Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 305/ШШ2026/00031

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын *** багт оршин суух, Т* овгийн М-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,

мал маллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багт аав, ээжийн хамт мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 1976 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Тонхил сумд төрсөн. Би 8 дугаар анги төгсөөд мал дээр гарч аав, ээжийн хамт мал маллах болсон бөгөөд 1995 онд гэр бүлтэй болсон. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1991-1994 оны малын А данс өрхийн тэргүүний нэр дээр бүртгэгдсэн байгаа учраас малчнаар ажиллаж байсан жил тооцогдохгүй гэж тэтгэврийн хүсэлтийг буцааж шүүхээр тогтоолгож ир гэсэн юм. Иймд энэ байдлыг харгалзан үзэж миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багт аав, ээжийнхээ хамт мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Итгэмжлэл,

-М.Б гийн төрсний бүртгэлийн лавлагаа,

-Үндэсний архивын сан хөмрөгийн 1989, 2000 оны хүн ам тооллогын лавлагаа,

-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 677 дугаартай архивын лавлагаа,

-Ж-ын Б-, М-ийн Б нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 669 дугаартай архивын лавлагаа, 1991-1994 онуудын мал тооллогын А дансны архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

-Говь-Алтай аймгийн Тонхил сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай тодорхойлолт.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч М-ийн Б  нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багт аав, ээжийн хамт мал маллаж байсан болохыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

4. М.Б  нь 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багт аав, ээжийн хамт мал маллаж байсан болох нь: 

-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 669 дугаартай “...тус аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багийн малчин, өрхийн тэргүүлэгч Х.М-ийн мал маллаж байсан хугацаа (1991-1995 он) хүртэлх” гээд 1991, 1992, 1993, 1994 онуудын малын тоог тодорхойлсон архивын лавлагаа, 1991-1994 онуудын мал тооллогын А дансны архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 03-02/7871 дугаартай 1989 оны хүн ам тооллогын лавлагаагаар Х-ны М тэргүүлэгч өөрөө, 46 настай, эрэгтэй, М-ийн Ч, хүү, 15 настай, эрэгтэй, М-ийн Б, охин, 12 настай, эмэгтэй, М-ийн Б охин, 10 настай, эмэгтэй, М-ийн Б, охин, 7 настай, эмэгтэй, Д-ын П, эхнэр, 40 настай, эмэгтэй гэж бүртгэгдсэн,

Ж-ын Б, М-ийн Б  нарын 2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр бүртгүүлсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

Говь-Алтай аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай “М-ийн Б  /***/ нь Тонхил сумын ерөнхий боловсролын сургуулийн 8-р ангийг 1992 онд 156108 гэрчилгээний дугаартай төгссөн. Цаашид 9, 10 дугаар ангид үргэлжлүүлэн суралцаагүй нь үнэн болно” гэх тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Тодруулбал 1989 оны хүн ам тооллогод Монуугийнх ам бүл 6 бүртгэгдсэн бөгөөд 1991 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд ам бүл 7, 1992 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд ам бүл 7, 1993 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд ам бүл 6, 1994 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд ам бүл 6 гэж бүртгэгдсэн байна.

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудаар М-ийн Б г 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багт аав, ээжийн хамт мал маллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

5. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Учир нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай “М-ийн Б  /***/ нь Тонхил сумын ерөнхий боловсролын сургуулийн 8-р ангийг 1992 онд 156108 гэрчилгээний дугаартай төгссөн. Цаашид 9, 10 дугаар ангид үргэлжлүүлэн суралцаагүй нь үнэн болно” гэх тодорхойлолтоор М.Б  нь 1992 онд 8 дугаар анги төгссөн болох нь тогтоогдож байх тул сургуульд суралцсан хугацаа буюу 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацааг мал маллаж байсан гэж дүгнэх боломжгүй юм.

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын тодорхой өдөр хүртэл үргэлжилдэг тул шүүх М.Б гийн мал маллаж эхэлсэн хугацааг 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр тооцсон болно.

6. Иймд Т овгийн М-ийн Б г 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багт аав, ээжийн хамт мал маллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Т овгийн М-ийн Б г 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багт мал маллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        

                       

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ