| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2410032341505 |
| Дугаар | 2025/ДШМ/1428 |
| Огноо | 2025-12-17 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2025/ДШМ/1428
Б.Н-од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Нансалмаа,
шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч С.Галцацрах,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/2152 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан давж заалдах гомдлоор Б.Н-од холбогдох 2410032341505 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Т овгийн Б-ын Н, 1984 онд Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);
Шүүгдэгч Б.Н- нь 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 89 дүгээр байрны гадаа хохирогч Ю.Г-ийг “эхнэр түлхлээ” гэх шалтгаанаар нүүр рүү нь цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний алимны нэвтэрсэн шарх, шилэнцэрийн цус хуралт, торлог болон судаслаг давхаргын ховхрол, баруун нүдний хараагүйдэл гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газар: Б.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Н-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цагдан хоригдсон 7 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, нийт эдлэх ялыг 39,895,000 төгрөгөөр тогтоон, уг торгох ялыг 2 жилийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Б.Н- нь өөрийн эхнэр Э.С-ыг халдлагаас хамгаалах сэтгэхүй нь хүч оруулан хохирогчийн буруутай үйлдлийг таслан зогсоох сэдэлтэй довтолсон нөхцөл байдал нь хохирогчид хүнд гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Тэрээр мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн тул шүүхээс гэм буруутайд тооцон, 37,224,341 төгрөгийг хохирол төлбөрт гаргуулахаар шийдвэрлэхэд завсарлага авч 98,000,000 төгрөг төлж, уучлалт гуйн, гэмшлээ илэрхийлсэн.
Шүүгдэгч Б.Н-ын эхнэр Э.С- нь бага насны 2 хүүхэдтэй, нялх биетэй, ажил хийж орлого олох боломжгүй, хүнсний дэлгүүр бусдад түрээслүүлэн түрээсийн орлогоор амьдардаг бөгөөд шүүхээс бусдад төлөх төлбөргүйг тодорхойлсон боловч 40,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 2 жилийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдсэн нь ямар хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх нь тодорхойгүй байна. 40,000,000 төгрөгийг 2 жилд багтаан төлөх нь нэг сард 1,666,667 орчим төгрөг төлөх нөхцөл байдал үүсээд байгаа нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй.
Өөрөөр хэлбэл, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу хүнд хохирол учруулах нөхцөл байдлыг хохирогч өөрийн буруутай харилцаа, хандлагаас үүдэн бусдын биед халдах явцад бие давхар эхнэрээ өмөөрөх, хамгаалах зорилгоор шүүгдэгч халдан довтолсон үйлдлийг нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэж үзэх үндэслэлтэй. Мөн торгох ялын хамгийн өндөр хэмжээг 2 жилд багтаан төлөх хугацаа тогтоосон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан тул торгох ялын хэмжээг 15,000,000 төгрөгөөр торгон, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр өөрчилж өгнө үү. ...” гэв.
Прокурор Т.Нансалмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Н-од ял оногдуулахдаа хэргийн бодит байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээд тохирсон эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Б.Н-од холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг анхан шатны шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
-хохирогч Ю.Г-ийн: “...Тэр машины жолооч залуу цонхоо онгойлгохоор нь би “чи замаа чөлөөлөөд зогсчих, замын эвдрэл байна, тойрч гарах хэсгийг эзлээд чи зогсчихож” гэсэн шаардлага тавьсан. Тэгтэл тэр эрэгтэй “энд зогсох чамд ямар хамаатай юм бэ” гээд маргалдсан. Машинууд сигналдаад байхаар нь замаа чөлөөлж, байрны урд зогссон. Гэртээ орох гээд машинаасаа буутал тэр машин зам чөлөөлөөгүй байсан. Би “чи замаа чөлөөлөөч” гэж холоос орилтол эхнэр нь бууж ирээд “би жирэмсэн хүн шүү” гээд над руу ойртоод хоёр гараараа самардсан. Миний зүүн гарын шуу хэсэгт маажсан шарх, сорви үүссэн. Би тэр эмэгтэйгээс өөрийгөө хамгаалж гараараа цээж хэсэгт нь тулж эсэргүүцсэн. Нөхөр нь бууж ирээд эхнэрээ өмөөрч, миний нүүрэнд 3-4 удаа хоёр гараараа ээлжлэн цохисон. Намайг цохиулаад унах үед баруун талын шанаа, чихний ар хэсэгт хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн...” (1хх 28-33),
-гэрч Д.Ц-гийн: “...Байрны урд замын нэгдүгээр эгнээнд урсгал сөрөөд “prius” загварын тээврийн хэрэгсэл зогсож байсан ба хажуу талын замын зорчих хэсэг дээр том хэмжээний эвдрэл үүсэж, ус тогтсон байсан. Манай машин дэргэд нь очоод нөхөр цонхоо онгойлгож “чи урсгал сөрөөд зогссон байна, замаа чөлөөлөөд өг” гэтэл тэр эрэгтэй эсэргүүцсэн байдалтай “хажуугаар өчнөөн машин гараад болоод л байна, зүгээр явчих” гэж хэлсэн. Тэгээд хоорондоо маргалдсан ба эхнэр нь орилж, хашхирсан. Машинаа байрны урд талд нэгдүгээр эгнээнд байрлуулаад нөхөр түрүүлж буусан ба эхнэр нь орилж хашхираад машинаасаа буугаад ирсэн. Манай нөхрийн өөдөөс хоёр гараараа самардаад дайрсан ба нөхөр гарыг нь хариулаад өөрийгөө хамгаалж өөдөөс нь гарыг нь түлхсэн. Тэгж байтал нөхөр нь машинаасаа бууж ирээд манай нөхрийг заамдаж хоёр гараараа цохисон. Би гүйгээд очтол нөхөр маань газарт хэвтсэн нүднээс нь их хэмжээний цус гоожсон байсан...” (1хх 35-39),
-гэрч Э.С-ын: “...50 орчим насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс ирээд “эндээс зайл, холд” гэхээр нь манай нөхөр “бид нар түр зогссон байна, одоо хөдөллөө” гэж тайлбарлаж хэлсэн. Тэр эрэгтэй машинаа цаана байрлуулаад эргэж ирж хэрүүл маргаан үүсгэсэн. Би маргааныг болиулахаар голоор нь ортол миний цээж рүү түлхээд би замын хажуу руу унасан. Манай нөхөр намайг хамгаалах гээд тэр эрэгтэйг холдуултал нөхрийн баруун шанаа руу нэг удаа цохисон. Тэгээд манай нөхөр уурлаад тэр эрэгтэйн баруун нүдний дээд хэсэгт гараараа цохитол нүүрнээс нь цус гараад нүдээ дарж газар суусан...” (1хх 44-45),
-гэрч Д.А-ын: “...Манай хүргэн машины цонхоо онгойлгоод “сүртэй юм бэ, одоо хөдөллөө, соёлтой байгаач” гэж хэлсэн. Тэр хүн машинтай хажуугаар зөрөхдөө манай машиныг хаалгаараа цохисон. Тэгээд “ална, хядна” гээд машинаа тавиад буугаад ирсэн. Манай охин Э.С- буугаад “та яагаад гарахын хооронд ингэж хэлээд байгаа юм бэ” гэхэд савж унатал цохиод зам руу унагаасан. Тэгээд хүргэн машинаас буугаад тэр хүнтэй маргаж байсан ба хоорондоо хоромхон зуур зодолдох шиг болоод нөгөө хүн “нүд цохичихлоо” гээд унасан...” (1хх 50-51),
-гэрч С.Ж-ын: “...Улаан хүрэн өнгийн машин урсгал сөрөөд замын хөдөлгөөнд саад учруулсан байдалтай байсан. Нэг машинтай хүн зөрж өнгөрөөд, зам хаасан машин дээр очиход эмэгтэй хүн бууж ирээд орилж хашхирсан ба хажууд байсан модны мөчир доогуур орсон. Удалгүй улаан хүрэн өнгийн машинаас жолооч нь бууж ирээд нөгөө эрэгтэй хүнтэй маргаан хийгээд өөд өөдөөсөө зууралдан, зодолдож эхэлсэн. Улаан хүрэн өнгийн машины жолооч нөгөө эрэгтэйг цохих шиг болоход чанга дуугараад доошоо сөхөрч суухад толгойн тус газарт хэд хэдэн удаа цохисон...” (1хх 47-48),
-шүүгдэгч Б.Н-ын: “...Машинтай зогсож байхад төв замаас нэг машин ирээд зөрөх боломжтой байхад “наанаасаа холд” гэж орилохоор нь би “юу болсон бэ ах аа, соёлтой бай” гэж хэлсэн. Тэгэхэд Ю.Г- “чамд соёлтой байна гэж юу болохыг үзүүлэх үү” гээд эхнэр нь хараал хэлж “үр удамд чинь нөлөөлнө, алцайсан г*чий” гэж манай эхнэрийг доромжилсон. Ю.Г- машинтайгаа хаазалж ирээд мөргөчихье гэж хэлээд дөхөж ирсэн. Тэгээд миний машины хаалгыг өөрийнхөө машины хаалгаар цохиж, толийг эвхэгдтэл нь цохисон. Ю.Г- буугаад ирэхэд манай эхнэр түрүүлж буусан ба эхнэрийн цээж рүү хоёр гараа атгаад савтал цохисон. Эхнэр жирэмсэн учраас би сандраад Ю.Г-ийг подволкноос нь барьж цааш түлхсэн. Ю.Г- миний зүүн шанаа руу цохиж, би машиныг нь хоёр гараараа налаад унасан. Би Ю.Г-ийг барьж авах гэтэл дахиад намайг цохисон ба намайг цохисон чигтээ ухраад байсан. Тэгээд би зүүн гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохисон...” (1хх 126-128) гэсэн мэдүүлгүүд,
-Ю.Г-ийн биед тогтоогдсон баруун нүдний алимны нэвтэрсэн шарх, шилэнцрийн цус хуралт, торлог болон судаслаг давхаргын ховхрол, баруун нүдний хараагүйдэл гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувь тогтонги алдалдагдуулах тул хохирлын хүнд зэрэг тогтоогдсон талаарх Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 884 дүгээр (1хх 62-65),
-мөн Ю.Г-ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарах талаарх 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1221 дүгээр (1хх 117-119) дүгнэлтүүд,
-камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх 22, 23-24),
-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх 9, 10),
-хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх 11-14, 15-17, 18-21),
-дуудлага лавлагааны хуудас (1хх 8) зэргийг харьцуулан шинжлэн судлахад:
шүүгдэгч Б.Н- нь 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 89 дүгээр байрны гадаа хохирогч Ю.Г-ийг “эхнэр түлхлээ” гэх шалтгаанаар нүүр рүү нь цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний алимны нэвтэрсэн шарх, шилэнцэрийн цус хуралт, торлог болон судаслаг давхаргын ховхрол, баруун нүдний хараагүйдэл гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн хохирогч Ю.Г-ийн эрүүл мэндэд хууль бусаар санаатай халдаж, хүнд хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.
Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Н-од 40,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 2 жилийн хугацаанд биелүүлэхээр тогтоосон нь үндэслэл бүхий болжээ.
Учир нь, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд юм.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах нь хүнд ангиллын гэмт хэрэгт багтдаг бөгөөд шүүгдэгч Б.Н- нь хохирогч Ю.Г-той “эхнэр түлхлээ” гэх шалтгаанаар маргалдаж, түүний биед баруун нүдний хараагүйдэл үүсгэн хамгийн чухал эрхтнээс нь хагацааж, бие организмын жам ёсны байдлыг нь алдагдуулан, цаашид өдөр тутмын амьдралаа өмнөх байдал шиг хэвийн явуулах боломжгүйд хүргэжээ.
Хэдийгээр шүүгдэгч Б.Н- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эмчилгээний болон гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт нийт 98,000,000 төгрөгийг төлж барагдуулсан боловч дахин сэргэх боломжгүйгээр хохирогчийн биед баруун нүдний алимны нэвтэрсэн шарх, шилэнцэрийн цус хуралт, торлог болон судаслаг давхаргын ховхрол, баруун нүдний хараагүйдэл бүхий хүнд гэмтэл учирсан, гэмтлийн улмаас үлдэц уршиг үүссэн, хөдөлмөрийн чадвар 65 хувь алдагдсан, түүнчлэн хохирогч давж заалдах шатны шүүхэд “гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбар ирүүлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялын хэмжээг багасгах боломжгүй гэж үзлээ.
Харин Иргэний хуулийн 505 дугаар зүйлд зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.
Иймд шийтгэх тогтоолд хохирогч Ю.Г- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Н-оос иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн өөрчлөлт оруулан, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/2152 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Хохирогч Ю.Г- нь гэм буруутай этгээдээс цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН