Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 305/ШШ2026/00156

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын *** багт оршин суух, М овгийн Х-ны Э-ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал болон мал маллаж байсныг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Х.Э , гэрч Г.Б , Д.О , Э.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1989 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тайшир сумын "Сүхбаатарын зам" нэгдэлд малчнаар, 2014 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Тайшир сумын Галуут багт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: М овгийн Х-ны Э миний бие 1970 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн. Одоо 55 настай. Би 1989 оны 06 сард Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн "барилгын өргөгч угсрагч" ангийг төгсч 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Говь-Алтай аймгийн Тайшир сумын "Сүхбаатарын зам" нэгдлийн даргын 71 тоот тушаалаар малчнаар ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш Тайшир сумын Галуут багтаа малчнаар тогтвор суурьшилтай ажиллаж байна. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл аймгийн архивт 1989-1991 оны архивын лавлагаан дээр нэр зөрчилтэй, 2014-2018 оны малын А данс байхгүй учир ажилласан жил болон мал маллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. 1989 онд аавтай байсан болохоор миний нэр байхгүй. 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал хугацаанд Сүхбаатарын зам нэгдэлд ажиллаж байсан байдлыг, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааг тус тус тогтоолгох хүсэлтэй байгаа гэв.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Х-ны Э-ын  иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,

-Говь-Алтай аймгийн Тайшир сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1989 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 71 дугаартай “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалын Говь-Алтай аймгийн Төрийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 757 дугаартай архивын лавлагаа, цалингийн тооцооны хүснэгт,

-Говь-Алтай аймгийн Тайшир сумын 2-р багийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 120 дугаартай тодорхойлолт,

-Х-ны Э-ын  хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-Монголын улаан Загалмай нийгэмлэгийн гишүүний бат илэрхийлэх, 

-Х-ны Э , Э-ийн Г нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний гэрчилгээний хуулбар,

-Э-ийн Г-ийн  2014, 2015, 2016, 2017, 2018 онуудын албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг,

-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 756 дугаартай архивын лавлагаа, 1991 оны А дансны хуулбар,

-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 767 дугаартай архивын лавлагаа,

-1989 оны хүн ам тооллогын архивын лавлагаа,

-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 759 дугаартай тодорхойлолт,

-Х.Э ын 1993, 1995 мал тооллогын А дансны хуулбар,

-Х.Э-ын мэргэжлийн үнэмлэх,

-Х-ны Э-ын  өрхийн малын Эрүүл мэндийн дэвтэр,

-Х-ны Э-ын  хувийн хэрэг.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Х-ны Э  нь 1989 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тайшир сумын "Сүхбаатарын зам" нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал, 2014 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Тайшир сумын Галуут багт мал маллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах... эрхтэй” бөгөөд Х.Э  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...1989 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тайшир сумын "Сүхбаатарын зам" нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багт аав, ээжийн хамт мал маллаж байсныг, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсныг тус тус тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

3. Х.Э  нь 1989 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тайшир сумын "Сүхбаатарын зам" нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:

-Говь-Алтай аймгийн Тайшир сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1989 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 71 дугаартай “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалд …Алтай хотоос саналаараа мал маллахаар гарч ирсэн Х-ны Б, Д-ийн Х нарыг Галуутын хэсэгт малчнаар 1989 оны 09 дүгээр сарын 01-нээс томилсугай гэх тушаалын Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 757 дугаартай “Тус аймгийн Тайшир сумын Сүхбаатарын зам нэгдлийн Галуут бригадад малчин байсан Х-ны Б нь” гээд 1989 оны 10-12 дугаар сар, 1990 оны 01-12 дугаар саруудад ажилласан хоног, авч байсан цалинг тодорхойлсон архивын лавлагаа зэргээр тогтоогдож байна.

-Дээрх тушаал болон цалингийн тооцооны хүснэгтэд Х-ны Э ыг Х-ны Б гэж бичсэн болох нь Говь-Алтай аймгийн Төрийн архивын халтсийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 767 дугаартай “…БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1972 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаартай зарлигаар Тайшир сумын харъяат Өлзийн Батхүүг алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнасугай /БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Готов/. Өлзийн Батхүү хүүхдүүдэд: Ц 20 настай, Б, 15 настай, Э 12 настай, Тр 10 настай, Дж 8 настай, Т 8 настай, Б 3 настай, Э 1 настай гэж бүртгэгджээ” гэх архивын лавлагаа, Х-ны Э  Говь-Алтай аймгийн төв дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн өрөгч-угсрагч мэргэжлийн ангид 2 жил суралцаж дунд дүнтэй төгсөв. Мэргэжил эзэмшүүлэх шалгалтын комиссын шийдвэрээр Х овогтой Э-д өрөгч-угсрагч мэргэжлийн гуравдугаар зэрэг олгов гээд 1989 оны 06 дугаар сарын 27-ны өдөр олгосон мэргэжлийн үнэмлэх зэргээр тогтоогдож байна. Учир нь Х-ны гэр бүлд Э, Б нэртэй хүүхдүүд давхар бүртгэгдээгүй, 1989 оны 06 дугаар сарын 27-ны өдөр техник мэргэжлийн сургуулиа төгссөн зэргээр Х-ны Э ыг Х-ны Б гэж зөрүүтэй бүртгэсэн нөхцөл байдал тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

4. Х.Э  нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багт аав, ээжийн хамт мал маллаж байсан болох нь:

-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 756 дугаартай “...Тус аймгийн Тайшир сумын Галуут багийн малчин, өрхийн тэргүүлэгч Магнайн Хоохоны мал маллаж байсан хугацаа (1991 он) хүртэлх” гээд 1991 онд тоолуулсан малын тоог тодорхойлсон архивын лавлагаа, 1991 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,

Х-ны Э , Э-ийн Г нарын 1994 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бүртгүүлсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна. 

4. Х.Э  нь 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багт мал маллаж байсан болох нь:

-Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн 1995 оны жилийн эцсийн мал тооллогын А дансны 33 дугаарт Х.Э  гэж бичигдсэн, 1994 оны эцсийн тооллогоор байсан гээд бүгд 198, тэмээ 4, адуу 6, үхэр 4, хонь 145, ямаа 39 гэж бүртгэгдсэн байгаагаар тогтоогдож байна.

5. Харин хүсэлтээс 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлт нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Хэдийгээр гэрч Г.Б  “...Би Тайшир сумын Тамгын газарт олон жил ажилласан. 1998 оноос хойш 2023 он хүртэл ажилласан. Намайг ажиллаж байх хугацаанд Х.Э ын аав н.Хоохон гуай тэдний үр хүүхдүүд бүгдээрээ л Галуут багийн малчин байсан. Оныг нь санахгүй байна. Эдний ах дүүс бүгдээрээ л малчин байсан” гэж, гэрч Д.О  “...Х.Э ыг би багаас нь мэднэ. Аав нь манай нутгийн малчин хүн байсан. Тэр цагаас мэднэ. Би бас Галуутад нэгдэл байх үеэс мал маллаж байсан. Тэгээд сайн мэдэж байна” гэх, гэрч Э.Н  “...Би бол сумын хэмжээнд мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг малын эмч хүн. Энэ айл одоог хүртэл мал эмнэлгийн үйлчилгээг авч байгаа. 2016-2017 онд энэ айлд сохор доголон гэдэг халдварт өвчин гарч би жил дараалан сохор доголонгийн вакцин хийж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бүх үйлчилгээг өөрөө очиж хийж үзүүлж байсан” гэж мэдүүлж, өрхийн малын эрүүл мэндийн дэвтэр ирүүлсэн боловч Э-ийн Г-ийн  2014, 2015, 2016, 2017, 2018 онуудын албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт нөхөр Х-ны Э  ажилладаг хувиараа бизнес эрхэлдэг бизнес эрхлэгч гэж мэдүүлсэн байгаагаар дээрх гэрчүүдийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тасралтгүй мал маллаж байсан гэх тайлбар үгүйсгэгдэж байх тул 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багт мал маллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6. Иймд М овгийн Х-ны Э ыг 1989 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тайшир сумын "Сүхбаатарын зам" нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багт аав, ээжийн хамт мал маллаж байсан байсныг, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багт мал маллаж байсныг тус тус тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан болохыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

7. Нэхэмжлэгч Х.Э-ын нотлох баримтаар гаргаж ирүүлсэн Говь-Алтай аймгийн Тайшир сумын Даранхайрхан мал эмнэлгийн өрхийн малын эрүүл мэндийн дэвтэрт 2014, 2015, 2016, 2017, 2018 онуудын мал эмнэлгийн үйлчилгээнд хамрагдсан байдал %-иар гэж бичиж тамга дарсан, тухайн онуудын өрхийн малын тоо, хөдөлгөөний товчоо болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний захиалга, гүйцэтгэлийн бүртгэл хөтөлсөн байгаа хэдийч тухайн бүртгэлийн бүх оныг нэг өнгийн, нэг бэхээр бичсэн байдал нь эргэлзээ төрүүлж байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар М овгийн Х-ны Э ыг 1989 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тайшир сумын "Сүхбаатарын зам" нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багт аав, ээжийн хамт мал маллаж байсан байсныг, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багт мал маллаж байсныг тус тус тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан болохыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        

                       

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ