| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2026/00108/И |
| Дугаар | 305/ШШ2026/00191 |
| Огноо | 2026-03-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 305/ШШ2026/00191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын 5-р багт оршин суух, Тд овгийн Ш-ийн М-ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал болон мал маллаж байсныг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Цоохор нуур бригадад малчнаар ажиллаж байсан байдал, 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2005 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Цоохор нуур багт мал маллаж байсныг, 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг дуусталх хугацаанд Ардын армийн 243 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасныг тус тус тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Ш овогтой М би 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Цоохор нуур багт малчнаар ажиллаж эхэлсэн. Миний бие 1969 оны 01 дүгээр сарын 29-нд төрсөн. 57 настай. 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдөр цэрэгт татагдаж 1990 оны 10-р сарын 17-ны өдөр халагдаж ирээд тус багтаа малчнаар ажиллаж эхэлсэн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл сум, аймгийн архивт 1975-2005 он хүртэлх баримт байхгүй, зарим оны архивын лавлагаа дутуу гарч ирэхгүй бөгөөд тухайн үед бичигдэж байсан хөдөлмөрийн дэвтэр дээр нэрийг буруу бичсэн. Жишээ нь Ш.М гэхийг Ш.М гэж бичсэн байна. Малчнаар Цоохор нуур багт цуг ажиллаж байсан малчдын тодорхойлолт, сумын Засаг дарга, багийн Засаг даргын тодорхойлолт тэр үед авсан шагнал авхуулсан зураг, үнэмлэх нь олдохгүй байгаа тэмдэг зэргийг хавсаргасан болно. 1985 онд хөдөө аав ээж дээрээ илгээлтээр малчнаар гарсан. Мал маллаж байгаад 1988 онд цэрэгт татагдаад 1990 онд халагдаж ирсэн. 199 онд цэргээс халагдаж ирээд л мал маллаж байгаад 2007 оны зуд болоод мал ахуй нь цөөрөөд 2008 онд сумын төв рүү орж ирж галчаар ажилласан. Энэ хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлттэй байгаа. 1990-2000 оны А данс байхгүй. Тухайн үеийн төрийн албан хаагчийн хариуцлагагүй, сэтгэлгүй байдлаас болоод архивд авагдаагүй. Иймээс өөрсдийн боломжоор баримтаа бүрдүүлж шүүхэд хандсан байгаа гэв.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай “Ерөнхий боловсролын сургуулиас гарсан илгээлтийн эздийг ажилд томилох тухай” тушаалын Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 639 дугаартай архивын лавлагаа, цалингийн тооцооны хүснэгт,
-Ш-ийн М-ын хөдөлмөрийн дэвтрийн эх хувь,
-Б.Г, Б.Ц нарын тодорхойлолт,
-Баярын бичигийн хуулбар,
-Ш.М-ын цэргийн үүргэтний үнэмлэх,
-*** дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
-гэрэл зураг,
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 29 дугаартай тодорхойлолт,
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 43 дугаартай архивын лавлагаа, 2001-2005 онуудын малын А дансны архивын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02/35 дугаартай тодорхойлолт,
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 61 дугаартай архивын лавлагаа,
-Татварын тооцоололт,
-Монгол Улсын Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 16236 дугаартай архивын лавлагаа,
-Батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын төв архивын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 081253 дугаартай “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Ш-ийн М-ыг 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Цоохор нуур бригадад малчнаар ажиллаж байсан байдал, 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2005 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Цоохор нуур багт мал маллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах... эрхтэй” бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг дуусталх хугацаанд Ардын армийн 243 дугаар ангид хугацаат цэргийн алба байсныг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
3. Ш.М нь 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Цоохор нуур бригадад малчнаар ажиллаж байсан болох нь:
-Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай “Ерөнхий боловсролын сургуулиас гарсан илгээлтийн эздийг ажилд томилох тухай” …нэгдлийн МАА-н үйлдвэрлэл дээр 1985 онд илгээлтээр гарч ажиллагсдаас Ш-ийн М нарыг 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай гэх тушаалын Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 639 дугаартай “…тус аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Цоохор нуур бригадад малчин байсан Ш.М нь” гээд 1986 оны 7, 8 дугаар сар, 1987 оны 2-6 дугаар сар, 11 дүгээр сар, 1988 оны 04-08 дугаар сард ажиллаж байсан хоног, авч байсан цалинг бичиж баталгаажуулсан архивын лавлагаа, тухайн хугацааны цалингийн тооцооны хүснэгтийн Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлээс Ш-ийн М ад 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн эх хувьд 1986 оны 01-10 дугаар сар, 1987 оны 01-10 дугаар сар, 1988 оны 01-08 дугаар саруудад ажилласан хоног, авч байсан цалинг бичиж баталгаажуулсан зэргээр тогтоогдож байна.
Хэдийгээр архивт хадгалагдаж байгаа цалингийн баримтад Ш.М гэж бичсэн байгаа боловч Ш-ийн М-ын хөдөлмөрийн дэвтрийн эх хувьд бичигдсэн ажилласан хоног, цалин цалингийн тооцооны хүснэгтэд бичигдсэн цалинтай тохирч байгаа, мөн Ш-ийн гэр бүлд М, М гэдэг хүүхдүүд давхар бүртгэгдээгүй зэргээр архивын баримтад Ш.М гэж бичигдсэн нь Ш-ийн М ын баримт мөн гэж дүгнэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
4. Ш.М нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Цоохор нуур багт мал маллаж байсан болох нь:
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 43 дугаартай “…тус аймгийн Хөхморьт сумын Цоохор нуур багийн малчин, өрхийн тэргүүлэгч Ш-ийн М ын мал маллаж байсан хугацаа (2001-2005 он) хүртэлх” гээд 2001, 2002, 2003, 2004, 2005 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 29 дугаартай “…тус архивын сан хөмрөгт Хөхморьт сумын 1990-2000 оны малын А данс шилжиж ирээгүй тул наы хүсэлтийн дагуу лавлагаа олгох боломжгүй болно” гэх тодорхойлолт,
-Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02/35 дугаартай “…тус сумын Засаг даргын Тамгын газрын архивт 35 жил нэгдлийн 1990-1992 оны баримтууд, 1992-2000 малчдын малын А дансыг тухайн багийн засаг даргаар ажиллаж байсан дарга нар нь архивт материалаа хүлээлгэж өгөөгүйн улмаас баримт нь устаж үгүй болсон болно” гэх тодорхойлолт,
-Ш.М-ын 1991-2007 онуудын малын хөлийн албан татварын тооцоолол зэргээр тогтоогдож байна.
5. Ш.М нь 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг дуусталх хугацаанд Ардын армийн 243 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан болох нь:
ХӨ319 дугаартай Ш-ийн М ын цэргийн үүрэгтний үнэмлэхэд …цэргийн жинхэнэ албанд татагдсан байдал хэсэгт 1988 оны 10 дугаар сарын 18 гэж, цэргийн жинхэнэ албыг хаасан байдал хэсэгт 1990 оны 10 дугаар сарын 17 гэж бичигдсэн,
-Батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын төв архивын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 081253 дугаартай “…Ш-ийн М БХЯ-ны сайдын 1988.09.29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар Говь-Алтай аймгаас 1988.10.16-ны өдөр хугацаат цэргийн албан татагдан Ардын армийн 238 (243) дугаар ангид хуваарилагдсан байна. Харин цэргийн албанаас халагдсан тухайд Ардын армийн 243 дугаар ангиас 1990 онд Говь-Алтай аймгаас халагдсан цэргийн бүртгэл тус архивд шилжиж ирээгүй тул цэргийн албанаас хугацаа дуусган халагдсаныг тодорхойлох боломжгүй болно” гэх Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэргээр тогтоогдож байна.
6. Харин хүсэлтээс 1988 оны 09 дүгээр сар, 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
7. Иймд Т овгийн Ш-ийн М ыг 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Цоохор нуур бригадад малчнаар ажиллаж байсан байдал, 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг дуусталх хугацаанд Ардын армийн 243 дугаар ангид хугацаат цэргийн алба байсныг, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Цоохор нуур багт мал маллаж байсан байдлыг тус тус тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1988 оны 09 дүгээр сар, 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14-д зааснаар Т овгийн Ш-ийн М ыг 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Цоохор нуур бригадад малчнаар ажиллаж байсан байдал, 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг дуусталх хугацаанд Ардын армийн 243 дугаар ангид хугацаат цэргийн алба байсныг, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Цоохор нуур багт мал маллаж байсан байдлыг тус тус тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1988 оны 09 дүгээр сар, 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ