| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/00918/И |
| Дугаар | 305/ШШ2026/00017 |
| Огноо | 2025-12-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 305/ШШ2026/00017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын ***-р баг, ***-р байр, *** тоотод оршин суух, Д овгийн Ц-ийн Б,
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын ***-р байр, ***тоотод оршин суух, Б овгийн Ч-ын З нарын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын **-р баг, *** тоотод оршин суух, С овгийн С-ийн Ц-д холбогдох,
газар болон үл хөдлөх хөрөнгө албадан чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б (цахимаар), хариуцагч С.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
Нэхэмжлэгч Ц.Б нь Ч.З Алтай сум руу албан томилолтоор явсан тул шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр үргэлжлүүлэх саналтай байна гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.З-ын эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2-р баг *** тоот хаягт байршилтай 40000 м.кв талбайтай, *** дугаарын гэрчилгээтэй газар, уг хашаанд байрлах улсын бүртгэлийн *** дугаартай 600 м.кв талбайтай агуулахын зориулалалттай барилга, улсын бүртгэлийн *** дугаартай 2234 м.кв талбайтай агуулахын зориулалалттай барилга, улсын бүртгэлийн *** дугаартай 18 м.кв талбайтай агуулахын зориулалалттай зоорь, улсын бүртгэлийн *** дугаартай 80 м.кв талбайтай агуулахын зориулалалттай барилга эдгээр үл хөдлөх эд хөрөнгө зэргийг С.Ц-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Би анх 2020 оны 08 дугаар сард Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд барилгын ажил хийж байхад Б гэдэг хүнд энэ газрыг худалдаж авъя гэдэг санал тавьсан юм. Тэгээд тухайн үл хөдлөхүүдийг үзээд дахин төлөвлөлт хийх боломжтой юм байна гэдэг үндсэн дээр худалдаж авсан. Худалдах худалдан авах гэрээ хийгээд татвараа төлөөд дахин төлөвлөлтийн ажил эхлэх гэж байхад цар тахал гараад 2025 он хүртэл үйл ажиллагаа явуулж чадаагүй. 2025 онд санхүүгийн боломж үүсээд би өөрөө аймаг дээр амьдардаггүй учир аймаг дээр амьдардаг хамтраад цаашаад хөрөнгө оруулалт хийгээд явах хүн хайж байгаад Ч.З ыг олсон. Тэгээд ярилцаж тохиролцоод 2025 оны 08 дугаар сард тухайн газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг Ч.З-д худалдсан. 09 дүгээр сард тухайн газарт дахин төлөвлөлтийн ажил бэлтгэхээр уг нь очсон. Тэгээд Ц гэдэг хүнтэй анх тэгж уулзсан. Тэгээд тухайн газар руу оруулаагүй. Би Ц-ийн дугаарыг Ч.З аар дамжуулж аваад 2 удаа утсаар ярьсан. Та миний өмчийг, миний эзэмшиж байгаа газрыг надаас өөрөөс хамгаалаад байна. Би Б-аас худалдаж авсан. Ашиглах боломжгүй байсан учир би таныг нүүлгээгүй 5 жил болсон гэдгийг хэлсэн. Тэгээд ойлголцох боломжгүй байсан учраас шүүхийн байгууллагад хандсан. Тухайн газрын жилд ноогдох албан татвар 12 сая төгрөг байдаг. Үүнийг би өөрөөсөө төлж байсан. Газрын хугацаа дуусаад 2024 онд нэг удаа сунгуулсан. Тэгэхээс ямар нэгэн байдлаар тэнд байсан хөрөнгүүдийг түрээсэлж үйл ажиллагааны орлого олсон зүйл байхгүй. Миний газар болон үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэв.
3. Хариуцагч тал хариу тайлбартаа: Би 2019 онд Б тай гэрээ хийгээд тэнд сахиулаар бууж байсан. Намайг сахиулаар бууж байхад нохойны орон, архидалтын орон болсон байсан. Би буугаад 5 жил болж байна. Тэгэхэд 10 дугаар сарын 24-нд Золжаргал гэдэг хүн ирээд надад нэг юм үзүүлээд энэ миний газар гэсэн. Би мэдэхгүй Б гэдэг хүнтэй ярь гэсэн. Дугаарыг авсан, өөрийнхөө дугаарыг өгөөд явсан. 2, 3 удаа ирж арц хүж унгатгаад явсан. Тэгээ 11 дүгээр сард газар чөлөөлж өгөөрэй гэхээр нь Б тай яриулсан. Тэр хүн өөрөө Б тай ярьсан. Тэгээд 2 хоногийн дараа Ц.Б гэдэг хүн ярьсан. Би Б-аас сарын цалингаа авдаг. Б нүү гэж хэлвэл нүүнэ гэж хэлсэн. Тэгээд Б руу ярихад та нүүлгүй байж бай гэж хэлсэн. Тэгээд одоо болтол би нүүгээгүй байгаа. Гэхдээ энэ хүн худлаа их ярьж байна. Тэр хаалга өдрийн цагаар онгорхой орой 22 цагаас хойш түгждэг байгаа. Б тай учраа олоод нүү гэж хэлвэл би нүүнэ гэв.
4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар эзэмших эрхийн лавлагаа,
-Ц-ийн Б-ын газар эзэмших эрхийн гэрчилгээ,
-Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын координатын зураг,
-Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ,
-Ч-ын З-ын Ү*** дугаартай үл хөдлөх хөрөнгийн лавлагаа,
-Ч-ын З-ын Ү*** дугаартай үл хөдлөх хөрөнгийн лавлагаа,
-Ч-ын З-ын Ү***дугаартай үл хөдлөх хөрөнгийн лавлагаа,
-Ч-ын З-ын Ү*** дугаартай үл хөдлөх хөрөнгийн лавлагаа.
5. Хариуцагч талаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
6. Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
7. Нэхэмжлэгч Ц.Б , Ч.З нар нь хариуцагч С.Ц д холбогдуулан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2-р баг *** хаягт байршилтай 40000 м.кв талбайтай, *** дугаарын гэрчилгээтэй газар, уг хашаанд байрлах улсын бүртгэлийн *** дугаартай 600 м.кв талбайтай агуулахын зориулалалттай барилга, улсын бүртгэлийн *** дугаартай 2234 м.кв талбайтай агуулахын зориулалалттай барилга, улсын бүртгэлийн *** дугаартай 18 м.кв талбайтай агуулахын зориулалалттай зоорь, улсын бүртгэлийн *** дугаартай 80 м.кв талбайтай агуулахын зориулалалттай барилга эдгээр үл хөдлөх эд хөрөнгө зэргийг С.Ц ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
8. Хариуцагч С.Ц нь “...Би 2019 онд Б-тай гэрээ хийгээд тэнд сахиулаар бууж байсан. Би буугаад 5 жил болж байна. Тэгэхэд 10 дугаар сарын 24-нд Золжаргал гэдэг хүн ирээд надад нэг юм үзүүлээд энэ миний газар гэсэн. Би мэдэхгүй Б гэдэг хүнтэй ярь гэсэн. Дугаарыг авсан, өөрийнхөө дугаарыг өгөөд явсан. 2, 3 удаа ирж арц хүж унгатгаад явсан. Тэгээ 11 дүгээр сард газар чөлөөлж өгөөрэй гэхээр нь Б тай яриулсан. Тэр хүн өөрөө Б тай ярьсан. Тэгээд 2 хоногийн дараа Ц.Б гэдэг хүн ярьсан. Би Б-аас сарын цалингаа авдаг. Б нүү гэж хэлвэл нүүнэ гэж хэлсэн. Тэгээд Б руу ярихад та нүүлгүй байж бай гэж хэлсэн. Тэгээд одоо болтол би нүүгээгүй байгаа. Б тай учраа олоод нүү гэж хэлвэл би нүүнэ....” гэж тайлбарлаж, татгалзжээ.
9. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж тус тус тодорхойлжээ.
Нэхэмжлэгч Ц.Б нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2-р баг Баяншандын Шанд гудамжны 700 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын *** дугаар бүхий Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай 40000 м.кв талбайтай газрыг гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаа болох нь:
-2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 08201-2024/00521 дугаартай Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 08201-А/257/2024 тоот шийдвэрийг үндэслэн газар эзэмшүүлэгчийг төлөөлөгч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын газрын алба, газар эзэмшигчийг төлөөлж Ц-ийн Б нарын худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай, 40000 м2 хэмжээтэй газрыг 5 жилийн хугацаа эзэмшихээр байгуулсан гэрээ, уг газрын байршил Говь-Алтай аймгийн 2-р баг, ***, энэхүү гэрээний нэг хувийг *** дугаар бүхий нэгж талбарын хувийнхэрэгт хадгалав гэж дурдсан,
-Ц-ийн Б аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/257 тоот шийдвэрийг үндэслэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2-р баг, **** хаягт байрлах, нэгж талбарын *** дугаар бүхий 40000 м.кв газрыг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж гэрчилгээ олгов гэх *** дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ,
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2-р баг, Баяншанд, нэгж талбарын *** дугаар Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай, 40000 мкв, гэрээ дуусах огноо 2029-04-05 гэх газар эзэмших эрхийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
10. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, сум, нийслэл, дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна гэж заажээ.
Нэхэмжлэгч Ч.З нь улсын бүртгэлийн *** дугаартай 600 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн *** дугаартай 2234 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн *** дугаартай 18 м.кв талбайтай зоорийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн *** дугаартай 80 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох нь тус үл хөдлөх хөрөнгүүдийн лавлагаагаар тогтоогдож байна.
11. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ц.Б , Ч.З нар нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Хуулийн дээрх зохицуулалтад дурдсан хууль бус эзэмшлээс шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь хариуцагчийн эзэмшил хууль бус тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага хангагдах учиртай.
12. Хариуцагч С.Ц нь маргаж буй газрыг эзэмших, тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхгүй болох нь хариуцагч С.Ц ийн шүүх хуралдаанд гаргасан “…Би 2019 онд Б тай гэрээ хийгээд тэнд сахиулаар бууж байсан. Би буугаад 5 жил болж байна. Би Б-аас сарын цалингаа авдаг. Б нүү гэж хэлвэл нүүнэ гэж хэлсэн. Тэгээд Б руу ярихад та нүүлгүй байж бай гэж хэлсэн. Тэгээд одоо болтол би нүүгээгүй байгаа. Б тай учраа олоод нүү гэж хэлвэл би нүүнэ” гэх тайлбар, нэхэмжлэгч Ц.Баттулгын шүүх хуралдаанд гаргасан “…Би Б-аас худалдаж авсан. Ашиглах боломжгүй байсан учир би таныг нүүлгээгүй 5 жил болсон гэдгийг хэлсэн. Тэгээд ойлголцох боломжгүй байсан учраас шүүхийн байгууллагад хандсан. Тухайн газрын жилд ноогдох албан татвар 12 сая төгрөг байдаг. Үүнийг би өөрөөсөө төлж байсан. Газрын хугацаа дуусаад 2024 онд нэг удаа сунгуулсан. Тэгэхээс ямар нэгэн байдлаар тэнд байсан хөрөнгүүдийг түрээсэлж үйл ажиллагааны орлого олсон зүйл байхгүй. Миний газар болон үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгнө үү…” гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.
Мөн хариуцагч нь уг маргаан бүхий газар, үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгөөгүй, хариуцагч С.Ц нь тухайн маргаан бүхий газрыг одоог хүртэл эзэмшиж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
13. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б , Ч.З нарын нэхэмжлэлийг хангаж, Д овгийн Ц-ийн Б-ын эзэмшлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2-р баг *** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ***4 дугаар бүхий Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай 40000 м.кв талбайтай газар, уг газар байрлах Б овгийн Ч-ын З-ын өмчлөлийн улсын бүртгэлийн *** дугаартай 600 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн *** дугаартай 2234 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн *** дугаартай 18 м.кв талбайтай зоорийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн *** дугаартай 80 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус хариуцагч С овгийн С-ийн Ц-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
14. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын шаардлага ба татгалзлын үндэслэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хэрхэн нотлогдож байгаа байдал буюу талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5-д заасан зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй болон мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлж байгаа байдалд хууль зүйн үнэлэлт өгөх замаар хэргийг хянан шийдвэрлэв.
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Б , Ч.З нарын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ц-ээс 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б , Ч.З нарт олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б , Ч.З нарын нэхэмжлэлийг хангаж, Д овгийн Ц-ийн Б-ын эзэмшлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2-р баг *** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын *** дугаар бүхий Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай 40000 м.кв талбайтай газар, уг газар байрлах Б овгийн Ч-ын З-ын өмчлөлийн улсын бүртгэлийн *** дугаартай 600 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн *** дугаартай 2234 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн *** дугаартай 18 м.кв талбайтай зоорийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн *** дугаартай 80 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус хариуцагч С овгийн С-ийн Ц-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Б , Ч.З нарын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ц-ээс 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б , Ч.З нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ