Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 305/ШШ2026/00193

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын *** баг, *** тоотод оршин суух, С овгийн З-ийн С-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн НҮУТҮГ-т холбогдох,

тэтгэмжийн зөрүү 1,868,005 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, хариуцагч И.Г, гэрч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Тэтгэмжийн зөрүү 1,868,005 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Нэхэмжлэгч З.С  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие З.С  Говь-Алтай аймгийн НҮУТҮГ-т 2017 оноос хойш ажиллаад 2026 оны 01 дүгээр сарын 01-ээс өндөр насны тэтгэвэрт гарч байгаа.

Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын дагуу 36 сарын тэтгэмжийг сүүлийн 3 жил ажилласан хугацаа буюу 2023, 2024, 2025 онуудаас тооцуулж тусламжаа бодуулахад манай байгууллагын нягтлан бодогч Б.Э  нь 2025 оны цалинг буруу бодож 7,891,662 төгрөг гэж гаргаснаас шалтгаалж миний тэтгэмж 1,868,005 төгрөгөөр буурч бодогдсон. Миний хувьд 2023 онд 7,891,662 төгрөгийн, 2024 онд 10,350,000 төгрөгийн, 2025 онд 11,448,000 төгрөгийн үндсэн цалин авсан байхад 2025 оны цалинг 7,891,662 төгрөг гэж буруу тооцсоноос болж би хохирсон. Миний сүүлийн 3 жилийн дундаж цалин 824,712 төгрөгөөр тооцоход 36 сарын тэтгэмж 16,659,182 төгрөгийн тусламж авах байхад надад тусламж олгохдоо 725,925 төгрөгөөр тооцож 14,791,177 төгрөгийн тэтгэмж гарт олгосон. Энэ талаар байгууллагын дарга И.Г , нягтлан бодогч Б.Э-т нарт хэлсэн боловч анхаарч шийдвэрлэж өгөөгүй. Иймд Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газраас Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын дагуу олгох тусламжийн зөрүү 1,868,005 төгрөгийг гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагчаас гаргасан тайлбар: Байгууллагаас тэтгэвэрт гарч буй өндөр насны тэтгэмжийн тооцоог аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэс тооцож олгодог. Иймд манай байгууллагын нэр дээр үүссэн З.С-тай холбоотой нэхэмжлэхийн хариуцагч тал нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс тул уг нэхэмжлэхийг хариуцагчийг өөрчилж өгнө үү гэв.

4. Хариуцагч талаас гаргасан нотлох баримт: Шүүхэд нотлох баримт ирүүлээгүй.

5. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Үйлчлэгч З.С-гийн сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн дундаж

-З.С-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

-Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/10 дугаартай “З.С г ажлаас чөлөөлөх тухай” тушаал,

-З.С гийн *** дугаартай Хаан банк дахь дансны хуулга,

-Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 305/ШШ2025/00846 дугаартай шийдвэрийн хуулбар.

6.Нэхэмжлэгчийн хүсэлтээс бүрдүүлсэн нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн “Нийтлэг үйлчилгээ” улсын төсөвт үйлдвэрийн газрын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаартай албан бичгийн хуулбар,

-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст З.С-ийн гаргасан өргөдлийн хуулбар,

-З.С гийн сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн тодорхойлолт, З.Сарануяагийн ажилласан жилийн тооцоо,

-POR2025122315300698VZBAOEYKH7 дугаартай 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн төлбөрийн хүсэлт,

-2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт,

-2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт,

-POR20251219151614M5J6JKORJPNWI дугаартай 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн төлбөрийн хүсэлт,

-Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээний газрын 5315323917 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

-Үйлчлэгч З.С-гийн сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн дундаж,

-Нийтлэг үйлчилгээний газрын 2023 оны 01-12 дугаар сар, 2024 оны 01-12 дугаар сар, 2025 оны 01-12 дугаар саруудын цалингийн хүснэгт.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч З.С  нь Говь-Алтай аймгийн НҮУТҮГ-т холбогдуулан тэтгэмжийн зөрүү 1,868,005 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3. Хариуцагч Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газар нь ...байгууллагаас тэтгэвэрт гарч буй өндөр насны тэтгэмжийн тооцоог аймгийн санхүү төрийн сангийн хэлтэс тооцож олгодог. Иймд манай байгууллагын нэр дээр үүссэн З.С-тай холбоотой нэхэмжлэхийн хариуцагч тал нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс тул уг нэхэмжлэхийн хариуцагчийг өөрчилж өгнө үү гэж тайлбарлаж, татгалзжээ.

4. Нэхэмжлэгч З.С  нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...Би Хөхморьт сумын эмнэлэгт 7 жил 3 сар ажилласан. Нийтлэг үйлчилгээний байгууллагад 8 жил 4 сар ажилласан. Улсаас өгсөн 4,5 жил ороод нийт 20 жил ажилласан байгаа юм. Сүүлийн 3 жилийн тэтгэмжээс хасаж бодсон…” гэж тайлбарлаж байна.

5. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/10 дугаартай “З.С-г ажлаас чөлөөлөх тухай” ...Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газрын үйлчлэгч З.С  нь өндөр насны тэтгэвэрт гарч байгаа тул 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэх тушаалаар ажлаас чөлөөлжээ.

-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас POR20251219151614M5J6JKORJPNWI дугаартай 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр 13,613,770.70 төгрөгийг, POR2025122315300698VZBAOEYKH7 дугаартай 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр 1,177,407 төгрөгийг тус тус Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газрын дансанд шилжүүлсэний дагуу *** тоот данснаас 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр  13,613,770.70 төгрөгийг *** тоот З.С-гийн Хаан банк дахь дансанд “өндөр насны тэтгэмж” гэсэн утгатай шилжүүлсэн, 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1,177,407 төгрөгийг *** тоот З.С гийн Хаан банк дахь дансанд дансанд “өндөр насны тэтгэмж” гэсэн утгатай шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд уг үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

6. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж хуульчилжээ.

Нэхэмжлэгч З.С  нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүү гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Шүүх нэг удаагийн буцалтгүй тусламжийг тооцохдоо Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын хавсаралт “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.1-д “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө” гэж, 2.1-д “нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно” гэж заасны дагуу хэрэгт авагдсан Нийтлэг үйлчилгээний газрын 2023 оны 01-12 дугаар сар, 2024 оны 01-12 дугаар сар, 2025 оны 01-12 дугаар саруудын үндсэн цалингийн нийлбэрийг 36 сард хуваах хэлбэрээр сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн дундажийг тодорхойлоход 824,712.8 төгрөг байна.

Мөн журмын 2.2-д “энэ журмын 1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингийн дунджаас ихгүй байна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн төрийн албанд ажилласан хугацааг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас тооцоход нөхөн тооцсон 4 жил 5 сар, Хөхморьт сумын хүн эмнэлэгт ажилласан хугацаа 7 жил 1 сар, Нийтлэг үйлчилгээний газарт ажилласан хугацаа 8 жил 4 сар, нийт 19 жил 10 сар байна. Төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг тооцоход 19.10*824,712.8=15,751,015 төгрөг байна.

Нэг удаагийн буцалтгүй тусламж 15,752,015 төгрөгөөс нэхэмжлэгч З.С д олгосон 14,791,177.7 төгрөгийг хасч тооцоход 960,837 төгрөгийг дутуу олгосон гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Т”өрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно...” гэж заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүү 960,837 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн НҮУТ-т үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газраас гаргуулж нэхэмжлэгч З.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 907,168 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

7. Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын хавсаралт “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 5.4-т “төрийн албан хаагчийн ажиллаж байсан байгууллагын дарга, хүний нөөц болон санхүү хариуцсан ажилтнууд энэ журмын дагуу тухайн төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацаа, үндсэн цалинг үнэн зөв тодорхойлох үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч Говь-Алтай аймгийн НҮУТ-т үйлдвэрийн газар нь төрийн алба хаасан хугацааг үнэн зөв тодорхойлох үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчийн “...хариуцагч тал нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс тул уг нэхэмжлэхийн хариуцагчийг өөрчилж өгнө үү” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүү 960,837 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 27,610 (хорин долоон мянга зургаан зуун арав) төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газраас гаргуулан нэхэмжлэгч З.С д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн НҮУТ-т үйлдвэрийн газраас нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүү  960,837 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С овгийн З-ийн С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 907,168 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүү 960,837 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 27,610 (хорин долоон мянга зургаан зуун арав) төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн НҮУТ-т үйлдвэрийн газраас гаргуулан нэхэмжлэгч З.С-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.ОЮУНБИЛЭГ