Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 305/ШШ2026/00100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын ***-р баг оршин суух, Т овгийн С-ийн С-ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал болон цэргийн албан хаасныг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.

Нэхэмжлэгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Цоохор нуур багт малчнаар ажиллаж байсан байдал, 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Хилийн цэргийн 0214 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасныг тус тус тогтоолгох тухай. 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Тайжийнхан овгийн С-ийн С миний бие 1971 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн. Одоо 55 настай. Би 1987 оны 03 дугаар сарын 04-нд 16 нас хүрч 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Цоохор нуур бригадад илгээлт аван малчнаар ажиллаж эхэлсэн. 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдөр цэргийн албанд татагдсан. Иймд миний бүрдүүлсэн материалыг үндэслэн 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Цоохор нуур бригадад малчнаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү. Мөн 1989 онд цэргийн албанд татагдаад 1991 онд халагдахад цэргийн батлах дээр овгийг буруу бичиж Б овогтой болгосон тул үүнийг миний ээж болох С-ээр солих шаардлагатай болсон тул шүүхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.  Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-653311 дугаартай цэргийн батлахын эх хувь,

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлээс С-ийн С-т олгосон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн эх хувь,

-үйлдвэрлэлд хуваарилагдагчдад олгох томилолтын эх хувь,

-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаартай албан бичиг,

-С.С-ийн С-ын төрсний бүртгэлийн лавлагаа,

4. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаартай албан бичиг,

-Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 13/45 дугаартай албан бичиг, С-ийн С-, Баавгайн Батзориг нарын төрөл садангийн лавлагаа, С-ийн С , Б-н М нарын төрөл садангийн лавлагаа, Н.Б, В.С нарын гэрлэлтийг бүртгэх анкет, С-ын төрөгсдийг бүртгэх анкет.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч С.С  нь 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Цоохор нуур багт малчнаар ажиллаж байсан байдал, 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Хилийн ба дотоодын цэргийн 0214 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасныг тус тус тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3. С-ийн С  нь 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Цоохор нуур багт малчнаар ажиллаж байсан болох нь:

-Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлээс С-ийн С-т 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт нэгдлийн даргын 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 20-р тушаалаар 1987.06.25-ны өдөр Цоохор нуур бригадад малчнаар гэж бичиж Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдэл гэсэн тамга дарсан, 1987 оны 06-12 дугаар сар, 1988 оны 01-12 дугаар сар, 1989 оны 01-09 дүгээр саруудад ажилласан хоног, авч байсан цалинг бичиж баталгаажуулсан,

-Үйлдвэрлэлд хуваарилагдагчдад олгох 1987 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн томилолтод Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 8 жилийн дунд сургуулийн 8-р ангийг төгссөн Б овогтой С-ыг 35 жил нэгдлийн шууд үйлдвэрлэлд хуваарилагдсан тул томилолт олгов гээд тамга дарж баталгаажуулсан

-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаартай “...Тус аймгийн төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Хөхморьт сумын 35 жил нэгдлийн 1987-1989 оны цалин болон тушаалыг шүүж үзэхэд С.С-ыг малчнаар томилсон, чөлөөлсөн, цалингийн баримт байхгүй тул холбогдох лавлагаа олгох боломжгүй болно” гэх албан бичиг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

4. С.С  нь 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Хилийн ба дотоодын цэргийн 0214 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасан болох нь:

-653311 дугаартай Б-н С, 1971 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, Говь-Алтай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс 1989 оны 01 дүгээр сарын 12-нд олгосон цэргийн батлахад төрсөн газар Говь-Алтай аймгийн Хөхморьт, яс үндэс: халх, боловсрол: бүрэн бус дунд, цэргийн алба хаасан байдал: Говь-Алтай аймаг, хот-ын цэрэг татлагын комиссоос цэргийн албанд татав. Хороон захирагч 1991 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/143-р тушаалаар хугацаа дууссан учир бэлтгэлээр халж Говь-Алтай аймаг явуулав. 0214-р ангийн захирагч гэж гарын үсэг зурж баталгаажуулсан. Цэргийн тангарагийг 0214-х ангид 1989 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өргөв штабын дарга хошууч Н.Пүрэвдаш гэж бичиж Хилийн ба дотоодын цэргийн 0214 дүгээр анги гэсэн тамга дарсан, Хугацаат цэргийн алба хаасан байдал хэсэгт цэргийн ангийн дугаар: 0214, орон тооны албан тушаал цэргийн цол буудагч байлдагч, ангийн дансанд авсан он, сар, өдөр хэсэгт: 1989.10.20 гэж, ангийн данснаас хассан он, сар, өдөр хэсэгт 1991.09.09 гэж тус тус бичиж тамга дарж баталгаажуулсан цэргийн батлахын эх хувиар тогтоогдож байна.

5. Б-н Ср гэж олгосон үйлдвэрлэлд хуваарилагдагчдад олгох 1987 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн томилолт, 653311 дугаартай цэргийн батлах нь С-ийн С ынх болох нь

Б, С нарын 1973 оны 03 дугара сарын 25-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийг бүртгэх анкет,

Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн СVL2682000001000258 дугаартай Т овгийн С-ийн С  нь Ц С овгийн Б-н Б-ийн ах гэх төрөл садангийн лавлагаа,

Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн СVL2682000001000257 дугаартай Тайжийнхан овгийн С-ийн С  нь Ц овгийн Б-н М-ын ах гэх төрөл садангийн лавлагаа,

С-ийн С ын төрөгсдийг бүртгэх анкетад эцгийн мэдэлэл бичигдээгүй зэргээр тогтоогдох байх тул Б-н С гэж бичигдсэн нь нэхэмжлэгч С-ийн С  мөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иймд Т овгийн С-ийн С-ыг 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Цоохор нуур багт малчнаар ажиллаж байсан байдлыг, 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Хилийн ба дотоодын цэргийн 0214 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасныг тус тус тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Т овгийн С-ийн С-ыг 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Цоохор нуур багт малчнаар ажиллаж байсан байдлыг, 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Хилийн ба дотоодын цэргийн 0214 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасныг тус тус тогтоосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        

                        

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ