| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбо Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2328001600633 |
| Дугаар | 2025/ДШМ/1422 |
| Огноо | 2025-12-16 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Ж.Баянжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2025/ДШМ/1422
2025 12 16 2025/ДШМ/1422
В.Ц-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч В.Ц-, түүний өмгөөлөгч Б.Чинбат,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2374 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.А-, шүүгдэгч В.Ц-, түүний өмгөөлөгч Г.Сүхээ, Б.Чинбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2328001600633 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
О- овгийн В-ийн Ц-, /РД: В-/, ...........,
Урьд, Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 257 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 589 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,
Шүүгдэгч В.Ц- нь хохирогч Д.А-г “...БНХАУ-д шаланз буюу том оврын тээврийн хэрэгсэл авч өгнө...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч түүнээс 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зээлсэн 1,000,000 төгрөг, мөн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, В- тоотод байхдаа шилжүүлсэн урьдчилгаа 55,750,000 төгрөгийг авч залилан авч нийь 56,750,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: В.Ц-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч О- овогт В-ийн Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийн шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулан үйлдсэн” гэм буруутайд тооцож, шүүгдэгч В.Ц-г 2 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Ц-гийн эдлэх ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Ц-гаас 36,250,000 төгрөг гаргуулж хохирогч Д.А-д олгож, шүүгдэгч В.Ц-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Хохирогч Д.А-гийн гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан эрүүгийн хэргийн хохирогч П.А- би шүүгдэгч В.Ц-гаас хохирлын мөнгөний үлдэгдэл 36,250,000 төгрөгийг бүрэн хүлээн авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болсон тул В.Ц-д оногдуулсан хорих ялыг торгох ялаас сольж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч В.Ц-гийн гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...В.Ц- би 2015 оноос эхлэн Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн Шаланз машинаар тээвэр хийж ажиллаж байсан. Энэ үед БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн А-тай танилцахад тэрээр надад шаланз маркийн машин үйлдвэрийн үнээр хямдхан олж өгч тусална гэсэн юм. Ингээд би өөрийн төрсөн ах В.Б-ын хамт мөнгө цуглуулж байгаад 2022 оны 01 дүгээр сард би өөртөө 1 машин, ах В.Б-ад 2 шаланз машин авахаар цуглуулсан нийт мөнгө болох 176,000,000 төгрөгийг Найман шаргын валютын ченжээр дамжуулан А-д бэлэн гуйвуулгаар шилжүүлсэн.
Ингээд машинаа хүлээж байх хооронд ахын маань бие муудаж олон сар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болсон тул машин захисан мөнгөө буцааж авах санал гаргасан юм. Би энэ үед 10 жилийн ангийн хүүхэд Д.А-тай уулзаж дээрх нөхцөл байдлаа хэлж, хамтарч нүүрс тээврийн үйл ажиллагаа хамтарч явуулахаар ярилцаж тохиролцон тэрээр миний данс руу нийт 56,700,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Ингээд би ах Б-ын нэг машиныг түүнд өгөхөөр болж ах Б-руу Д.А-гийн өгсөн мөнгийг шилжүүлэн өгсөн.
Түүнээс хойш олон сар болоход машин өгөх хүн чимээгүй болчихоор нь би БНХАУ-ын ӨМӨЗО-нд очиж түүнийг хайж сурагласан боловч олдоогүй. Дээрх байдлаас үзэхэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн А-д мөнгө өгөх үед Ковид 19-ийн үед хорио цээртэй үе таарсан учир бэлэн гуйвуулга хийж, түүнд өгсөн мөнгийг нотлох ямар ч баримт надад байхгүй.
Д.А-гаас дансаар авсан мөнгөө өөр зүйлд зарцуулагдсан нь банкны хуулгаар нотлогдсон зэрэг байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг гэдгийг тухайн үед би хууль зүйн мэдлэг дутмаг учраас ойлгоогүй ийм үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна. Би “БНХАУ-аас Шаланз буюу том оврын тээврийн хэрэгсэл өвч өгнө” гэж нийт 56,700,000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэндээ маш их гэмшиж байна.
Би анхан шатны шүүх хурлаас өмнө хохирол Д.А-д нийт 20,500,000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр болох Гачууртад байх 0,7 га эзэмшлийн гэрчилгээтэй зуслангийн газраа Д.А-д хохиролд тооцон өгөхөөр тус дүүргийн газрын албанд холбогдох материалаа өгч, эзэмшигчийн нэрээ түүнд шилжүүлсэн.
Би “Оюу толгой” ХХК-д оператор жолоочоор ажилд ороод 7 сар болж байна. Тус компанид 1 жил ажиллаагүй бол цалингийн зээл олгохгүй гэж компанийн зүгээс мэдэгдсэн тул би үлдэгдэл хохирлыг төлөх талаар Д.А-тай ярилцсан.
Гэвч хохирогч Д.А-гийн өмгөөлөгч Н.Мандуул анхан шатны шүүх хуралд “...шүүгдэгч В.Ц- нь хохирогчид нийт 20,500,000 төгрөг бэлнээр өгсөн. Дээр нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр болох Гачууртад байх 0,7 га зуслангийн газраа Д.А-д өгөхөөр дүүргийн газрын албанд холбогдох материалаа өгч, нэрээ шилжүүлсэн боловч миний үйлчлүүлэгч хохирогч Д.А- дээрх зуслангийн газрыг авахаа больсон тул үлдэгдэл мөнгө болох 36,250,000 төгрөгийг нэхэмжилсэн...” гэсэн тайлбар гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа манай ар гэрийн хүмүүс хохирогч Д.А-д хохирлын үлдэгдэл мөнгө болох 36,250,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан ба хохирогчийн зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болсон байна.
Шүүгдэгч В.Ц- би энэ салбарт ажиллаж ирсэн 10 жилийн турш нүүрс тээврийн бусад жолооч нар болон нүүрс тээврийн байгууллагуудтай хамтран нийгэмдээ тустай олон сайн үйлсийн аян зохион байгуулсаар ирсэн. Мөн би өөрийн төрсөн эгч В.Б-ийн 3 хүүхэд болон өөрийн 3 хүүхдийн хамт ам бүл 7-уулаа амьдардаг ба гэр бүлийн хүмүүс дотроос ажил хөдөлмөр эрхэлж ар гэрийн ахуй амьдралаа авч явдаг ганц хүн нь би юм. Шүүгдэгч В.Ц- би “Оюу толгой” ХХК-д ээлжийн оператор жолоочоор 14 хоног ажиллаад 14 хоног амардаг ажилтай байна. Миний бие хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулж, хохирогчийн зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болсон. Миний тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин орлоготой, ар гэрийн нөхцөл байдал зэргийг маань харгалзан үзэж Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад 2 жилийн хугацаагаар хорих ялыг өөрчлөн 3 жилийн хугацаатай 10.000 нэгжээр торгох ялаар солиулах гомдлыг гаргаж байна... Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Хохирогч Д.А-гаас “хорихоос өөр төрлийн ял оногдуулах хүсэлт” гаргасанд баярлаж байна. Иймд хохироос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч В.Ц-гийн өмгөөлөгч Г.Сүхээ, Б.Чинбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Анхан шатны шүүхийн шийдвэртэй танилцахад миний үйлчлүүлэгч шүүгдэгч В.Ц- нь хохирогч Д.А-д “...БНХАУ-аас шаланз буюу том оврын тээврийн хэрэгсэл авч өгнө” гэж нийт 56,700,000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Миний үйлчлүүлэгч шүүгдэгч В.Ц- нь шүүхийн шатанд “....Нэгэнт ийм зүйл болсон учраас хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Хохирогч Д.А-д нийт 20,500,000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн Баянзүрх дүүргийн нутагт дэвсгэр болох Гачууртад байх 0,5 га эзэмшлийн гэрчилгээтэй зуслангийн газраа Д.А-д хохиролд тооцон өгөхөөр тус дүүргийн газрын албанд холбогдох материалаа өгч, эзэмшигчийн нэрээ түүнд шилжүүлсэн. Би “Хан богд тээвэр ложистик” ХХК-д ХХК-д хүнд даацын тээврийн хэрэгслийн оператор жолоочоор ажилд ороод 7 сар болж байна. Тус компанид 01 жил ажиллаагүй бол цалингийн зээл олгохгүй гэж компанийн зүгээс мэдэгдсэн тул би үлдэгдэл хохирлыг төлөх талаар Д.А-тай ярилцсан” гэж хохирол төлбөрийн талаар мэдүүлсэн юм. Хохирогч Д.А-гийн өмгөөлөгч Н.Мандуул анхан шатны шүүх хуралд “... шүүгдэгч В.Ц- нь хохирогчид нийт 20,500,000 төгрөг бэлнээр өгсөн. Дээр нь Баянзүрх дүүргийн нутагт дэвсгэр болох Гачууртад байх эзэмших гэрчилгээтэй 0,5 га зуслангийн газраа Д.А-д өгөхөөр дүүргийн газрын албанд холбогдох материалаа өгч, нэрээ шилжүүлсэн боловч миний үйлчлүүлэгч хохирогч Д.А- дээрх зуслангийн газрыг авахаа больсон тул үлдэгдэл мөнгө болох 36,250,000 төгрөгийг нэхэмжилсэн” гэсэн тайлбар гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа В.Ц-гийн ар гэрийн хүмүүс хохирогч Д.А-д хохирлын үлдэгдэл мөнгө болох 36,250,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан ба хохирогчийн зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болсон байна. Миний үйлчлүүлэгч В.Ц-гийн хувийн болон гэрийн нөхцөл байдлыг нь судлан үзэхэд өөрийн төрсөн эгч В.Б- болон эгчийн 3 хүүхэд, өөрийн хоёр хүүхдийн хамт ам бүл-7 уулаа амьдардаг ба гэр бүлийн хүмүүс дотроос ажил хөдөлмөр эрхэлж ар гэрийн ахуй амьдралаа авч явдаг ганц хүн нь В.Ц- байна. Хавтаст хэрэгт авагдсан “Оюу-Толгой” ХХК-ны тодорхойлолт болон бусад бичгийн нотлох баримттай танилцахад шүүгдэгч В.Ц- нь “Оюу-Толгой” ХХК-д ээлжийн оператор жолоочоор 14 хоног ажиллаад 14 хоног амардаг ажилтай байна. Иймд хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулж, хохирогчийн зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болсон. Шүүгдэгч В.Ц-гийн ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин орлоготой, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад 2 жилийн хугацаагаар хорих ялыг өөрчлөн 3 жилийн хугацаатай 10.000 нэгжээр торгох ялаар солиулах гомдлыг гаргаж байна. ...” гэжээ.
Шүүгдэгч В.Ц-гийн өмгөөлөгч Б.Чинбат давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэртэй танилцахад миний үйлчлүүлэгч шүүгдэгч В.Ц- нь хохирогч Д.А-д “БНХАУ-аас шаланз буюу том оврын тээврийн хэрэгсэл авч өгнө” гэж нийт 56,700,000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Миний үйлчлүүлэгч шүүгдэгч В.Ц- нь шүүхийн шатанд “Нэгэнт ийм зүйл болсон учраас хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Хохирогч Д.А-д нийт 20,500,000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн Баянзүрх дүүргийн нутагт дэвсгэр болох Гачууртад байх 0,5 га эзэмшлийн гэрчилгээтэй зуслангийн газраа Д.А-д хохиролд тооцон өгөхөөр тус дүүргийн газрын албанд холбогдох материалаа өгч, эзэмшигчийн нэрээ түүнд шилжүүлсэн. Би “Хан богд тээвэр ложистик” ХХК-д ХХК-д хүнд даацын тээврийн хэрэгслийн оператор жолоочоор ажилд ороод 7 сар болж байна. Тус компанид 01 жил ажиллаагүй бол цалингийн зээл олгохгүй гэж компанийн зүгээс мэдэгдсэн тул би үлдэгдэл хохирлыг төлөх талаар Д.А-тай ярилцсан” гэж хохирол төлбөрийн талаар мэдүүлсэн юм. Хохирогч Д.А-гийн өмгөөлөгч Н.Мандуул анхан шатны шүүх хуралд “шүүгдэгч В.Ц- нь хохирогчид нийт 20,500,000 төгрөг бэлнээр өгсөн. Дээр нь Баянзүрх дүүргийн нутагт дэвсгэр болох Гачууртад байх эзэмших гэрчилгээтэй 0,5 га зуслангийн газраа Д.А-д өгөхөөр дүүргийн газрын албанд холбогдох материалаа өгч, нэрээ шилжүүлсэн боловч миний үйлчлүүлэгч хохирогч Д.А- дээрх зуслангийн газрыг авахаа больсон тул үлдэгдэл мөнгө болох 36,250,000 төгрөгийг нэхэмжилсэн” гэсэн тайлбар гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа В.Ц-гийн ар гэрийн хүмүүс хохирогч Д.А-д хохирлын үлдэгдэл мөнгө болох 36,250,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан ба хохирогчийн зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болсон байна. Миний үйлчлүүлэгч В.Ц-гийн хувийн болон гэрийн нөхцөл байдлыг нь судлан үзэхэд өөрийн төрсөн эгч В.Б- болон эгчийн 3 хүүхэд, өөрийн хоёр хүүхдийн хамт ам бүл-7 уулаа амьдардаг ба гэр бүлийн хүмүүс дотроос ажил хөдөлмөр эрхэлж ар гэрийн ахуй амьдралаа авч явдаг ганц хүн нь В.Ц- байна. Хавтаст хэрэгт авагдсан “Оюу-Толгой” ХХК-ны тодорхойлолт болон бусад бичгийн нотлох баримттай танилцахад шүүгдэгч В.Ц- нь “Оюу-Толгой” ХХК-д ээлжийн оператор жолоочоор 14 хоног ажиллаад 14 хоног амардаг ажилтай байна. Иймд хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулж, хохирогчийн зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болсон. Шүүгдэгч В.Ц-гийн ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин орлоготой, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад 2 жилийн хугацаагаар хорих ялыг өөрчлөн 3 жилийн хугацаатай 10.000 нэгжээр торгох ялаар солиулах гомдлыг гаргаж байна. ...” гэв.
Прокурор Ж.Баяржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч В.Ц-д 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч хохирол төлбөр төлөөгүй байсан. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч 36,250,000 төгрөг төлсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч В.Ц-гийн хувийн байдал, ажил эрхлэлтийн тодорхойлолт, ам бүлийн байдлыг харалзан үзээд 2 жилийн хугацаагаар хорих ялыг торгох ялаар солих боломжтой. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хохирогч Д.А-, шүүгдэгч В.Ц-, түүний өмгөөлөгч Г.Сүхээ, Б.Чинбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч В.Ц- нь хохирогч Д.А-г “...БНХАУ-д шаланз буюу том оврын тээврийн хэрэгсэл авч өгнө...” гэсэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, хууран мэхлэж түүнээс 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, В- тоотод байхдаа шилжүүлсэн машины урьдчилгаа 55,750,000 төгрөг авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Д. А-гийн “... Би 2022 оны 03 сарын 24-ний өдөр Ц- гэх эмэгтэй хүнтэй холбогдож давхар чиргүүлтэй шаланз машин авахаар тохиролцож Ц-гийн Төрийн банкны Б- гэх дугаартай данс руу Бэлнээр 55.800.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд утга дээр нь шаланз урьдчилгаа гэх утгатай бичсэн бөгөөд мөнгө шилжүүлсэн өдрөөс одоог хүртэл машин тэргээ аваагүй бөгөөд би энэ эмэгтэйд залилуулчихлаа надад гомдолтой байна. Ц- гэх эмэгтэй нь шаланз машиныг 2022 оны 04 сарын сүүлээр өгнө гэж хэлсэн бөгөөд намайг залгахаар гар утсаа авахгүй таг чиг алга болчихсон... Ц- надад Өмнөговь аймагт нүүрс тээвэрт авто машин явуулбал их ашигтай гээд надад санал тавиад бид хоёр 25 дугаар эмийн сангийн ойролцоо нэрийг нь санахгүй байна нэг хоолны газар уулзсан. Ц- “...би “Сүүн зам ХХК-н нэр дээр нүүрс тээвэрт нэг автомашин явуулах эрхтэй байгаа чи боломжтой бол автомашины урьдчилгаа өгөөд автомашин аваад нүүрс тээвэрт явуулж болно...” гэж хэлж байсан... Нүүрс тээврийн автомашин худалдан авах зорилгоор нийт 55,800,000 төгрөг шилжүүлсэн юм. Би Ц- гэх хүнд мөнгө шилжүүлэхдээ Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Хан-Уул Б- 5 дугаар байрны 308 тоотод байхдаа Ц- гэх хүний Б- гэсэн төрийн банкны данс руу нь шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг, /1-рхх-ийн 140-143, 147-148/,
В.Ц-гийн Төрийн банк дахь МИ560034Б- тоот данс руу хохирогч А-гаас 55,750,000 төгрөг шилжүүлсэн Төрийн банкны орлогын мэдүүлгийн хуулбар/1-р хх 36/,
“...В.Ц-гийн Төрийн банкны МИ560034Б- дансанд 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр “Шаланз урьдчилгаа А- Б-” гэх утгатай 55,750,000 төгрөг шилжин орсон...” гэсэн мэдээлэлтэй дансны хуулгад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл/1-р хх-ийн 36-39/ зэрэг бусад хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч В.Ц-гийн “...шаланз маркийн тээврийн хэрэгсэл хямд олж өгнө...” гэж хохирогчийг төөрөгдөлд оруулан бодит байдал дээр биелэх боломжгүй хуурамч нөхцөл байдлаар хохирогчийг хуурч мэхлэн тээврийн хэрэгслийн урьдчилгаа гэж 55,750,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн “...бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан...” үндсэн шинжийг, учруулсан хохирлын хэмжээ нь хүндрүүлэх шинжийг хангах тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Мөн шүүгдэгч В.Ц-г “...хохирогч Д.А-г хуурч 55,750,000 төгрөгийг өөрийн Төрийн банкин дах дансаар шилжүүлэн авсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах заалтад зааснаар яллагдагчаар татсугай...” гэсэн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол/1-р хх 1, 3/ гарсан бөгөөд уг тогтоолд 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “...2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зээлсэн 1,000,000 төгрөг.... залилан авч 56,750,000 төгрөг хохирол учруулсан...” гэж нэмэлт өөрчлөлт оруулсан боловч, уг өөрчлөлтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй, тогтоолын өөрчлөлтөд гомдол гаргах цаг хугацааны боломж хэргийн оролцогч нарт олголгүйгээр, мөн өдрөө яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх энэ хүрээнд хэргийн үйл баримтыг тогтоожээ.
Дээрх нөхцөл байдал нь уг хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй боловч давж заалдах шатны шүүх “...хохирогч Д.А-гийн 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зээлсэн 1,000,000 төгрөгийг...” гэснийг хэргийн үйл баримтаас хасаж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хохирогч Д.А- “...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болсон тул В.Ц-д оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү...”, шүүгдэгч В.Ц- “...хорих ялыг 3 жилийн хугацаатай 10.000 нэгжээр торгох ялаар сольж өгнө үү. ...”, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ, Б.Чинбат нарын хамтран “...хорих ялыг 3 жилийн хугацаатай 10.000 нэгжээр торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ял оногдуулах нь шүүхийн эрх хэмжээнд хамаарна.
Тиймээс шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял шийтгэлийн төрөл, хэмжээний дотор хорих ял сонгон шүүгдэгчид оногдуулсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй юм.
Харин давж заалдах шатны шүүх “Б- ХХК”-ний “...В.Ц- нь тус компанид хүнд даацын тээврийн хэрэгслийн оператор албан тушаалд ажилладаг...” гэх тодорхойлолт, шүүгдэгчийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн тодорхойлолт /2-р хх 57,58/, хохирогч А-гийн “...хохирлын 36,250,000 төгрөгийг бүрэн хүлээж авсан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн давж заалдах гомдол зэргийг үндэслэн шүүгдэгч В.Ц-д оногдуулсан хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв.
Тодруулбал, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхээс шүүгдэгч В.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өөрчлөн 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцнэ гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчилсөнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дах хэсгүүдэд зааснаар шүүгдэгч В.Ц-д оногдуулсан торгох ялыг 1 /нэг/, жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч В.Ц-д мэдэгдэх нь зүйтэй байна.
Иймд, дээрх үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2374 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, хохирогч Д.А-, шүүгдэгч В.Ц-, түүний өмгөөлөгч Г.Сүхээ, Б.Чинбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хангаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Ц-гийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 61 хоногийн 1/нэг/ хоногийг торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 61х15000=915,000 төгрөгийг эдлэх ялаас нь хасаж, түүний эдлэх торгох ялын хэмжээг 9,085,000 /есөн сая наян таван мянга/ төгрөгөөр тооцож, шүүгдэгчийг нэн даруй суллахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2374 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч В.Ц-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч В.Ц-г 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар. ...” гэж өөрчлөн,
3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Ц-гийн эдлэх ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Д.А-, шүүгдэгч В.Ц-, түүний өмгөөлөгч Г.Сүхээ, Б.Чинбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгч В.Ц-г нэн даруй сулласугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Ц-гийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 61 хоногийн 1 /нэг/ хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон хасаж, түүний эдлэх торгох ялын хэмжээг 9,085,000 /есөн сая наян таван мянга/ төгрөгөөр тогтоосугай. ...” гэсэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дах хэсгүүдэд зааснаар шүүгдэгч В.Ц-д оногдуулсан торгох ялыг 1/нэг/, жил 6/зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч В.Ц-д мэдэгдсүгэй. ...” гэсэн нэмэлт заалтыг тус тус оруулсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА