Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2025/ДШМ/1410

 

С.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ш.Анужин,

шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Х.Мөнгөнсүх,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/2284 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүхийн гаргасан давж заалдах гомдлоор С.Б-д холбогдох 2102001720144 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овгийн С-ын Б, 1985 онд Ховд аймагт төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, ... яамны ... газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);

Шүүгдэгч С.Б- нь ... яамны ... газрын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”, 5 дугаар зүйлийн 5.1.22-д “бага үнийн арга гэж захиалагчийн тогтоосон техникийн санал авбал зохих доод оноотой тэнцүү буюу түүнээс дээш оноо авсан зөвлөхүүдээс хамгийн бага үнэ санал болгосон зөвлөхийг шалгаруулах”, 6 дугаар зүйлийн 6.1-д “худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 7 дугаар зүйлийн 7.1-д “захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна”, 8 дугаар зүйлийн 8.4-д “тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо тухайн бараа, ажил, үйлчилгээний нийт төсөвт өртгийг үндэслэл болгоно” гэсэн заалтууд болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/24 дүгээр “Аялал жуулчлалын хөтөлбөрийн зардлын хуваарь батлах, эрх шилжүүлэх тухай” тушаалд дурдсан “аялал жуулчлалын хөтөлбөрийн төсвөөр хэрэгжих арга хэмжээнүүдийг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах” гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан албаны эрх ашгийн эсрэг ашиглаж,

“Хурдан морины бооцоот уралдааны тухай” хуулийн төслийг эцэслэн боловсруулах ажлыг зохион байгуулах таван багц ажлыг хийлгэхдээ бага үнийн аргаар шалгаруулалгүйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны байранд хуулийн төсөл боловсруулах талаар үйл ажиллагаа явуулдаггүй буюу гадаад худалдаа, аялал жуулчлал, нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “А Т” ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан,

2013-2014 онд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн нар боловсруулсан “Хурдан морины бооцоот уралдааны тухай” хуулийн төсөл, холбогдох материалыг Х.С-д өгч, төслийг эцэслэн боловсруулсан мэтээр материал бүрдүүлэн санхүүжилтийг “А Т” ХХК-аар дамжуулан Х.С-д 10,000,000 төгрөг олгуулсан,

Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Д-тай 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 19/464 дүгээр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г шууд байгуулж, дээрх хуулийн төсөлтэй холбоотой бусад улс орны холбогдох хууль, журмын орчуулга хийлгэж, 1,550,000 төгрөгийг шилжүүлэн, улсын төсөвт 11,550,000 төгрөгийн хохирол учруулж, бусдад давуу байдал бий болгосон,

-мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Ц-ийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/377 дугаар “Хөрөнгө гаргах тухай” тушаалын хавсралтад тусгасан “Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулах”, “олон улсын ижил төстэй хуулийн төслийн судалгаа хийж дүгнэлт гаргуулах”, “татвар, эдийн засгийн тооцоолол хийх” гэсэн 3 ажлыг хийж хэрэгжүүлэхгүйгээр уг ажлуудын төсөв болох 15,100,000 төгрөгийг уг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй Аялал жуулчлалын хөгжлийн төвд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлж, гадаад улс руу томилолтоор явах хүмүүсийн томилолтын зардалд оруулах талаар чиглэл өгч бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газар: С.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч С.Б-д холбогдох Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Ц-ийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/377 дугаар “Хөрөнгө гаргах тухай” тушаалын хавсралтад тусгасан “Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулах”, “олон улсын ижил төстэй хуулийн төслийн судалгаа хийж дүгнэлт гаргуулах”, “татвар, эдийн засгийн тооцоолол хийх” гэсэн 3 ажлыг хийж хэрэгжүүлэхгүйгээр уг ажлуудын төсөв болох 15,100,000 төгрөгийг уг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй Аялал жуулчлалын хөгжлийн төвд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлж, гадаад улс руу томилолтоор явах хүмүүсийн томилолтын зардалд оруулах талаар чиглэл өгч, бусдад давуу байдал бий болгон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үйлдэл холбогдлыг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч С.Б-г “үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

иргэний хариуцагч Х.С-оос 10,000,000 төгрөгийг, Д.Д-аас 1,550,000 төгрөгийг тус тус гаргуулан Сангийн яаманд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Шүүгдэгч С.Б-г гэм буруутайд тооцохдоо хууль зүйн үндэслэл болгосон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүчин төгөлдөр болсноор 2005 онд батлагдсан хууль нь хүчингүй болсон. Шүүхээс хууль зүйн дүгнэлтэд нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан буюу хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслэл болгосон нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.

2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлж, үнэлж, дүгнэсэн нотлох баримт, хэрэгт хавсаргасан бичгийн бусад баримтуудаас үзэхэд, шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх гэмт санаа зорилго, гэм буруугийн хэлбэр хэмжээ байсан уу гэдэг нь тогтоогдоогүй. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгасан эсэх, өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг хууль ёсны, хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглан, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлж өөртөө, эсхүл бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй байдаг. Энэ гэмт хэргийн субьектив шинжийн хувьд, хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал олж авах, бусдад давуу байдал бий болгох гэсэн зорилгод үндэслэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр илэрдэг.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авлигын эсрэг болон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай конвенцуудад албаны чиг үүргийн хувьд хуулиар зөвшөөрөгдөөгүй, эсхүл хориглосон үйлдлийг гүйцэтгэсэн, өөртөө, бусдад хууль бус давуу байдал олгосон санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцож, хууль тогтоомждоо тусган хэрэгжүүлэх талаар заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хувьд, хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдэж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоосон буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт цугласан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч С.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоох хангалттай нотлох баримт байхгүй.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т тодорхойлсноор ойлгох нь Эрүүгийн хуульд тусгагдсан хууль ёсны зарчимд нийцнэ. Тус заалтын “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийхийг ойлгоно. Гэтэл С.Б-гийн үйлдэлд дээрх үйл баримт, сэдэл зорилго тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, С.Б- нь албан тушаалд ажиллаж байхдаа тухайн ажил үүргийг гүйцэтгэх явцдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахдаа зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан уу, ажил үүрэгтээ хайнга хандсан уу гэдгийг анхаарч үзээгүй. Мөн С.Б- гэмт хэрэг үйлдсэн нь үндэслэлтэй гэж байгаа бол дээрх гэмт хэргийг хамтран оролцогчгүйгээр үйлдэх боломжгүй гэдэгт шүүхээс дүгнэлт хийгээгүй.

3.Шүүгдэгч С.Б-гийн гэм буруутайд тооцогдсон үйлдэл нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/24 дүгээр тушаал батлагдсан өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл үргэлжилсэн гэж үзэж байгаа бол 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөн найруулсан хуулиас өмнөх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоолох журам үндэслэлд хамаарна. Түүний үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дууссан буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнөх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолох журам хуульд хамаарна. С.Б-д холбогдох үйлдэлд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлд заасан хууль үйлчлэх цаг хугацаа, хууль буцаан хэрэглэх зохицуулалтын дагуу Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоолох хуулийн зохицуулалтыг хэрэглэх үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч С.Б-г гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 1.8, 1.9-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдолтой санал нэг байна. Энэ ажлыг хувийн ажлаа гүйцэлдүүлэх бус, төрийн ажлыг цаг хугацаанд явуулах зорилготойгоор төлөвлөж хийсэн. Нөгөөтээгүүр, ажил хариуцсан мэргэжилтэн 9 сарын ажлыг гүйцэтгээгүй учраас эндээс тодорхой хэмжээний судалгаа аваад хийх чиглэлийг авсан. Энэ ажил дээр би дангаараа шийдвэр гаргаагүй. Хамт олон, хуулийн, санхүүгийн зэрэг бүх хэлтсүүд шийдвэр гаргаад гэрээ ч гэсэн бүх албан тушаалтнуудаар батлагдсан. Энэ байгуулагдсан 10 саяын гэрээнд Сангийн яам тухайн үеийн хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл байхгүй гэсэн дүгнэлт гаргасан албан бичиг хавтаст хэрэгт авагдсан. ...” гэв.

Прокурор Ш.Анужин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг үндэслэл болгоно. Тус хэрэгт зөвхөн С.Б-д холбогдох үйлдэлд яллах дүгнэлт үйлдсэн. Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд анхан шатны шүүхээс дүгнэлт хийж шийдвэр гаргасан. Гэмт хэрэг үйлдэх гэмт санаа зорилго нь юугаар илэрхийлэгдэж байна вэ гэхээр, хуульд заасан үүрэг нь С.Б- хууль ёсны үүргийг гэрээ байгуулж буй албан тушаалтнуудтай өгөх үүрэгтэй. Холбогдох ажил гүйцэтгэх гэрээг хойноос нь нөхөж байгуулсан үйлдэл, хуулийн төсөл боловсруулах үйл ажиллагаа явуулдаггүй компанитай гэрээ байгуулсан нь гэмт хэргийн санаа зорилго юм. Мөн ажлын байрны албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн удирдлагаар хангах тушаалаар батлагдсан ажлын гүйцэтгэлд хяналт тавих, байгуулагдсан гэрээнүүдэд хяналт тавих чиг үүргээ биелүүлээгүй. Мөн С.Б-гийн чиг үүрэг албан тушаалын тодорхойлолтоор төрийн нарийн бичгийн даргын өмнө ажлаа хариуцах учраас тухайн албан тушаалд заасан хэм хэмжээ болгосон хуулийн заалтуудыг биелүүлэхгүйгээр зөрчиж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 211 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан. Өөрөөр хэлбэл, процессын шинж чанарыг агуулсан зохицуулалт тул холбогдох зүйл заалт хүчин төгөлдөр болсон үеэс дагаж мөрдөх ба Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалтад хамаарахгүй. Өмгөөлөгчийн дурдаж буй хөөн хэлэлцэх хугацааны асуудал нь процессын ажиллагааг зохицуулсан учраас хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг буцаан хэрэглэх үндэслэлгүй. Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж  байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүхийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Прокуророос С.Б-г Байгаль орчин, аялал жуулчлалын яамны аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/24 дүгээр “аялал жуулчлалын хөтөлбөрийн зардлын хуваарь батлах, эрх шилжүүлэх тухай” тушаалд заасан хэм хэмжээнүүдийг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, бусдад хууль бусаар давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-г “үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, харин Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Ц-ийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/377 дугаар “Хөрөнгө гаргах тухай” тушаалын хавсралтад тусгасан “Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулах”, “олон улсын ижил төстэй хуулийн төслийн судалгаа хийж дүгнэлт гаргуулах”, “татвар, эдийн засгийн тооцоолол хийх” гэсэн 3 ажлыг хийж хэрэгжүүлэхгүйгээр уг ажлуудын төсөв болох 15,100,000 төгрөгийг уг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй Аялал жуулчлалын хөгжлийн төвд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлж, гадаад улс руу томилолтоор явах хүмүүсийн томилолтын зардалд оруулах талаар чиглэл өгч, бусдад давуу байдал бий болгон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үйлдэл холбогдлыг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдсон бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх ёстой.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/377 дугаар “Хөрөнгө гаргах тухай” тушаалын хавсралтаар:

-“Хурдан морины бооцоот уралдааны тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулах зардал 8,000,000 төгрөг,

-татвар эдийн засгийн тооцоолол хийх зардал 5,000,000 төгрөг,

-олон улсын ижил төстэй хуулийн төслийн судалгаа хийж дүгнэлт гаргуулах зардал 2,100,000 төгрөг тус тус гаргуулахаар баталсан.

Дээрх А/377 дугаар тушаалыг батлахад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/314 дүгээр “Аялал жуулчлалын арга хэмжээний зардлын хуваарь батлах, эрх шилжүүлэх тухай” тушаалыг үндэслэжээ.

А/314 дүгээр тушаалд аялал жуулчлалын хөтөлбөрийн төсвөөр хэрэгжих арга хэмжээнүүдийг холбогдох хууль тогтоомжийн дагуу, тогтсон хугацаанд зохион байгуулахыг Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар /С.Б-/-т үүрэг болгосон байна.

Гэвч уг тушаалын 1 дүгээр хавсралтад 63 ажлын зардлын хуваарийг баталж, харин 2 дугаар хавсралтаар аялал жуулчлалын хөтөлбөрөөс харьяа байгууллага буюу Аялал жуулчлалын хөгжлийн төвд 6 үйл ажиллагааны төсвийг зарцуулах эрхийг шилжүүлсэн ба үүнд Тайланд улсын Бангкок хотод зохион байгуулагдсан аялал жуулчлалын сурталчилгааны арга хэмжээнд оролцох талаар дурдагдаагүй.

Мөн шүүгдэгч С.Б- нь Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал Б.Б-тай:

-2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19/618 дугаар “Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулах” тухай 8,000,000 төгрөгийн зардал бүхий,

-2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19/619 дүгээр “Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн Олон улсын ижил төстэй хуулийн судалгаа хийж дүгнэлт гаргах” тухай 7,100,000 төгрөгийн зардалтай ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулжээ. 

Улмаар шүүгдэгч С.Б- 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэрээт ажлын төлбөр 15,100,000 төгрөгийг Аялал жуулчлалын хөгжлийн төвд шилжүүлсэн бөгөөд нийт 15,100,000 төгрөгийн үнэ бүхий 2 ажил гүйцэтгэх гэрээг 2019 оны 12 дугаар сарын 17-ноос 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор хийж гүйцэтгэхээр тус гэрээнүүдийн 5.1 дэх заалтад заасан.

Гэтэл анхан шатны шүүх дээрх үйл баримтад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/43 дугаар “Аялал жуулчлалын хөтөлбөрийн зардлын хуваарь батлах, эрх шилжүүлэх тухай” тушаалыг үндэслэн дүгнэлт хийж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь цаг хугацааны хувьд ойлгомжгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдаагүй баримт (Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/43 дугаар тушаал)-д тулгуурлан дүгнэлт хийснийг буруутган дурдаж байна.

Шийтгэх тогтоолыг “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүхийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/2284 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХТУЛГА

                        ШҮҮГЧ                                                            Г.МӨНХТУЛГА

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН