| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 2515002400171 |
| Дугаар | 2025/ДШМ/25 |
| Огноо | 2025-12-17 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | O.Мөнхтуяа |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2025/ДШМ/25
Х.Б*******д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор O.М*******,
Шүүгдэгч Х.Б*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Д*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э******* нарыг оролцуулан, Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуугийн даргалж хийсэн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/180 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Д*******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгдэгч Х.Б*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Б******* овогт Х*******ийн Б*******, Булган аймгийн ******* суманд 1969 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, эрэгтэй, 56 настай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн ******* сумын 4 дүгээр баг “*******” гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: .
Шүүгдэгч Х.Б******* нь 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Булган аймгийн ******* сумын Атар 4 дүгээр багийн нутгаас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-д орсон “Жиргэрүү” төрлийн “Дэрэвгэр-жиргэрүү” гэх ургамлын 36 килограмм 320 грамм үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр, бусдад худалдан борлуулах зорилгоор түүж, өөрийн эзэмшлийн улсын дугаартай, Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багт байрлах өөрийн гэрийн гадна уг тээврийн хэрэгсэлд хадгалж, байгаль экологид 4,100,528 төгрөгийн шууд хохирол, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т заасны дагуу 5 дахин өсгөж үнэлгээг тооцоход 20,502,640 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймгийн Прокурорын газраас Х.Б*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/180 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Б******* овогт Х*******ийн Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг түүсэн, хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Х.Б*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Х.Б*******д “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Х.Б*******д сануулж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар байгаль экологид учруулсан 17,402,640 /арван долоон сая дөрвөн зуун хоёр мянга зургаан зуун дөч/ төгрөгийг шүүгдэгч Х.Б*******ээс гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: / Төрийн сан дахь тоот дансанд оруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Б*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаатай “Toyota.Prius-XW20” маркийн 7,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2025 оны 07 дүгээр сарын 19-ний өдрийн 1377 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, тус тээврийн хэрэгслийг улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, шүүхэд хэрэг хүлээн авах үеийн жингээр 14 килограмм 295 грамм дэрэвгэр, жиргэрүү ургамлын үндэс, 1 ширхэг төмөр багаж зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад тус тус үүрэг болгож,
Шүүгдэгч Х.Б******* нь баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж,
Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Д******* давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд хэргийн онолоо танилцуулахдаа гэм буруу дээр маргахгүй гэсэн болохоор хохирол, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгон шийдвэрлэсэн шийдлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
а.Анхан шатны шүүх "тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар дүгнэхдээ шүүгдэгч Х.Б*******ийн ... байгаль экологид учруулсан хохирол болох ховор ургамлын хэмжээг түүний гэмт хэрэг таслан зогсоогдсон хугацаа буюу 2025 оны 07-р сарын 16-ны өдөр үзлэг, жигнэлт хийн тогтоосон хэмжээ болох 36 кг 320 граммаар тогтоох нь зүйтэй байна." гэж үзэн шийдсэн.
Түүнээс хойш 7 хоногийн дараа шинжилгээний байгууллагад шилжүүлэхэд жин нь 8 кг 770 граммаар хорогдож 27кг 550 гр байсан. Хэдийгээр нойтон ургамлын үндэс хадгалалтын шаардлага хангаагүй нөхцөлд жингээ алдаж болох ч богино хугацаанд өндөр алдагдал харагдаж байгаа .
Энэ нь анх үзлэг хийсэн тэмдэглэлд стандарт хэмжил зүйн баталгаажсан жингээр жинлэж жигнэхээр тогтов гэсэн боловч баталгааг тодорхойлсон баримтгүй, хэзээ хэрхэн баталгаажуулсан нь тодорхойгүй жингээр жинлэсэнтэй холбоотой гэж үзэхээр байна.
Нөгөө талаар Булган аймгийн ******* сумын төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Хандсүрэн өгсөн мэдүүлэгтээ “Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлыг төлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн” байхад Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй, Байгаль орчны улсын байцаагч Б.Золбаярын "Экологи эдийн засгийн үнэлгээнд нөхөн төлбөр тооцох тухай" актыг үндэслэсэн. Гэтэл энэ акт байгууллагын бланк тамгаар албажаагүй баримт байгааг анхааран үзэж ховор ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг шинжилгээний байгууллагын гаргасан дүгнэлтээр шийдвэрлэж өгнө үү.
б.Анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн 7.5-р зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч X.Б*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай "п" маркийн 7,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдсэн.
Үндэслэл болгосон хуулийн дээрх хоёр заалтын аль алинд улсын орлого болгох заалт байхгүй. Харин "гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч ...гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна" гэж заасан байхад хохирол төлүүлэхэд зарцуулахгүй улсын орлого болгон шийдвэрлэж буйг эрүүгийн хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж ойлгон гомдол гаргаж байна. Иймд хуульд зааснаар авто машиныг хураан үнийг хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Х.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Машиныг маань хохиролд тооцож өгнө үү гэв.
Прокурор О.М******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл огт байхгүй байна. Анх жинлэсэн жин нь 36 кг 320 гр гэж гаргасан байдаг. Шүүх шинжилгээний газарт хүргэгдсэн жин нь 27 кг, 550 гр болсон нь дүгнэлтэд тусгагдсан байгаа. Ингээд ургамлыг дахин шүүх рүү шилжүүлэх үед жин нь дахин алдагдаж 14 кг, 295 гр болсон шийтгэх тогтоолд тодорхой тусгагдсан байдаг. Тухайн дэрэвгэр жиргэрүү ургамлыг стандартын дагуу хадгалж бэлтгээгүй учраас жин нь өдөр ирэх тусам багасдаг болохыг мэргэжлийн шинжээч дүгнэж хэлсэн байдаг. Ийм учраас гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд тухайн ургамлыг шороо, хогноос нь ялгаж жинлэн 36 кг, 320 гр гэдгээр нь байгаль экологид учруулсан хохирлыг тооцсон нь зүйтэй юм. Энэ жингээр байгаль орчны хяналтын улсын байцаагч Золбаярын гаргасан актыг албажаагүй гэж үзэх боломжгүй юм. Мөн шүүгдэгч нь тухайн ургамлыг бусдад зарж борлуулан ашиг олох зорилгоор санаатай түүсэн үйлдэл байгаа тул хохирлыг багасгаж тооцох үндэслэлгүй байна. Гэмт хэрэг үйлдэгдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгох нь Эрүүгийн хуулиар хуульчлагдаж, шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна гэв.
1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Б*******д холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
2.Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
3.Шүүгдэгч Х.Б******* нь 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Булган аймгийн ******* сумын Атар 4 дүгээр багийн нутгаас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-д орсон “Жиргэрүү” төрлийн “Дэрэвгэр-жиргэрүү” гэх ургамлын 36 килограмм 320 грамм үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр, бусдад худалдан борлуулах зорилгоор түүж, өөрийн эзэмшлийн улсын дугаартай, Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багт байрлах өөрийн гэрийн гадна уг тээврийн хэрэгсэлд хадгалж, байгаль экологид 4,100,528 төгрөгийн шууд хохирол, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад заасны дагуу 5 дахин өсгөж үнэлгээг тооцоход 20,502,640 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримт нь нотлох баримтуудаар бүрэн нотлогджээ.
4.Хэрэгт цугларсан яллагдагч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч Х.Б******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг түүсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон ба тэрээр гэм буруугийн талаар маргадаггүй.
5.Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Д******* давж заалдсан гомдлын үндэслэлээ ховор ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг шинжилгээний байгууллагын гаргасан дүгнэлтээр шийдвэрлүүлэх болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураан авч, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нөхөн төлүүлэх учиртай гэж тайлбарласан.
6.Булган аймгийн Цагдаагийн газрын Хангал сумын Сум дундын цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дэрэвгэр-жиргэрүү ургамлын үндсэнд хийсэн тэмдэглэлээр 5 шуудай ургамлын үндэсний хог, шороог цэвэрлэж, хөгцтэй хаягдал үндсийг ялгаж, стандарт хэмжил зүйн баталгаажсан жингээр жинлэхэд нийт 36 килограмм 320 грамм байсан ба шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0325/5055 дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн үндэс 2025 оны 07 дугаар сарын 23-ны байдлаар 27 килограмм 550 грамм болсон, түүнчлэн шүүхэд шилжүүлэх үеийн жин 14 килограмм 295 грамм болсон байгаа нь шинжээчийн ургамлын нойтон үндэс агаарын хуурайшилттай орчинд жингээ алдах боломжтой гэсэн дүгнэлт тайлбараар батлагдаж байна. Ургамлын үндсэнд үзлэг хийх явцад жинлэсэн жин хэмжүүр нь стандарт хэмжил зүйн баталгаажсан жин байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан фото зургийн үзүүлэлтээр тогтоогдсон.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн ховор ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг шинжилгээний байгууллагын гаргасан дүгнэлтээр шийдвэрлүүлэх тухай гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
7.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ... албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус зааснаас үзвэл гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогыг хураахын зэрэгцээ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг мөн адил хамааруулж хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгохоор зохицуулсан нь аливаа гэмт хэргээс хэн ч ашиг хүртэх ёсгүй гэсэн агуулга, үзэл санааны илэрхийлэл юм.
Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Б*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник буюу улсын дугаартай Toyota prius-XW20 маркийн 7,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг улсын орлого болгох албадлагын арга хэмжээг хэрэглэж шийдвэрлэснийг шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон хохирол төлбөрөөс 3,100,000 төгрөгийг төлсөн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хийгээд түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг хуульд зааснаар хохирол нөхөн төлүүлэхээр худалдан борлуулж, төлбөрийг хохиролд шилжүүлэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган өөрчлөлт оруулах нь хууль ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
8.Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Д*******гийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/180 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулан шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Д*******гийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/180 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Б*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаатай “Toyota.Prius-XW20” маркийн 7,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2025 оны 07 дүгээр сарын 19-ний өдрийн 1377 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, тус тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, хохиролд тооцон шилжүүлэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л.ХИШИГДЭЛГЭР
Л.АРИУНЦЭЦЭГ