| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбо Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2211019440970 |
| Дугаар | 2025/ДШМ/1421 |
| Огноо | 2025-12-16 |
| Зүйл хэсэг | 25.5.1., |
| Улсын яллагч | Б.Дашням |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2025/ДШМ/1421
2025 12 16 2025/ДШМ/1421
С.Д-, А,А- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч С.Д-, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, Н.Ууганцэцэг,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/2098 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Д-, А.А-, тэдгээрийн өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, Н.Ууганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2211019440970 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овгийн С-гийн Д-, /РД: С-/, ..........,
Х- овгийн А-ы А- /РД: А-/, ....., урьд ял шийтгэлгүй,
Шүүгдэгч А.А-, С.Д- нар нь бүлэглэн 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, А- гудамжны 44 тоотод байх “А-”
ХХК-ны байрны 51 давхарт төрийн өмчийн соёлын биет өв буюу археологийн олдвор болох “Таван нүдэн” хээтэй дээл 1 ширхэг,
2023 оны 02 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, А- гудамжны 44 тоотод байх “А-” ХХК-ны байранд төрийн өмчийн соёлын биет өв буюу археологийн олдвор болох дардас 1 ширхэг, бүсний арал 3 ширхэг, хүрэл зүүлт 1 ширхэг, хүрэл чимэглэл 2 ширхэг, бүсний хүрэл бэл 2 ширхэг, шөвөг 2 ширхэг, хутга 1 ширхэг, хүрэл эдлэл 3 ширхэг, голдоо нүхтэй чулуу ээрүүлийн толгой 1 ширхэг, эмээлийн ясан хяр 26 ширхэг, хүрэл ооль болон сүх 17 ширхэг, шавар ваар 1 ширхэг, чулуун шанаганы толгой 1 ширхэг, дөрөө 3 ширхэг, амгай 1 ширхэг, модон дээр шигтгэсэн шавар бурхан 3 ширхэг, төмөр дуулга 1 ширхэг, хүрэл тогоо 2 ширхэг, хүрэл бэл 2 ширхэг, хүрэл хадлага 1, чулуун билүү 1 ширхэг, хүрэл толь 1 ширхэг, бүсний арал 8 ширхэг, хуягийн ялтас 11 ширхэг, чулуун аяга /хүрэл/ 1 ширхэг, хүрэл хадлага 1 ширхэг, хүрэл хутга 4 ширхэг, хоромсогны чимэглэл 6 ширхэг эмээлийн ясан хяр 16 ширхэг, сумны зэв 29 ширхэг, хүрэл хутга 21 ширхэг, сувс 1 ширхэг /14 ширхэг хэлхээтэй сувс/ шар бүч 1 ширхэг/ 6 ширхэг тасарсан бүч/, даавууны өөдөс 1 ширхэг, малгайн хэсэг 1 ширхэг, бор өнгөтэй өмд 1 ширхэг, эмээлийн оломцог 1 ширхэг, шар өнгийн дээл 1 ширхэг, дээл 1 ширхэг, булган дотортой малгай 1 ширхэг, ногоон өнгийн эсгий торгон оруулгатай дэвсгэр 2 ширхэг, жаазалсан торгон эдлэлийн тасархай 1 ширхгийг завшсан,
2023 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, А- гудамжны 44 тоотод байх “А-” ХХК-ны байранд соёлын биет өв болох хүрэл дэгээ 1 ширхэг, хүрэл хадлага 3 ширхэг, хүрэл жадны гилбэр 1 ширхэг, орчин үеийн угсаатны сав 4 ширхэг, ламын ригна 1 ширхэг, төмөр хуяг 1 ширхэг, тугийн орой 1 ширхэг, зээтүүний толгой 1 ширхэг, жадны үзүүр 3 ширхэг, хантааз 1 ширхэг, хүрэм 1 ширхэг, хүрэл хонх 1 ширхэг, хүрэл янзага /гөрөөсний дүрслэлтэй/ 2 ширхгийг хууль бусаар худалдахаар завдсан гэмт хэргүүдэд холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: А.А-, С.Д- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон мөн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х- овгийн С-гийн Д-, Х- овгийн А-ын А- нарыг бүлэглэн соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зохион байгуулахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х- овгийн С-гийн Д-, Х- овгийн А-ын А- нарыг соёлын биет өвийг бүлэглэн завшсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.А-, С.Д- нарыг тус бүр 3.500 нэгж буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч А.А-, С.Д- нарыг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа янгирын дүрстэй хүрэл арал, эмээл, хүрэл сэлэм, Аррlе/ брендийн iMac загварын компьютер зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц А.А-, С.Д- нарт буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Монголын Үндэсний музейд хадгалагдаж байгаа дараах “Таван нүдэн хээтэй дээл 1 ширхэг, хүрэл дэгээ 1 ширхэг, хүрэл хадлага 3 ширхэг, дардас 1 ширхэг, бүсний арал 3 ширхэг, хүрэл зүүлт 1 ширхэг, хүрэл чимэглэл 2 ширхэг, хүрэл жадны гилбэр 1 ширхэг, бүсний хүрэл бэл 2 ширхэг, шөвөг 2 ширхэг, хутга 1 ширхэг, хүрэл эдлэл 3 ширхэг, голдоо нүхтэй чулуу ээрүүлийн толгой 1 ширхэг, орчин үеийн угсаатны сав 4 ширхэг, эмээлийн ясан хяр 26 ширхэг, ламын ригна 1 ширхэг, хүрэл ооль болон сүх 17 ширхэг, шавар ваар 1 ширхэг, төмөр хуяг 1 ширхэг, чулуун шанаганы толгой, 1 ширхэг, тугийн орой 1 ширхэг, зээтүүний толгой 1 ширхэг, дөрөө 3 ширхэг, жадны үзүүр 3 ширхэг, амгай 1 ширхэг, хантааз 1 ширхэг, хүрэм 1 ширхэг, модон дээр шигтгэсэн шавар бурхан 3 ширхэг, төмөр дуулга 1 ширхэг, хүрэл тогоо 2 ширхэг, хүрэл хонх 1 ширхэг, хүрэл бэл 2 ширхэг, хүрэл янзага /гөрөөсний дүрслэлтэй / 2 ширхэг, хүрэл хадлага 1, чулуун билүү 1 ширхэг, хүрэл толь 1 ширхэг, бүсний арал 8 ширхэг, хуягийн ялтас 11 ширхэг, чулуун аяга /хүрэл/ 1 ширхэг, хүрэл хадлага 1 ширхэг, хүрэл хутга 4 ширхэг, хоромсогны чимэглэл 6 ширхэг, эмээлийн ясан хяр 16 ширхэг, сумны зэв 29 ширхэг, хүрэл хутга 21 ширхэг, сувс 1 ширхэг /14 ширхэг хэлхээтэй сувс/, шар бүч 1 ширхэг/ 6 ширхэг тасарсан бүч/, даавууны өөдөс 1 ширхэг, малгайн хэсэг 1 ширхэг, бор өнгөтэй өмд 1 ширхэг, эмээлийн оломцог 1 ширхэг, шар өнгийн дээл 1 ширхэг, дээл 1 ширхэг, булган дотортой малгай 1 ширхэг, ногоон өнгийн эсгий торгон оруулгатай дэвсгэр 2 ширхэг, жаазалсан торгон эдлэлийн тасархай 1 ширхэг, дан төмөр эмээл хос дөрөөтэй 1 ширхэг, хүрэл сэлэм 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож, Соёлын яаманд шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.А-, С.Д- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.А-, С.Д- нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид нар хэний ч өмчийг хууль бусаар авч завшаагүй, өөрсдийн сонирхол /хобби/-д хөтлөгдөн, хураагдаад байгаа эд зүйлсийг эртнээс буюу 1990-ээд оноос эхлэн цуглуулсан. Ийнхүү цуглуулахдаа эртний эдлэлийн дэлгүүрийг тухайн үеийн хууль болон журамд нийцүүлэн ажиллуулж, худалдаж авч байснаас гадна зах дээрээс авах, өөрсдөө гадагшаа явж худалдаж авах байдлаар бүрдүүлсэн болно.
Цуглуулгын зарим эд зүйлээрээ Монголын Засгийн газартай хамтран гадаадад болон дотооддоо үзэсгэлэн гаргах, эрдэмтэн судлаачидтай хамтран судалгаа хийж, цуглуулгын эд зүйлийнхээ материал, хийц, бүтээгдсэн хугацаа зэргийг судлан ном товхимол гаргах, Монголын түүхийн дурсгалт зүйлсийг Монголд авч үлдэн авран хамгаалах, түүнийгээ олон нийтэд сурталчлан таниулах, сэргээн уламжлуулах зэргээр хадгалж байсан. Бид цаашдаа өөрсдийн цуглуулгаар хувийн музей байгуулах зорилготой байсан бөгөөд иргэн хүн музей байгуулах хууль тогтоомж нь гараагүй, байр маань музейн шаардлага хангахгүй зэргээр орчин нөхцөл нь бүрдэхгүй байсан тул бүх эд зүйлсээ хадгалалтын горим шаардлагад нийцүүлэн хувийн байрандаа хадгалж байтал Цагдаагийн байгууллага хураан авч Үндэсний музейд шилжүүлээд байна.
Прокуророос биднийг төрийн өмчийн соёлын биет өв буюу археологийн олдвор болох эд зүйлийг завшсан гэж яллах дүгнэлт үйлдсэн. Бид ямар нэгэн булш ухаж, археологийн олдвор авч завшсан үйлдэл байхгүй, төрийн өмчид харьяалагдах хэн нэгний өмчийг хууль бусаар авсан тохиолдол байхгүй. Ийм үйлдэл гаргасан гэх байдал мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй.
Хуулийн байгууллага биднийг төрийн өмчийг аваад завшчихсан гээд биднийг буруутгаад яваад байгаа, тэр төр гэгч нь яг хэн юм бэ, яг хэний өмчийг авсан гэж үзээд байгаа юм бэ? Бид өөрсдийн хүч хөдөлмөр, өөрийн хөрөнгөөр цуглуулсан цуглуулга, өөрсдийн өмчийг хадгалснаараа хэнийг хохироогоод байгаа вэ? Энэ үнэхээр ойлгомжгүй асуудал хэвээр байсаар байна.
Мөн гэмт хэргийг 2023 оны 02 дугаар сарын 07 болон 09-ний өдөр үйлдэгдсэн гэж тодорхойлсон байгаа, энэ өдрүүдэд А.А- Улаанбаатар хотод байгаагүй. Гэмт хэрэг гарсан гэх газарт тухайн өдөр нь байгаагүй хүн яаж гэмт хэрэг үйлдсэн болох вэ?
Шүүх бидний эзэмшлийн бүх эд зүйлсийг хураах шийдвэр гаргасан нь хууль бус боллоо гэж үзэж байна.
Бид гэмт хэрэг үйлдээгүй, гэтэл бидний гуч гаруй жил цуглуулж хадгалсан хувийн өмчийн эд зүйлийг маань төрийн өмч завшсан гэж үзэн хураан авсан нь төр иргэнийхээ өмчид халдсан үйлдэл гэж харж байна.
Монгол улсын Үндсэн хуульд зааснаар монгол улсын иргэн хувийн өмчтэй байх эрхтэй. 30-40 жилийн хугацаанд гадаад дотоодоос хувийн хөрөнгөөр цуглуулсан өмчийг маань төрийнх байна гэж хурааж авч байгаа нь үндсэн хуулиа ноцтой зөрчин иргэд биднийг хохироосон зөрчил боллоо.
Иймд төрийн өмчид халдаагүй иргэд бидний үйлдэлд гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхгүй болохыг хэрэгт авагдсан баримтад тулгуурлан дүгнэж, төрийн өмчийн соёлын биет өвийг завшсан гэсэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Бид шүүх хуралдаанд оролцон, гомдлоо тайлбарлах хүсэлтэй байгааг хүлээн авна уу. ...” гэв.
Шүүгдэгч А.А-, С.Д- нарын өмгөөлөгч Н.Ууганцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Анхан шатны шүүхээс А.А-, С.Д- нарыг бүлэглэн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах А- гудамжны 44 тоотод байх А- ХХК-ны байрны Б1 давхарт соёлын биет өв буюу археологийн олдвор болох эд зүйлийг завшсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.
Гомдлын хууль зүйн үндэслэл, түүний нотолгооны тухайд
1. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлд заасан Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцож, улмаар тус хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байдаг. Харин А.А- нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, шинжээчийн дүгнэлтээр соёлын биет өв гэсэн дүгнэлт бүхий эд зүйлсийг 1998 оноос эхлэн 2010 оны хооронд олж авч, өөрийн эзэмшилд байлгасан бөгөөд тухайн үед дээрх үйлдлийг гэмт хэрэгт тооцдоггүй байсан.
Иймд А.А- нарын үйлдэлд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн хуулийг хэрэглэх ёстой байсан боловч хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.А- нь тухайн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг өөрийн эзэмшилдээ авсан цаг хугацаа нь тус үйлдлийг гэмт хэрэгт тооцдоггүй байсан цаг хугацаанд хамаарч байх бөгөөд түүний үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох боломжгүй юм.
Гэтэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэсэн заалтаар өмгөөлөгчийн хууль буцаан хэрэглэхтэй холбоотой дүгнэлтийг үгүйсгэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1,8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн байдлыг ойлгох ба харин А.А- нарын үйлдэл буюу соёлын биет өвийг өөртөө шилжүүлэн авсан үйлдэл 2010 онд дуусгавар болсон буюу гэмт хэрэгт тооцохгүй цаг үед хамаарч байдаг. Дээрх нөхцөл байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар няцаан үгүйсгээгүй бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 07- ны өдөр А.А-, С.Д- нарын эзэмшилд соёлын биет өв байсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлд заасан завших гэмт хэргийн шинжийг хангахгүй юм.
2. Шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:
Мөн түүнчлэн соёлын өвийн бүртгэлтэй холбоотой эрх зүйн орчин нөхцөл тодорхойгүй байх бөгөөд шүүх хууль зүйн дүгнэлт хэсэгтээ Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “ Нийтийн өмчийн соёлын биет өвийн талаарх мэдээллийг бүртгэл мэдээллийн санд заавал бүртгэнэ”гэж, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Соёлын өвийг нээж илрүүлсэн байгууллага, иргэн тухайн нутаг дэвсгэрийн бүртгэл мэдээллийн санд 15 хоногийн дотор мэдэгдэж анхан шатны бүртгэл хийлгэнэ гэж зааж миний үйлчлүүлэгч нарыг буруутгасан боловч мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дах хэсэгт “Энэ хуулийн 22.2-т зааснаас бусад соёлын биет өвийг өмчлөгч, эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн зохих шатны бүртгэл мэдээллийн санд бүртгүүлж болно. Бүртгүүлсэн мэдээллийн нууцлал, хадгалалтын нөхцөлийг гэрээгээр зохицуулна гэсэн зөрчилдөөн бүхий заалт мөн байдаг.
Соёлын өвийг хамгаалах тухай 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар Соёлын өвийг бүртгэл, мэдээллийн санд бүртгэх, мэдээллийг ашиглах журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална..” гэж заасан боловч өнөөдрийг хүртэл тус журам батлагдаагүй, соёлын биет өв мөн эсэхийг хэрхэн тогтоох хууль эрх зүйн зохицуулалт байхгүй, түүнчлэн С.Д- “... Соёлын өвийн үндэсний төвд бүртгүүлэхээр амаар хандсан боловч, улсын соёлын биет өвөө бүртгэж чадаагүй байна гэх агуулгаар татгалзсан хариу өгсөн талаар мэдүүлсэн ба үүнийг аливаа байдлаар няцаасан баримт хэрэгт авагдаагүй болно.
Үүнээс үзвэл А.А-, С.Д- нарын эзэмшилд байсан эд зүйлсийг эзэмшигч нь өөрийн хүсэлтээр бүртгүүлэх эрх зүйн зохицуулалттай байсан, мөн дээрх эд зүйлсийг соёлын биет өв мөн эсэхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоосноос урьд аливаа байдлаар дүгнэлт гарсан зүйлгүй, мөн ямар байгууллагад хандаж хэрхэн тогтоолгох асуудал нь эрх зүйн зохицуулалтгүй байсан болох нь тогтоогддог.
Харин тэдгээрийн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1 дэх заалтын 1.2 дах хэсэгт “ Соёлын өвийг хуульд заасан хугацаанд бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлээгүй” зөрчлийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Ийнхүү шинжээчийн дүгнэлт гарснаас хойш бүртгэлжүүлэх үүргийг тэдгээрт хүлээлгэн бүрэн боломжтой юм. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан төрийн эрх бүхий байгууллага нь соёлын өвийг нээн илрүүлэх, ард иргэдийг мэдээллээр хангах чиг үүргээ хэрэгжүүлээгүй, соёлын өвийг эзэмшигч иргэдэд бүртгэлжүүлэх талаар хандаж байгаагүй зэрэг нөхцөл байдал нь А.А-, С.Д- нар нь үйлдэлдээ хандах гэмт санаа зорилго байгаагүй болохыг тогтоох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг болохыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хэт ерөнхий байдлаар хэргийг шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл шүүхийн дүгнэлтэд нөлөөлж болох дээрх нөхцөл байдлыг шүүх анхаарахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар: Мөн А.А- нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг гагцхүү Монгол улсын нутаг дэвсгэрээс бус БНХАУ болон өөр улсуудаас худалдан авч өөрийн цуглуулгыг бүрдүүлсэн талаараа мэдүүлж, үүнийгээ нотлох зорилгоор БНХАУ-ын Шандун мужийн Венвү ерөнхий дэлгүүрийн борлуулалтын баримт 2 хуудас, орчуулгын хамт 4 хуудас баримтыг хавсарган өгсөн ба өмгөөлөгчийн дүгнэлтэд энэ талаарх хууль зүйн дүгнэлтийг хийсэн боловч дээрх нотлох баримтыг шүүх үнэлээгүй, хэрхэн няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэйн дээр нотлох баримтыг бүх талаас нь бүрэн бодитойгоор үнэлэх чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхэд хүрч байна.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ ШЦТ/2098 шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.А-, С.Д- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч А.А-, С.Д- нарын өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч А.А-, С.Д- нарын дурсгалт эд зүйлийг цуглуулсан үйлдэл нь бусдын өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авах үйлдэлтэй хамааралгүй гэж үзэж байгаа бөгөөд шүүгдэгч нар нь соёлын биет өвийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэх байдал хангалттай баримтаар нотлогдоогүй.
Гэтэл анхан шатны шүүх “Соёлын биет өвийг завших гэмт хэргийн объектив тал нь гэмт этгээд нь соёлын биет өвийг төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхгүй, хяналтад оруулахгүйгээр зөвхөн өөрийн эзэмшил, өмчлөл мэт олон нийтэд ойлгуулж өөрт ашигтай хэлбэрээр дур зоргоороо түгээн сурталчлах, ашиглах, захиран зарцуулах зэрэг үйлдлийг ойлгоно” гэсэн дүгнэлт хийсэн байна. Шүүхийн энэхүү дүгнэлт нь үндэслэл бүхий болоогүй байна. Энэхүү дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
“Соёлын биет өвийг завших” нь бусдын итгэмжлэн хариуцуулсан болон ажил балбан тушаалын байдлаар өөрийнх нь мэдэлд шилжсэн соёлын биет өвийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байгаа байдлаа урвуулан ашиглаж , соёлын биет өвийг өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдэл байна гэж үзэж байна.
Завших нь бусдын эд зүйлийг хууль бусаар авах тухай ойлголт. Гэтэл шүүх соёлын биет өвийг төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхгүй, хяналтад оруулахгүйгээр хадгалсан нь завших гэмт хэрэг гэсэн нь үндэслэлгүй, хууль ёсны болоогүй дүгнэлт байна гэж үзэж байна.
2. Мөн шүүх “Соёлын биет өвийг завших гэмт хэргийн “Субъектив талын шинж нь соёлын биет өвийг төрийн өмч гэж мэдсээр байж гэмт этгээдийн санаатайгаар өөрт ашигтай нөхцөлийг бүрдүүлж ашиглах гэсэн шунахай сэдэл санааг ойлгоно” гэсэн байна.
Шүүгдэгч А.А-, С.Д- нар нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаад байгаа 228 ширхэг эд зүйлийг 1990 оноос эхлэн хууль болон тогтоосон журмыг зөрчихгүйгээр /Антиквариатын худалдаа эрхлэх зөвшөөрөлтэйгөөр/ өөрсдийн сонирхлын дагуу цуглуулсан бөгөөд хэн нэгэн иргэн, байгууллага тэдгээрт эд зүйлсээ ямар нэгэн байдлаар хадгалуулах, хамгаалуулах болон бусад зорилгоор тэдгээрийн эзэмшил, эрх мэдэлд нь шилжүүлсэн эд зүйл биш. Өөрсдийн хөрөнгөөр бий болгосон хувийнх нь өмч бөгөөд төрийн өмчтэй хамааралгүй, төрийн өмчийг хадгалж хамгаалж, хариуцаж байсан гэх байдал нотлогдоогүй. Энэ хэргийн субъект ч биш юмаа.
Шүүх шүүгдэгч нарыг “өөрт байгаа эд зүйлийг өөрийн санаачилгаар соёлын ямар төрлийн эд зүйл болохыг мэргэжлийн шинжээчээр тодорхойлуулан, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт: “Нийтийн өмчийн соёлын биет өвийн талаарх мэдээллийг бүртгэл, мэдээллийн санд заавал бүртгэнэ” гэсний дагуу заавал бүртгүүлэх үүргээ биелүүлэхээс зайлсхийжээ. Ийнхүү цуглуулгаараа ...ашигтай нөхцөл байдлыг бүрдүүлэх, төрийн өмч болох соёлын биет өвийг дур зоргоороо ашиглах , захиран зарцуулах гэсэн шунахай сэдэлт зорилготой байсан гэж үзэв” гэсэн байна.
А.А-, С.Д- төрийн өмчид халдаагүй, сонирхогчийн хувьд цуглуулсан эд зүйлсээ бүртгүүлэх эсэх нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 22.2-т зааснаас бусад соёлын биет өвийг өмчлөгч, эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн зохих шатны бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлж болно” гэж, Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.7 дахь хэсэгт “Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд иргэн, хуулийн этгээд өөрийн өмчилж, эзэмшиж байгаа соёлын өвийг бүртгүүлж болно”. гэж заасан байна. Дээрх хуулийн заалтуудаас харахад соёлын биет өвийн өмчлөгч, эзэмшигч заавал бүртгүүлэх үүрэг хүлээгээгүй байна.
Шүүх А.А-, С.Д- нарыг төрийн өмч гэж мэдсээр байж ...гэж буруутгаж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй дүгнэлт болсон байна.
3. Өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааг мөрдөн байцаалтаар тодорхойлж тогтоож чадаагүй, харин цагдаагийн байгууллагаас үзлэг, нэгжлэг хийсэн өдрөөр гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр гэж тодорхойлсон нь буруу байна гэж маргасан. Шүүхээс бидний энэ санал дүгнэлтийг үндэслэлтэйгээр няцаагаагүй, ерөнхий байдлаар буюу 1990 оноос хойш гэмт хэрэг гарч үргэлжилж байсан мэтээр тайлбарлаж. цуглуулсан байсан эд зүйлийг 2023 онд цагдаагийн байгууллага хураан авч таслан зогсоосноор гэмт хэрэг төгссөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно.
Соёлын биет өвийг завших гэмт хэргийг 2015 онд баталсан Эрүүгийн хуульд анх удаа шинээр хуульчилсан. Шүүгдэгч нар нь 2015 оноос өмнө цуглуулгаа бүрдүүлчихсэн байсан болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: Тэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.” гэж заажээ.
Шүүгдэгч нар нь 2015 оноос өмнө одоогийн мөрдөж байгаа Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэх байдал мөрдөн байцаалтаар нотлогдоогүй, өөрсдийн сонирхлоор түүхэн дурсгалт эд зүйл цуглуулах нь гэмт хэрэг биш тул шүүх гэмт хэрэг үргэлжилж байсан гэх дүгнэлт хийсэн нь бодит байдалд нийцээгүй, нотолгоонд үндэслээгүй дүгнэлт болсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” Гэж хуульчилсныг шүүх зөрчлөө. Эд зүйлийг олж авах үед нь гэмт хэрэгт тооцоогүй байсан ба тухайн эд зүйлийг хадгалж байсныг нь үргэлжилж байгаа гэмт хэрэг гэж дүгнэх нь хууль зүйн үндэслэлгүй болно.
4. Шүүгдэгч нар нь соёлын биет өвийг завших гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй тул тэдгээрийн эзэмшлийн эд зүйлийг хураах үндэслэлгүй гэж үзэж байгаа болно. Шүүх төрийн өмчийн соёлын биет өв буюу археологийн олдвор болох “Таван нүдэн хээтэй дээл 1 ширхэг зэрэг нийт 226 ширхэг эд зүйлийг улсын орлого болгож, Соёлын Яаманд шилжүүлэхээр шийдвэрлэхдээ:
A. Прокуророос А.А-, С.Д- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу соёлын биет өв болох хүрэл дэгээ 1 ширхэг, хүрэл хадлага 3 ширхэг, жадны гилбэр 1 ширхэг, орчин үеийн угсаатны сав 4 ширхэг, ламын ригна 1 ширхэг, төмөр хуяг 1 ширхэг, тугийн орой 1 ширхэг, зээтүүний толгой 1 ширхэг, жадны үзүүр 3 ширхэг, хантааз 1 ширхэг, хүрэм 1 ширхэг, хүрэл хонх 1 ширхэг, хүрэл янзага 2 ширхгийг хууль бусаар худалдахаар завдсан гэх үйлдэлд яллагдагчаар татан шүүхэд шилжүүлснийг шүүх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч хэрэгсэхгүй болгосон хэргийн эд мөрийн баримтаар хураагдсан дээрх 13 төрлийн 21 ширхэг эд зүйлсийг хурааж, улсын орлого болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байна.
Б. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ЕГ0125/1140 дугаартай шинжээчийн дүгнэлтээр археологийн олдвор мөн эсэхийг тогтоох боломжгүй таван нүдэн хээтэй дээл, шар бүч, даавууны өөдөс, малгайн хэсэг, бор өнгийн өмд, эмээлийн олонцог, шар өнгийн дээл, булган дотортой малгай, торгон гадартай эсгий гөлөм,, торгон гадартай эсгий тохом, жаазалсан торгон эдлэлийн тасархай, ламын ригна зэргийг археологийн олдвор археологийн мөн бишийг тодорхойлох боломжгүй гэсэн байхад шүүх өөрөө археологийн олдвор буюу соёлын биет өв гэж дүгнэн хураах шийдвэр гаргасан нь нотлох баримтад үндэслээгүй шийдвэр боллоо.
B. А.А-, С.Д- нар нь цуглуулгын зарим эд зүйлээ гадаадаас худалдаж авдаг болохоо илэрхийлж, БНХАУ-аас худалдан авч байсан баримтуудаа эх хувиар нь хэрэгт нотлох баримтаар өгсөн байхад тэдгээр баримтад дурдагдсан эд зүйлүүдийг Монгол улсын төрийн өмч гэж үзэн хураах шийдвэр гаргасан нь хууль бус болсон байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлэх шаардлагыг хангаагүй байна.
Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч А.А-, С.Д- нар нь бусдын буюу төрийн өмчийг өөртөө хууль бусаар олж авч завшсан гэх байдал нотлогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч С.Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.А- бид хоёр гэр бүлийн хүмүүс бөгөөд нөхөр минь 1990 оноос хойш сонирхлоороо соёлын өв гэж нэрлээд байгаа дурсгалын зүйлсийг цуглуулж байгаа. Үүнийг нь би дэмжиж ирсээр 20, 30 жил өнгөрсөн байна. Анхан шатны тойргийн шүүхээс биднийг бүлэглэн төрийн өмчийн буюу соёлын өвийг завшсан гэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, бидний цуглуулсан эд зүйлсийг бүгдийг нь хураан авч улсын орлого болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, бид хэний ч өмчийг хууль бусаар авч завшаагүй. Зөвхөн өөрсдийн сонирхолд хөтлөгдөн цуглуулсан. 1990 оноос хойш тусгай зөвшөөрөл авч урт цагааны гудамжны дэлгүүрт эртний эдлэлийн дэлгүүр ажиллуулж байсан. Улмаар Тусгай зөвшөөрлийн тухай хууль гарч бүх тусгай зөвшөөрлүүд хүчингүй болж дэлгүүрүүд татан буугдсан. Тухайн үед цуглуулсан эд зүйлсээрээ Монгол Улсдаа музей нээгээд явъя гэхэд хувийн музейн талаар зохицуулсан хууль байгаагүй. Монгол Улс 2024 онд шинэ Музейн тухай хуультай болсон. Тухайн үед бидэнд хууль зүйн орчин, музей нээх санхүү байгаагүй учраас тухайн эд зүйлсийг цуглуулаад л явдаг байсан. Мөн 2009 онд Францын Засгийн газар Монгол Улсын Засгийн газартай хамтраад үзэсгэлэн гаргахад бидний цуглуулга Монгол Улсыг төлөөлж явдаг байсан. Цуглуулсан эд зүйлсийнхээ материал хийцийг судлаад катологи гаргаад явж байсан. Бид оффистоо цуглуулсан бүх эд зүйлсээ хүрэл зэвсгийн үе бол үе үеэр нь ялгаж, бүгдийн кодолж дугаар өгсөн байсан. Мөн миний нэр дээр гарсан торгон эдлэлийн цуглуулга бий. Үүнтэй холбоотойгоор Монголчууд дээр үед торго, даавуун эдлэлээр ямар материалтай зүйл хэрэглэж байсан талаар бид Монголын эрдэмтэдтэй хамтраад түүхчилсэн байдлаар судалгаа хийж, катологи гаргасан. 2 төрлийн эд хөрөнгүүдийг хураахдаа хууль бусаар худалдах гэж байна гэж хураасан. Эхлээд хууль бус худалдаа гэж байсан. Дараа нь соёлын биет өвийг завших гэмт хэрэгт нэмж ялласан. Ажил дээр нэгжлэг хийх үедээх хууль бусаар худалдаа хийхийг завдсан гэж үзсэн. Тухайн үед нөхөр минь ажил дээрээ байгаагүй. Намайг ажил дээрээ байхад цагдаа нар орж ирээд хураагаад авч явсан. Үүнийг анхан шатны тойргийн шүүх харгалзан үзэж хууль бусаар худалдаадах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, төрийн өмч завшсан гэж үзсэн. Гэтэл бид ямар нэгэн булш ухаж, малтлага хийж археологийн олдворыг олж авч завшсан зүйл байхгүй. Тухайлбал, айлд олон жил дамжаад ирсэн хүрэл эд зүйлс зөндөө байж л байдаг. Тэр бүхийг төрийн өмч гэж үзэх юм уу. Гэтэл бид эдгээр зүйлсийг төрөлжүүлээд цуглуулсныхаа төлөө төрийн өмчийн зүйлсийг хууль бусаар завшсан гэж буруутгагдаж байгаа нь хууль бус санагдаж байна. Бидэнд ямар нэгэн олдвор завшсан үйлдэл байхгүй. Өөрөөр хэлбэл, төрийн өмчид харьяалагдах өмчийг бид хууль бусаар авсан тохиолдолд огт байхгүй. Бид төртэй ямар ч харилцаагүй. Нөхөр минь дэнжийн мянгын зах байх үеэс л өөрийнхөө сонирхлоор тухайн эд зүйлсийг цуглуулсаар төрөлжсөн. Улмаар торго, даавуун эдлэлийн цуглуулгууд төрөлжөөд ирэхээр нь 2015 оноос хойш Их Сургуулийн эрдэмтэдтэй хамтраад судалгаа хийлгэж олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор катологи хийсэн. Гэтэл тэр катологоос мэдээлэл аваад ажиллагаа хийгээд бидний цуглуулгыг хурааж авсан. Үнэхээр би ашиг хонжоо олох зорилгоор, завших санаатай байсан бол эдгээр цуглуулгыг ил гаргах ямар ч шаардлага байхгүй. Бидний гол зорилго цуглуулгаараа Монгол Улсдаа музей байгуулаад үлдээх юм. Нөхөр минь гадагшаа явах бүртээ дуудлага худалдаа, дэлгүүр зэргээс ямар нэгэн зүйл авчирдаг байсан. Энэ 30 жилийн хугацаанд бүх цаг зав, залуу нас, санхүүгээ цуглуулгадаа зориулсан. Өөр юунд ч зориулаагүй. Соёлын өвийг хамгаалах тухай хууль 1994 онд байсан. Бүртгэл мэдээллийн сангийн анхны төсөл нь 1996 оноос эхлээд улмаар 2018 онд дижитал хэлбэрт орсон. Соёлын өвийн төв гэдэг агентлаг байгаа. Энэ агентлаг дээр Монгол Улсын бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим сан бий болсон. Үүнтэй холбоотой журам нь гараагүй атлаа сан үүссэн шалтгаан нь 2014 онд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг тухайн үеийн н.Оюунгэрэл сайд шинэчлэн найруулах санал гаргаж, шинэчлэгдсэн. Тэр үед хуучин хуульд Монголын соёлын өв гэдэг ойлголт бус түүх соёлын дурсгалт зүйл гэсэн нэршлээр явж байгаад хосгүй үнэт, үнэт, ердийн гэж бүх түүхийн дурсгалт болон урлагийн зүйлийг 3 зэрэглэлд хуваасан. Улмаар үнэт, хосгүй үнэт зэрэглэлд улсын музейд байгаа эд зүйлсийг хамруулдаг байсан. Харин иргэдийн хувийн цуглуулга, өмчлөлд байгаа зүйлсийг ердийн зэрэглэлд хамруулж байсан. Хосгүй үнэт зүйлд бүртгүүлэхийн тулд нэр дэвшүүлж, комиссын хурлаар ордог байсан. 2017 онд шинэчилсэн найруулгаар Соёлын өвийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт орж ердийн гэдэг ангилал хүчингүй болгож, хасагдсан. Ингээд үнэт, хосгүй үнэт гэсэн 2 ангилал үлдсэн. Үүний улмаас 1 ширхэг сумны зэв байсан ч яамнаас мэргэжлийн зөвлөл хуралдаж Монгол Улсын хилээр гарах зөвшөөрөл авдаг болсон. Дэлгүүрт гарч байгаа бүтээл бүр хилээр гарах зөвшөөрөлтэйгөөр гадны жуулчинд худалдаж болдог буюу хэн нэгэн захиран зарцуулах эрхтэй байсан. Дараа нь Тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчингүй болж, Соёлын өвийг хамгаалах тухай хууль өөрчлөгдсөнтэй холбогдуулан тухайн эд зүйл, бүтээлүүд Монгол Улсын хилээр гарах хориотой болсон. Ингээд нөхөр бид хоёр бусдад худалдах нь дэмий юм байна гэж үзээд цуглуулгаараа музей байгуулах санаатай байсан. Анх “Art house”-ийг бид музей болгохоор хамаг хөрөнгөө зарцуулж зээл авч барьж эхэлсэн боловч Олон улсын музейн стандарт маш нарийн байсан. Би сонирхлоороо Олон улсын музейн стандартыг маш олон жил судалсан. Улмаар Олон Улсын Музейн холбоо, АНУ-ын Музейн холбоонд хүртэл элсэж, музейтэй холбоотой бүх дуудлага худалдаа, сургалт, уулзалтад очдог байсан. Дэлхийн стандартад нийцэх музей байгуулахын тулд маш их хичээл зүтгэл гаргасан боловч сүүлдээ миний хүчин чадал мөхсөн. Бидний санхүүгийн байдал тийм ч сайн биш. Гэхдээ бид сонирхлоороо маш олон зүйл цуглуулсан. Музей өөрөө нээх ашиг олдог байгууллага биш, олон нийтийн байгууллага шүү дээ. Бид Монголчуудын өв соёл, түүхийг нийтэд таниулсан музей байгуулахын тулд өнөөдрийг хүртэл явсан. Энэ нь бидний эцсийн зорилго байсан. Гадаад улсын компанийн 6 инженер манай музейн дотоод заслын зургийг хийхийн тулд 5 сар ажилласан. Барилгын хийц, инженерчлэлийн хувьд арматур зэрэг нь стандарт хангахгүй байсан ч бид болгож бүтээхийн тулд нэмэлтээр олон зүйл хийсэн. Гэвч үнийн санал маш өндөр байсан. Тухайн үед буюу 2009 онд зөвхөн доторх интерьерийн зураг 400 мянган паунд байсан. Нэг бүтээл тавих пюпитр /тайлбарын суурь, мэдээллийн тавцан/ дэлхийн зах зээлд 5-20 мянган доллар байдаг. Гэвч надад пюпитр /тайлбарын суурь, мэдээллийн тавцан/ тавих санхүү байхгүй учраас зогсоосон. Эрх зүйн орчин, хувийн өмчит музейн тухай хууль, журам юу ч байгаагүй. Би Музейн тухай хуультай болгож өгөөч гэж яам, агентлагт зөндөө санал, хүсэлт гаргаж байсан. Сая л 2024 онд хуультай болсон ч дагаж мөрдөгдөх журам нь одоо ч гараагүй байна. Хувийн цуглуулгуудыг одоо хүртэл бүртгэж эхлээгүй л байна. Энэ мэтчилэн олон асуудалтай тулгарч явсаар 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдөр гэнэт л манай байгууллагад ажиллагаа хийж, биднийг төрийн өмч завшсан гэсэн. Угсаатны зүйл болох авдар, сав, домбо зэргийг хураахгүй атлаа зөвхөн хүрэл зэвсгийн үеийн зүйлсийг хурааж эхэлсэн. Археологи өөрөө маш нарийн өргөн утга агуулгатай. Үүнийг хэн ч нарийн оновчтой тайлбарлахгүй. Учир нь, археологийн материаллаг шинжилгээний лаборатори Монгол Улсад байхгүй. Гадаад улс руу шинжилгээнд явуулах зардлыг төлж чадахгүй, өчнөөн цаг хугацаа орно гэдэг. Гэтэл хүрэл зэвсгийн үеийн шинжээч нь шууд археологийн олдвор мөн гэдгийг юугаар нотолж байгаа юм бэ. CRF гэж тухайн металлын эрдсийн найрлагыг тогтоодог аппарат байдаг. Энэ аппаратаар зэс, цайр зэргийн хувийг гаргаж биччихээд энэ бол археологийн олдвор гэж шинжээч нар дүгнэсэн. Үүнийг би гайхаж байгаа. Мөн гэрчээр н.Б- миний эсрэг мэдүүлэг өгөхдөө “...энэ хүний торгон дээл нь Чингис хааны музейд байна...” гэж мэдүүлсэн байдаг. Энэ хүнийг би маш сайн мэднэ. Үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан байсан. Одоо археологийн хүрээлэнд ажиллаж байгаа. н.Б- нь гэрчээр миний эсрэг мэдүүлэг өгсөн атлаа энэ хэрэгт “энэ бол археологийн олдвор мөн” гэж шинжээчийн дүгнэлт гаргаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Ашиг сонирхлын зөрчилтэй санагдаж байна. Учир нь, өнөөдөр намайг шинжээчийн дүгнэлтэд үндэслэж яллаж байна. Хуулийн байгууллага биднийг төрийн өмчийг авч завшсан гэж буруутгаад байгаа. Гэтэл бид төрийн хаанаас, хэнд байсан эд зүйлийг хууль бусаар авсан юм бэ. Тухайн эд зүйлс яаж, хэрхэн бидний эзэмшилд ирсэн болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох ёстой. Гэтэл хэрэгт энэ талаар баримт огт байхгүй атал бидний эд хөрөнгийг төрийн өмч, археологийн олдвор гэж хураан авч байна. Үүнд би маш их харамсаж байна. Бид өөрсдийн түүх соёлоо л хойч үедээ үлдээхийн тулд 30 жил эдгээр зүйлсийг цуглуулж ирсэн. Гэтэл өнөөдөр ялтан болоод зогсож байгаадаа харамсаж байна. Бид энэ бүхнийг өөрсдийн эд хөрөнгөөр авсан. Цуглуулга бүр өөрсдийн гэсэн гадаад улсаас авчирсан үнэтэй стандартын сав, баглаа, даавуу ууттай. Бүх сав, баглаа боодолтойн Үндэсний музейд шилжүүлсэн боловч ямар чийгшилтэй, хаана, юунд хадгалагдаж байгааг би одоо хүртэл мэдэхгүй байна. Даавуун эд зүйл маш эмзэг байдаг. 3 жилийн хугацаанд юунд, яаж хадгалагдаж, элэгдэж, муудаж байгааг мэдэхгүй байна. Биднийг 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдөр бүлэглэн, завшсан, хууль бусад худалдахыг завдсан гэж буруутгаж байна. Гэтэл бид төртэй холбоотой ямар ч наймаа хийж байгаагүй. Зөвхөн хуулиа дээдэлж, бусдын адил бизнес хийж байсан. Монгол Улсад музей байгуулах нь нөхөр бид хоёрын чин хүсэл байсан. Гэтэл өнөөдөр биднийг төрийн өмч завшсан гэж буруутгаж байна. Төрийн өмч гэдгийг юугаар нотолж байгаа юм бэ. Ийм баримт хэрэгт байхгүй. Анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Бид гэмт хэрэг үйлдээгүй. Тухайн 30 гаран жил цуглуулсан хувийн цуглуулгыг минь төрийн өмч завшсан гэж үзсэн. Үүнийг би төр иргэнийхээ өмчид халдаж байна гэж үзэж байна. Бид хувийн өмчтэй байх эрхтэй. Учир нь, дэлхийн аль ч улсад энэ төрлийн зүйл цуглуулдаг цуглуулгатай хүмүүс маш олон бий. Монгол Улсын Үндсэн хуульд хүртэл Монгол улсын иргэн хувийн өмчтэй байна гэж заасан байдаг. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын үед нөхөр минь Занабазарын музейд цуглуулгаа үзэсгэлэн гаргаж байсан. Энэ талаар хийсэн баримтат кино хүртэл хийж байсан. Бид төрийн өмчид огт халдаагүй. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхгүй. Иймд бидэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмгөөлөгчдийнхөө гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Прокурор Б.Дашням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийн “Соёлын биет өвийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ” гэж, 32.2.2-т “харьяалах аймаг, нийслэлийн Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх;” гэж заасан. Өөрөөр хэлбэл, энэ үүргийг хэрэгжүүлсний үндсэн дээр тухайн соёлын өвийг өмчлөх эрх нээгдэнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн Долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна.” гэж заасан зохицуулалтыг хэрэгжүүлэхийн тулд Соёлын өвийг хамгаалах тухай хуульд дээрх заалтыг зориуд нэмж өгсөн гэж үзэж байна. Шүүгдэгч нарын цуглуулж, хадгалж байсан эд зүйлс нь археологийн үнэ цэнтэй зүйлс болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Археологийн үнэт зүйлс болох тухайн эд зүйлс нь Монгол Улсын Үндсэн хуулийн Долдугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Иргэний хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу төрийн өмчид байх ёстой. Шүүгдэгч нарын тухайн соёлын эд зүйлсийг өөрсдийн өмч мэтээр хадгалж, ашиглаж, захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлд заасан Соёлын биет өвийг завших гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. 2023 оны 2 дугаар сарын 07, 09-ний өдрүүдэд тухайн эд зүйлсийг хураан авах ажиллагааг явуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.” гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдөр гэж тооцсон. Шүүгдэгч нарын зүгээс тухайн эд зүйлсийг бүртгүүлэх ёстой болохыг мэдээгүй, соёлын өв гэж мэдэх боломжгүй байсан гэж маргадаг боловч тухайн эд зүйлсийг эртний эдлэлийн эд зүйлс бөгөөд музей байгуулах гэж байсан талаар мэдүүлдэг. Энэхүү мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч нар нь тухайн эд зүйлсийг соёлын өв гэж таньж мэдэх боломжтой, мэдэж байсан болох нь тогтоогдсон. Соёлын өв завших гэмт хэрэг нь эд хөрөнгө завших гэмт хэргээс ялгаатай зүйл нь тухайн эд хөрөнгө нь төрийн өмчид байх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл, төрийн өмчид эд зүйлсийг бүртгүүлэхгүй өөртөө авч эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж байгаа үйлдэл нь тухайн гэмт хэргийн объектив шинжийг хангаж байна. Хууль бус археологи, хайгуул малтлагаар олж авсан эд зүйлсийг цуглуулагчдад худалдан борлуулах үйлдлийг таслан зогсоохын тулд хуульд заавал тухайн эд зүйлсийг бүртгүүлэх ёстой гэсэн заалтыг оруулж өгсөн. Эс бөгөөс энэхүү хууль бус үйлдлүүд даамжирч бусдад соёлын өвийг бусдад өндөр үнээр худалдан борлуулснаар соёлын өв устах, үгүй болох сөрөг үр дагавартай. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын өгсөн тайлбар, мэдүүлэг зэргийг харахад анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр шүүгдэгч С.Д-, А.А- нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон эсэх, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан эсэх, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагаанд хуульд заасан журмыг зөрчсөн эсэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа оролцогчийн эрхийг үндэслэлгүйгээр хасаж, хязгаарласан эсэхийг шалгасны эцэст, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй.
Шүүх хуралдаанаар тухайн хэрэгт хамааралтай нотлох баримт бүрийн эх сурвалжийг магадлан шалгаж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судалж, харьцуулан үнэлэх замаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийг яллах, эсхүл цагаатгах үндэслэл, хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоосноор шүүхээс хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр гаргах нөхцөл бүрдэнэ.
Шүүгдэгч С.Д-, А.А- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг судалж үзэхэд энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан, хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүхээс хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нотлох баримтын хүрэлцээт байдал хангагдаагүй, байх тул шийтгэх тогтоолыг хууль ёсны ба үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэв.
Учир нь:
1. 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн зорилт нь соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, судалж шинжлэх, зэрэглэл тогтоох, үнэлэх, хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулах, өвлүүлэх, өмчлөх, эзэмших, ашиглах, сурталчлахтай холбогдсон харилцааг зохицуулахад орших бөгөөд энэхүү зорилтын дагуу тус хуулийн 4 дүгээр бүлэгт соёлын өвийн бүртгэлтэй холбоотой харилцааг зохицуулсан байна.
Бүртгэл нь тухайн соёлын өвтэй холбоотой мэдээллийг төрийн эрх бүхий байгууллагад өгснөөр хадгалалт, хамгаалалт, эзэмшигч, өмчлөгчийн өөрчлөлтийг хяналтанд оруулах замаар хууль бусаар бусдын эзэмшил ашиглалтанд шилжих, үрэгдэх болон соёлын өвийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх ач холбогдолтой юм.
Дээрх хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “Нийтийн өмчийн соёлын биет өвийн талаарх мэдээллийг бүртгэл, мэдээллийн санд заавал бүртгэнэ” гэж, мөн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 22.2-т зааснаас бусад соёлын биет өвийг өмчлөгч, эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн зохих шатны бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлж болно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч нар нь “...хэрэгт хураагдсан эд зүйлсийг бүртгүүлэх гэж удаа дараа хандсан боловч ...журам нь гараагүй... эхлээд төрд байгаа өвөө бүртгэнэ гэсэн учраас бүртгүүлж чадаагүй...” гэсэн тайлбарыг гарган мэтгэлцсэн байна.
Соёлын өвийн бүртгэлтэй холбоотой Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдын 2009 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 78 дугаар тушаалаар батлагдсан Соёлын өвийн улсын бүртгэл-мэдээллийн санг бүрдүүлэх, уг санд бүртгэх журам хэрэгжиж байсан бөгөөд уг журмын дагуу дээрх эд зүйлс бүртгэгдсэн эсэх, бүртгүүлэхээр хандсан эсэх, уг журам нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эсэхийг тодруулах ажиллагааг хийх шаардлагатай байх бөгөөд үүнтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, тухайн эд зүйлсийг цуглуулсан цаг хугацаандаа шүүгдэгч нар хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийн зохицуулалтын дагуу соёлын өвийг бүртгүүлэх чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж байсан талаар тодруулах нь гэмт хэргийн шинж болон гэм буруугийн хэлбэрийг тодорхойлоход ач холбогдолтой юм.
Түүнчлэн, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хавтаст хэрэгт хураагдсан эд зүйлсийн аль нь Нийтийн өмчийн соёлын биет өв болон бусад өвд хамаарах эсэхийг ялган зааглах шаардлагатай байна. Ингэснээр тухайн соёлын өвийн өмчлөгчийн асуудал тодорхой болж шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Соёлын биет өвийг завших” гэмт хэргийн объектив талын шинжийг хангах эсэхийг дүгнэх хууль зүйн боломжтой болох юм.
2. Хэрэгт хураагдсан эд зүйлс нь удаан хугацааны турш шүүгдэгч нарын эзэмшилд байсан, зарим эд зүйлс олон улсын үзэсгэлэн болон каталогид орж байсан талаарх баримтууд хэрэгт авагджээ.
Гэтэл прокурор яллах дүгнэлтдээ шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн гэмт хэрэгт хамаарах эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд анхан шатны шүүх ч мөн адил энэ талаар дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.
3. Анхан шатны шүүх шүүгдэгч нар нь соёлын биет өвд хамаарах эд зүйлсийг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу өөрийн санаачилгаар мэргэжлийн шинжээчээр ямар төрлийн эд зүйлд хамаарах талаар тодорхойлуулан бүртгүүлэх, Иргэний хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасан “...дарагдмал үнэт зүйлс дотор соёлын дурсгалт зүйлс байвал тэдгээрийг төрийн өмчлөлд шилжүүлнэ...” гэж заасан үүргээсээ зайлсхийж, өөрсдийн цуглуулгаараа “нүүдэлчдийн торгон эдлэл” нэртэй каталоги хэвлүүлэн гаргах, эртний эдлэлийн дэлгүүр ажиллуулахдаа эртний эдлэлүүдээ олон нийтэд гарган үзүүлж байгаа нь олны анхаарал татах, өөрийн мэт харагдуулах, энэ төрлийн худалдаа хийдгээ бусдад таниулах зэргээр ашигтай нөхцөл байдал бий болгох, төрийн өмч болох соёлын өвийг дур зоргоороо ашиглах, захиран зарцуулах гэсэн шунахай сэдэлт, зорилготой үйлдэл нь “Соёлын биет өвийг завших” гэмт хэрэг шинжийг хангана гэж дүгнэсэн.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг өөрийн эзэмшилд байсан эд зүйлсээ бүртгүүлэлгүйгээр ашигласан, удаан хугацаагаар газарт булагдсан, дарагдаж орхигдсон соёлын өвийг олоод төрийн өмчид шилжүүлээгүй нь гэмт хэргийн шинжтэй мэтээр хоёрдмол утгатай дүгнэлт хийсэн үндэслэлгүй болжээ. Тодруулбал шүүгдэгч нар тухайн эд зүйлсийг он удаан жилээр дарагдмал байдалтай/булагдсан/ байсныг нь олсон гэсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, яллах дүгнэлтэнд тусгагдаагүй байхад энэ үйлдлээр буруутгасан нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах хэм хязгаарыг зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.
Иймд дээрх үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/2098 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч С.Д-, А.А-, тэдгээрийн өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, Н.Ууганцэцэг нарын гаргасан “...гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Шүүгдэгч С.Д-, А.А- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/2098 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч С.Д-, А.А- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА