| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0048/Э |
| Дугаар | 126 |
| Огноо | 2018-01-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Н.Анхбаяр,
Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Хохирогч О.Болдбаатар, түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл,
Шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Днд холбогдох эрүүгийн 170300521 дугаар хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх оношлогооны төвийн урд замд 92-04 УНӨ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан Явган хүний гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө. 13.3 “явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал араас нь ирсэн жолооч түүний урдуур зам хөндлөн гарч яваа явган зорчигч байхгүйг бүрэн мэдсэныхээ дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч О.Болдбаатарыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Г.Д нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан Явган хүний гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө. 13.3 “явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал араас нь ирсэн жолооч түүний урдуур зам хөндлөн гарч яваа явган зорчигч байхгүйг бүрэн мэдсэныхээ дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч О.Болдбаатарыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч О.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“2017 оны 11 сарын 13-ны өдөр би өөрийн машинаа оношлогоонд оруулах гээд Баянзүрх дүүргийн оношлогооны газрын үүдэнд машинаа тавиад замын урд талын АТМ-аас мөнгө авах санаатай явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй гарах гээд гарцаар алхаж явтал баруунаас зүүн тийш чиглэлтэй цагаан өнгийн Приус-20 маркийн автомашин нэгдүгээр эгнээгээр орж ирээд намайг мөргөсөн. Би мөргүүлээд шидэгдээд зам дээр унасан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
Гэрч Б.Цогтзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“Би 2017 оны 11 сарын 13-ны өдөр Г.Доржсүрэнгээс худалдаж авсан газраа үзэх гээд түүнийг дагаад араас нь явж байсан юм. Тэгээд Баянзүрх дүүргийн нутаг оношлогооны төвийн урд замд Г.Д Тоёота Приус маркийн машинаа жолоодоод нэгдүгээр эгнээгээр явж байтал явган хүний гарцаар хойноос урагшаа чиглэлтэй гараад ирсэн. Хоёрдугаар эгнээнд явж байсан машин тэр хүнийг тойроод гарсан, тэгтэл Г.Д баруун гар талруугаа дараад тормос гишгээд явган зорчигчийг мөргөөд зогссон. Явган зорчигч явган хүний гарцаар гэнэт утсаар яриад гараад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/
Шүүгдэгч Г.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“2017 оны 11 сарын 13-ны өдрийн 15 цагийн үед би 92-04 УНӨ улсын дугаартай Т.Приус-20 маркийн автомашиныг жолоодоод Баянзүрх дүүргийн нутаг Чулуун овооноос Ботаник орох замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй 1-р эгнээнд явж байтал Баянзүрх оношлогооны төвийн урд талын явган хүний гарцаар 2-р эгнээнд явж байсан машины урдуур нэг явган зорчигч ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй гарч ирээд урдуур ороод ирсэн. Би тормосоо гишгээд баруун гар тийш дараад явган зорчигчийг мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14378 дугаартай:
“О.Болдбаатарын биед баруун гарын шууны богтос ясны далд хугарал, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 37/
Замын цагдаагийн албаны мөрдөгчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаартай:
Тоёота приүс маркын 92-04 УНӨ улсын дугаартай автомашины жолооч Г.Д нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Явган хүний гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө. 13.3. явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал араас нь ирсэн жолооч түүний урдуур зам хөндлөн гарч яваа явган зорчигч байхгүйг бүрэн мэдсэныхээ дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч О.Болдбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэх магадлагаа /хх-ийн 38/
-зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч
/хх-ийн 2-6/
-жолооч, явган зорчигчийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 7-8/
-тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 9/
-тээврийн хэрэгсэл түр саатуулж, баримт бичиг түр хураан авсан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 10-11/
-гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12/
-эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 25/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-Алтаншагай ХХК-ийн хохирогч О.Болдбаатарын талаарх тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хохирогчийн эмчилгээ зардлын баримтууд /хх-ийн 29-30, 58-59, 83-88/
-Г.Дгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвийн жолоочийн лавлагаа, мэдээлэл, Г.Дгийн ажлын үнэмлэхийн хуулбар, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 49-55/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадлагааг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Г.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Д нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Г.Днд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ өгсөн дүгнэлт, гэмшиж байгаа байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүгдэгч Г.Д нь хохирогчид учирсан хавтаст хэрэгт авагдсан хохиролыг /хх-ийн 58-59-д байгаа 8 ширхэг баримт/ тухай бүр нь төлсөн талаар хохирогч болон шүүгдэгч нар шүүх хуралдаанд мэдүүлсэн.
Үүнээс гадна шүүгдэгч нь хохирогчид нийт 550.000 төгрөгийг /хх-ийн 59-ийн ар хэсэг/ дансаар шилжүүлж өгсөн байна. Хохирогч О.Болдбаатар нь 310.000 төгрөгийг зарцуулсан талаар баримтыг /хх-ийн 29/ гаргаж ирүүлжээ.
Хохирогчийн олох байсан орлого нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 01 сарын 19-ний өдрийн байдлаар нийт 1.828.565 төгрөг байхаар байна. Үүнээс хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжээр 75 хувиар бодогдон олгогдож, үлдэх 25 хувийг гэм буруутай этгээдээс гаргах үндэслэлтэй байх тул 1.828.565 төгрөгийн 25 хувь болох 457.141 төгрөгийг шүүгдэгч Г.Доржсүрэнгээс гаргуулах нь зүйтэй байна.
Мөн хохирогчоос шүүхэд эмчилгээний зардалд зарцуулсан 586.000 төгрөгийн /хх-ийн 83-88/ хохиролыг баримтаар гаргаж өгсөн болно.
Хохирогч нь нийт 1.043.141 төгрөгийн хохиролыг нэхэмжилж байгаагаас шүүгдэгчийн дансаар шилжүүлсэн 550.000 төгрөгөөс нотлох баримтаар зарцуулагдаагүй 240.000 төгрөгийг хасч 803.141 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэх нь хууль ёсны болон шударга ёсны зарчим, түүний үндсэн ухагдахуунд нийцнэ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Дг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Днд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 371846 дугаартай жолоочийн үнэмлэхийг Г.Днд буцаан олгосугай.
6. Шүүгдэгч Г.Д нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дгээс 803.141 төгрөг гаргуулж хохирогч О.Болдбаатарт олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Доржсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Днд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ