Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 344

 

Г.Дд холбогдох эрүүгийн

         хэргийн тухай        

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгч Г.Д, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 959 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 331 дүгээр магадлалтай, Г.Дд холбогдох 2014250007486 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Д, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ц.Одончимэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Цагаанчууд овогт Ггийн Д нь 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Дг давтан үйлдлээр төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Г.Дг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Дгээс нийт 137.116.300 төгрөгийг гаргуулж, Сангийн яамны Төрийн сангийн газарт олгуулахаар шийдвэрлэж, хохирогч, иргэний нэхэмжлэгч “Эрдэнэс таван толгой” ХК нь учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Дд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Д гаргасан гомдолдоо:

“Эрүүгийн 2014250007486 дугаартай хэргийн оролцогч Г.Д миний бие Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.19-ний өдрийн 2020/ДШМ/331 дугаартай магадлалыг 2020.04.03-ны өдөр гардан хүлээн авч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.13-ны өдрийн 2019/ШЦТ/959 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.19-ний өдрийн /ДШМ/331 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /ЭХХШТХ/-ийн 40.1 дүгээр зүйлд заасны дагуу гомдол гаргаж байна.

А. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.19-ний өдрийн 2020/ДШМ/331 дугаартай магадлал нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

ҮНДЭСЛЭЛ-1

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт /ИБУТЭТОУП/ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 1966.12.16-ны өдрийн 2200А (XXI) тогтоолоор баталж, Монгол Улс 1974.11.18-ны өдөр соёрхон баталж, Монгол Улсад 1976.03.23-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон.

Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3-т “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.”, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж тус тус заасан.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 7-д “Үйлдсэн гэмт хэрэгтээ тухайн улсын хууль болон эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эцэслэн шийтгүүлсэн буюу цагаатгагдсан хэнийг ч тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэх ёсгүй.” гэж заасан байдаг. Гэтэл Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.19-ний өдрийн 2020/ДШМ/331 дугаартай магадлалаар Г.Дд холбогдох эрүүгийн хэрэг нь 2020.1.10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан учраас шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь заалт, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх заалт болон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дугээр зуйлийн 7 дахь заалтыг тус тус зөрчиж байна. Иймд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.19-ний өдрийн 2020/ДШМ/331 дугаартай магадлал нь Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хуулиуд, Монгол Улсын соёрхон баталсан олон улсын гэрээг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.

ҮНДЭСЛЭЛ-2

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.19-ний өдрийн 2020/ДШМ/331 дугаартай магадлалаар 2020.1.10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.13-ны өдрийн 2019/ШЦТ/959 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Хууль батлагдсан он дарааллыг авч үзвэл:

2002.01.03-ны өдөр Эрүүгийн хууль

2015.12.03-ны өдөр Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/

2020.01.10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль

2020.01.10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль тус тус батлагдсан.

2002 оны Эрүүгийн хуулийн 12.2-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон буюу оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.”, 2015 оны Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заасан.

Гэтэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020.01.10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баримтлан 2017.07.01-2020.01.10-ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгана гэснийг үндэслэж анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь 2015 оны Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасныг зөрчсөн бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Учир нь, цаг хугацааны хувьд Г.Дд холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019.12.13-ны өдөр хянан шийдвэрлэсэн. Гэтэл Улсын Их Хурал 2020.01.10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль тус тус баталсан. Иймд 2019.12.13-ны өдөр болсон шүүхийн шийдвэр байсаар байтал 2020.01.10-ны өдөр батлагдсан хуулийг Г.Дд хэрэглэх боломжгүй юм. Мөн түүнчлэн 2020.01.10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль нь Эрүүгийн хуулийн нэг хэсэг бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрхзүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасан байтал Г.Дгийн эрх зүйн байдлыг дордуулсан 2020.01.10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэглэж анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь Эрүүгийн эрх зүйн суурь зарчмын нэг болох эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн агуулгыг зөрчсөнөөс гадна Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн байна. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.19-ний өдрийн 2020/ДШМ/331 дугаартай магадлал Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.

ҮНДЭСЛЭЛ-3

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн ялыг хүндрүүлэх, түүний эрх зүйн байдлыг дордуулах эрхгүй. Гэтэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь Г.Дгийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон атал түүнд заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр 2020.01.10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэглэж байгаа нь Г.Дгийн эрх зүйн байдлыг дордуулсан тул хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна. Мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим болж Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тусгагдсан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн заалтыг зөрчиж анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь Г.Дг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.13-ны өдрийн 2019/ШЦТ/959 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутай гэж үзсээр байтал дахиж анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасан нь нэг хэрэгт хоёр удаа ял оноох нөхцлийг бүрдүүлж байна. Иймд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.19-ний өдрийн 2020/ДШМ/331 дугаартай магадлал Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

ҮНДЭСЛЭЛ-4

Материаллаг эрх зүй болон процессын эрх зүй

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь заалтад заасныг баримтлан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн. Энэ нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий анги буюу материаллаг эрх зүйн хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн байна. Гэтэл 2020.1.10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь процессын эрх зүйн хүрээнд хамаарагдах асуудлыг зохицуулах юм. Өөрөөр хэлбэл,

-Эрүүгийн хуульд заасан үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа дуусах

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэсэн хоёр ойлголт нь өөр хоорондоо эрс ялгаатай ухагдахуун бөгөөд эхнийх нь материаллаг эрх зүйн хүрээний асуудал бол хоёр дахь нь процессын эрх зүйн хүрээний асуудал юм.

Нийслэлийн прокурорын газраас 2019.03.15-ны өдөр 05 дугаар тогтоолоор ЭХХШТХ-ийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр Г.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь процессын эрх зүйн хүрээнд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн явдал юм. Гэтэл Г.Д нь Нийслэлийн прокурорын дээрх тогтоолыг эс зөвшөөрч гэм буруугүй гэдгээ шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд гомдол гаргасан. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь заалтад заасныг баримтлан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн. Энэ нь материаллаг эрх зүйн хүрээнд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн явдал юм.

Улсын Их Хурлаас 2020.01.10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг батлахдаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаагаар дууссан хэргийг сэргээн шалгахдаа зөвхөн процессын эрх зүйн хүрээнд хөөн хэлэлцэх хугацаагаар дууссан хэргийг авч үзэх бөгөөд материаллаг эрх зүйн хүрээнд хөөн хэлэлцэх хугацаагаар дууссан хэргийг авч үзэхгүй гэж үзэл баримтлалдаа тусган уг хуулийг баталсан байдаг. Иймд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.19-ний өдрийн 2020/ДШМ/331 дугаартай магадлал Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

ҮНДЭСЛЭЛ-5

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Оргил-Очир нь 2019.09.12-ны өдрийн 202 дугаар яллах дүгнэлтээр эрүүгийн 2014250007486 дугаартай хэрэгт зөвхөн Г.Дд холбогдох хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

ЭХХШТХ-ийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2-т “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжпэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэж тус тус заасан. Хэргийн нөхцөл байдлаас үзвэл, прокурорын зүгээс Г.Д, Я.Б, Г.Т, Т.Т, Д.Б нарын хэргийг процессын эрх зүйн хүрээнд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин ганцхан Г.Д миний бие прокурорын тогтоолыг эс зөвшөөрч ердийн журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд гомдол гаргасан. Үүнийг ч Чингэлтэй дүүргий Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч материаллаг эрх зүйн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн.

Гэтэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс дээрх нэр бүхий яллагдагч нарт холбогдох хэргийг сэргээн шалгахаар шийдвэрлэсэн нь ЭХХШТХ-ийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх заалт, 39.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг тус тус зөрчсөн бөгөөд давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн ялыг хүндрүүлэхгүй, эрх зүйн байдлыг дордуулахгүй гэдэг суурь зарчим болон хуулийн заалтыг мөн л зөрчсөн байна. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.19-ний өдрийн 2020/ДШМ/331 дугаартай магадлалын дүгнэлт хэсэг нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь нотлогдож байна.

ҮНДЭСЛЭЛ-6

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.19-ний өдрийн 2020/ДШМ/331 дугаартай магадлалд "...яллагдагчаар татагдсан Я.Б, Г.Т, Т.Т, Д.Б нарын үйлдлийг ... ЭХХШТХ-ийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргажээ...” гэж илт хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Учир нь, ЭХХШТХ-ийн 39.8 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих гэдгийг нэг бүрчлэн зааж хуульчилсан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих гэдэгт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн дүгнэсэн ЭХХШТХ-ийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх заалт байхгүй байна. Иймд Нийслэлийн эрүугийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.19-ний өдрийн 2020/ДШМ/331 дугаартай магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

ҮНДЭСЛЭЛ-7

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/959 дугаартай шийтгэх тогтоол 2019.12.13-ны өдөр гарсан. ЭХХШТХ-ийн 36.13 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө.”, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлийн 2-т "... Шүүх, прокурорын шийдвэрийг тухайн байгууллагын цахим хуудсанд шийдвэр гарсан өдрөөс хойш 3 хоногийн дотор байршуулна.”, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д “Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргана.” гэж тус тус заасан.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/959 дугаартай шийтгэх тогтоол 2019.12.31-ний өдөр http://www.shuukh.mn/ цахим хуудсанд байршсан. Хохирогч, иргэний нэхэмжпэгч уг шийдвэрийг 15 хоногийн дотор гардаж аваагүй бол тухайн шийдвэрийг цахим хуудсанд байршуулснаар түүнийг гардаж авсанд тооцохоор хуулийн зохицуулалттай байна.

Өөрөөр хэлбэл, хохиригч, иргэний нэхэмжпэгч “Эрдэнэс таван толгой” ХК нь дээрх хуулийн заалтуудын дагуу 2020.01.15-ны өдрийн дотор давж заалдах гомдлоо гаргах ёстой байсан. Гэтэл 2020.02.10-ны өдөр гаргасан байна. Иймд хохирогч, иргэний нэхэмжпэгч “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэх боломжгүй байхад хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн явдал бөгөөд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадахгүй байна.

Эцэст нь, дээрх 7 үндэслэлээр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.19-ний өдрийн 2020/ДШМ/331 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү.

Б.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.13-ны өдрийн 2019/ШЦТ/959 дугаартай шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

1.Г.Д нь “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллах хугацаандаа тухайн үед хашиж байсан төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж тус компанийн гүйцэтгэх удирдлагаар дамжуулан худалдан авах үйл ажиллагаанд оролцож, онц их хэмжээний хохирол учруулсан гэх 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт заасан хэрэг нь нотлогдон тогтоогдоогүй учир дараахь үндэслэлүүдээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм. Үүнд:

ҮНДЭСЛЭЛ-1

Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй талаар

Гэмт хэргийн бүрэлдэхүүн гэж нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох Эрүүгийн хуулиар заавал байвал зохих объект, объектив тал, субъект, субъектив тал гэсэн шинжүүдийн нийлбэрийг хэлнэ. Эдгээрийн аль нэг шинж нь үгүйсгэгдвэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болж эрүүгийн хариуцлага хүлээхгүй.

Намайг буруутгаж байгаа гол үндэслэл нь Г.Дгийн эхнэр Г овогтой У нь “Говь повер” ХХК-ийн хувь эзэмшигчийн нэг бөгөөд “Эрдэнэс таван толгой” ХК-иас зарласан тендерт орж шалгарсан гэж буруутгадаг. Гэтэл уг тендер шалгаруулалт болон бусад зүйлд миний ямар нэгэн үйлдэл болон эс үйлдэхүй байдаггүй бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан бүхий л зүйлийг шалгахад харагддаг. Тэр ч бүү хэл 2017.04.03-ны өдөр болсон шүүх хурал дээр прокурор Бадамцэцэг нь үүнийг хүлээн зөвшөөрсөн. Иймээс надад үйлдэл, эс үйлдэхүй байхгүй учраас объектив тал нь хангагддаггүй.

ҮНДЭСЛЭЛ-2

“Говь повер” ХХК-ийн хувь эзэмшигч нь миний эхнэр Гийн У биш болох нь дараах байдлаар нотлогддог.

Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/ нь хуулийн этгээдүүдийг улсын бүртгэлд бүртгэхдээ 3 давхар системийг ашигладаг байна. Үүнд:

1.Эх нотлох баримт бичиг бүхий архив. (Хуульд заасан бүртгэл)

2.Цахим мэдээллийн сан (Хуульд заасан бүртгэл)

3.Цахим архив (Байгууллагын дотоод системд ашигладаг хуульд заагаагүй бүртгэл)

Гэтэл “хувьцаа худалдах, худалдан авах, компаний эрх шилжүүлэх” гэрээ нь дараах 2 хувилбартайгаар гарч ирснээр бүх эргэлзээг үүсгэсэн байна.

1.Хувилбар: Компаний хувьцаа эзэмшигчид нь:

1.Д.Б

2.Чын У

2.Хувилбар: Компаний хувьцаа эзэмшигчид нь:

1.Д.Б

2.Гийн У

УБЕГ-ын архивт хадгалагдаж байгаа “Говь повер” ХХК-ийн хувийн хэрэг өмнө нь удаа дараа холбогдох эрх бүхий газрууд руу хүргэгдэж байхдаа “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь Д.Б, Чын У нар болно” гэсэн албан бичгүүдээр хөдөлбөргүй нотлогддог. 2013 оны 4-р сарын 22-нд УБЕГ-аас УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр руу түүний ирүүлсэн албан бичгийн дагуу тус өдрийн 1/3523 дугаар албан бичгээр “Говь повер” ХХК-ийн хувийн хэргийг явуулжээ. Уг албан бичигт:     УБ-05 маягт. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөлд Д.Б, Чын У” нар нь “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болно” гэсэн байв. Мөн түүнчлэн УБЕГ-ын Архивын хэлтсийн дарга С.Оийн 2013.05.08-ны өдөр АТГ руу хүргүүлсэн албан бичигт “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид Ч овогтой У болон Б нар болохыг нотолдог.

2013.05.30-ны өдөр Ч.У өөрийн хүсэлтээр “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс чөлөөлөгдснөөр Д.Б “Говь повер” ХХК-ийн хувьцааг 100% эзэмшихээр болж, түүний төрсөн эгч Д.Б нь тус компанийн гүйцэтгэх захирлаар үргэлжпүүлэн ажиллахаар болсон байна.

Нотлох баримтын үндэслэлийн талаар:

ЭХХШТХ-ийн 16.15 дугаар зүйлийн 3-т “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана.” гэж заасан.

Нотолгооны онол ёсоор анхдагч нотлох баримтад бичиг баримтын эх хувь ордог бол дамжмал нотлох баримтад бичиг баримтын хуулбар хувь ордог. Нотолгооны чадварын зэрэглэлээр нь авч үзвэл анхдагч нотлох баримт нь дамжмал нотлох баримтаас илүү хүчин чадалтай.

Нэгдүгээрт, Баярмаагийн дүү нар болох Ч овогтой У болон Б нар “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдээр гэрээ байгуулагдаж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Энэ нь Улсын бүртгэлийн төв архивт хадгалагдаж байх бөгөөд эх хувиараа байдаг учраас анхдагч нотлох баримт болно.

Хоёрдугаарт, Г.Дгийн эхнэр Г овогтой У болон Б нар “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдээр гэрээ байгуулагдаж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Энэ нь тухайн үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Н.Номтойбаяр болон МАН-ын гаргаж өгсөн скайнердаж янзалсан хуулбар хувь байдаг учраас дамжмал нотлох баримт болно. Эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын тухайн үед явуулж байсан албан бичигт, тухайлбал, УБЕГ-ын дарга Ц.Пүрэвдоржоос УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр руу 2013.04.22-ны өдөр явуулсан 1/3523 дугаар албан бичиг болон УБЕГ-ын Архивын хэлтсийн дарга С.Оюунгэрэлийн 2013.05.08-ны өдөр АТГ руу хүргүүлсэн албан бичигт тус тус “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид Ч овогтой У болон Б нар болохыг нотолдог.

ЭХХШТХ-ийн 16.6 дугаар зүйлийн 1-д “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно.” гэж заасны дагуу дээрх албан тушаалтнуудын явуулсан бичгээр “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид Ч овогтой У болон Б нар болох нь нотлогддог.

ЭХХШТХ-ийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэж заасны дагуу анхан шатны шүүхээс надад “Говь повер” ХХК-тай холбоотой хэрэгт гэм буруутай гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Учир нь, анхан шатны шүүх дээрх харилцан зөрүүтэй нотлох баримтын хувьд Г овогтой У болон Б нар “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэж үзсэн атлаа Ч овогтой У болон Б нар “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байгаа нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

ҮНДЭСЛЭЛ-3

“Говь повер” ХХК-ийн хувь эзэмшигч Чын У болон тус компанийн эрх бүхий албан тушаалтнууд “Говь повер” ХХК-ийн хувь эзэмшигч Чын У мөн гэж мэдүүлэн нотолдог.

Амьд гэрч Чын У нь ... “Говь повер” ХХК-ийн хувь эзэмшихээ больсон. Тухайн үед 60 хувийг эзэмшиж байсан ... /23-р хавтаст хэрэг/ гэж мэдүүлсээр байтал анхан шатны шүүх үүнд дүгнэлт хийгээгүй.

ҮНДЭСЛЭЛ-4

Эргэлзээ төрсөн талаар

Хавтаст хэргээс үзвэл, 2013.01.07-ны өдөр байгуулсан “Хувьцаа худалдах, худалдан авах, компаний эрх шилжүүлэх гэрээ” нь 2 өөрөөр байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Нэгдүгээрт, Бгийн дүү нар болох Ч овогтой У болон Б нар “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид, хоёрдугаарт, Г.Дгийн эхнэр Г овогтой У болон Б нар “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид. “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь аль У юм бэ гэсэн эргэлзээ үүсч байна.

ЭХХШТХ-ийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу Бгийн дүү нар болох Ч овогтой У болон Б нар “Говь повер”ХХК-ийн хувьцаа эзэмшигчид гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

ҮНДЭСЛЭЛ-5

Дээд шүүхийн тогтоол биелээгүй

Монгол Улсын Дээд шүүхийн 2017.10.13-ны өдрийн 237 дугаар тогтоолоор “...Хэрэгт цугларсан баримтыг үнэлж, дүгнэж үзэхэд мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн дүүрэн, хангалттай нотолж чадаагүй... Г.Дг буруутгаж байгаа үйл баримтад гэм буруугийн ямар хэлбэрээр оролцсон болохыг хангалттай нотолсон баримт хэрэгт авагдаагүй ...” гэж хяналтын шатны шүүх дүгнэсэн байдаг. Үүгээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн ба үүнээс хойш “Эрдэнэс таван толгой” ХК-д нийлүүлсэн эд хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний төв 2,658.4 сая төгрөгөөр үнэлснийг, шинээр шинжээч томилуулж 2,761.2 сая төгрөг гэж үнэлүүлснээс өөр ажиллагаа хийлгүйгээр шүүхэд шилжүүлсэн. Үүгээр Улсын Дээд шүүхийн тогтоолд дурдсан нотолбол зохих байдлуудыг бүрэн, дүүрэн хангалттай нотолж чадаагүй бөгөөд намайг гэм буруутай гэж үзэх нотлох баримт байхгүй гэж үзнэ.

ҮНДЭСЛЭЛ-6

Иргэний нэхэмжлэлийн талаар

Хавтаст хэрэгт “Эрдэнэс таван толгой” ХК-иас шилжсэн 5,388.5 сая төгрөг “Говь повер” ХХК-ийн данс руу орсон бөгөөд уг мөнгө хаашаа ямар аж ахуйн нэгж, иргэн рүү шилжсэн нь баримтаар нотлогдсон. Уг аж ахуйн нэгжид миний хамаарал бүхий этгээд байхгүй. Б болон Д мэдүүлэхдээ Г.Дг танихгүй, тэр хүн рүү мөнгө шилжүүлсэн, өгсөн зүйл байхгүй гэж мэдүүлдэг. Иргэний нэхэмжлэгчийн давж заалдах шүүхэд өгсөн гомдлын хавсралтад, "Эрдэнэс таван толгой” ХК-иас шилжсэн 5,388.5 сая төгрөг “Говь повер” ХХК-ийн данс руу орсныг жагсаалтаар гаргасан. Үүгээр уг мөнгийг хариуцагч нь “Говь повер” ХХК гэдэг нь илт.

Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд Шударга ёсны зарчмыг тунхаглахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан. “Говь повер” гэдэг компанийн захиран зарцуулсан мөнгийг “Говь повер” ХХК хариуцах нь шударга ёсны зарчимд нийцнэ. 2019.12.13-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 959 дугаар тэмдэглэлд ... Улсын яллагч: Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. ... “Эрдэнэс таван толгой” ХК-д “Говь повер” ХХК-иас 2 тэрбум 761 сая 665 төгрөгийн хөрөнгийг шилжүүлснийг нийт хохирлоос хасаж, мөн дүнгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн гэж үзэх боломжтой бөгөөд “Эрдэнэс таван толгой” ХК-д 2 тэрбум 627 сая 252 мянга 361 төгрөгийг иргэний хариуцагч “Говь повер” ХХК-иас гаргуулах саналтай. Шүүгдэгч Г.Д нь сангийн яаманд учруулсан 137.116.300 төгрөгийн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна ... гэж тусгагдсан.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны тэмдэглэл дэх улсын яллагчийн санал зэргээс дүгнэвэл хохирогч, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжпэлийг иргэний хариуцагч “Говь повер” ХХК хариуцах нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Эцэст нь, дээрх 6 үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.13-ны өдрийн 2019/ШЦТ/959 дугаартай шийтгэх тогтоолоос Г.Д нь “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллах хугацаандаа тухайн үед хашиж байсан төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж тус компанийн гүйцэтгэх удирдлагаар дамжуулан худалдан авах үйл ажиллагаанд оролцож, онц их хэмжээний хохирол учруулсан гэх 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт заасан хэрэг нь нотлогдон тогтоогдоогүй учир дээрх үндэслэлүүдээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.Г.Д нь 2010 онд Монгол Улсын Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, онц их хэмжээний хохирол учруулсан гэх 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт заасан хэрэг нь хохиролгүй учир дараахь үндэслэлүүдээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм. Үүнд:

ҮНДЭСЛЭЛ-1

Хууль зөрчиж тендер зарлан сонгон шалгаруулалт явуулаагүй

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /ТБОНӨХБАҮХАтХ/-ийн 5.1.1-д “тендер гэж захиалагчийн тогтоосон нөхцөл шаардлагын дагуу боловсруулж түүнд ирүүлсэн бараа, ажил үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг” гэж заасан. Н.Эын гэрчээр өгсөн ... Эгчийг нь мэдэхгүй ... гэх мэдүүлэг, Г.Угийн гэрчээр өгсөн ... ийм тендерт орсныг мэдээгүй ... гэх мэдүүлгээр Г.Улзмаа нь сонирхогч этгээд байгаагүй нь тогтоогдож байна. Г.У нь “Эн Ай Ди Би” ХХК-нд ажилладаггүй, цалин хөлс авч байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Мөн түүнчлэн тендерийн материалд тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн талаар байгаагүй бөгөөд “Эн Ай Ди Би” ХХК-г төлөөлж захирал Н.Э гарын үсэг зурж материал ирүүлсэн. Иймд хууль зөрчин сонгон шалгаруулалт явуулсан зүйл байхгүй байна.

ҮНДЭСЛЭЛ-2

Энэ хэрэгт хохирол байхгүй

Монгол Улсын Тэргүүн шадар сайдын 2010.01.25-ны өдрийн 8 дугаар тушаалын хавсралтад уг пүүний ажлын төсөвт өртөг нь 200.0 сая төгрөг гэж туссан. Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн захирагч Я.Гөөс Үнэлгээний хорооны дарга руу Тендерийн баримт бичиг хүргүүлэх тухай 2010.04.06-ны өдрийн 1/31 тоот албан бичигт уг пүүний техникийн тодорхойлолтыг зааж өгсөн байдаг. Мөн 2010 онд суурилуулсан пүүтэй яг ижил пүүг 2013 онд “Ган хэмжүүр” ХХК нь 179.4 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. 2010 оны байдлаар пүүг худалдан авч, суурилуулан, ашиглалтад оруулах зах зээлийн дундаж үнэ 150.0-200.0 сая төгрөгийн үнэтэй байсан. Гаалийн ерөнхий газрын 2010.11.23-ны өдөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Бд хүргүүлсэн 01/4616 дугаартай албан бичигт ... Замын-Үүд боомтод 150 тонны даацтай иж бүрэн пүү нийлүүлж, суурилуулах тендерт оролцогчдоос 248.0 сая төгрөгөөр хийж гүйцэтгэх үнийн санал ирүүлсэн байна.

“Эн Ай Ди Би” ХХК нь ажилчиддаа хэдэн төгрөгийн цалин өгсөн, материал тээврийн зардал нь хэд гарсан ямар хэмжээний ашиг олсон гэдгийг би мэдэх ямар ч боломж байхгүй. Гэтэл АТГ нь “Голден пейж аудит” ХХК-ийг шинжээчээр томилуулан тус компанийн ажилтан Б.Э гэж хүний гаргасан ... пүүг суурилуулах зах зээлийн үнэ цэнийн баримжаа нь 2010.12.10-ний өдрийн байдлаар 62.6 сая төгрөгөөр тогтоогдсон ... гэсэн дүгнэлт гаргуулж байгаа үйлдэл нь “Эн Ай Ди Би” ХХК-ийн дотоод хэрэг, оюуны бүтээлийн үнэлэмж, олох ашиг зэрэгт хөндлөнгөөс бүдүүлгээр халдаж байгаа хэрэг бөгөөд ийм зүйл зах зээлийн эдийн засагтай улсад байж боломгүй ойлголт юм.

Өөрөөр хэлбэл, нэгэнт гэрээг 2 талаас байгуулсан гэрээний үнийн дүнгээр ажил хийгдээд улсын комисс хүлээж аваад, түүнийг нь Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс өөрийн хөрөнгөндөө бүртгэн авсан байгаа тул энэ хэрэгт хохирол байхгүй юм.

Мөн түүнчлэн 2019.12.13-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 959 дугаар тэмдэглэлд ... Улсын яллагч: Хэрэв 200 сая төгрөгийн үнэлгээтэй тендерт 200 сая төгрөгийн чанар ашиглалтын шаардлага хангасан пүүг нийлүүлсэн бол энэ хэрэгт хохиролгүй гэж үзэж болох байлаа ... гэснээр зарчмын дагуу энэ хэрэг хохирол байхгүй гэдэг нь нотлогдон харагдаж байна.

ҮНДЭСЛЭЛ-3

Хууль буруу хэрэглэсэн

Миний бие Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа үнэлгээний хорооны даргаар томилогдсон боловч саналын нэг эрхтэй гишүүн байсан тул захирамжлан зохион байгуулах үүрэг бүхий албан тушаалтан байгаагүй. Энэ утгаараа Эрүүгийн хуулийн 263.2-т заасан гэмт хэргийн субъект биш юм.

Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив тал нь албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашигласан хууль бус үйлдэл, түүний эцэст учирсан хор уршгийн шалтгаант холбоогоор илэрдэг. Хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд уг хэрэгт надад ямар ч субъектив санаа, сэдэл байгаагүй бөгөөд хохирол байхгүй. Мөн түүнчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль нь 2012.01.19-ний өдөр батлагдсан. Уг хуулийн 6.5-д “албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ” гэж хийх ёстой үйлдлийг, мөн хуулийн 12.1-д “албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргахыг хориглоно” гэж хийх ёсгүй үйлдлийг тус тус заасан.

Гэтэл 2012 онд батлагдсан хуулийг 2010 оны үйлдэлд буцаан хэрэглэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу хэрэглэж байгаа явдал юм.

Эцэст нь, дээрх 3 үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.13-ны өдрийн 2019/ШЦТ/959 дугаартай шийтгэх тогтоолын Г.Д нь 2010 онд Монгол Улсын Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, онц их хэмжээний хохирол учруулсан гэх 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт заасан хэрэг нь хохирол байхгүй учир дээрх үндэслэлүүдээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ЭХХШТХ-ийн 40.1 дүгээр зүйлийн 6.8 дахь хэсэгт заасны дагуу гомдол, эсэргүүцэл гаргагчийн санал, хүсэлт:

А. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.19-ний өдрийн 2020/ДШМ/331 дугаартай магадлал нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул өмнөх хэсэгт дурдсан 7 үндэслэлээр уг магадлалыг хүчингүй болгож өгнө үү.

Б. Чингэлтэй дүүргийн Эрүүгийнхэргийн анхан шатны шүүхийн 2019.12.13-ны өдрийн 2019/ШЦТ/959 дугаартай шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулж өгнө үү:

1.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.13-ны өдрийн 2019/ШЦТ/959 дугаартай шийтгэх тогтоолоос Г.Д нь “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллах хугацаандаа тухайн үед хашиж байсан төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж тус компанийн гүйцэтгэх удирдлагаар дамжуулан худалдан авах үйл ажиллагаанд оролцож, онц их хэмжээний хохирол учруулсан гэх 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт заасан хэрэг нь нотлогдон тогтоогдоогүй учир дээр дурдсан:

  • Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй талаар
  • “Говь повер” ХХК-ийн хувь эзэмшигч нь миний эхнэр Ггийн У биш болох нь дараах байдлаар нотлогддог.
  • “Говь повер” ХХК-ийн хувь эзэмшигч Чын У болон тус компанийн эрх бүхий албан тушаалтнууд “Говь повер” ХХК-ийн хувь эзэмшигч Чулуунбаатарын Уянга мөн гэж мэдүүлэн нотолдог.
  • Эргэлзээ төрсөн талаар
  • Дээд шүүхийн тогтоол биелээгүй
  • Иргэний нэхэмжлэлийн талаар гаргасан үндэслэлүүдээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.Г.Д нь 2010 онд Монгол Улсын Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, онц их хэмжээний хохирол учруулсан гэх 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт заасан хэрэг нь хохирол байхгүй учир өмнө дурдсан үндэслэлүүдээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ц.Одончимэг гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.

Харин давж заалдах шатны шүүх иргэний нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд дор дурдсан 2 үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон бөгөөд тус шүүхийн дүгнэлт, шийдэл хууль зүйн үндэслэлгүй болох нь дараах байдлаар тайлбарлагдана.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар хэргийг сэргээн шалгах шаардлагатай гэх дүгнэлт үндэслэлгүй, Давж заалдах шатны шүүх тус дүгнэлтийг хийж, шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталж, тус хуулиар 2015 оны Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгах асуудлыг хуульчлан зохицуулсан.

Анхан шатны шүүх Г.Дг 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байхад давж заалдах шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийг 2015 оны Эрүүгийн хуультай адилтган, өөр өөр хуулийг нэг хууль мэтээр дүгнэж буюу Дагаж мөрдөх журмын тухай хуульд заагаагүй хуулийг дагаж мөрдөх” дүгнэлтийг хийн шийдвэр гаргасан нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хууль зүйн шаардлагыг хангаагүй, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн.

1.Прокурорын хяналтын шатанд прокурорын тогтоолуудаар ... нарын үйлдлийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, ЭХХШХ-ийг ноцтой зөрчин хэргийг хэрэгсэхгүй болгосон алдааг залруулах шаардлагатай гэх дүгнэлт үндэслэлгүй бөгөөд Давж заалдах шатны шүүх ЭХХШХ-ийг ноцтой зөрчин энэхүү дүгнэлтийг хийж, шийдвэр гаргасан. Учир нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй ЭХХШХ-ийн 34.7 дугаар зүйлийн заалтаар яллах чиг үүргийг гагцхүү прокурор хэрэгжүүлэхийг, мөн хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтаар “Прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотолно” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.20 дахь хэсэгт “талууд гэж ... яллах, өмгөөлөх чиг үүрэг хэрэгжүүлэгчийг ойлгоно гэж, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.37 дахь хэсэгт “яллах тал гэж прокурорыг ойлгоно” хэмээн хуульчилсан бөгөөд Давж заалдах шатны шүүх яллах тал-прокурорын “яллахгүй”, “гэм буруутайг нь шүүхийн өмнө нотлохгүй” хэмээн прокурорын хяналтын шатанд хэргийг нь хэрэгсэхгүй болгосон этгээдүүдийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг буруутган Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь ШҮҮХ өөрт хуулиар олгогдоогүй яллах чиг үүргийг хэрэгжүүлсэн, ЭХХШХ-ийн 1.15 дугаар зүйл, 34.19 дүгээр зүйлийн заалтаар тогтоосон “прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг нотлоогүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох”, “яллагч яллахаас татгалзсан бол гэм буруутайд тооцохгүй байх” зарчим, журмыг буюу ЭХХШХ-ийг ноцтой зөрчсөн зөрчил болно.

Дээрх үндэслэлээр Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хууль зүйн шаардлагыг хангаагүйн зэрэгцээ Анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн шаардлага, татгалзал, тайлбарыг үндэслэн иргэний нэхэмжлэлийг ИХШХШХ-аар тогтоосон журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. Учир нь:

Анхан шатны шүүх дээр дурдсанчлан прокуророос Г.Дд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийг хүрээнд хэргийг шийдвэрлэж, ЭХХШХ-ийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтаар иргэний ЭХХШХ-ийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 1.5-д зааснаар ЭХХША явуулж болохгүй тохиолдол үүссэний улмаас иргэний хариуцагчийн иргэний нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг зөв тогтоолгох, түүнтэй холбоотой баримт дээр маргах эрх дуусгавар болсон тул Прокуророос хуульд заасан эрх хэмжээнийхээ дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх ч мөн хуульд заасан журмын дагуу хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй;

Дээр дурдсанчлан, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлийн шаардлагын хэмжээн дээр маргах эрхээ /ШД-үүдийг эс зөвшөөрч, дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах гэх мэт/ хэрэгжүүлэх хууль зүйн боломжгүй болсон тул Анхан шатны шүүх тухайн асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр шийтгэх тогтоолдоо дурдсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон;

Иргэний хариуцагч давж заалдах гомдолдоо иргэний журмаар шийдвэрлүүлэх асуудлыг зөвшөөрч байгаа атлаа нэхэмжлэлийн шаардлагын дүнгээ магадлалд тусгуулах гээд байгаа нь ИХШХШХ-аар тогтоосон мэтгэлцэх эрхийг зөрчихүйц асуудал болно гэж үзэж байна. Энэ хэрэг анхнаасаа Иргэний хэргийн шүүхийн эрх хэмжээнд хэт халдаж, нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон Шүүгчийн захирамжийг хууль бусаар хүчингүй болгох замаар бусдыг эрүүгийн хариуцлагад татсан байдалд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай юм;

Иргэний нэхэмжлэгч прокурорын 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр гаргасан тогтоолуудад гомдол гаргаагүй нь тухайн тогтоолуудыг хүлээн зөвшөөрснийг нотолж буй бөгөөд энэ нь түүний давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг үгүйсгэнэ.

Гомдлыг хянан үзэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/959 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, ЭХХШХ-ийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тус шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ДШМ/331 дугаар магадлалыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон ахлах прокурор О.Мөнхбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Дд холбогдох хэргийг хянан хэлэлцсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэргийн бодит байдал, үйл баримтад нийцсэн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг 2015 оны Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд ойлголтын зөрүүгүйгээр хуульчилсан байх тул Эрүүгийн хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Д, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ц.Одончимэг нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.Дд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 202 дугаартай яллах дүгнэлтээр Г.Дг Монгол улсын тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Тэргүүн шадар сайдын тушаалаар Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгслийг жинлэх 150 тонны даацтай хэмжилтийн пүүг худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, өөрийн төрсөн эгч Г.У, найз Н.Э нарын нэрээр үүсгэн байгуулсан өөрийн хамаарал бүхий “Эн Ай Ди Би” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж, 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 135.292.300 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулж, түүний үндсэн эд ангиудын үнэ эрс нэмэгдсэн гэх үндэслэлээр 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр үнийн дүнг өсгөж, 199.792.300 төгрөгийн үнийн дүнтэй нэмэлт гэрээг байгуулан уг хэмжээний санхүүжилтийг “Эн Ай Ди Би” ХХК-иар дамжуулан авч, улмаар 62.676.000 төгрөгөөр чанар, ашиглалтын шаардлага хангахгүй авто пүүг Замын-Үүд Эдийн засгийн чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт барьж байгуулан, 2010 оны 10 дугаар сарын 7-ны өдөр өөрийн ахалсан ажлын хэсгээр акт үйлдэн хүлээн авч, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн ажлын албанд хүлээлгэн өгч, улсад 137.116.300 төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан, 

мөн Г.Д нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Эрдэнэс Таван толгой Төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор урвуулан ашиглаж, “Эрдэнэс Таван толгой” ХК-иас 2013 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр нээхээр товлон зарласан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад гэх газарт Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерт эхнэр Г.Уын нэрээр иргэн Д.Бтай хамтран худалдан авсан “Говь повер” ХХК-ийг оролцуулж, хууль бусаар сонгон шалгаруулахын тулд гүйцэтгэх захирал Я.Биар тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг өөрчлүүлэн нарийн бичгийн даргаар нь өөрийн төрсөн эгч Г.Угийн хамтран амьдрагч, тус компанийн Худалдан авалт ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Тг томилсон тушаалыг 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргуулахаар Я.Бд нөлөөлсөн, улмаар дээрх сонгон шалгаруулалтанд оролцогчдын шударгаар өрсөлдөх, шалгарах боломж нөхцлийг хаасан, “Говь повер” ХХК-нд давуу байдал олгосон тендерийн баримт бичгийг Г.Тгээр боловсруулах үүрэг өгч, хууль бусаар зохион байгуулах ажлыг гүйцэтгүүлж, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4 дэх хэсэгт заасныг зөрчин тухайн компанийг хууль бусаар сонгон шалгаруулахаар нөлөөлсөн. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Биар “Говь повер” ХХК-тай 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх 17.7 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээг байгуулуулж, гэрээний урьдчилгаа хэлбэрээр “Эрдэнэс таван толгой” ХК-иас 2013 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс мөн оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 700.000.000 төгрөгийг “Говь повер” ХХК-нд шилжүүлэхээр Я.Бд нөлөөлсөн, 

2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Монгол улсын Засгийн газраас Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн гаалийн бүс байгуулах тухай тогтоол гарч, “Эрдэнэс таван толгой” ХК нь цаашид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт гаалийн хяналтын бүсийн үйлчилгээг авах шаардлагагүй болсны улмаас “Говь повер” ХХК-тай байгуулсан дээрх гэрээг цуцалсан байхад “Говь повер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бгаар гэрээ цуцалсантай холбогдуулан тус компанид гаалийн хяналтын бүсийн талбай, техник тоног төхөөрөмж зэрэг үндсэн хөрөнгө, түүнд оруулсан хөрөнгө оруулалтын зардал, ирээдүйд олох байсан ашиг, алдагдал зэрэг нийт 7.413.055.365 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхийг шаардсан хууль бус нэхэмжлэлийг шүүхэд гаргуулахаар нөлөөлсөн, улмаар Я.Бийн 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэлээр томилогдсон тус компанийн Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Ш.Бадмаараг, Т.Төгсбаяр нарыг тус иргэний хэргийн шүүх хуралд оролцуулж, “Эрдэнэс Таван толгой” ХК нь “Говь повер” ХХК-ийн нэхэмжилсэн 7.413.055.365 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагыг бууруулсан дүн болох 5.328.916.262 төгрөг буюу гэрээний урьдчилгаанд төлсөн 700.000.000 төгрөгийг хасаж үлдэх 4.835.164.509 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын алдагдалд нэхэмжилсэн 412.495.807 төгрөгийн 50 хувь буюу 206.248.247 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн байдлаар хууль бус Эвлэрлийн гэрээг байгуулуулсныг үндэслэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1473 дугаар шүүгчийн захирамж гарсны улмаас “Эрдэнэс Таван толгой” ХК нь “Говь повер” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг дуусталх хугацаанд 4.688.482.022 төгрөгийг бодит байдлаар төлж, “Эрдэнэс таван толгой” төрийн өмчит хувьцаат компанид нийт 5.388.482.022 төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан гэж дүгнэн, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Дг давтан үйлдлээр төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн” үндэслэлээр шүүгдэгч Г.Дг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд “2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгана.” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Г.Дд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 84, 85, 86, 87 дугаар тогтоолуудаар яллагдагч Я.Б, Г.Т, Т.Тө, Д.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч Г.Дд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.гэсэн зарчимд нийцээгүй, шилжүүлсэн хэргийн хүрээнээс хальсан шийдвэр гаргасан байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 959 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 331 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Г.Дд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүхэлдэхүүн шийдвэрлэв.

Ийнхүү шүүгдэгч Г.Дд холбогдох хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх нь прокуророос Я.Б, Г.Т, Т.Т, Д.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.8 дугаар зүйлд заасан үндэслэлээр сэргээн шалгах эсэхийг шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй тул шүүгдэгч Г.Д, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ц.Одончимэг нарын хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан шүүгдэгчийн гэм буруу болон гэм хорын хохирлын асуудлаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 959 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 331 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Г.Дд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Г.Дд урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                          ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                          ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                               С.БАТДЭЛГЭР

                                                                                                               Б.БАТЦЭРЭН           

                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН