| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/01028/И |
| Дугаар | 305/ШШ2026/00013 |
| Огноо | 2025-12-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 305/ШШ2026/00013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын ЗДТГ-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын *** багт оршин суух, З-ын Д-т холбогдох,
4 үхрийн үнэ болох 2,925,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.У (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
Хариуцагч З.Д-т утсаар шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 752.1-д Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ гэж заажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газар нь З.Д-т холбогдуулан 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн *** сумын Сарлаг үхрийн чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх түрээсийн гэрээний үүрэг буюу 4 үхрийн үнэ 2,925,000 (хоёр сая есөн зуун хорин таван мянга) төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа: “...Тус сумын Засаг даргын Тамгын газраас *** сумын Сарлаг үхрийн чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх түрээсийн гэрээ байгуулан 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 5 хээлтэгч сарлаг үхрийг Тамч багийн малчин З-ын Д-д шилжүүлэн өгсөн. Гэвч гэрээнд зааснаар 3 жилийн хугацаанд дараагийн малчинд шилжүүлэн өгөх ёстой боловч өнөөдрийн байдлаар 5 үхрээс 4 үхрийг дутуу шилжүүлсэн буюу дараагийн малчинд шилжүүлэн өгөөгүй байна. Тиймээс тус иргэнээс гэрээний үүргийн дагуу 4 үхрийн үнэ болох 2,925,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарлаж байна.
Хариуцагч З.Д шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй болно.
4. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газар нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр малчин З-ын Д-тэй үржлийн шаардлага хангасан сарлаг үхрийн нэг бүрийн үнэ 731,250 төгрөг, нийт 3,656,250 төгрөгийн үнэтэй хээлтэгч 5 сарлаг үхрийг хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцож, сарлаг үхрийн чанарыг сайжруулах ашиг шимийг нэмэгдүүлэх гэрээ байгуулжээ. /хавтаст хэргийн 4-6 дахь тал/
Зээлийн гэрээний 1.3 дахь хэсэгт зааснаар малчин нь хүлээн авсан малын арчилгаа маллагааг бүрэн хариуцан эзэмшиж төлөөр нь өсгөж, гэрээний хугацаа дуусахад түрээслүүлсэн үржлийн шаардлага хангасан нас, хүйсний үржлийн сарлаг үхрийг хугацаанд нь хүлээлгэн өгөх үүрэг хүлээжээ. /хавтаст хэргийн 4 дэх тал/
5. Уг гэрээ нь стандарт нөхцөлтэй гэрээ байх ба гэрээний тал *** сумын Засаг даргын Тамгын газар нь үүссэн харилцааг “*** сумын сарлаг үхрийн чанарыг сайжруулах ашиг шимийг нэмэгдүүлэх түрээсийн гэрээ” гэж нэрлэсэн буюу түрээсийн гэрээ гэж тодорхойлжээ.
Шүүх талуудын хооронд үүссэн харилцааг хууль зүйн хувьд дүгнэн тодорхойлж, улмаар зөрчигдсөн үүргийн талаар дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэнэ.
Түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж үндсэн үүргийг заажээ.
Дээрх гэрээний агуулгад түрээсийн гэрээ нь хариу төлбөргүй байх нөхцөлөөр байгуулагдсан байна. Гэтэл Иргэний хуульд зааснаар түрээсийн гэрээ нь хариу төлбөртэй гэрээний төрөл байгаа нь гэрээний нөхцөл бодит үйл баримттай нийцэхгүй, мөн түрээсийн гэрээний зүйл нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох зүйл байхаар хуульчлагдсан байхад энэхүү гэрээний зүйл нь мал байх ба тодорхой хугацааны дараа яг тухайн малыг бус адил төрөл, тоо хэмжээ, чанарын малыг буцаан төлөхөөр тохирсон байх тул талуудын хооронд байгуулсан гэрээ нь түрээсийн гэрээний шинжийг хангахгүй байна.
Харин Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаас үзэхэд гэрээний зүйл нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг нэг талаас шилжүүлэх, гэрээгээр тогтоосон хугацаанд зээлдэгч буцаан төлөх үүргийг хүлээсэн байгаа нь энэ гэрээний нөхцөл болон үйл баримттай нийцэж байна.
Тодруулбал талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2.7-д түрээслэгч нь түрээслэсэн нас хүйсний үржлийн сарлаг үхрийг энэ гэрээний 1.3-д заасны дагуу хугацаанд нь хүлээлгэн өгнө гэж заасан нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасан нь талууд зээлийн гэрээгээр хүү тохиролцохгүй байж болохоор байх ба талууд гэрээгээр хүү тохиролцоогүй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.
6. Хариуцагч З.Д нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Тус сумын Засаг даргын Тамгын газраас *** сумын Сарлаг үхрийн чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх түрээсийн гэрээ байгуулан 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 5 хээлтэгч сарлаг үхрийг Тамч багийн малчин З-ын Д эд шилжүүлэн өгсөн. Гэвч гэрээнд зааснаар 3 жилийн хугацаанд дараагийн малчинд шилжүүлэн өгөх ёстой боловч өнөөдрийн байдлаар 5 үхрээс 4 үхрийг дутуу шилжүүлсэн буюу дараагийн малчинд шилжүүлэн өгөөгүй” гэх тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газар нь дутуу шилжүүлсэн 4 үхрийн үнэ 2,925,000 (хоёр сая есөн зуун хорин таван мянга) төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.
7. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х овгийн З-ын Д-ээс зээлийн гэрээний үүрэгт дутуу шилжүүлсэн 4 үхрийн үнэ 2,925,000 (хоёр сая есөн зуун хорин таван мянга) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газарт олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
11. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар 2,925,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 61,750 төгрөгийг хариуцагч З.Д-ээс гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийн 115.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Х овгийн З-ын Д ээс зээлийн гэрээний үүрэгт дутуу шилжүүлсэн 4 үхрийн үнэ 2,925,000 (хоёр сая есөн зуун хорин таван мянга) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газарт олгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар 2,925,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 61,750 төгрөгийг хариуцагч З.Д-ээс гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7(долоо) хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ