| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2506049762190 |
| Дугаар | 2025/ДШМ/1411 |
| Огноо | 2025-12-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Ханджав |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2025/ДШМ/1411
Б.У-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Ханджав,
шүүгдэгч Б.У-,
нарийн бичгийн дарга С.Энх-Амар нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/2415 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.У-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2506049762190 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Б-ийн У, 1980 онд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:
-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ял,
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн;
Шүүгдэгч Б.У- нь үргэлжилсэн үйлдлээр ганцаараа:
-2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дүнжингарав” худалдааны төвд хохирогч Б.Н-ийн гадуур хувцасны халааснаас “Iphone 16 pro max” загварын, 3,838,500 төгрөгийн үнэтэй гар утсыг,
-2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, “Нарантуул” худалдааны төвийн хүүхдийн тоглоом худалдан борлуулах лангууны хажууд хохирогч Ч.Х-ын гадуур хувцасны халааснаас “Samsung Note 20 ultra 5G” загварын, 490,000 төгрөгийн үнэтэй гар утсыг,
-2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн гадна хохирогч А.Ц-ын эзэмшлийн “Iphone 13 pro max” загварын, 1,484,000 төгрөгийн үнэтэй гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 5,812,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газар: Б.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.У-ыг “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгэн, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
шүүгдэгч Б.У-ас 5,812,500 төгрөгийг гаргуулан, Ч.Х-д 490,000 төгрөг, А.Ц-д 1,484,000 төгрөг, Б.Н-д 3,838,500 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.У- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн гэм буруу дээр маргахгүй, хийсэн үйлдэлдээ их гэмшиж, үр хүүхэд, ач, зээ нараасаа ичиж байна. Дахиж гэмт хэргийн шинжтэй асуудалд холбогдохгүй. Би нийгэмд гараад дахин хүний эрх зөрчихгүй, өөрийн хөдөлмөрөөр шударга амьдарна. Олон нялх ач, зээгээ сайн хүмүүжүүлж, эрүүл өсгөж, зөв хүн болгоно. Хохирол төлбөр бүрэн барагдуулна. Би энд хоригдож байхын оронд гадуур ажил хийж хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Иймд миний ар гэр, хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Прокурор М.Ханджав тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.У- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний ар гэр, хувийн байдлыг харгалзан шүүхээс 1 жилийн хорих ял оногдуулсан. Шүүгдэгч Б.У-ын хувьд 3 хохирогчид 5,812,500 төгрөгийг төлөх хугацаа байсан боловч хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй. Түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Б.У-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн:
1.Хохирогч Б.Н-ийн: “...2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 13 цаг 50 минутын орчимд Дүнжингарав худалдааны төвд дээлийн лангуун дээр хувцас үзээд зогсож байх үед өөрийн баруун талын халааснаас гар утсаа алдсан. Тухайн захын хяналтын камерт үл таних 40 орчим насны, хар куртик, малгай, нүдний шилтэй эмэгтэй миний халаасанд байсан гар утсыг аваад явж байгаа нь бичигдсэн байсан...” (хх 162-163),
-шүүгдэгч Б.У-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Өдрийн 2 цагийн үед Дүнжингарав худалдааны төвийн үүдэнд нэг эмэгтэй хүний халааснаас “Iphone 16 pro max” загварын гар утсыг хулгайлсан. Би тухайн үед архи их уудаг байсан үе. Хулгайлсан гар утсаа 100,000, 200,000 төгрөгөөр зараад архи уудаг байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” (хх 165, 200-201) гэх мэдүүлгүүд,
-“Iphone 16 pro max” загварын гар утасны зах зээлийн дундаж үнэлгээг 3,838,500 төгрөгөөр тогтоосон “Дамно” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн НЦУГ-25-1022 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан (хх 173-178),
-бичлэгт хохирогчийн халааснаас гар утас хулгайлж байгаа этгээд Б.У- болохыг тогтоосон мөрдөгчийн тэмдэглэл (хх 167),
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх 156) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.У- нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дүнжингарав” худалдааны төвд хохирогч Б.Н-ийн гадуур хувцасны халааснаас 3,838,500 төгрөгийн үнэлгээтэй “Iphone 16 pro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан;
2.Хохирогч Ч.Х-ын: “...2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 13 цаг 41 минутын үед Нарантуул захын хүүхдийн тоглоом зардаг лангууны хажууд явж байхад хар хувцастай, нүдний шилтэй, цэнхэр жинсэн өмдтэй, эрэгтэй, эмэгтэй нь мэдэгдэхгүй хүн миний “Samsung Note 20 ultra 5G” загварын гар утсыг халааснаас аваад явсан байна...” (хх 12-13),
-шүүгдэгч Б.У-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Нарантуул худалдааны төвд үл таних нэг охины халааснаас “Samsung Note 20 ultra 5G” загварын гар утас хулгайлсан. Тухайн гар утсыг үл таних хүнд 200,000 төгрөгөөр худалдаж, архи авч уусан...” (хх 15, 64-65) гэх мэдүүлгүүд,
-“Samsung Note 20 ultra 5G” загварын гар утасны зах зээлийн дундаж үнэлгээг 490,000 төгрөгөөр тогтоосон “Дамно” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн НЦУГ-25- 1151 дүгээр хөрөнгийн үнэлгээний тайлан (хх 24-29),
-камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх 18-19),
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх 6) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.У- нь 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, “Нарантуул” худалдааны төвийн хүүхдийн тоглоом худалдан борлуулах лангууны хажууд хохирогч Ч.Х-ын гадуур хувцасны халааснаас 490,000 төгрөгийн үнэлгээтэй “Samsung Note 20 ultra 5G” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан;
3.Хохирогч А.Ц-ын: “...2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билэг” их дэлгүүрийн Номин дэлгүүр орж хүнсээ аваад кассан дээр гар утсаараа тооцоо хийгээд гарахад миний гар утас байхгүй байсан...” (хх 81-83),
-шүүгдэгч Б.У-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2025 оны 05 дугаар сард гэртээ тэр хавиар архи уудаг хүмүүстэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд хорооллоос нэг хүнээс мөнгө авах гээд очсон ба хаана уулзахаа мэдэхгүй, гар утасны цэнэг дууссан тул архи авах гээд “Номин” дэлгүүр орсон. Тэрэгтэй юм түрсэн охины куртикний халаасанд гар утасны тал нь ил гарсан байхаар нь очоод авсан. Ломбард хайгаад явж байхад нэг хүүхэд “эгчээ, би зараад өгье” гээд тухайн гар утсыг аваад алга болсон...” (хх 100-101, 140) мэдүүлгүүд,
-“Iphone 13 pro max” загварын гар утасны зах зээлийн дундаж үнэлгээг 1,484,000 төгрөгөөр тогтоосон “Дамно” ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн НЦУГ-25-1185 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан (хх 88-93),
-хохирогч А.Ц-ын баруун талын халааснаас түүний гар утсыг авч байгаа талаарх хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх 130-133),
-дээрх хохирогчийн гар утсыг хулгайлсан этгээд Б.У- болохыг тогтоосон мөрдөгчийн тэмдэглэл (хх 121),
-таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл (хх 102-110),
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх 75) зэрэг нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Б.У- нь 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн гадна хохирогч А.Ц-ын эзэмшлийн 1,484,000 төгрөгийн үнэлгээтэй “Iphone 13 pro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 5,812,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.У-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.У-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, нэр бүхий 3 хохирогчийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгчээс гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаж гомдол гаргаагүй болно.
Шүүгдэгч Б.У-ас гаргасан “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Аливаа гэмт хэрэг нь хүний аюулгүй байдал, эрх, эрх чөлөө нийгмийн аюулгүй байдал, хэв журам, эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах зэрэг нийгмийн амин чухал эрх ашигт халдаж хохирол учруулдаг тул Эрүүгийн хуулиар зохицуулж, хариуцлага хүлээлгэдэг.
Эрүүгийн хуулийн зорилгыг тус хуулийн 1.1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж тодорхойлж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар хуульчилсан тул шүүхээс ял шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг сонгон оногдуулахдаа эдгээр нөхцөл байдлуудыг зайлшгүй харгалзан үзэх учиртай.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх” үндсэн эрхэд хууль бусаар халдаж, хохирол учруулдгаараа нийгэмд сөрөг үр дагавар, нөлөөлөл үзүүлдэг хор уршигтай юм.
Шүүгдэгч Б.У- нь өөр этгээдийн эд хөрөнгийг хулгайлж буй хууль бус үйлдлээ бүрэн ухамсарласан, түүний гэм буруутай үйлдлийн улмаас бусад хүн хэрхэн хохирч болохыг мэдсээр байж, хүсэж хор уршиг учруулсан байх ба хэдийгээр гэм буруугаа ойлгон гэмшиж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ илэрхийлсэн боловч хохирол төлбөрөөс огт төлөөгүй байна.
Түүнчлэн, тэрээр урьд 2 удаа ял шийтгүүлж байснаас нэг нь хулгайлах гэмт хэрэгт 3 сар 10 хоногийн баривчлах ял, мөн бусдын эд хөрөнгө устгаж, гэмтээсэн гэм буруутайд тооцогдож, 600,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлжээ.
Ийнхүү баривчлах, торгох ял эдэлсэн боловч хууль бус үйлдэл хийхгүй байж, зөв төлөвшихийг эрмэлзэж чадаагүй, дахин үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэгт холбогдсон түүний хувийн байдал болоод үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, гэмт үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогч нарын зөрчигдсөн эрх сэргээгдээгүй нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ялыг сонгон оногдуулсан нь үндэслэлтэй болжээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт этгээдийн аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой.
Иймээс шүүх хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй тул шүүгдэгч Б.У-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.У-ыг цагдан хорьж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн хэрнээ шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан...” болохыг дурдсан нь үндэслэлгүй байх тул тус хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.У-ын гаргасан “хорихоос өөр төрлийн ял оногдуулах” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.У- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 55 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/2415 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг дурдсугай.” гэсэн хэсгийг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.У-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ын цагдан хоригдсон нийт 55 (тавин тав) хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН