зарна гэдэг тохиролцоог л Ж.Эрдэнэбаттай тохиролцсон. Дээрх автомашиныг 9.000.000 төгрөгөөр худалдан авах тохиролцоо хийгдсэн талаар гэрч Д.Цагаангөлөг шүүх хуралдаан дээр мэдүүлсэн байтал шүүх энэхүү гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2-т заасан журмаар үнэлэх асуудлыг бүрэн хэрэгжүүлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй. Өөрөөр хэлбэл Ж.Эрдэнэбат нь *******тэй тохиролцсон Соната 7 маркийн 9696 улсын дугаартай тээврийн хэрэгслийг 9.000.000 төгрөгөөр худалдан авах тохиролцоог зөрчиж 8.000.000 төгрөгөөр тээврийн хэрэгслийг худалдан авах боломжийг шүүх бүрдүүлж өгч байгаад гомдолтой байна. Авто тээврийн хэрэгсэл нь хэдий хөдлөх хөрөнгө боловч Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.2-т Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрх болон мэдэгдлийг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан. Үүнээс үзвэл авто тээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлээр Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлтэй холбоотой харилцааг зохицуулсан ба 17.11-д Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор аймаг нийслэл дэх авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ гэж заасан. Энэхүү бүртгэлийг хийх журмыг Зам, тээврийн хөгжлийн сайд-ын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 192 дугаар тушаалаар баталж тавдугаар зүйл Өмчлөгчийн бүртгэл, 5.2. Авто тээврийн хэрэгслийн өмчлөгчийг бүртгэхдээ дараах баримт бичигт үндэслэнэ, 5.2.3-т Нотариатаар баталгаажуулсан гэрээ хэлцэл /худалдах, худалдан авах, бэлэглэх, зээлийн гэрээ гэх мэт/ гэж заасан ба бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагыг тавьсан байна. Гэтэл Ж.Эрдэнэбат, ******* нарын хоорондох амаар тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн бүх зүйлээ талууд харилцан буцааж өгөх үүрэгтэй байх хуулийн зохицуулалтыг баримтлан *******ийн автомашиныг Ж.Эрдэнэбатын хууль бус эзэмшлээс гаргуул *******өд олгох ёстой байсныг шүүх дүгнэж чадсангүй. Хэрэв шүүх гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байгаа тохиолдолд энэхүү хэрэгт Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасныг хэрэглэх ёстой байсан. Сөрөг нэхэмжлэлийн нэг шаардлага болох 375.000 төгрөгийг Ж.Эрдэнэбатаас гаргуулах тухай шаардлагыг шүүх хүчингүй болгосон нь үндэслэлгүй болсон. Учир нь дээрх 375.000 төгрөгийг Ж.Эрдэнэбат *******өөс авахдаа автомашиныг чинь засуулна гэж хэлээд авсан бөгөөд автомашиныг уг мөнгөөр засуулж буцааж өгөөгүй байгаа болно. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар Ж.Эрдэнэбатаас ******* нь шаардах эрхтэй юм. Ийнхүү Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 804 дугаартай шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Эрдэнэбат нь хариуцагч *******өд холбогдуулан 9696 ОРА улсын дугаартай Hyundai Sonata-7 маркийн автомашины өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж тухайн машиныг Ж.Эрдэнэбатын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, үндэслэлгүй авсан 375.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.Эрдэнэбат нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ *******өөс Hyundai Sonata-7 маркийн 9696 ОРА улсын дугаартай авто машиныг 8.000.000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцож тэр өдрөө мөнгийг шилжүүлж машинаа хүлээн авсан гэсэн тайлбартаа үндэслэн тодорхойлсон.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа анх машинаа 9.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон 8.000.000 төгрөгийг бэлэн өгөөд 1.000.000 төгрөгийг дараа нь өгөхөөр гэрчилгээг нэр дээр нь шилжүүлнэ гэж тохиролцсон. Тохиролцоо ёсоор 1.000.000 төгрөгөө нэхэмжлэгч өгөөгүй учир улсын бүртгэлийг шилжүүлээгүй байгаа машинаа буцаан авна гэсэн тайлбарт үндэслэн маргаж байна.

Зохигчид 2018 оны 09 дүгээр сарын 05-ы өдөр 9696 ОРА улсын дугаартай Hyundai Sonata-7 маркийн авто машиныг худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн өгч 8.000.000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй.

Зохигчид маргааны зүйл болж буй Hyundai Sonata-7 маркийн 9696 ОРА улсын дугаартай авто машиныг 8.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээний дагуу үнийг төлж нэхэмжлэгч Ж.Эрдэнэбатын өмчлөлд шилжүүлсэн тул нэхэмжлэгч Ж.Эрдэнэбат тухайн эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-д зааснаар шаардах эрхтэй байхад шүүх зохигчдын хооронд хийгдсэн худалдах худалдах авах гэрээний зохицуулалтыг хэрэглэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.

Мөн хариуцагч ******* нь тухайн машиныг Ж.Эрдэнэбат хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх заалтыг хэрэглэх ёстой юм. Хариуцагчийн өмгөөлөгчийн Ж.Эрдэнэбат, ******* нарын хооронд амаар тохиролцсон тохиролцоо нь иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн тайлбар үндэслэлгүй. Учир нь худалдах худалдан авах гэрээний харилцаанд гэрээг заавал бичгээр хийх тухай зохицуулалт байхгүй тул амаар болон бичгээр хийх боломжтой энэ тохиолдолд гэрээг бичгээр хийсэн байхыг шаардахгүй. Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэж үзэхгүй болно.

Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд 9696 ОРА улсын дугаартай Hyundai Sonata-7 маркийн авто машиныг Ж.Эрдэнэбат өөрийн эзэмшилд шилжүүлэхдээ зарын дагуу холбогдож харилцан тохиролцон 8.000.000 төгрөгийг *******ийн дансанд шилжүүлсэн, машиныг хүлээн авсан нөхцөл байдал нотлогдсон. Хэдийгээр авто машины тээврийн хэрэгслийн шилжүүлгийг хийлгээгүй талаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан байгааг Ж.Эрдэнэбатыг авто машиныг хууль бусаар эзэмшилдээ авсан гэж үзэхгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэгчийн үндсэн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иргэний хэргийн зохих зохицуулалтанд нийцжээ.

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасныг засаж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/00804 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтанд ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1., 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.-д заасныг тус тус баримтлан Жамсрангийн Эрдэнэбатыг /ФБ83051317/-г 9696 ОРА улсын дугаартай Hyundai Sonata-7 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоож, хариуцагч *******ийн 96-96ОРА улсын дугаартай Hyundai Sonata-7 маркийн автомашиныг Ж.Эрдэнэбатын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, үндэслэлгүйгээр авсан 375.000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг ...Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-д зааснаар Ж.Эрдэнэбатыг 9696 ОРА улсын дугаартай Hyundai Sonata-7 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоож, иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 492 дугаар зүйлийн 492.1.-д зааснаар хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс машиныг албадан чөлөөлүүлж, үндэслэлгүйгээр авсан 375.000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ