| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2026/00210/И |
| Дугаар | 305/ШШ2026/00171 |
| Огноо | 2026-02-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 305/ШШ2026/00171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын *** багт оршин суух, Ц овогтой Ц-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн оролцов.
Нэхэмжлэгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Завхан гол бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай.
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Ц овгийн Ц-ийн Б 1973 оны 01 дүгээр сарын 03-нд төрсөн. Одоо 53 настай. Би 1989 онд 16 нас хүрч 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Завхан гол бригадад илгээлт аван малчнаар ажиллаж эхэлсэн. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Завхан гол бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Ц-ийн Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Говь-Алтай аймгийн Төрийн Архивын хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 146 дугаартай архивын лавлагаа, 1989, 1990 онуудын цалингийн тооцооны хүснэгт,
-Ц-ийн Б-ийн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь,
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 153 дугаартай тодорхойлолт.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Ц.Б нь 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Завхан гол бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. Ц-ийн Б нь 1989 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Завхан гол бригадад малчнаар ажиллаж байсан болох нь:
-Ц-ийн Б-гийн хөдөлмөрийн дэвтрийн эх хувьд “...Нэгдлийн даргын 1989 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 22 тоот тушаалаар 1989.06.10-нд Завхан гол бригадад малчнаар” томилж Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдэл гэсэн тамга дарж баталгаажуулсан.
1989 оны 07-12 дугаар сар, 1990 оны 01-12 дугаар саруудад ажилласан хоног, авч байсан цалинг бичиж баталгаажуулсанаар тогтоогдож байна.
4. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг дуусталх хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч нь “...1989 оны 06 дугаар сард 10 жилийн сургуулиа төгссөн” гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгчийн суралцсан хугацааг ажилласан хугацаанд оруулан тогтоох боломжгүй юм. Хэдийгээр Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 146 дугаартай “...тус аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Завхан гол бригадад малчин байсан Ц.Б (1989 онд Ц.Б) нь” гээд 1989 оны 01-12 дугаар сар, 1990 оны 01-12 дугаар саруудад ажилласан хоног авч байсан цалинг бичиж баталгаажуулсан архивын лавлагаа, 1989, 1990 онуудын цалингийн тооцооны хүснэгтийн гаргаж ирүүлсэн боловч тухайн Ц.Бгэж бичигдсэн архивын баримт нь Ц-ийн Б гийн баримт болох нь тогтоогдохгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
5. Иймд Ц овгийн Ц-ийн Б-г 1989 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Завхан гол бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг дуусталх хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ц овгийн Ц-ийн Б-г 1989 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Завхан гол бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг дуусталх хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ