Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2018/0445

 

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2018/0445

Улаанбаатар хот

 

Д.Н, Б.Ж, Я.А нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, гуравдагч этгээд Л.П-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Доржсүрэн нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0234 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарын давж заалдах гомдлын дагуу Д.Н, Б.Ж, Я.А нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн газрын албанд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар: “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н, Б.Ж, Я.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн газрын албанаас иргэн Д.Д-гийн нэр дээр 18647311594457 гэх нэгж талбарын дугаараар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Дандарбаатарын гудамж хаягт байрлах 272 м.кв эдлэн газрыг улсын бүртгэлд бүртгэсэн үйлдлийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаар захирамжийн иргэн Л.П-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр захирамжийг хүчингүй болгож Ц.Б, Д.Ж, Г.С нарт эзэмшүүлсэнтэй адил нөхцөл байдлаар иргэн Д.Н, Б.Ж, Я.А нарт амины орон сууцны зориулалтаар тус тус газар олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо: “...Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны Барилгын байршил тогтоох тухай 54 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгоогүй. ...Нэхэмжлэгч нарын хууль ёсны эзэмшил газар гэж ерөөсөө байгаагүй байтал анхан шатны шүүх 54 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгосон хэмээн дүгнэж шийдвэрлэж буй явдалд гомдолтой байна.

...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаар захирамжаар 272 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг Л.П-д олгох үед тус газар нь хэн нэгний хууль ёсны эзэмшилд шилжээгүй, гэрээ, гэрчилгээ олгогдоогүй, хэн нэгний эзэмшил газартай давхцаагүй байсан. Л.П нь хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох баримт материалуудыг бүрдүүлэн хүсэлтээ гаргаж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн үндсэн дээр тус газрын эзэмших эрхийг олж авсан байтал бусдын эзэмшил газартай давхцуулан Л.П-д газар эзэмших эрх олгосон хэмээн үзэж, хэргийг шийдвэрлэж буйд гомдолтой байна.

2008 онд Л.П-д анх газар эзэмших эрх олгох үед уг газар нь хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон тухайн сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар биш байсан. Тиймээс Л.П-д эзэмшүүлэх шийдвэр нь хуулиар тогтоосон эрх хэмжээ, чиг үүргээ зөрчөөгүй байтал шүүх төлөвлөгдсөн эсэхийг тогтоолгүйгээр бичгэн нотлох баримтад үндэслэлгүйгээр хэргийг шийдсэнд гомдолтой байна. Газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 142 дугаар захирамжийг утга агуулгын хувьд алдаатай гэж үзэж буй нь өөрөө харин эрх зүйн үндэслэлгүй юм.

Шинжээч нэхэмжлэгч нар эзэмшүүлсэн гэх газар нь кадастрын зураг байхгүй, газрын кадастрын мэдээллийн санд ороогүй, газрын байршил, хил зааг, эргэлтийн цэгүүдийг тогтоосон акт байхгүй, газар нь Л.П-ын газартай давхцаж байна гэж тогтоох буюу үзэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан.

Нэхэмжлэгч нарын зүгээс 2006 онд газар эзэмших хүсэлт гаргасан газрын байршлын зургуудаас харахад Л.П-ын эзэмшиж буй газар дээр газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй болох нь харагдана. Нэхэмжлэгч нар нь хуучин хашааны газраа одоо ч эзэмшиж байгаа. Тийм байхад нэхэмжлэгч нарт шинээр газар эзэмшүүлэхийн тулд бусдыг эзэмшил газрын хүчингүйд тооцож буй анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй бөгөөд иргэн Л.П-ын эрх ашгийг хохирооход хүргэж байна.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 278 дугаар шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2009 оны 372 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2010 оны 12 дугаар тогтоолд нэхэмжлэгч иргэдийн эзэмших ёстой гэх газар нь Л.П-ын эзэмшил газартай давхцаж байгаа болохыг тогтоосон, мөн нэхэмжлэгч нарт газар олгохдоо Л.П-ын газраас авч өгөх, нэхэмжлэгч нарын эзэмших газрын хэмжээ байршил, эргэлтийн цэгийг нарийн тогтоогоогүй байтал өмнө шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын дагуу нэхэмжлэгч нарт газар олгохдоо Л.П-ын эзэмшил газрыг хүчингүй болгох замаар шийдэж байгаа нь хууль ёсны шударга байдалд огтхон ч нийцэхгүй байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0234 дугаар шийдвэрийг хүчингүйд тооцож, Д.Н, Б.Ж, Я.А нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э давж заалдах гомдолдоо: “...Маргаан бүхий уг захирамжийн 1 дүгээр хавсралтаар тус дүүргийн 16 дугаар хороо, 8 дугаар цэцэрлэгийн зүүн урд амины орон сууцны зориулалтаар 272 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар Л.П-д эзэмшүүлсэн. Хариуцагчаас дээрх газрыг эзэмшүүлэхдээ иргэний гаргасан хүсэлт түүнд холбогдох баримтуудыг үндэслэн шийдвэр гаргасан.

Дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай А/638 дугаар захирамжаар иргэн Л.П-ын эзэмшлийн дээрх газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгаж, 2008 оны 142 дугаар захирамжийн Л.П-д холбогдох хэсэг, 0162912 тоот гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

...Нэгэнт хариуцагчийн шийдвэрээр хүчингүй болж, үйлчлэл нь дуусгавар болсон захирамжийн холбогдох хэсгийг анхан шатны шүүх илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй

...Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 54 дүгээр тогтоолын дагуу өөрсдийн эзэмшилд хамаарах газар гэж үзэж байх бөгөөд тус тогтоолоор ажилчдын орон сууцны барилга барихад зориулж газрын байршил тогтоосноос бус нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгоогүй. Нэхэмжлэгч нар анх 2006 оноос газар эзэмших хүсэлтээ нийслэлийн Газрын албанд хандаж гаргаж байсан ба нийслэлийн Засаг даргын 2007 оны 131 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нарт барилгын сууриар нь газар эзэмших эрх олгосон байдаг. Энэ үед нэхэмжлэгч нарт олгосон газар нь гуравдагч этгээдийн эзэмшил газартай ямар ч хамааралгүй байсан тул анхан шатны шүүхээс давхцуулан олгосон гэж дүгнэж буй нь үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг буруу баримталсан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулав.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар хүсэлт гаргасан байх бөгөөд Улсын дээд шүүх 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар тогтоолоор “...Захиргааны хэргийн шүүхээс маргааныг хянан шийдвэрлэх үед Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаар захирамжаар гуравдагч этгээд болох иргэн Л.П-ын эзэмшиж буй газар нь “нэхэмжлэгч нарын газартай давхцалгүй” гэх үндэслэлээр уг захирамжийн иргэн Л.П-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ...нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтаар гуравдагч этгээдийн эзэмшлийн газар нь нэхэмжлэгч нарын шүүхийн шийдвэрийн дагуу нэмж эзэмших ёстой газартай давхцалтай байх бөгөөд энэ нь хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч болон тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүнд мэдэгдээгүй, мэдэх боломжгүй байсан буюу шүүхийн шийдвэр гарсны дараа илэрч, мэдэгдсэн, хэргийн шийдэлд нөлөөлөхүйц баримт байх тул хэргийг анхан шатны журмаар зайлшгүй дахин хэлэлцэхэд хүргэх шинэ нөхцөл байдал бий болсон ...” гэх үндэслэлээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 229 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 284 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 228 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаажээ.

Тус хэргийг анхан шүүхийн шүүгч дангаар хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.6-д “Шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоосон нөхцөлд шүүхийн урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасантай нийцсэн байна.

Улсын дээд шүүхээс шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр хэргийг буцаасны дараа буюу 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б “...Д.Д гийн нэр дээр Нийслэлийн кадастрын зураглалын мэдээллийн санд 18647311594457 дугаар нэгж талбар үүсгэж бүртгэл хийж баталгаажуулсан үйлдлийг илт хууль бус гэж тооцуулах”, “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 142 дугаар захирамжийн Л.П-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах”, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 204 дүгээр захирамжийн иргэн Д.Н-д 256 м.кв, Б.Ж-д 192 м.кв, Я.А-д 182 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар олгосон хэсгийг хүчингүй болгож Ц.Б 268 м.кв, Д.Ж 319 м.кв, Г.С-д 445 м.кв газрыг амны орон сууцны зориулалтаар эзэмшихийг хүлээн зөвшөөрч, эзэмшүүлсэнтэй адил нөхцөл байдлаар иргэн Д.Н, Б.Ж, Я.А нарт газар эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Тэрээр 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны эхэнд “Д.Д-гийн нэр дээр Нийслэлийн кадастрын зураглалын мэдээллийн санд 18647311594457 дугаар нэгж талбар үүсгэж, бүртгэл хийж баталгаажуулсан үйлдлийг илт хууль бус гэж тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагыг дурдаагүй ч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагын талаар дэлгэрэнгүй тайлбар гаргахдаа иргэн Д.Д-гийн нэр дээр Нийслэлийн кадастрын зураглалын мэдээллийн санд 18647311594457 дугаар нэгж талбар үүсгэж бүртгэл хийж баталгаажуулсан үйлдлийг зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбарласан байх тул нэхэмжлэлийн уг шаардлагаас татгалзаагүй, мөн нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, өөрчлөөгүй байна гэж үзлээ.

Нэг. “Иргэн Д.Д-гийн нэр дээр 18647311594457 дугаар нэгж талбар үүсгэн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн үйлдлийг илт хууль бусад тооцуулах” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан “...Баянзүрх дүүргийн Газрын алба ...2004-2006 онуудын “Кадастрын зураглал, газрын бүртгэл” төслийн үйл ажиллагааны үеэр 0.4 га газар дахь нэр бүхий 6 иргэний орон сууцны зүүн талын харалдаа кадастраар орох, гарах гарц бүхий гудамжны нүүрэн талын шугамаар ерөнхий хил, заагийг тогтоож, дахин баталгаажилтад хамрагдсан эдэлбэр газрыг иргэдэд оноосон хил, заагаар хуваарилахдаа нэхэмжлэгч 3 иргэний хуваарьт газраас 272 м.кв газрыг ...таслан авч уг захирамжид огт хамаарахгүй этгээд болох Д.Д-гийн нэр дээр кадастрын 18647311594457 нэгж талбар үүсгэн Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж, архивласан явдал нь хуулиар эрх хэмжээ олгогдоогүй этгээд хуулийн дээгүүр давж үйлдэл хийсэн тул уг үйлдлийг илт хууль бусад тооцуулах шаардлагатай...” гэх тайлбар үндэслэлтэй байна.

Улаанбаатар хотын Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 54 дүгээр тогтоолоор Эрүүл мэндийн яам, Хотын барилга трестийн 15 айлын орон сууцны дан барилгыг туршилтын журмаар барихад зориулан Найрамдал дүүргийн /хуучнаар/ Орон сууц гудамжны 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4 га газрыг олгожээ. Нэхэмжлэгч Д.Н 399 м.кв, Я.А 270 м.кв, Б.Ж 384 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмших тухай хүсэлтийг 2006 онд Нийслэлийн газрын албанд гаргасан байна.

Харин Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 131 дүгээр захирамжаар “Баянзүрх дүүрэг 16 дугаар хорооны нутаг дэвгэрт” гэж байршлыг зааж, амины орон сууцны зориулалтаар Д.Н-д 73 м.кв, Я.А-д 60.5 м.кв, Б.Ж-д 48 м.кв газрыг тус бүрт нь орон сууцны суурийн хэмжээгээр эзэмшүүлсэн, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 217 дугаар захирамжаар Б.Ж-ийн эзэмшил газрын хэмжээг 66 м.кв болгон нэмэгдүүлжээ.

Үүний дараа нэхэмжлэгч нар бусад 3 иргэний хамт Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 131 дгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг, 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 217 дугаар захирамжийн холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийг сэргээх шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 278 дугаар шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 372 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаар тогтоолоор тус тус хангаж шийдвэрлэсэн байна.

Тус шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд Нийслэлийн Засаг дарга 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар Д.Н-д 256 м.кв, Б.Ж-д 192 м.кв, Я.А-д 182 м.кв газрыг тус тус эзэмшүүлж шийдвэрлэхдээ хүсэлт гаргасан газар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаар захирамжаар Л.П-д эзэмшүүлсэн газартай давхацсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарт хүсэлтэд дурдсан хэмжээгээр газар эзэмшүүлээгүй нь хууль бус байх бөгөөд Л.П-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргах үндэслэл болсон иргэн Д.Д-гийн нэр дээр 18647311594457 дугаар нэгж талбар үүсгэж, газрын кадастрын мэдээллийн санд  бүртгэсэн үйлдэл илт хууль бус байна.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т Газрын улсын бүртгэл” гэж тодорхой хил заагаар бусад газраас тусгаарлагдсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эдлэн газрыг эзэмших, ашиглах эрх, түүний шилжилтийг бүртгэж, баталгаажуулах үйл ажиллагааг”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэнэ” гэж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж, 32 дугаар зүйлийн 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана”, 32.2.1-д “овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар”, 32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг” гэж тус тус хуульчилжээ.

Хавтаст хэрэгт цугларсан баримтаас үзвэл иргэн Д.Д нь тухайн газрыг эзэмших талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж хүсэлт гаргаж байгаагүй, эрх бүхий этгээдээс түүнд маргаан бүхий газарт газар эзэмшүүлэх шийдвэр гараагүй, эрх бүхий этгээдтэй байгуулсан газар эзэмших тухай гэрээ байгуулагдаагүй, эрхийн гэрчилгээ олгогдоогүй болох нь тогтоогдсон байх тул 1991 онд Эрүүл мэндийн яам, Хотын барилга трестийн 15 айлын амины орон сууцны барилгыг барьж байсан ажилчдын амрах байрны зориулалттай байшинг ашиглаж, манаачаар ажиллаж байсан Д.Д-гийн нэр дээр 272 м.кв газрыг 18647311594457 нэгж талбарын дугаараар газрын мэдээллийн санд бүртгэсэн Баянзүрх дүүргийн газрын албаны бүртгэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д ”захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэлд хамааруулж, уг бүртгэлийг “илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдвэр зөв байна.

Хоёр. “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаар захирамжийн иргэн Л.П-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “... 2008 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл”-ээр халхавчлан энэ хэлцэл дээрээ иргэн Д.Т-гээр ... гэж бичүүлж гарын үсэг зуруулан газар худалдсан гэсэн баримт үйлдэж ... хавсаргасан хэлцлийг үндэслэж, ... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаар захирамж гарсан, ... Давхцал бий болсон тухайн газар нь Улаанбаатар хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий, сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт хамаардаг ... Баянзүрх дүүргийн Засаг дарга тухайн хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчиж, бүрэн эрхээ хэтрүүлж, ... Нийслэлийн Засаг даргад хуулиар олгогдсон бүрэн эрхэд хууль бусаар халдсан ... дүүргийн газар зохион байгуулалтын 2008 оны төлөвлөгөөнд  тус газар аж ахуй нэгж, байгууллага, иргэнд 2008 онд эзэмшүүлж болохоор тусгагдаагүй, заагдаагүй ...” гэж тайлбарлан маргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл хууль ёсоор газар эзэмших эрх үүсээгүй буюу газар эзэмших талаар хуульд заасан журмын дагуу хүсэлт гаргаж байгаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, гэрээ байгуулаагүй иргэн Д.Д, түүний охин Д.Т Л.П нарын хооронд 2008 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, нэгж талбарын 18647311594457 дугаартай 272 м.кв газрыг худалдах, худалдан авах хэлцэл,  иргэн Д.П-ын 2008 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн газар шилжүүлэхийг хүссэн өргөдөл, хэлцлийг гэрчилсэн нотариатын баримт,  2008 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн нэгж талбарын 18647311594457 дугаар газрын кадастрын зураг, түүний хавсралт дахь Д.Д, Д.Т, Л.П нарын иргэний үнэмлэх зэрэг баримтуудыг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг дарга 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 8 дугаар цэцэрлэгийн зүүн урд байршилд амины орон сууцны зориулалтаар 272 м.кв газрыг Л.П-д эзэмшүүлж шийдвэрлэсэн нь илэрхий алдаатай шийдвэр болжээ.  

Анхан шатны шүүх “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.3-т “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэж заасны дагуу тус газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар Нийслэлийн Засаг дарга шийдвэр гаргахаар байхад Баянзүрх дүүргийн Засаг дарга эрх хэмжээгээ хэтрүүлэн Л.П-д газар эзэмших эрх олгосон шийдвэр гаргасан нь хууль бус” гэх агуулга бүхий дүгнэлтийг хийсэн нь  буруу биш байна.

Баянзүрх дүүргийн Засаг дарга тухайн үед Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу Л.П-ын эзэмшихээр хүсэлт гаргасан газар бусдын эзэмшиж, ашиглаж байгаа болон эзэмшиж, ашиглахаар хүсэлт гаргасан газартай давхцаж байгаа эсэх, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн аж, ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор тусгагдсан байна” гэж заасны дагуу тухайн жилийн дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх, өмнөх эзэмшигч Д.Д Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу эрхийн гэрчилгээ бүхий газар эзэмшигч мөн эсэхийг, тэрээр газар эзэмшүүлэх гэрээ байсан эсэхийг буюу хууль ёсоор газар эзэмшиж байсан эсэхийг тодруулж, нягтлах үүргээ хэрэгжүүлсэн бол Улаанбаатар хотын Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 54 дүгээр тогтоолоор Эрүүл мэндийн яам, Хотын барилга трестийн 15 айлын орон сууцны дан барилгыг туршилтын журмаар барихад зориулан Найрамдал дүүргийн /хуучнаар/ Орон сууц гудамжны 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4 га газрыг олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн хүрээнд нэхэмжлэгч нар 2006 оноос тухайн газрыг эзэмших талаар Нийслэлийн Засаг даргад хандаж, зохих шийдвэрүүд гарсныг, тус газарт газар эзэмшүүлэх шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргахаар хуульчлагдсаныг, мөн нэхэмжлэгч нар тус газрыг эзэмших талаар 2013 оны 06 дугаар сард захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсныг мэдэх боломжтой байжээ.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн Засаг дарга 2008 оны 142 дугаар захирамжаар Л.П-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа газар эзэмших эрхийг шинээр олгож байгаа болон газар эзэмших эрхийг шилжүүлж байгаа талаар заагаагүй байх тул хариуцагчийн “газар эзэмших эрх шинээр олгосон” гэх тайлбар үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана”,  9.1.1-д “захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай”, 9.1.3-т “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан” гэж хуульчилсны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаар захирамжийн Л.П-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн нь үндэслэлтэй байна.

Гурав: “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ц.Б, Д.Ж, Г.С нарт эзэмшүүлсэнтэй адил нөхцөл байдлаар иргэн Д.Н, Б.Ж, Я.А нарт амины орон сууцны зориулалтаар тус тус газар олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б “... Улаанбаатар хотын Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 54 дүгээр тогтоолоор Эрүүл мэндийн яам, Хотын барилга трестийн 15 айлын орон сууцны дан барилгыг туршилтын журмаар барихад зориулан Найрамдал дүүргийн /хуучнаар/ Орон сууц гудамжны 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4 га газрыг олгосон нэхэмжлэгч нараас бусад айлуудад эзэмшүүлсэн газартай үргэлжлүүлэн эзэмшсэн хэмжээг нүүрэн талын эгнээтэй зэрэгцүүлэн “... Ц.Б, Д.Ж, Г.С нарт эзэмшүүлсэнтэй адил нөхцөл байдлаар иргэн Д.Н, Б.Ж, Я.А нарт амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхийг даалгах” шаардлагыг гаргасан, анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны явцад тус нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад “бусад оршин суугчдын эзэмшиж буй газартай үргэлжлүүлэн эзэмшсэн хэмжээг нүүрэн талын эгнээтэй зэрэгцүүлээд эзэмшүүлэх боломжтой, маргаан гарахгүй ... ” гэж тайлбарласан байна.

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд амины орон сууцны зориулалтаар Д.Н-д 73 м.кв, Б.Ж-д 60.5 м.кв, Я.А-д 60.5 м.кв газрыг амины орон сууцны суурийн хэжээгээр эзэмшүүлж шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 131 дүгээр захирамж, Б.Ж-д амины орон сууцны зориулалттай эзэмшил газрын хэмжээг 66 м.кв болгон нэмэгдүүлж, гарашийн үйлчилгээний зориулалтаар 66 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 217 дугаар захирамжийг  хүчингүй болгож, “бусдад газар эзэмшүүлсэнтэй адил нөхцөл байдлаар иргэн Д.Н, Я.А, Д.Ж, ... нарт газар эзэмшүүлэх асуудлыг хянаж, шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны  08 дугаар сарын 20-ны өдрийн 278 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 372 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ ...”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т “Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байна” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг дарга 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нарт газрын хэмжээг нэмэгдүүлж эзэмшүүлэхдээ хүсэлт гаргасан газар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаар захирамжаар Л.П-д эзэмшүүлсэн газартай давхацсан гэсэн үндэслэлээр газрын хэмжээг нэхэмжлэгч нарын хүссэн хэмжээгээр нэмэгдүүлж шийдвэрлээгүй нь хууль бус, үндэслэлгүй, тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул шүүх Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр захирамжийн иргэн Д.Н, Б.Ж, Я.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь, Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7-д “газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах”, 30 дугаар зүйлийн 30.1.8-д “... дүүргийн Засаг даргын шийдвэр хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавих”, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан ... газрын тухай хууль тогтоомж зөрчсөн бол ... түүнийг дээд шатны байгууллага, албан тушаалтан ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 142 захирамжийг хүчингүй болгож, улмаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгч нарт бусад газар эзэмшигч нартай адил нөхцлөөр газар эзэмшүүлэх боломжтой байжээ.

Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга хуульд заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 142 дугаар захирамж, газрын тухай хуульд нийцсэн эсэхийг буюу өөрөөр хэлбэл, тус газрыг өмнө нь эзэмшиж байсан Д.Д-д хууль ёсоор газар эзэмших эрх үүссэн байсан эсэх, дүүргийн Засаг даргад тус газрыг эзэмшүүлэх талаар шийдвэр гаргах эрх хуулиар олгогдсон эсэх, нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан, маргасан үндэслэл, шалтгаан нөхцлийг нягтлан шалгаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 142 дугаар захирамжийг хүчингүй болгох замаар нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх боломжтой байжээ.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны  278 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2009 оны 372 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 12 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 217 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарт орчны газрыг бусдад эзэмшүүлсэнтэй адил нөхцөл байдлаар эзэмшүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр, нэхэмжлэгч нараас тухайн газрыг эзэмшихээр 2006 оноос эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж хүсэлт, гомдол гаргасан, түүнчлэн “нэхэмжлэгч нарын эзэмшихээр хүсэлт гаргаж буй газарт газар эзэмших талаар хүсэлт гаргаж байгаагүй, эрхийн гэрчилгээгүй, газар эзэмших талаар гэрээ байгуулаагүй” иргэн Д.Д-гийн “кадастрын зураг, газар худалдах, худалдан авах тухай гэрээ” зэрэг баримтуудыг үндэслэн гуравдагч этгээд Л.П-д газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 142 дугаар захирамж дээр дурдсан үндэслэлүүдээр илт хууль бус болох нь тогтоогдсон, илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэл үзүүлэх болон үр дагавартай байх боломжгүй, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн 1/2185 дугаар албан бичиг, түүний хавсралт зургууд[1], Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр захирамжийг дээр дурдсан үндэслэлээр шүүх хүчингүй болгож шийдвэрлэж байх тул Нийслэлийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Ц.Б, Д.Ж, Г.С нарт эзэмшүүлсэнтэй адил нөхцөл байдлаар нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Д.Н, Б.Ж, Я.А нарт бусад оршин суугчдын эзэмшиж буй газартай үргэлжлүүлэн, тэдгээрийн нүүрэн талын эгнээтэй зэрэгцүүлэн газар эзэмшүүлсэн хэмжээгээр амины орон сууцны зориулалтаар тус тус газар эзэмшүүлэх боломжтой гэж үзлээ.

Иймд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 142 дугаар захирамж нь өөрөө утга агуулгын хувьд алдаатай байх ямар нэгэн үндэслэл тогтоогдохгүй байна ... Л.П-ын эзэмшил газар нь хэн нэгний эзэмшил газартай давхцаагүй ... өмнөх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын дагуу нэхэмжлэгч нарт газар олгохдоо Л.П-ын эзэмшил газрыг хүчингүй болгох замаар шийдэж байгаа нь хууль ёсны шударга байдалд огтхон ч нийцэхгүй ...” гэх, хариуцагч Баянзрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэгэнт хариуцагчийн шийдвэрээр хүчингүй болж, үйлчлэл нь дуусгавар болсон захирамжийн холбогдох хэсгийг анхан шатны шүүх илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ...” гэх гомдлуудыг тус тус хүлээн авах боломжгүй байна.

Анхан шатны шүүх 2003 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 /Аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу олгогдсон эдлэн газрыг улсын бүртгэлд бүртгэнэ/ дэх заалтыг шийдвэрийнхээ тогтоох хэсэгт баримталсан нь буруу болсон байх тул уг зүйл заалтыг хасч, мөн Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14, 3.10, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.3, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 30 дугаар зүйлийн 30.1.8, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийн зүйл, заалтуудыг тус тус нэмж өөрчлөн, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0234 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаас “...Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1...” гэснийг хасч, “...Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14, 3.10...” гэж, “...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.3, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 30 дугаар зүйлийн 30.1.8...” гэснийг нэмсэн өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Л.П-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                   

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

                                    ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

                                    ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 


[1] 4хх-238-242