| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2509 00000 0641 |
| Дугаар | 2025/ДШМ/1420 |
| Огноо | 2025-12-16 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Амармөрөн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2025/ДШМ/1420
2025 12 16 2025/ДШМ/1420
Г.У-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Амармөрөн,
шүүгдэгч Г.У-, түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/2256 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.У-гийн өмгөөлөгч Ц.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.У-д холбогдох 2509 00000 0641 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
З- овгийн Г-ын У-, ......, /РД: Г-/,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 213 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн;
Шүүгдэгч Г.У- нь 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 05 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Г- Вилла 15-1 тоотод эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч А.А-ын “гэрээс гарах” талаар тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, түүний нүүр лүү хөлөөрөө өшиглөх, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.У-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.У-г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар өөрийн оршин суугаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөр газарт зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Г.У- нь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.У-гийн өмгөөлөгч Ц.Энхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхээс Г.У-д 8 сарын хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс бусад газарт зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн. Г.У- нь тодорхой эрхэлсэн ажилгүй, 0-8 насны 3 хүүхэдтэй, мөн тэрээр өөрийн өмчлөлийн орон сууцыг түрээсэлж сард 4.000.000 төгрөгийн орлоготой гэх хэдий боловч түүнийгээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүгдэгчид торгох ял оногдуулах боломжгүй гэж дүгнэсэн. Шүүгдэгч нь өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч, хохирогчоос албан ёсоор уучлал гуйсан, мөн бага насны хүүхдүүдтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа тул түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь, шүүгдэгч нь гадаад улсад зорчдог, мөн бага насны хүүхдүүдийн эрүүл мэнд болон бусад асуудлаар Хан-Уул дүүргээс өөр нутаг дэвсгэрт зорчих зайлшгүй шаардлага үүсдэг тул энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.У- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн үед би сүүлийнхээ нөхөртэй асуудалтай, гэр бүлийн маргаантай байсан тул их стресстэй байсан. Мөн дөнгөж төрсөн байсан. Бага нас хүүхдүүдтэйгээ хамт байсан. Ийм зүйл хийсэндээ харамсаж байна. ...” гэв.
Прокурор Б.Амармөрөн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн гэж үзэж байна. Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 0-9 насны 3 хүүхэдтэй, Хан-Уул дүүрэгт оршин суудаг гэж шүүх хуралдааны явцад мэдүүлсэн. Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан. Шүүгдэгч Хан-Уул дүүрэгт оршин суудаг, 4 болон 9 настай хүүхдүүд нь Хан-Уул дүүрэгт хичээл, сургуульдаа явдаг гэж тайлбарласан учраас түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг торгох ялаар солихгүй” гэж заасан. Тиймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Г.У-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Г.У- нь 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 05 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Г- Вилла 15-1 тоотод эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч А.А-ын “гэрээс гарах” талаар тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, түүний нүүр лүү хөлөөрөө өшиглөх, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч А.А-ын “... Би Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст эргүүлийн офицероор ... дэд ахлагч Х.Лхагвын хамт ажиллаж байхад Бэлх 10-с “Г- вилла” хотхоны 15-1 тоотод “Гаднаас манай гэрт байгаа хүн намайг ална гээд зодоон болоод байна гэх” дуудлага мэдээллийн дагуу 2025 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө 04 цаг 22 минутад авч 04 цаг 34 минутад очиж шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн Г.У- тус тоотод шөнийн цагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, агсам согтуу тавьж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж танхайрсан. Иргэнд шаардлага тавихад хэл амаар доромжилж өөдөөс салаавч гаргаж, нүүрэн тус газар 1 нэг удаа цохиход тус иргэний үйлдлийг таслан зогсоож, биеийн хүч Тусгай хэрэгсэл ашиглаж гавласан. Тэгээд албаны автомашинд суулгах үед толгойгоороо дахиж нүүр лүү мөргөж, уруул сэтэлсэн мөн эрүүлжүүлэх саатуулах байр луу автомашинтай явж байх явцад хөлөөрөө баруун шанаа руу жийж өшиглөсөн. ... толгой доргиж хөндүүртэй толгой өвдөж байна. ...” /хх 16-17/,
гэрч Х.Л-ын “... Дуудлага мэдээллийн дагуу тус тоотод ороход 4 эмэгтэй хүн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн согтуурсан байдалтай байсан. Дуудлага өгсөн хүнтэй уулзахад нэлээн согтуу “манайхаас энэ хүмүүсийг бүгдийг нь гарга” гэсэн тэгээд эргүүлийн офицер “одоо та хэд тарцгаа, явцгаа” гэхэд нэг эмэгтэй нь “гарахгүй пизда, гөлөг, гичий минь” гэх мэтээр эргүүлийн офицерыг хэл амаар доромжлоод салаавч гаргаад нүүр лүү нь гараараа нэг удаа цохихоор нь бид хоёр нэг бүрийн тусгай хэрэгсэл болох гарын гавыг тухайн эмэгтэйн ард нь холбож гавлаад байшингаас авч гарсан. Байшингаас авч гараад машинд суулгаад эргүүлийн офицер машин бариад би тухайн эмэгтэйн хажууд суугаад явж байхад бид хоёрыг хэл амаар доромжлоод хөдөлгөөнд оролцож байхад эргүүлийн офицерын араас толгойн баруун хацар, чих хамж өшиглөсөн. ... нүүрнийх нь баруун тал нэлээн хавдсан, уруулын дээд тал нь дотроо язарсан байсан. ...” /хх 23-24/,
гэрч Э.Э-гийн “... “та нар одоо явцгаа, хүүхэд ч уйлаад байна” гэхэд У- “гэрээсээ хөөдөг хэн бэ” гээд агсам тавиад байхаар нь цагдаа дуудахад 04-05 цагийн үе байсан байх цагдаа нар орж ирээд Т-, М-, У- нарыг миний хүсэлтийн дагуу “яв” гэхэд У- “гарахгүй” гээд уурлаад байсан. Тэгээд хүүхэд уйлахаар нь би өрөөндөө орчихсон байхад цагдаа нар “та нар явчих” гэхэд “явахгүй, чадахгүй” гээд У- орилж чарласан дуу л гараад байсан. ...” /хх 26-27/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...А.А-ын биед дээд уруулын салстад зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. ...” гэсэн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ЕГ0725/5104 дугаартай дүгнэлт /хх 102-103/,
энгэрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэгийг үргэлжлүүлэхэд өрөөнд байсан 3 эмэгтэйд эргүүлийн офицер хандаад “гэрийн эзэн нь та нарыг яв гээд байна гарахгүй юм уу, шөнө орой архидан согтуурч хүүхдийн эрх зөрчөөд байна” гэхэд орон дээр У- суучихсан “чи өөрөө яв” гэж хэлээд шаардлага биелүүлэхгүй байв. ... У- жижиг өрөөнд ороод гарахгүй байхад эргүүлийн офицер гэрийн эзнээс энэ эмэгтэй яахын байх юм уу гэхэд “бүгдийг нь авч яв” гэж хүүхдээ тэврээд жижиг өрөөнөөс У-г авч гарч ирж байгааг харуулав. Эргүүлийн офицерт У- хандаж “та хэд яах гээд байгаад байгаа юм” гэхэд эргүүлийн офицер “та нарын гаргах гээд байгаад байна” гэхэд “гар, эмэгтэй хүмүүс өөрсдөө учраа олчихъё, тэгэх үү” гэхэд “та нар олчихсон бол бид нар юу гэж энд байдаг юм” гэж хэлэхэд У- “олчихно” гэж хэлэхэд эргүүлийн офицер “гэрийн эзэн та нарыг гар гээд байна, ойлгож байна уу” гэж хэлж байв. Бичлэгийг үргэлжлүүлэхэд У- гарахгүй дуудлага мэдээлэл өгсөн иргэний хажууд зогсоод байхаар нь эргүүлийн офицер “чамайг гар гээд байна хөөе” гэж хэлэхэд У- нь “май” гэж хэлээд дунд хуруугаа гаргаж “пизда минь” гэж удаа дараа хэлж харааж, цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэж эхлэв. Бичлэгийг үргэлжлүүлэхэд “гичий минь чи яах гэсэн юм” гэж цагдаагийн алба хаагчийг доромжилж байв. Энгэрийн камерын цаг 2025-04-01 05:11:28 цагийг зааж байв. Эргүүлийн офицер У-д хандаж “таны үйлдэл бүрийг камераар бичиж байгаа шүү” гэж анхааруулж байв. Бичлэгийг үргэлжлүүлэхэд У- нь цагдаагийн алба хаагчийн биед халдаж цохиж, дунд хуруу гаргаж байгааг харуулав. Энгэрийн камерын бичлэгийн цаг 2025-04-01 05:12:07 цагийг зааж байв. У- нь эргүүлийн офицерыг “шаа пизда минь, гичий минь” гэх мэтээр харааж, эрх чөлөөнд нь удаа дараа халдаж байгаа нь бичигдсэн байна. У-г эргүүлийн офицер 05:13:41 цагт тухайн орон сууцнаас аваад орц руу гарч байгааг харуулав. У- нь орц руу гараад доош суугаад байз “пизда минь” гэж хэлээд цагдаагийн алба хаагчийн бие рүү дахин халдаж байгааг харуулав. Энгэрийн камерын цаг 2025-04-01 05:13:48 гэж зааж байв. Бичлэгийг дарааллын дагуу ... үзлэг хийхэд тээврийн хэрэгсэл дотор эхэлж байх ба энгэрийн камерын цаг 2025-04-01 05:17:53 гэж зааж байв. Бичлэгт эргүүлийн офицер тээврийн хэрэгсэл жолоодож хойно эргүүлийн цагдаа жолооч А.Л-а болон холбогдогч У- нар суучихсан, У- нь “пизда нар” гэх хараалын үг хэллэг удаа дараа хэлж эргүүлийн офицерыг араас нь өшиглөж байгаа мэт эргүүлийн офицер “битгий намайг өшиглөөд бай” гэж хэлж байгаа нь бичигдсэн байв... ” гэх тэмдэглэл, /хх 34-50/,
2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн, авто эргүүлийн алба хаагчдын хоногийн хуваарь, томилгооны хуулбар, урьдчилсан сэргийлэх шуурхай удирдлагын тасгийн даргын 202500090 дугаартай зааварчилгааны хуулбар /хх 29-31/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Г.У-г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс Г.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар өөрийн оршин суугаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөр газарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.
Шүүгдэгч Г.У-гийн өмгөөлөгч Ц.Энхбаяраас “... Г.У- нь 0-8 насны 3 хүүхэдтэй, өөрийн өмчлөлийн байруудыг түрээсэлж ашиг орлого олдог, гэм буруугийн талаар маргадаггүй, хохирогчоос албан ёсоор уучлал гуйсан зэргийг харгалзан үзэж оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
Хэдийгээр, шүүгдэгч Г.У- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлсөн, гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргээс үзэхэд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.
Нөгөөтэйгүүр, зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийн буюу уг ялыг эдлүүлэх нөхцөл, журмын талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу эрх бүхий албан тушаалтанд хандаж шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1262 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгох ялыг төлж барагдуулсан талаар Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол авагдсан байх ба энэ талаар шүүгдэгч Г.У- нь давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй бөгөөд прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн хувийн байдлын талаар дутуу бичсэнийг цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/2256 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.У-гийн өмгөөлөгч Ц.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрү.үгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ М.АЛДАР