Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 305/ШШ2026/00134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын ***-р баг Баян-Овоод оршин суух, Ш-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.

Нэхэмжлэгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1993 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Алтай сумын дунд сургуульд бага боловсролын багшаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Б овгийн Ш-ийн Б миний бие 1970 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн. Одоо 55 настай. Би 1993 онд Архангай аймгийн багшийн сургуулийг төгсөж 1993 оны 08 дугаар сарын 16-наас Говь-Алтай аймгийн Алтай сумын дунд сургуульд бага боловсролын багшаар ажиллаж эхэлсэн ба 32 жил багшаар ажиллаад одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл анх ажилд орсон тушаал, хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн тушаал хоёр он сар нь зөрөөтэй бичигдсэн 1,5 жилийг 1993 оны 08 дугаар сарын 16-наас ажилласан нь үнэн болохыг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1993 оны 08 дугаар сарын 16-наас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 1,5 жил ажилласан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

3.  Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Ш.Б-ийн иргэний үнэмлэхийн хуулбар,

-Говь-Алтай аймгийн Алтай сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаартай “Багш Ш.Б, Д.О нарыг ажилд томилох болон цалин тогтоох тухай” тушаалын Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

-793814 дугаартай Ш-ийн Б-т  олгосон хөдөлмөрийн дэвтрийн эх хувь,

-Говь-Алтай аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай албан бичиг,

Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаартай албан бичиг,

-Говь-Алтай аймгийн 8 жилийн дунд сургуулийн захирлын 1995 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаартай “Багш ажилчдын цалин шинэчлэн тогтоох тухай” тушаалын Говь-Алтай аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

-Говь-Алтай аймгийн Алтай сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1995 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай “Багш, ажилчдын ээлжийн амралт тавих болон багш Дуламжавыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын Говь-Алтай аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

 -259924 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Ш.Б  нь 1993 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Алтай сумын 8-н жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3. Ш-ийн Б  нь 1993 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Алтай сумын 8-н жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь:

- Говь-Алтай аймгийн Алтай сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаартай “Багш Ш.Б , Д.Отгонбаяр нарыг ажилд томилох болон цалин тогтоох тухай” 1. “...Мэргэжлийн сургууль төгсөн ирсэн Ш.Б-ийг бага ангийн багшаар... томилж ажиллуулсугай”. 2. “...багш Ш.Б  нарын сарын үндсэн цалинг 3500 төгрөгөөр тогтоож 1993 оны 08-р сарын 16-наас эхлэн цалинжуулсугай...” гэх тушаалын Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

-793814 дугаартай Ш-ийн Б-т  Говь-Алтай аймгийн Алтай сумын дунд сургуулиас 1993 оны 08 дугаар сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1993 оны 08-12 дугаар сар, 1994 оны 01-12 дугаар саруудад ажилласан хоног авч байсан цалинг бичсэн,

-Говь-Алтай аймгийн 8 жилийн дунд сургуулийн захирлын 1995 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаартай “Багш ажилчдын цалин шинэчлэн тогтоох тухай” ...багш ажилчдын 1994 оны эцэст авч байсан сарын цалинг 1995 оны 01-р сараас эхлэн 25%-иар нэмэгдүүлж хавсралтанд дурдсанаар тогтоон олгосугай” гэх тушаалын Говь-Алтай аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар, уг тушаалын хавсралтын 2 дугаарт Ш.Б , багын багш, 1994 оны цалин 8900, 25%-иар нэмэгдэл 2275, 1995 оны цалин 11125 гэж бичигдсэн,

Говь-Алтай аймгийн Алтай сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1995 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай “Багш, ажилчдын ээлжийн амралт тавих болон багш Дуламжавыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хавсралт Алтай сумын дунд сургуулийн багш ажилчдын 1995 оны ээлжийн амралтын хуваарь 1995-06-15   хэсэгт 16 дугаарт Буяндэлгэр багын багш гэж бичигдсэн Говь-Алтай аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

- 259924 дугаартай Ш-ийн Б-ийн нийгмийн даатгалын дэвтэрт 1995 оны 7-12 дугаар сар, 1996-2004 онуудад ажилласан хоног, авч байсан цалинг бичиж баталгаажуулсан зэргээр нотлогдож байна.

Ш-ийн Б  нь 1993 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс Говь-Алтай аймгийн Алтай сумын 8-н дунд сургуульд тасралтгүй ажилласан болох нь дээрх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

4. Иймд Б овгийн Ш-ийн Б-ийг 1993 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Алтай сумын 8-н жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б овгийн Ш-ийн Б-ийг 1993 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Алтай сумын 8-н жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        

                        

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ