Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 305/ШШ2026/00101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын *** баг *** тоотод оршин суух, С овгийн Ч-ын Б-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Б , гэрч Ж.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         1. Нэхэмжлэлийн шаардлага: 1986 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Зам барилга ашиглалтын ангид замчин, Универсаль тракторчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Ч.Б  миний бие 1964 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн. Одоо Ам бүл-5 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Миний бие Дэлгэр сумдаа 8-р ангиа төгсөөд, 1981 оноос 1982 он хүртэл Төв аймгийн АРХУСТ-т комбинатад суралцаж байгаад, 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр цэргийн албанд татагдаж 0214 дүгээр ангид алба хаагаад 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдөр цэргийн албанаас халагдсан. Миний бие цэргийн албанаас халагдаж ирээд 1986 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Говь-Алтай аймгийн Зам барилга ашиглалтын ангийн даргын тушаалаар1986 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн замчнаар түр томилогдон ажиллаж, 1986 оны 06-р сарын 20-ны өдрөөс замчнаар жинхлэн ажиллаж байгаад 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Универсаль тракторчноор дэвшин 1995 оны 07 дугаар сарын 18 хүртэл ажиллаж байгаад үргэлжлүүлэн Асфальтоны цехэд замчнаар ажилласан юм. Тухайн үеийн баримтуудыг архиваас шүүхэд миний ажилд орсон тушаалууд л гарч ирсэн байгаа. Иймд миний архивын баримтуудыг үндэслэн намайг 1986 оны 05 дугаар сарын 20- ны өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Говь-Алтай аймгийн Зам барилга ашиглалтын ангид замчин, Универсаль тракторчиноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

3.  Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын лавлагааны хуулбар,

-Ч.Б-ийн иргэний үнэмлэхийн хуулбар,

-Говь-Алтай аймгийн Зам барилга ашиглалтын ангийн даргын 1986 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 34 дугаартай тушаал,

-Говь-Алтай аймгийн Зам барилга ашиглалтын ангийн даргын 1986 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 39 дугаартай тушаал,

-Говь-Алтай аймгийн Зам барилга ашиглалтын ангийн даргын 1986 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 56 дугаартай тушаал,

-Говь-Алтай аймгийн Зам барилга ашиглалтын ангийн даргын 1991 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаартай тушаал,

 -Говь-Алтай аймгийн Зам засвар арчлалтын компанийн захирлын 1995 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 40 дугаартай тушаал,

-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 64 дугаартай архивын лавлагаа.

ҮНДЭСЛЭХ нь:

        1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн  шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Ч.Б  нь 1986 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Зам барилга ашиглалтын ангид замчин, Универсаль тракторчноор ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргажээ. 

2.1. Ч-ын Б  нь 1986 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Зам барилга ашиглалтын ангид замчнаар, 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Зам барилга ашиглалтын ангид униварсаль тракторын жолоочоор, 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Зам барилга ашиглалтын ангид замчнаар тус тус ажиллаж байсан болох нь:

Говь-Алтай аймгийн Зам барилга ашиглалтын ангийн даргын 1986 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 34 дугаартай “...Ч овогтой Б-г  1986 оны 05 дугаар сарын 20-ноос замчнаар түр томилон ажиллуулж, хийснээр цалинжуулахыг санхүүд зөвшөөрсүгэй” гэх тушаалын Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар, 

Говь-Алтай аймгийн Зам барилга ашиглалтын ангийн даргын 1986 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 39 дугаартай “...хариуцлагын хурлаар хэлэлцэж ажилд түр томилогдсон Б-г  1986 оны 06 дугаар сарын 20-ноос замчнаар томилон ажиллуулсугай” гэх тушаалын Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар, 

Говь-Алтай аймгийн Зам барилга ашиглалтын ангийн даргын 1986 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 56 дугаартай “...тракторын жолооч Т.Б-г  өөрийн нь хүсэлтийг харгалзан 1986 оны 08 дугаар сарын 25-наас униварсаль тракторын жолоочоор томилон ажиллуулсугай” гэх тушаалын Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар, 

Говь-Алтай аймгийн Зам барилга ашиглалтын ангийн даргын 1991 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаартай “...Ч.Б-г 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн замчны үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэх тушаалын Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар, 

Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 64 дугаартай “...тус аймгийн Авто зам, засвар арчлалтын компанид тракторын жолоочоор ажиллаж байсан Ч-ын Б  нь” гээд 1989 оны 01-12 дугаар сар, 1990 оны 01-09, 11-12 дугаар сар, 1995 оны 7,9,11 дүгээр саруудад авч байсан цалинг тодорхойлсон архивын лавлагаа, 1989 он, 1990 он, 1995 оны 07, 09, 11 дүгээр саруудын цалингийн хүснэгт,

Гэрч Ж.Б ын “...1988 онд намайг ажилд ороход ажиллаж байсан. Мянга есөн зуун ерөн хэдэн онд л гарсан байх. Оныг нь сайн санахгүй байна. Замчин, тракторчиноор ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

3.Нэхэмжлэгч Ч.Б  нь шүүх хуралдаанд “...1990 оны 06 дугаар сарыг дуусгаад наадмаас өмнө трактороо Сэнгээ ахад хүлээлгэж өгөөд замчнаар ажиллаж эхэлсэн” гэж тайлбарлаж байх тул униварсаль тракторын жолоочоор ажилласан хугацааг 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаагаар тодорхойлсон болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Говь-Алтай аймгийн Зам барилга ашиглалтын ангийн даргын 1986 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 56 дугаартай тушаалд Ч-ын Б г Т.Б гэж бичсэн болох нь гэрч Ж.Б ын “Говь-Алтай аймгийн Зам барилга ашиглалтын ангид нэг Батзаяа ажилладаг байсан” гэж мэдүүлэг, Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 64 дугаартай “...тус аймгийн Авто зам, засвар арчлалтын компанид тракторын жолоочоор ажиллаж байсан Ч-ын Б  нь” гээд 1989 оны 01-12 дугаар сар, 1990 оны 01-09, 11-12 дугаар сар, 1995 оны 7,9,11 дүгээр саруудад авч байсан цалинг тодорхойлсон архивын лавлагаа зэргээр тогтоогдож байна.

4. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг дуусталх хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгч нь “...1986-1995 оны хооронд ажилласан” гэж тайлбарлаж байгаа боловч 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг дуусталх хугацаанд ажиллаж байсан байдлыг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх..., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн өмгөөлөгч буюу төлөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ үүргээ биелүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр нь таамаглалд үндэслэхгүй бөгөөд шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн болно.

5. Иймд С овгийн Ч-ын Б г 1986 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Зам барилга ашиглалтын ангид замчнаар, 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Зам барилга ашиглалтын ангид униварсаль тракторын жолоочоор, 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Зам барилга ашиглалтын ангид замчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг дуусталх хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар С овгийн Ч-ын Б г 1986 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Зам барилга ашиглалтын ангид замчнаар, 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Зам барилга ашиглалтын ангид униварсаль тракторын жолоочоор, 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Зам барилга ашиглалтын ангид замчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг дуусталх хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        

 

                  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ