Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2025/ДШМ/1389

 

2025            12          05                                                                              2025/ДШМ/1389

Д.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Саруул-Ирээдүй,

шүүгдэгч Д.А-, түүний өмгөөлөгч М.Билгүтэй,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Одончимэгийн гаргасан 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2079 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.А-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2410012310201 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр нээлттэй  хянан хэлэлцэв.

О- овгийн Д-ын А- /РД: Д-/, .......,  

Шүүгдэгч Д.А- нь 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байсан .... УНЗ улсын дугаартай “Тоёота Приус 41” маркийн тээврийн хэрэгсэлд 17.5 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодсын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9” тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг  худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан  гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Д.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.А-г “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг

хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух дүүргийн нутаг дэвсгэр буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр эмнэлэг, оршин суух нутаг дэвсгэрийн хооронд зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-д урьд авсан “хувийн баталгаа гаргах”, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох”, “Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа цэнхэр өнгийн хатгамал бүхий даавуун ууттай нийт 17.5 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, хүрэн бор өнгийн гаанс зэргийг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Д.А-н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.А- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 4 жилийн зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосон юм. Миний бие нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглээний хамааралгүй гэх зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж зорчих эрх хязгаарлах ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.А-н өмгөөлөгч М.Билгүтэй шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа тул анхан шатны шүүхээс оногдуулсан 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг багасгаж өгнө үү гэсэн саналтайгаар өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн бичгээр гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. ...” гэв.

Прокурор Б.Саруул-Ирээдүй шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анх зорчих эрхийг хязгаарлах ялыг хуульд гэрээс нь гарахгүй байх гэсэн томьёоллоор оруулсан. Зорчих эрхийг хязгаарлах ялын үндсэн зорилго нь тухайн хэсэг, дүүрэг, эсхүл хорооноос гарахгүй байх юм. Тиймээс Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байх гэж 9 дүүргээр хязгаарлалт тогтоох боломжгүй, зорчих эрхийг хязгаарлах ялын зорилго биелэхгүй тул шүүгдэгчийн энэ агуулгаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд сарниулдаг, ойр дотнын хүнээ энэ төрлийн гэмт хэрэгт татан оролцуулах, нийгмийн эрүүл мэнд цаашлаад үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хор уршигтай бөгөөд бусад хөнгөн төрлийн гэмт хэргээс хор уршгийн хувьд дээрх зүйлээр ялгардаг. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүхээс ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хор уршиг зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д  холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

1. Шүүгдэгч Д.А- нь 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байхдаа .... УНЗ улсын дугаартай “Тоёота Приус 41” маркийн тээврийн хэрэгсэлд 17.5 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодсын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9” тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай олсны ургамал буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг  худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “...Мансууруулах бодис хэрэглэсэн, тээвэрлэсэн хүнийг барьсан” гэсэн дуудлагын лавлагааны хуудас /xx-ийн 28/,

Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, ахлах дэслэгч Э.Лхагважавын “... “Toyota prius 41” маркийн .... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Д-а овогтой А- нь олсны ургамал буюу каннабис хэрэглэсэн авч явсан, тээвэрлэснийг шалган зогсоож, хар тамхины тестээр шалгахад ТНС гэх тэмдэглэл нь 1 зураас буюу эерэг гарсныг шалгаж, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шилжүүлж өгөв.” гэсэн илтгэх хуудас /хх-ийн 29/,

2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “... Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд ард талын зорчигчийн суудал дээр цэнхэр өнгийн даавуун ууттай зүйл байх бөгөөд нээж үзэхэд бор өнгийн 1 ширхэг гаанс болон ногоон өнгийн хатаасан ургамал мэт зүйл байсныг сэжигтэн Д.А-гаар заалгуулж мэргэжилтэн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн хураан авч тэмдэглэлд тусгав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 30-35/,

Сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 38-39/,

Гэрч Э.Л-ын “...2024 оны 03 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын цагдаагийн зохицуулагчаар зам дээр хяналт шалгалт хийж үүрэг гүйцэтгэж байх хугацаанд үүрийн 04 цагийн орчимд цагаан приүс 41 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгасан тэгэхэд жолоочийг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах багажаар шалгахад хэвийн, биеэ авч яваа байдал болон бичиг баримт нь хэвийн байсан гэтэл жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан нэг залуу согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй мөртөө биеэ авч яваа байдал нь согтуурсан байдалтай сэжигтэй байхаар нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байж болзошгүй гэж үзээд Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү авч явж шалгахаар болсон... тестийн савд шээлгэхэд үр дүнд ТНС гэх бодис хэрэглэсэн гэж заасан... А-гаас тестийн үр дүнд мансууруулах бодис илэрсэн гэж заасныг нь өөрт нь харуулж тодруулахад А- нь “хороололд танихгүй охинтой өвс хэрэглэсэн” гэж надад хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 105-110-р хуудас/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч, цагдаагийн дэслэгч О.Лхагвасүрэнгийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1779 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн даавуун ууттай ургамал мэт зүйл, бор өнгийн хуванцар гаанс мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. 2.3. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл, бор өнгийн хуванцар гаанс мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. 4. Ургамал мэт зүйлийн даавуун уутны хамт жин нь 39,6 грамм, цэвэр жин нь 17,5 грамм болов” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 122-124-р хуудас/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч, цагдаагийн дэслэгч О.Лхагвасүрэнгийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1780 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн “Д.А- 2024.03.09” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн “Д. А- 2024.03.09” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол Tetrahydrocannabinol/ илэрч байна. 3.4. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 129-131/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл зарчмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгчийн сэтгэцэд нөлөөт бодисыг тээврийн хэрэгсэлдээ хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт шинжийг хангасан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, энэ талаар Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

          2. Шүүгдэгч Д.А- нь “... зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогддог.

Мөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилсан.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, шүүгдэгч Д.А-н үйлдсэн гэмт хэрэгт гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байх тул ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах шаардлагагүй гэж үзэв.

3. Д.А-г сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, улмаар прокуророос шүүгдэгч Д.А-г “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ялласан байхад анхан шатны шүүх шилжүүлсэн хэргийн хүрээнээс хальж дүгнэлт хийсэн буюу “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэж хэд хэдэн шинжээр буруутгаж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, мөн тогтоолын тогтоох хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтын бус, 18 дугаар бүлэгт хэд хэдэн заалтыг хуульчилсан байхад тухайн бүлгийг бүхэлд нь баримталсан, шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан атлаа цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн зэрэг зөрчил гаргасан байгааг давж заалдах шатны шүүх дараах байдлаар зөвтгөх боломжтой гэж үзэв. Үүнд:

Мансууруулах эмийн тухай 1961 оны, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцууд болон “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль”-д заасан нэр томьёоны тайлбараар “Сэтгэцэд нөлөөт бодис" гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлүүд хамаарахаар байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон шүүгдэгчийн худалдаалах зорилгогүйгээр хадгалсан бодис нь ямар нэгэн байдлаар боловсруулалтад ороогүй байгалийн шинж чанараараа мансууруулах үйлчилгээг үзүүлдэг бодис байх тул “мансууруулах эм” болон түүний  түүхий эд гэж үзэх боломжгүй юм.

Мөн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт зааснаар даалгаж шийдвэрлэсэн байх боловч 18 дугаар бүлгийн зохицуулалт нь дан ганц зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэх үйл ажиллагаатай холбоотой бус хязгаарлалт тогтоох таслах сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг ч хэрхэн биелүүлэх, хэрэгжүүлэх талаар зохицуулсан  байх тул бүхэлд нь баримтлах шаардлагагүй гэж үзлээ.

Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч Д.А-д хорихоос өөр төрлийн ял оногдуулсан атлаа цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэвээр үргэлжлүүлсэн мэтээр тогтоох хэсгийн 10 дах заалтад тусгаж алдаа гаргажээ.

Иймээс дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:  “...Шүүгдэгч О- овогт Д-ын А-г “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг:

-“...шүүгдэгч О- овогт Д-ын А-г “Сэтгэцэд нөлөөлт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж;  

5 дах заалтын: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай...” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар ...Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж;

10 дахь заалтын “...шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй...”  гэснийг шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2079 дүгээр дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын:  “...Шүүгдэгч О- овогт Д-ын А-г “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг “...Шүүгдэгч О- овогт Д-ын А-г “Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай..” гэж,  

5 дах заалтын: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай...” гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай...” гэж,

10 дахь заалтын “...шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй…” гэснийг шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шүүгдэгч Д.А- гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА

 

                                  ШҮҮГЧ                                                  Б.АРИУНХИШИГ

 

                       ШҮҮГЧ                                      Г.МӨНХТУЛГА