Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2025/ДШМ/1390

 

2025            12          08                                                                       2025/ДШМ/1390

Б.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Бичинхүү,

шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/2190 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Бичинхүүгийн бичсэн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 26 дугаар эсэргүүцэл, хохирогч А.А-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Г-т холбогдох эрүүгийн 2405000000014 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн Б-гийн Г- /РД: Б-/, ........,

Урьд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 356 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 496 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэгдэж байсан.

Шүүгдэгч Б.Г- нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр байрны подвальд хохирогч А.А-ыг хардалтын улмаас зодож, улмаар түүний эрүүл мэндэд нойр булчирхайн няцрал, нарийн бүдүүн гэдэсний  няцрал, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овогт Б-гийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Г-т 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийн цагдан хоригдсон 75 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногийн хорих ялаар тооцож, түүний эдлэх торгох ялаас 75*15000=1,125,000 төгрөгийг хасаж, торгох ялын хэмжээг 18,875,000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-т оногдуулсан 18,875,000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г- нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-өөс 9,000,000 төгрөг төлснийг дурдаж, 14,010,191 төгрөгийг гаргуулж хохирогч А.А-ад олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г-өөс 48,000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.А-ын нэхэмжилсэн өмгөөлөгчийн зардал 3,000,000 төгрөг, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас авсан 6,540,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Б.Г-өөс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, даруй суллаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн кейстэй Самсунг А-4 маркийн гар утсыг хохирогч А.А-ад, Самсунг А маркийн гар утсыг шүүгдэгч Б.Г-т тус тус буцаан олгож, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгаж, тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор С.Бичинхүү эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/2190 дугаар шийтгэх тогтоолыг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагыг хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, Мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж тус тус хуульчилсан. Шүүхээс Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно.” гэж зааснаар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг хохирол нөхөн төлөхөөр ажлын 5 өдрийн хугацаагаар завсарлуулсан боловч тэрээр хохирогч А.А-ад учруулсан бодит хохирол буюу хохирогчоос гаргаж өгсөн баримтын хүрээнд хохирлыг нөхөн төлсөн боловч хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байна. Хэдийгээр хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч хэрхэн төлөх нь тогтоогдоогүй буюу шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирол болон торгуулийг хэрхэн төлөх нь тогтоогдохгүй байна. Улсын яллагчаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэн шүүгдэгч Б.Г-т 4 жилийн хорих ял оногдуулах саналыг шүүхэд танилцуулсан. Гэтэл шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийг 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Хэдийгээр анхан шатны шүүхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг сонгон оногдуулсан боловч шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь “...шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон”, 2.4 дэх заалтад “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхээс улсын яллагчаас гаргасан саналыг үгүйсгэж, торгох ялыг оногдуулсан үндэслэлийг тайлбарлаагүй, мөн хохирогч А.А-ын сэтгэцэд учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй ба төлөгдөх боломж нотлогдоогүй байхад торгох ял оногдуулсан нь шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна. Түүнчлэн Б.Г- урьд нь 2 удаа шүүхээр хорихоос өөр төрлийн ял шийтгүүлж байсан, үүний дотор хүний эрүүл мэндэд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт шийтгүүлсэн боловч засрал хүмүүжил олоогүй, дахин хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байхад дахин торгох ял оногдуулах нь түүний хувийн байдалд тохироогүй болохыг тэмдэглэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “дүгнэлт нь... ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэж заасанд хамаарч байх бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, мөн шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэлээ. Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, мөн зүйлийн 1.3 дахь заалтад “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/2190 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн гаргасан гомдол агуулга болон прокурорын бичсэн эсэргүүцлийн агуулгыг харахад учруулсан хохирол, хор уршгийг арилгаагүй байхад шүүхээс торгох ялаар шийтгэсэн нь шударга ёсны зарчимд нийцээгүй гэсэн үндэслэлээр гомдол гаргасан байна. Анхан шатны шүүх хуралдаанд Б.Г-ийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудал дээр маргаагүй, учруулсан хохирол төлбөрийг тодорхой хэмжээнд барагдуулъя гэсэн байр суурьтайгаар оролцсон. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирол төлбөр төлөх үндэслэлээр 5 хоногийн хугацаагаар завсарлага авч, энэ хугацаанд хохирогчид учирсан бодит хохирлыг нөхөн төлж, цаашид хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол, түүнтэй холбоотой гарах эрүүл мэндийн зардлыг бүрэн нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг. Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримт болон ял шийтгэлийн хүрээнд дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт буюу хохирогчид гэмтэл учруулсныхаа дараа яаралтай түргэн тусламж дуудсан, эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн зэрэг үйл баримт нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна гэсэн агуулгаар дүгнэлтийг шүүх хуралдаанд тайлбарласан. Б.Г-ийн хувьд хэрэг учрал болсны дараа түргэн тусламж дуудаж, түргэн тусламжийн байгууллагаас хүрэлцэн ирсэн даруй архины хордлого байж болзошгүй гэж үзүүлсэн. Үүний дараа хохирогчийн биеийн байдал хүндэрч Б.Г- эмнэлэгт хүргэж өгч яаралтай тусламж авсан зэрэг нөхцөл байдал байгаа гэдгийг харгалзан үзнэ үү. Прокурорын дурдсанчлан хохирогч давж заалдах гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичсэн даруй хохирлыг төлөөд байгаа үйл баримт биш юм. Шүүгдэгч Б.Г-ийн дансны хуулгыг харвал тодорхой хэмжээнд хохирлыг бага багаар төлсөн байгаа. Өөрөөр хэлбэл, гомдол, эсэргүүцэл гаргахаас өмнө 1,000,000, төгрөгөөр, 1,500,000 төгрөгөөр хохирол төлбөрийг төлөөд явж байсан. Зөвхөн гомдол, эсэргүүцэл гаргаснаар биш, Б.Г-ийн хувьд нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийсэн байна, үүний эрх зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгож, тодорхой ажил хөдөлмөр эрхэлж олсон орлогоо хохирогч руу шилжүүлж байсан гэдэг үйл баримтыг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Хэдийгээр Б.Г-ийн хувьд урьд 2 удаа ял шийтгүүлсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар урьд ял шийтгэл эдэлж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй. Мөн хувийн байдлын тухайд бага насны 2 хүүхэдтэй, шилжилтийн насны 1 хүүхэдтэй, ар гэрийн ахуй байдал, эцэг нь хоригдож байх хугацаанд хүүхдэд авсан сэтгэцийн эмгэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүхээс харьцангуй хөнгөн ял шийтгэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирогчийн гаргасан гомдол, прокурорын эсэргүүцлийн үндэслэл буюу учруулсан хохирол, хор уршгийг төлж барагдуулсан мөн цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлж байгаа. Б.Г-ийн хувьд эрхэлсэн тодорхой ажилтай болсон. Иймд Б.Г-ийг цаашид нийгэмд хариуцлагатай иргэн байж чадна гэдэгт өмгөөлөгчийн хувьд итгэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Г- нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр байрны подвальд хохирогч А.А-ыг хардалтын гэх тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцаанаас шалтгаалан зодож, эрүүл мэндэд нь нойр булчирхайн няцрал, нарийн бүдүүн гэдэсний  няцрал, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтэл буюу хүнд хохирол учруулсан болох нь:

Хохирогч А.А-ын “...2023 оны 12 дугаар сарын 25-нд надтай утсаар яриад юм асуусан. Би орой нь гэрт байхад танихгүй дугаараас хүнээр залгуулаад “...надтай уулзах гээд өөрийгөө тасарсан согтуу байна ирээд аваач...” гээд маш олон удаа залгасан ба шөнө бүүр амраахгүй хүмүүсээр залгуулаад байхаар нь өөрийн хаягаа хэлээд удаагүй гадаа ирлээ гэхээр нь харсан чинь тасарсан байсан. Тэгээд маргааш нь би “...харь...” гэсэн чинь “...би өөрөө явчихна...” гээд байсан ч яваагүй хоносон. 12 дугаар сарын 27-нд босоод ундаа авах гээд гарахад надад хандаад архи захиад байсан. Би “...яах гээд байгаа юм...” гэсэн  чинь “...тулай өвчин өвдөөд байна...” гэж хэлсэн.  Өмнө ч архи уугаад энэ шалтаг аа хэлдэг байсан... Би 2023 оны 12 дугаар сарын 28-нд өглөө сэрээд хугацаа дууссан захиалга /хувцас/ байсан тул түүнийгээ хийж дуусгаад хүнд нь унаанд өгөөд явуулсан. Энэ үед Б.Г- хоол хийгээд шал цэвэрлэж байсан ба түүнээс хойш зүйл бараг санахгүй байгаа. Г- тухайн үед намайг өшиглөж зодож байсан санагдаж байна... Нэг мэдсэн чинь би эмнэлэгт ухаан орсон...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 77/,

 Гэрч А.М-ын “...2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн үед эгч болох А.А-ын найз залуу Т- нь Т- дугаарын утаснаас холбогдож “...гэмтлийн эмнэлэгт байна, эгч чинь 2 хоногийн өмнө Тэнгисийн ойролцоо “Brodway” нэртэй ресторанд шинэ жилийн арга хэмжээнд оролцож бусдад зодуулсан байна. Ингээд эмнэлэгт үзүүлэхээр авч ирсэн. Биеийн байдал нь хэцүү байна...” гэж хэлсэн. Би удалгүй гэмтлийн эмнэлэгт ирэхэд эгч А.А-а нь нойр булчирхайн хагалгаанд орсон, сэхээнд ухаангүй байсан бөгөөд юу болсон талаар асуухад “...эгч чинь бусдад зодуулсан байна...” гэж хэлсэн. Тэгээд удалгүй эмнэлгээс гараад явсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 18-19/,

Гэрч Т.Э-ийн “...2023 оны 12 дугаар сарын 27-ны орой 17 цагийн үед ээлж хүлээн аваад ажилдаа гарсан. Баянгол дүүргийн 13 хороо 1-2 подволь “Э-” салон дээр Т- дугаараас дугаараас “...хэвлий хэсгээр өвдөөд байна...” гэх дуудлага мэдээллийг хүлээн аваад 22 цаг 40 минутын үед тухайн хаяг дээр очсон. Дуудлагын дагуу очиход А-а гэх эмэгтэй орон дээрээ хэвтсэн байдалтай хэвлий хэсгээрээ өвдөлтийн зовуурьтай байсан гаднаас харж ажиглахад 2 нүд хөхөрсөн, уруул бага зэргийн язралтай өөр ил гэмтэл шарх харагдахгүй байсан....” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 64/,

Гэрч Г.Д-ийн “...би Г-өөс таксинд явж байхдаа “...за ахын дүү яг юу болоод байгаа юм бэ...” гэхэд Г- “...уржигдар найз хүүхэн шөнө согтуу ирэхдээ трико энэ тэр нь урагдчихсан хүнтэй маргасан юм шиг байдалтай ороод ирэхээр нь жаахан хардаад нүүр рүү цохичихсон чинь хэвлийгээрээ ширээний булан руу дарж унаад түүнээсээ болоод бие нь өвдөөд байх шиг болохоор нь маргааш нь би Гэмтэл рүү аваачиж үзүүлээд намайг гэрлэлтийн батлах энэ тэр байхгүй болохоор ар гэрийг нь дууд гэхээр нь гэрийнхнийг нь дуудсан. Тэгээд ар гэр нь ирээд намайг ийм болгосон гээд дайраад байхаар нь гараад ирсэн. Хэдэн цаас олоод гэмтлийн эмнэлэг дээр маргааш очъё гэж бодож байна. Та надтай яваад хэдэн цаас олоод өгөөч. Би тэрийг нь маргааш эмнэлэг дээр авч очоод эмчилгээнд нь хэрэглүүлье...” гэж ярьсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 36/,

Гэрч Н.Э-ын “...2023 оны 12 дугаар сарын 28-нд манай эмнэлэгт яаралтай тусламжаар хэвлийн битүү гэмтэл, хэвлийн хөндийн эрхтний гэмтэл оноштой ирсэн. Эхо харахад хэвлийн хөндий сул шингэнтэй, өвдөлт зовуурь ихтэй байсан тул хэвлийн хөндий нээж шалгах мэс засал хийсэн. Мэс заслаар өвчтөний нойр булчирхайн их бие хэсэг няцарч задарсан. Бүдүүн гэдэсний гадна хальс няцарсан, нарийн гэдэсний няцралтай байсан. Нойр булчирхайн эргэн тойрон нойр булчирхайн шүүрэлд түлэгдсэн байсныг цэвэрлэж хоёр ширхэг шүүрэл гадагшлуулах гуурс байршуулсан. Тухайн өвчтөн эмнэлэгт ирэхдээ ухаан санаа саруул байсан ч хагалгаа дуусаад шууд сэхээний тасагт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд бүтэн мэдээгүйжүүлэлттэй хагалгаанд орсон...Олон хоног хоол сойн ямар нэг хүндрэл өгөхөөс урьдчилан сэргийлж унтаа байдалтай байлгасан ба 2023 оны 01 сарын 08-нд сэргэж, маргааш нь буюу 2023 оны 01 сарын 09-нд хэвлийн мэс заслын тасагт шилжсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 46-49/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 1016 дугаартай “...1. А.А-ын биед нойр булчирхайн няцрал, нарийн бүдүүн гэдэсний няцрал, хэвлийн хөндийн цус хуралдалт, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 59-60/,

Шинжээч Э.Э-ын “...нойр булчирхайн няцрал, нарийн бүдүүн гэдэсний няцрал, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1-2.1-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх хэвлийн хөндийн битүү гэмтэл буюу нойр булчирхайн няцрал, нарийн бүдүүн гэдэсний няцрал, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох үед үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 63-64/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл зарчмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Г-ийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр байрны подвалд хохирогч А.А-ыг хардалтын гэх тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харилцаанаас шалтгаалан зодож, эрүүл мэндэд нь нойр булчирхайн няцрал, нарийн бүдүүн гэдэсний няцрал, хэвлийн хөндийн цус хуралдалт буюу хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангах талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Прокурор С.Бичинхүү: “...Шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн...торгох ял оногдуулах болсон үндэслэлээ тайлбарлаагүй... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулгатай эсэргүүцэл давж заалдах шатны шүүхэд гаргасан.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох болон хорих ялуудаас торгох ялын төрлийг сонгож 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилго төдийгүй шударга ёсны зарчимд нийцсэн байх тул уг ялыг өөрчлөх эсвэл хүндрүүлэх үүднээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Учир нь, Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Шүүгдэгч Б.Г- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлснийг/эмнэлгийн тусламж дуудсан. Гэмтлийн эмнэлэгт хүргэсэн/ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журам, зарчмуудад тулгуурлан дүгнэхэд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан торгох ял тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд гэмт хэргийн зөрчлийн улмаас эрүүл мэндэд нь хохирол учирсан тохиолдолд тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг буруутай этгээдээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх, эрүүл мэндийн даатгалын байгууллага гэх ойлголтод эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлэх чиг үүрэгтэй хуулийн этгээдийг хамааруулахаар хуульчилсан байна.

Анхан шатны шүүх энэ чиг үүргийг дан ганцаар хүлээгээгүй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг олгохоор шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон бөгөөд эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө тогтоолд заасан хэмжээгээр нөхөн бүрдэхгүй байх нөхцөлийг бий болгожээ.

Иймээс дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын:  “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г-өөс 48,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай...” гэснийг “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г-өөс 48,000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай...” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэлээс интернэт банкаар гүйлгээ хийсэн гэх

2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг,

2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр  1,000,000 төгрөг,

2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөг,

2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг,

2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг,

2025 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 4,500,000 төгрөг,

2025 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөгийн баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 14,000,000 төгрөгийг шийтгэх тогтоол гарснаас хойш төлж барагдуулсан, 10,191 төгрөгийн үлдэгдэл хохирлыг нэхэмжлэхгүй тухайгаа хохирогч А.А-а илэрхийлснийг магадлалд дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч А.А-а давж заалдах журмаар гомдол гаргасан боловч уг гомдлоосоо “...23,010,191 хохирлоо бүрэн авсан тул гомдлоосоо татгалзаж байна...” гэсэн агуулгатай хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул түүний давж заалдсан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/2190 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

7 дахь заалтын “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г-өөс 48,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай...” гэснийг “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г-өөс 48,000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Г- нь хохирогч А.А-ад 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА

 

                                  ШҮҮГЧ                                      Н.БААСАНБАТ

 

                       ШҮҮГЧ                                      Г.МӨНХТУЛГА