Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 305/ШШ2026/00222

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ЖДҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын ***-р баг, *** байр, *** тоот “ХХ ” ХХК,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын ***-р баг, *** байр, *** тоотод оршин суух, Ж овгийн Ж-ийн У,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын ***-р баг, *** байр, *** тоотод оршин суух, И овгийн Ж-ийн Ц нарт холбогдох,

Үндсэн зээл 100,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 4,627,476.75 төгрөг, зээлийн алдангийн төлбөрт 16,272,231.27 төгрөг, нотариатын зардал 30,500 төгрөг, нийт 120,930,208.02 төгрөг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э  (цахимаар), хариуцагч Ж.У  (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

Хариуцагч “ХХ ” ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч Ж.Ц  нь шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ж.Ц ын эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: ЖДҮГ болон “ХХ ” ХХК нарын хооронд байгуулсан SME-22-00846 тоот зээлийн болон барьцааны гэрээг цуцалж , Зээлийн гэрээний төлбөрт 120,930,208.02 ( нэг зуун хорин сая есөн зуун гучин мянга хоёр зуун найман төгрөг хоёр мөнгө ) төгрөг гаргуулах, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээдийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай.    

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам, Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн “ХХ ” ХХК /убд:0511005309, РД:***/ түүнийг төлөөлөн Захирал Их мянган ургийн овогтой Жагдаг Цогбадрах /РД:***/, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж ургийн овогтой Ж-ийн У /РД:***/ нар нь “Жижиг, дунд үйлдвэрийн газар”(Цаашид “Газар” гэх)-аас 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 5МЕ-22-00846 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг “Хүнсний агуулахын” төслөөр, 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн.

Зээлийн барьцаанд Ж Ц /РД:***/, Ж У /РД:***/ нарын өмчлөлийн Говь-Алтай аймгийн *** сум 4 баг *** байр *** давхарын А,Б тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн ***, гэрчилгээний *** дугаар бүхий, үйлчилгээний зориулалтай 165,76 м.кв үл хөдлөх хөрөнгө болон Ж-ын Ц /РД:***/-ын эзэмшлийн Говь- Алтай аймаг *** сум *** баг хаягт байрлах улсын бүртгэлийн ***, гэрчилгээний *** дугаартай нэгж талбарын *** дугаар бүхий Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар зориулалттай эзэмших эрхийн газар зэрэг хөрөнгийг тус тус барьцаалуулсан.

Зээлдэгч нь гэрээний дагуу зээлээ төлөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж “ХХ ” ХХК, Ж.У  нараас 120,930,208.02 төгрөгийн төлбөрийг гаргуулах. Үүнийг задалбал: Үндсэн зээл 100,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 4,627,476.75 төгрөг, зээлийн алдангийн төлбөрт 16,272,231.27 төгрөг, нотариатын зардал 30,500 төгрөг. Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах

3. Хариуцагч Ж.У  хариу тайлбартаа: Энэ зээлийг авсан нь үнэн. Бид талд хашаагаа аваад зоорио бариад үйл ажиллагаа эхлэх гэж байхад Ж.Ц ын бие муудаад зүрхний архаг дутагдал гээд байнгын асаргаанд байдаг болсон. Хүн хамгийн түрүүнд өвчтэй хүнээ эрүүл болгохыг бодно. Хүний амь наснаас илүү зүйл гэж байхгүй. Хугацаа нь дуусаагүй учир хугацаа дуусахаас өмнө төлж барагдуулж болох уу. Энэ хүн өвчтэй байгаа учир төлөхгүй. Бид нар л төлөх байх. Ямар ч гэсэн 2026 оны эхний төлөлтөө аймагт байгаа газраа зараад төлж барагдуулъя. Харилцан тохиролцох бүрэн боломж байдаг юм байна. Би өвчтэй гэдгийг нь нотолж болно. 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай байгаа. Би үр хүүхэдтэйгээ нийлж л төлж барагдуулна. Хугацаа хэрэгтэй байна. Өнөөдөр шийдвэрлээд маргааш төлөх мөнгө төгрөгийн боломж бололцоо байхгүй. 2026 ондоо хуваарийн дагуу төлье гэв.

4. Хариуцагч “ХХ ” ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч Ж.Ц  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ж.Ц  нь ам бүл 5 эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Миний бие нь тухайн ЖДҮГ-ын зээлийг аваад тэр жилээ короновирус тусч хүндэрч зүрх судас уушиг сахар артерын гипертензи 2-р зэрэг, 2-р үе шат өндөр эрсдэлтэй пинвик хам шинж 3-р зэрэг оношоор 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтай байнга хэвтрийн өвчтэй хүн болсон. Тухайн зээлээр зоорь барих хашаа авч газраа хүлэмжээ шийдсэн байсан. 2027 оны 12 сард зээлийн маань хугацаа дуусна. Тэр болтол боломжоороо төлж барагдуулна. Иргэний үүргээ биелүүлж зээлээ 100 хувь төлнө гэжээ.

5. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- 2022 оны 12-р сарын 05-ны өдрийн SME-22-00846 дугаартай зээлийн гэрээний  нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-  2022 оны 12-р сарын 05-ны SME-22-00846 дугаартай барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- 2022оны 06 сарын 22 өдөр бүртгэсэн 000235351 дугаартай ХХ  хязгаарлагдмал хариуцлагатай  компаний Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-ХХ  ХХК-ийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Говь-Алтай аймгийн “ХХ ” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаартай Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд гаргасан “Төсөл бүрэн хэрэгжүүлэх баталгааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Улсын бүртгэлийн *** дугаартай Монгол Улсын иргэн Ж.Ц , Ж.У  нарын (хоёр иргэний өмч)  үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-*** дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-50198 дугаартай Газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн тодорхойлолт,

-2022 оны 12 сарын 02-ны өдрийн бүртгэлийн 0018 дугаартай Итгэмжлэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- 2022 оны 12 сарын 02-ны өдрийн бүртгэлийн 0019 дугаартай Итгэмжлэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ж.У ийн иргэний үнэмлэхийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ж.Ц ын иргэний үнэмлэхийн лавлагаа нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Жижиг дунд үйлдвэрийн газрын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-2025 оны 10 сарын 08 өдрийн 1/1144 тоот Шаардлага хүргүүлэх тухай албан тоот нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга,

-Нэхэмжлэхийн хуулбар.

6. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар нь  “ХХ ” ХХК болон Ж.У , Ж.Ц  нарт холбогдуулан ЖДҮГ болон “ХХ ” ХХК нарын хооронд байгуулсан SME-22-00846 тоот зээлийн болон барьцааны гэрээг цуцалж , Зээлийн гэрээний төлбөрт 120,930,208.02 ( нэг зуун хорин сая есөн зуун гучин мянга хоёр зуун найман төгрөг хоёр мөнгө ) төгрөг гаргуулах, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээдийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э  нь “...Талуудын хооронд байгуулсан гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж ХХ  ХХК, Ж.У  нараас 120,930,208.02 төгрөгийн төлбөрийг гаргуулах. Үүнийг задалбал: Үндсэн зээл 100,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 4,627,476.75 төгрөг, зээлийн алдангийн төлбөрт 16,272,231.27 төгрөг, нотариатын зардал 30,500 төгрөг. Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна...” гэж шаардлагын үндэслэлээ тайлбарласан бөгөөд хариуцагч Ж.У  нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Энэ зээлийг авсан нь үнэн. Бид талд хашаагаа аваад зоорио бариад үйл ажиллагаа эхлэх гэж байхад Ж.Ц ын бие муудаад зүрхний архаг дутагдал гээд байнгын асаргаанд байдаг болсон. Хүн хамгийн түрүүнд өвчтэй хүнээ эрүүл болгохыг бодно. Хүний амь наснаас илүү зүйл гэж байхгүй. Хугацаа нь дуусаагүй учир хугацаа дуусахаас өмнө төлж барагдуулж болох уу. Энэ хүн өвчтэй байгаа учир төлөхгүй. Бид нар л төлөх байх. Ямар ч гэсэн 2026 оны эхний төлөлтөө аймагт байгаа газраа зараад төлж барагдуулъя. Харилцан тохиролцох бүрэн боломж байдаг юм байна. 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай байгаа. Би үр хүүхэдтэйгээ нийлж л төлж барагдуулна. Хугацаа хэрэгтэй байна. Өнөөдөр шийдвэрлээд маргааш төлөх мөнгө төгрөгийн боломж бололцоо байхгүй. 2026 ондоо хуваарийн дагуу төлье” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.   

4. Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлдэгч “ХХ ” ХХК болон Ж.У , Ж.Ц  нартай 100,000,000 төгрөгийг “Хүнсний агуулахын төсөл”-ийн зориулалтаар, 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн үлдэгдэлд 0,1 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож, SME-22-00846 дугаартай зээлийн гэрээг, уг зээлийн барьцаанд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ж.Ц , Ж.У  нарын өмчлөлийн Говь-Алтай аймаг, *** сум, ***-р баг, *** байр, 1 давхарын А, В тоот хаягт байршилтай, 165,76 м.кв талбайтай Ү-0518001790  улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Ж.Ц ын өмчлөлийн Говь-Алтай аймгийн *** сумын  *** багт байршилтай, 198 мкв талбай бүхий *** дугаарт бүртгэлтэй газар зэргийг барьцаалж, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр SME-22-00846 дугаартай барьцааны гэрээ тус тус бичгээр байгуулжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг болно.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч ЖДҮГ-аас 100,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч “ХХ ” ХХК болон Ж.У , Ж.Ц  нар нь 100,000,000 төгрөгийг хүүгийн хамт эргэн төлөлтийн хуваарийн дагуу 60 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх үүрэг тус тус хүлээжээ.

Зохигч нь хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ... гэсэн шаардлагад нийцэж байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх эрх зүйн үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар тогтоогдсонгүй. Уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.

Зээлдүүлэгч ЖДҮГ нь зээлийн гэрээний гол үүргийг биелүүлж, 100,000,000 төгрөгийг зээлдэгч “ХХ ” ХХК-ийн Хаан банк ХХК дахь *** тоот дансанд шилжүүлэхээр тохиролцож, зээлийг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.  

Харин зээлдэгч “ХХ ” ХХК болон хамтран зээлдэгч Ж.У , Ж.Ц  нар нь гэрээний хугацаанд 3,000,000 төгрөг төлж, үндсэн зээл 100,000,000 төгрөг, хүү 4,627,476.75 төгрөгийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, зээлийн гэрээний гол үүргээ биелүүлээгүй байна.

Энэхүү үйл баримтын талаар зохигч маргаагүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас эргэн төлөлтийн хуваарьт тусгагдсан 100,000,000 төгрөг, хүү 4,627,476.75 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй.

Уг шаардах эрх нь дуусгавар болсон гэх үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар тогтоогдоогүй болно. Зээлийн үлдэгдлийн хэмжээг хариуцагч хүлээн зөвшөөрч, баримтаар үгүйсгээгүй болно.

5. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д ...хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ... гэж заажээ.

2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн SME-22-00846 дугаартай зээлийн гэрээний 3.3-т “зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн үлдэгдэлд 0,1 хувиар алданги тооцно” гэж тохиролцжээ.

Үүнээс үзэхэд зохигч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анз тохирсон гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй. Учир нь хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт тодорхойлжээ.

Зээлдэгч нь гэрээний гол үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгээс тооцон тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийн зээлдүүлэгчид өгөхөөр харилцан тохирч, үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон гэрээндээ тусган баталгаажуулж, агуулгын хувьд харилцан нэгдсэн хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэж, хүчин төгөлдөр бусад тооцох эрх зүйн үндэслэлгүй юм.

Хариуцагчийн зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчсөн хугацааг 2024 оноос эхлэн тооцож, 2025 оны 12 дугаар сарын 09-ний байдлаар алданги  тооцож хариуцагчаас 16,272,231.27 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

6. Хариуцагч “ХХ ” ХХК болон хамтран зээлдэгч Ж.У , Ж.Ц  нар нь эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар үндсэн зээл 100,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 4,627,476.75 төгрөг, зээлийн алдангийн төлбөрт 16,272,231.27 төгрөг, нотариатын зардал 30,500 төгрөг, нийт 120,930,208.02 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

7. Нэхэмжлэгч ЖДҮГ нь Зээлийн гэрээний үүргийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйл болох Ж-ийн Ц, Ж-ийн У  нарын өмчлөлийн Говь-Алтай аймгийн *** сум *** баг **** байр 1 давхарын *** тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн ***, гэрчилгээний *** дугаар бүхий, үйлчилгээний зориулалтай 165,76 м.кв үл хөдлөх хөрөнгө, Ж-ийн Ц-хын эзэмшлийн Говь- Алтай аймаг *** сум *** баг хаягт байрлах улсын бүртгэлийн ***, гэрчилгээний *** дугаартай нэгж талбарын *** дугаар бүхий Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар зориулалттай эзэмших эрхийн газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж,

Мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана” гэж,

158.3-д “Хэрэв барьцаагаар хангах үүргийг гүйцэтгэх хугацаа болсон, эсхүл барьцааны гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч нь барьцааны эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн SME-22-00846 ;угаар барьцаат зээлийн гэрээгээр барьцаалсан Ж-ийн Ц /РД:***/, Ж-ийн У /РД: / нарын өмчлөлийн Говь-Алтай аймгийн  сум *** баг *** байр *** давхарын А,Б тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-***, гэрчилгээний *** дугаар бүхий, үйлчилгээний зориулалтай 165,76 м.кв үл хөдлөх хөрөнгө болон Ж-ийн Ц /РД:*** /-ын эзэмшлийн Говь- Алтай аймаг Есөнбулаг сум *** баг хаягт байрлах улсын бүртгэлийн ***, гэрчилгээний *** дугаартай нэгж талбарын *** дугаар бүхий Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар зориулалттай эзэмших эрхийн газар зэргээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 30,500 төгрөг нэхэмжилжээ. Энэхүү зардал нь зээлдэгч үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор гарсан нэмэлт зардал байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасны дагуу зардлыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

8. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч “ХХ ” ХХК болон хамтран хариуцагч Ж.У , Ж.Ц  нараас үндсэн зээл 100,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 4,627,476.75 төгрөг, зээлийн алдангийн төлбөрт 16,272,231.27 төгрөг, нотариатын зардал 30,500 төгрөг, нийт 120,930,208.02 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЖДҮГ-т олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

9. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 158.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Ж-ийн Ц /РД:***/, Ж-ийн У /РД:***/ нарын өмчлөлийн Говь-Алтай аймгийн *** сум *** баг *** байр *** давхарын А,Б тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-***, гэрчилгээний *** дугаар бүхий, үйлчилгээний зориулалтай 165,76 м.кв үл хөдлөх хөрөнгө болон Ж-ийн Ц /РД:***/-ын эзэмшлийн Говь- Алтай аймаг *** сум *** баг хаягт байрлах улсын бүртгэлийн Э-***, гэрчилгээний *** дугаартай нэгж талбарын *** дугаар бүхий Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар зориулалттай эзэмших эрхийн газар зэргийг журмын дагуу албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан ЖДҮГ нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч  “ХХ ” ХХК болон хамтран хариуцагч Ж.У , Ж.Ц  нараас 120,930,208.02 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 762,601 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь үндэслэлтэй байна.

11. Хэдийгээр хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа боловч эргэн төлөх хугацааны талаар зохигчид харилцан тохиролцоогүй тул хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ХХ ” ХХК болон хамтран хариуцагч Ж овгийн Ж-ийн Ж.У , И овгийн Ж-ийн Ц нараас үндсэн зээл 100,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 4,627,476.75 төгрөг, зээлийн алдангийн төлбөрт 16,272,231.27 төгрөг, нотариатын зардал 30,500 төгрөг, нийт 120,930,208.02 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газарт олгосугай.

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 158.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Ж-ийн Ц /РД:***/, Ж-ийн У /РД:***/ нарын өмчлөлийн Говь-Алтай аймгийн *** сум *** баг *** байр *** давхарын А,Б тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-***, гэрчилгээний *** дугаар бүхий, үйлчилгээний зориулалтай 165,76 м.кв үл хөдлөх хөрөнгө болон Ж-ийн Ц /РД:***/-ын эзэмшлийн Говь- Алтай аймаг *** сум *** баг хаягт байрлах улсын бүртгэлийн Э-***, гэрчилгээний *** дугаартай нэгж талбарын *** дугаар бүхий Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар зориулалттай эзэмших эрхийн газар зэргийг журмын дагуу албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан ЖДҮГ нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч  “ХХ ” ХХК болон хамтран хариуцагч Ж.У , Ж.Ц  нараас 120,930,208.02 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 762,601 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Н.ОЮУНБИЛЭГ