Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 305/ШШ2026/00022

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот *** дүүрэг, ***-р хороо, *** 5 байр, 7 давхар, “АИ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн ***г сумын *** багийн *** тоот “ХбХ ” ХХК-д холбогдох,

13,833,402 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г  (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Э ад 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 32 минутад 99901285 дугаарын утсаар шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 752.1-д Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ гэж заажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

ҮНДЭСЛЭХ нь:

 1. Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч “АИ ” ХХК нь “ХбХ ” ХХК-д холбогдуулан худалдан авсан барааны үлдэгдэл төлбөр 9,222,268 төгрөг, алданги 4,611,134 төгрөг, нийт 13,833,402 төгрөг грагуулахаар шаарджээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа: “...ХбХ  ХХК нь 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд 10,749,100 төгрөгийн үнийн дүнтэй ундаа, чипс, гоо сайхны бараа гэх мэт бараа бүтээгдэхүүн худалдан авсан бөгөөд худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрөөс өнөөдрийг хүртэл буюу 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд 1,526,832 төгрөгийг төлж, үлдэгдэл 9,222,268 төгрөгийг огт төлөөгүй байна. ХбХ  ХХК нь бараа бүтээгдэхүүн хүлээн авснаас хойш бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог төлөлгүй 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл нийт 143 хоногийн хугацаа өнгөрсөн байна. 143 хоног хугацаа хэтэрсний алдангийг хоногийн 0,5 хувиар бодоход 71,5 хувь буюу мөнгөн дүнгээр 6,593,921 төгрөг болж байгаа ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан үндсэн төлбөрийн 50 хувиар тооцсон дүн 4,611,134 төгрөгийг үндсэн төлбөр дээр нэмж нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн үндсэн төлбөрийн хамт гаргуулан авахаар ийнхүү хандаж байна Иймд хариуцагчаас компанид төлөх шаардлагатай үндсэн төлбөр 9,222,268 төгрөг, алданги 4,611,134 төгрөг, нийт 13,833,402(арван гурван сая найман зуун гучин гурван мянга дөрвөн зуун хоёр) төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү. Хариуцагч талын тайлбартай танилцсан. Бараа буцаах санал гаргасан. Буцааж болно гэдэг зүйлийг хэлсэн боловч одоог хүртэл барааг буцаах талаар илэрхийлж ажиллаагүй. Үүнийг ажил хэрэг болгох талаар өөрөө хөөцөлдөөгүй. Тооцоо нийлье гэдэг боловч тооцоо нийлэх талаар ямар нэгэн санал санаачилга гаргаагүй. Манайх барааны үнээ л гаргуулах саналтай байна...” гэж тайлбарлаж байна.

4. Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...АИ ” ХХК-н нэхэмжлэлийн хариуцагч болох манай ХбХ  ХХК нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулж хамтран ажилласан болно. АИ  ХХК-н нэхэмжилсэн дүн болох 10,749,100 төгрөг үлдэгдэл 9,222,268 төгрөг бүхий дүн алдаатай байгаа мөн. Менежер Угтахбаяртай тохиролцсон бараа буцаалт нь захирлуудын зөвшөөрөл ирээгүй бараа буцаалт хасагдаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн эсэргүүцэж хүлээн авах боломжгүй байна. Иймд анхан шатны бараа дахин тулган үзэж 2 талаас дахин тулгах хүсэлтэй байна” гэжээ.

5. Нэхэмжлэгч АИ  ХХК нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ХбХ  ХХК-тай бараа нийлүүлэх борлуулах талаар байгуулжээ.

Зээлийн гэрээний 1.1 дэх хэсэгт зааснаар борлуулагч нь нийлүүлэгчээс нийлүүлсэн барааны үнийг төлөхтэй төлөх үүрэг хүлээжээ.

6. Шүүх талуудын хооронд үүссэн харилцааг хууль зүйн хувьд дүгнэн тодорхойлж, улмаар зөрчигдсөн үүргийн талаар дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэнэ.

Уг үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд Бараа нийлүүлэх, борлуулах талаар хамтран ажиллах гэрээний 1.1-д энэхүү гэрээний ерөнхий нөхцөл нь нийлүүлэгч талаас биет байдлын доголдолгүй, зөрчилгүй, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай, стандарт, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүн түүнтэй холбоотой баримт бичгийг борлуулагч талд нийлүүлэх, Борлуулагч нь Нийлүүлэгчээс нийлүүлсэн барааны үнийг төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино гэж, 1.2-т Барааны төлбөрийг Нийлүүлэгчийн Хаан банк ***, Худалдаа хөгжлийн банк-*** тоот дансанд шилжүүлнэ гэж тохиролцжээ.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ. Учир нь худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч АИ  ХХК нь хариуцагч ХбХ  ХХК-иас нийлүүлсэн барааны үнийг шаардах эрхтэй байна.

7. АИ  ХХК нь ХбХ  ХХК-д 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 9 нэр төрлийн 1,659,600 төгрөгийн үнэ бүхий барааг, 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 20 нэр төрлийн 7,901,500 төгрөгийн үнэ бүхий барааг, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өдөр нэг төрлийн 1,188,000 төгрөгийн үнэ бүхий барааг нийлүүлсэн болох нь бараа материалын зарлагын баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “…2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд 1,526,832 төгрөгийг төлсөн” гэж, хариуцагчийн төлөөлөгч “…үлдэгдэл 9,222,268 төгрөг бүхий дүн алдаатай байгаа” гэж тус тус тайлбарлаж байх боловч хариуцагч уг тайлбараа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Харин нэхэмжлэгч талаас авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайланг ирүүлсэн байх ба уг тайланд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай ХбХ  ХХК 1,526,832 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Э  нь “…нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн эсэргүүцэж хүлээн авах боломжгүй байна. Иймд анхан шатны бараа дахин тулган үзэж 2 талаас дахин тулгах хүсэлтэй байна” гэх тайлбарыг ирүүлсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “…хариуцагч талын тайлбартай танилцсан. Бараа буцаах санал гаргасан. Буцааж болно гэдэг зүйлийг хэлсэн боловч одоог хүртэл барааг буцаах талаар илэрхийлж ажиллаагүй. Үүнийг ажил хэрэг болгох талаар өөрөө хөөцөлдөөгүй. Тооцоо нийлье гэдэг боловч тооцоо нийлэх талаар ямар нэгэн санал санаачилга гаргаагүй. Манайх барааны үнээ л гаргуулах саналтай байна...” гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж  байна.

Иймд нийлүүлсэн барааны үнийн үлдэгдэл 9,222,268 төгрөгийг ХбХ  ХХК нь АИ  ХХК-д төлөх үүрэгтэй байна.

8. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж, 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус заажээ.

Бараа нийлүүлэх, борлуулах талаар хамтран ажиллах гэрээний 2.1-д Борлуулагч тал нь нийлүүлэгч талын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд тооцож төлнө гэж тохиролцжээ.

Хариуцагчийн эрээнд заасан үүргээ зөрчсөн хугацааг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа хүртэл тооцоход нийт 143 хоног байх бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 9,222,268 төгрөгийн нэг хоногийн 0,5 хувь 46,111.34 төгрөг байна. Нийт алдангийн хэмжээ нь 146*46,111.34=6,593,921.62 төгрөг байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 9,222,268 төгрөгийн 50 хувиар тооцож, хариуцагчаас алданги 4,611,134 төгрөг гаргуулах нь үндэслэлтэй байна.

9. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ХбХ  ХХК-иас нийлүүлсэн барааны үлдэгдэл үнэ 9,222,268 төгрөг, алданги 4,611,134 төгрөг, нийт 13,833,402 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АИ  ХХК-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

10. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын шаардлага ба татгалзлын үндэслэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хэрхэн нотлогдож байгаа байдал буюу талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5-д заасан зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй болон мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлж байгаа байдалд хууль зүйн үнэлэлт өгөх замаар хэргийг хянан шийдвэрлэв.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,117 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХбХ  ХХК-иас 227,117 төгрөг төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АИ  ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийн 115.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ХбХ  ХХК-иас нийлүүлсэн барааны үлдэгдэл үнэ 9,222,268 төгрөг, алданги 4,611,134 төгрөг, нийт 13,833,402 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АИ  ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,117 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХбХ  ХХК-иас 227,117 төгрөг төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АИ  ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7(долоо) хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.ОЮУНБИЛЭГ