| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2026/00090/И |
| Дугаар | 305/ШШ2026/00107 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 305/ШШ2026/00107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын *** багт оршин суух, У овгийн Л-ын А-ын нэхэмжлэлтэй,
мал маллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багт ээж, ахын хамт мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Л-ын А нь 1974 оны 08 дугаар сарын 10-нд Тонхил сумд төрсөн. 8-р анги төгсөөд мал дээр гарч аав, ээжийн хамт мал маллах болсон. Аав Л нь 1990 онд нас барсан бөгөөд үүнээс хойш ах Л.Р, ээж Ц нарын хамт мал маллаж байгаад 2009 онд Ц.А-тай гэр бүл болж одоог хүртэл мал маллаж байгаа. Л-А нь одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1990-2000 оны малын А данс өрхийн тэргүүний буюу ах Л.Р-ийн нэр дээр бүртгэгдсэн байгаа учраас малчнаар ажиллаж байсан жил тооцогдохгүй гэж тэтгэврийн хүсэлтийг буцааж шүүхээр тогтоолгож ир гэсэн байна. Иймд энэ байдлыг харгалзан үзэж миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багт ээж, ахынхаа хамт мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Итгэмжлэл,
-Л-ын А ын төрсний бүртгэлийн лавлагаа,
-Үндэсний архивын сан хөмрөгийн 1989, 2000 оны хүн ам тооллогын лавлагаа,
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 766 дугаартай архивын лавлагаа, 1991-2000 онуудын мал тооллогын А дансны архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-Л-ын Э, Т-ийн Х нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-Ц-ийн А, Л-ын А нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-Говь-Алтай аймгийн Тонхил сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай тодорхойлолт,
-Говь-Алтай аймгийн Тонхил сумын Эрүүл мэндийн төвийн хуулбар үнэн тэмдэг дарсан 1990 оны бүртгэл.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Л-ын А нь 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багт ээж, ахын хамт мал маллаж байсан болохыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
4. Л-А нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багт ээж, ахын хамт мал маллаж байсан болох нь:
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 766 дугаартай “...тус аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багийн малчин, өрхийн тэргүүлэгч Л-ын Р-ийн мал маллаж байсан хугацаа (1991-2000 он) хүртэлх” гээд тухайн онуудын малын тоог тодорхойлсон архивын лавлагаа, 1991-2000 онуудын мал тооллогын А дансны архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03-10/8762 дугаартай 1989 оны хүн ам тооллогын лавлагаагаар Л-ын Э, 17 настай, эрэгтэй, Л-ын А 14 настай, эмэгтэй, Д-ын Л тэргүүлэгч өөрөө, 62 настай, эрэгтэй, Д-ийн Ц, эхнэр, 56 настай, эмэгтэй, Л-ын Р, 21 настай, эрэгтэй гэж бүртгэгдсэн,
Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03-10/8763 дугаартай 2000 оны хүн ам тооллогын лавлагаагаар Л-ын Р тэргүүлэгч өөрөө, 1967 оны 03 дугаар сард төрсөн, 32 настай, эрэгтэй, Л-ын А дүү 1974 оны 08 дугаар сард төрсөн, 25 настай, эмэгтэй, Д-ийн Ц, эх, 1932 оны 01 дүгээр сард төрсөн, 67 настай эмэгтэй гэж бүртгэгдсэн,
Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн CVL2682280001000013 дугаартай Л-ын А , 1974 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсний 1974 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр бүртгүүлсэн, эцэг Д-ын Л, эх Д-ийн Ц гэж бүртгэгдсэн төрсний бүртгэлийн лавлагаа,
Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн CVL2682280001000020 дугаартай Л-ын Э, Т-ийн Х нарын 1996 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгүүлсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
Говь-Алтай аймгийн Тонхил сумын Эрүүл мэндийн төвийн 1990 оны бүртгэлд Д-ын Лв, 65 настай, эрэгтэй, 05 дугаар сарын 22-ны өдөр 20 цагт нас барсан гэж бүртгэсэн бүртгэл,
Ц-ийн А, Л-ын А нарын 2008 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр бүртгүүлсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
Говь-Алтай аймгийн Тонхил сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай “Л-ын А /***/ нь Тонхил сумын ерөнхий боловсролын сургуулийн 8-р ангийг 1990 онд 058245 гэрчилгээний дугаартай төгссөн. Цаашид 9, 10 дугаар ангид үргэлжлүүлэн суралцаагүй нь үнэн болно” гэх тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Тодруулбал 1989 оны хүн ам тооллогод Д-ын Л-ынх ам бүл 5 бүртгэгдсэн бөгөөд Л.Р-ийн 1991 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд ам бүл 4, 1992 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд ам бүл 4, 1993 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд ам бүл 4, 1994 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд ам бүл 4, 1995 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд ам бүл 4, 1996 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд ам бүл 2, 1997 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд ам бүл 3, 1998 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд ам бүл 3, 1999 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд ам бүл 3, 2000 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд ам бүл 3 гэж бүртгэгдсэн байна.
Хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Л-А ын эцэг Л 1990 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нас барж, 1996 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дүү Л-ын Э гэрлэлтээ бүртгүүлж тусдаа гарснаар Л-ын А нь эх Д.Ц, дүү Л-ын Р нартай мал маллаж байсан болох нь тогтоогдож байх тул Л-ын А ыг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багт ээж, дүү нарын хамт мал маллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
5. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Учир нь Л-ын А нь 1990 оны мал тооллогын А данс болон бусад бичгийн нотлох баримт ирүүлээгүй. Шүүхийн шийдвэр нь таамаглалд үндэслэхгүй бөгөөд шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх...”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн өмгөөлөгч буюу төлөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах” үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлээгүй байна.
6. Иймд У овгийн Л-ын А-ыг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багт ээж, дүү нарын хамт мал маллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар У овгийн Л-ын А-ыг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багт ээж, дүү нарын хамт мал маллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ