| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Азжаргал |
| Хэргийн индекс | 2415001370905 |
| Дугаар | 2025/ДШМ/27 |
| Огноо | 2025-12-17 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | О.Мөнхтуяа |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2025/ДШМ/27
Н.Б*******д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор О.М*******,
Шүүгдэгч Н.Б*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.А*******,
Хохирогч Б.А******* /цахимаар/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц******* /цахимаар/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.А******* /цахимаар/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.У******* /цахимаар/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.У*******, хохирогч Б.А******* нарын өмгөөлөгч Д.А******* /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э******* нарыг оролцуулан, Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуугийн даргалж хийсэн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/165 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Б.А*******, шүүгдэгчийн өмгөөлөгч А.А*******, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.У*******ын өмгөөлөгч Д.А******* нарын давж заалдсан гомдлыг тус тус үндэслэн шүүгдэгч Н.Б*******д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн Т овогт Нгийн Б*******, Х аймгийн Б суманд 1989 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Х аймгийн Ц сумын 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, одоо Улаанбаатар хотын С дүүргийн 2 дугаар хороо, Ш хотхон, тоотод оршин сууж байгаа, дээд боловсролтой, кадастрын инженер мэргэжилтэй, хувиараа авто зам, барилгын компани ажиллуулдаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: .
Шүүгдэгч Н.Б******* нь 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Х сумын 1-р баг, Цагаан булаг гэх газарт Т маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөний улмаас, тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдон, тус тээврийн хэрэгслийн зорчигч болох 44 настай, эмэгтэй, Б.Ж /РД:/-ын амь нас хохирч, 38 настай, эмэгтэй Д.Г /РД:/-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, 51 настай, эрэгтэй, Б.А******* /РД:/-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн Прокурорын газраас Н.Б*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/165 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Т овогт Нгийн Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б*******д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд цагдан хорьж,
Шүүгдэгч Н.Б******* нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт, жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж,
Иргэний хуулийн 230, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.Б*******аас сэтгэцэд учирсан хор уршиг, амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зардал 19,628,000 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц*******ад, сэтгэцэд учирсан хор уршигт 4,780,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.А*******д, амь хохирогч Б.Ж, иргэний нэхэмжлэгч Д.Г, хохирогч Б.А******* нарын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардал 1,309,807 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд, шинжээчийн зардал 4,600,000 төгрөгийг гаргуулж “” ХХК-ийн шинжээч, иргэний нэхэмжлэгч Д.Од тус тус олгож,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц*******ын гаргасан 8,027,878 төгрөгийн нэхэмжлэл, хохирогч Б.А*******ий гаргасан 6,600,000 төгрөгийн нэхэмжлэл, иргэний нэхэмжлэгч Д.Гын гаргасан 16,813,267 төгрөгийн нэхэмжлэл, иргэний нэхэмжлэгч Ч.У******* гаргасан 84,509,320 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь энэ талаарх нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд иргэний нэхэмжлэгч, тэдний өмгөөлөгч нар шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт, шийтгэх тогтоолд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж,
Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.А******* давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 11- ний өдрийн 2025/ШЦТ/165 дугаартай шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Н.Б*******ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 6 сараар хасаж, 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн юм.
Шүүгдэгч Н.Б******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж оролцсон билээ.
Н.Б*******ын гэр бүлээс шүүхийн шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн хохирол хор уршиг болох сэтгэцэд учирсан хор уршиг, амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зардал болох 19.628.000 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц*******ад, сэтгэцэд учирсан хор уршигт 4.780.000 төгрөгийг хохирогч Б.А*******д, амь хохирогч Б.Ж, иргэний нэхэмжлэгч Д.Г, хохирогч Б.А******* нарын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардал 1.309.807 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд, шинжээчийн зардал 4.600.000 төгрөгийг ХХК-ийн шинжээч Д.Од тус тус төлж барагдуулсан болно.
Анхан шатны шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар Н.Б******* нь 2-оос 9 насны хүүхэдтэй бөгөөд эхнэр Б.М нь тодорхой эрхэлсэн ажилгүй гэртээ хүүхдээ асарч амьдардаг болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байна.
Н.Б******* хоригдсоноор уг гэр бүлийн амьдрал, үр хүүхдүүдийн амьдралын чанар маш дордож тэжээн тэтгэх хүнгүй болох бөгөөд эхнэр Б.М нь ажил хөдөлмөр эрхлэх ямар ч боломжгүй нөхцөл байдалд байна.
Н.Б******* нь холбогдсон ослын улмаас нурууны сэртэн яс нь хугарч төмрөөр орлуулсан болох нь хэрэгт авагдсан түүний өвчний түүх, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байх бөгөөд 11 дүгээр сард төмрийг нь авах мэс засалд орох шаардлагатай байгаа юм.
Н.Б*******ын үйлдсэн гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдэгдсэн гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь хэсэгт заасан “ гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан үзнэ үү.
Иймд Н.Б******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг төлж барагдуулсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэв.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.У*******ын өмгөөлөгч Д.А******* давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэж заасан байна.
Мөн гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой гэж Дээд шүүхээс тайлбарласан байдаг.
Гэтэл Шүүх тээврийн хэрэгсэл өмчлөгч Ч.У*******, түүний гэр бүлийн гишүүн н.М, хохирогч Б.А*******, амь хохирогч Б.Ж, шүүгдэгч Н.Б******* нарын хооронд “Тоёота Ланд круйзер 200” маркийн тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах, түрээслэх, зорчигч тээвэрлэх, хөлс төлөх, тээврийн хэрэгсэл ашиглаж олох орлого, гарах эрсдэл, үүрэг хариуцлага, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл зэргийг хэн хэрхэн хариуцах талаар нотлох баримт хангалттай бус байх тул нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Гэрээ байгуулаагүй байсан нь Н.Б*******ыг Тоёота Ланд круйзер 200 маркийн 86-05 улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Б.А*******гийн зөвшөөрөлгүйгээр автомашиныг нь жолоодсон үйлдлийг нь зөвтгөх үндэслэл биш юм.
Тоёота Ланд круйзер 200 маркийн 86-05 улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийг 84.509.320 төгрөгөөр тогтоосон “Арвжижих Эстимейт” ХХК-ийн үнэлгээ, хохирогч Б.А*******гийн хохирогч болон гэрчээр, иргэний нэхэмжлэгч Д.Гын гэрчээр өгсөн, иргэний нэхэмжлэгч Ч.У******* нарын мэдүүлгүүд, С.Мын гараар бичиж өгсөн мэдүүлэг зэрэг болон бусад нотлох баримтуудыг шүүхээс нотлох баримт хангалтгүй гэж үнэлсэн байдаг.
1 дүгээр хавтаст хэргийн 52 дахь тал гэрч Д.Г “... Жолооч ах гээд эмэгтэйн барааг буулгаад багажны хэсэгт зогсож байхад талийгаач Ж урд зорчигчийн суудал дээр сууж байснаа, миний зүүн гар талд сууж байсан залууд хандан “Одоо чи машин бариад явчихаа, наад ах чинь жоохон удаан яваад байна төлөвлөгөөгөөр бол одоо Булган аймаг өнгөрөөд явж байх байлаа” гэж хэлээд миний хажууд байсан залууг жолооны ард суулгасан...” гэх мэдүүлэг
2 дугаар хавтаст хэргийн 189 дэх тал хохирогч Б.А*******гийн ... Орхон аймагт 05 цагийн орчимд очсон, тэгээд сэтгүүлч гэх эмэгтэйгийн нөгөө эмэгтэй нь буусан, би тэр хүний ачаа барааг буулгаж өгөөд орцны үүдэнд зогсоод өгчхөөд буцаад машин дээрээ ирэхэд, хамт явсан залуу жолоочийн суудал дээр сууж байсан, “ Би явах уу” гэхэд “ Та ядарч байгаа байлгүй, би машин бариад явъя” гэхээр нь би “Ахынх нь нойр сэргэчихлээ, ах нь Хутаг Өндөр хүртэл бариад явчихъя” гэхэд талийгаач Ж гэх эмэгтэй “та ядарч байгаа хойшоо суугаад унтаад яв” гэж хэлэхээр нь би жолооч залуугаас “Чи жийп машин барьж байсан уу” гэхэд би тендерт явж байсан жийп машин барьж байсан гэсэн. Тэгээд би машины хойд суудал дээр жолоочийн ард суусан...” гэх мэдүүлгээр Н.Б******* нь Б.А*******гийн зөвшөөрөлгүйгээр тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан болох нь тогтоогдож байгаа.
Мөн Ч.У******* Б.А*******д машинаа хариуцуулж өгсөн байхад Н.Б******* нь Б.А*******гийн зөвшөөрөлгүйгээр жолооны ард суусан бөгөөд түрээслэгч Б.Ж, Н.Б******* хоёр Б.А*******г “Та шөнөжин машин барьсан амраад яв” гээд хүчээр арын суудалд суулгаж Н.Б******* нь өөрөө дур мэдэн жолоо барьсан болох н хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүд болон хохирогч Б.А*******гийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа.
Гэтэл эдгээр нотлох баримтууд нь Тоёота Ланд круйзер 200 маркийн 86-05 улсын дугаартай тээврийн хэрэгслийг Н.Батзул жолоодож байх үед осол гарч, хохирол үүссэн болохыг бүрэн нотолж байгаа.
Н.Батзул нь Тоёота Ланп круйзер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн руль булааж байсан эвдрэлтэй гэж удаа дараа санаатайгаар худал мэдүүлж тухайн тээврийн хэрэгсэлд бурууг өгч байсан боловч шинжээчийн дүгнэлтээр тухайн тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэлгүй байсан болох нь тогтоогдсон.
Мөн Н.Б******* нь Б.А******* ах “ Би ядраад байна, машин бариад яв” гэж хэлсэн гэж худал мэдүүлдэг. Гэвч тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодож явсан Н.Батзулын буруутай үйлдлээс болж осол гарсан байтал Н.Батзул нь удаа дараа худал мэдүүлж иргэний нэхэмжлэгч Ч.У*******т төлбөр төлөхөөс санаатайгаар татгалзаж байгаад гомдолтой байна.
С.Мын гараар бичиж өгсөн мэдүүлгийн хэсэгт Б.А*******д машинаа хариуцуулж өгсөн тухай бичигдсэн болох нь тухайн тээврийн хэрэгслийг хариуцагч нь Б.А******* мөн болохыг баталж байна.
Энэ хугацаанд хэрвээ тухайн тээврийн хэрэгсэл хэвийн үйл ажиллагаатай байсан бол сардаа хамгийн багадаа автомашинаа түрээслээд 4 сая төгрөгийн орлого олж амьжиргаандаа хэрэглэх байсан ба энэ орлогыг хэн өнөөдөр нөхөн олгох вэ мөн автомашинаа зээлээр авсан Ч.У*******, С.М нарын алдагдсан боломжийг хэн хариуцах вэ гэдэг нь тодорхойгүй байна.
Ч.У*******, С.М нар нь Б.А*******д автомашинаа хариуцуулж өгсөн, Н.Б******* гэх үл таних хүнд машинаа барихыг зөвшөөрөөгүй учраас Ч.У******* нь эд хөрөнгөөрөө хохирох ёсгүй. Иймд Б*******аас иргэний нэхэмжлэгч Ч.У*******ын нэхэмжилсэн мөнгөн дүнгээр хохирлыг барагдуулж өгнө үү.
Ч.У*******, С.М нар нь залуу гэр бүлүүдийн адил автомашины болон байрны зээлтэй бөгөөд тухайн тээврийн хэрэгслээ түрээсэлж олсон орлогоор зээлээ төлдөг байсан.
Тоёота Ланд круйзер маркийн улсын дугаартай автомашин нь осолд ороогүй хэвийн ажиллагаатай байсан бол Ч.У*******, С.М нар нь 2024 оны 06 дугаар сараас 2025 оны 10 дугаар сарын хооронд тухайн тээврийн хэрэгслээ түрээслээд 68 сая төгрөг олох боломжтой байсан.
Нэмж дурдахад Тоёота Ланд круйзер маркийн улсын дугаартай автомашины өмчлөгч нь Ч.У******* мөн бөгөөд харин тухайн үед автомашиныг хариуцаж, эзэмшиж явсан хүн нь Б.А******* болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байгаа болно.
Иргэний хэргийн 497.1 дүгээр зүйлд “... бусдын эд хөрөнгөд хууль бусаар буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 499.3-т “Хэн нэгэн этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцна..”, мөн хуулийн 510.1-т “ бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-т “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 2-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан үндэслэл омын дагуу хүчингүйд тооцно...” гэсэн байна.
Н.Б*******ыг Тоёота Ланд круйзер 200 маркийн 86-05 улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Б.А*******гийн зөвшөөрөлгүйгээр жолоодон осолд оруулж иргэний нэхэмжлэгч буюу автомашины өмчлөгч Ч.У*******т 84.509.320 төгрөгийн хохирол учруулсан байх тул Н.Б*******аас 84.509.320 төгрөгийг Иргэний хуулийн 497. 499, 510-т заасан үндэслэлээр нөхөн төлүүлэх шийдвэр гаргуулах хүсэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Н.Б*******аас иргэний нэхэмжлэгч Ч.У*******т 84.509.300 төгрөг гаргуулж олгуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хохирогч Б.А******* давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.А******* миний шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтууд нь эмчилгээ болон замын зардлын баримтууд байсан тул шүүх нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь ойлгомжгүй хууль бус шийдвэр гаргасан тул зөвтгөж өгнө үү.
Мөн Эрүүгийн хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тээврийн хэрэгсэл өмчлөгч Ч.У*******, түүний гэр бүлийн гишүүн н.М, хохирогч Б.А*******, амь хохирогч Б.Ж, шүүгдэгч Н.Б******* нарын хооронд “Тоёота Ланд круйзер 200” маркийн тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах, түрээслэх, зорчигч тээвэрлэх, хөлс төлөх, тээврийн хэрэгсэл ашиглаж олох орлого, гарах эрсдэл, үүрэг хариуцлага, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл зэргийг хэн хэрхэн хариуцах талаар нотлох баримт хангалттай бус байх тул нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч Ч.У******* нь дээрх харилцаатай холбоотой нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зааж шийдвэрлэв гэсэн.
Тухайн Тоёота Ланд круйзер 200 маркийн 86-05 улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ч.У*******ын нөхөр н.Мтай түрээсийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан мэдүүлэг болон н.Мын хүсэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа.
Н.Б******* нь Ч.У*******ын өмчлөлийн Тоёота Ланд круйзер 200 маркийн 86-05 улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Б.А******* миний зөвшөөрөлгүйгээр жолоодон осолд оруулж иргэний нэхэмжлэгч буюу автомашины өмчлөгч Ч.У*******т 84.509.3000 төгрөгийн хохирол учруулсан байх тул Н.Б*******аас 84.509.3000 төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргуулах хүсэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Н.Б*******аас хохирогч Б.А******* миний биед 6,600,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ч.У*******т 84.509.3000 төгрөг гаргуулж олгуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгч нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гээд байна. Энэ гэмт хэргийн улмаас миний эгчийн амь нас хохирч, үр хүүхдүүд нь өнчирч үлдсэн. Амь хохирогчийн хоёр хүүхдийн сэтгэл санаа маш хүнд байна. Тэр охидын сэтгэл санаанд учирсан хохирлыг ерөөсөө авч чадаагүй. Хүний амь нас ийм үнэгүй болчихсон юм уу?. Оршуулгын зардлаа хүртэл бүрэн авч чадаагүй. Тийм учраас шүүгдэгч Н.Б*******д үнэн голоосоо гомдолтой байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гээд байгаа. Гэм буруугаа зөвшөөрнө гэдэг нь дан ганц гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдэг үгээр ойлгож болохгүй юм. Үйлдлээр илэрхийлэгдэж, хохирол төлбөрийг бүрэн барагдуулах ёстой. Энэ нь ч шүүхийн хэлэлцүүлэг дээр харагдаж байх ёстой. Талийгчийг оршуулах үед шүүгдэгч Н.Б*******ын талаас ямар ч харилцаа холбоо байгаагүй. Оршуулгын зардал чинь баримтаар тогтоогдоогүй учир бид төлөхгүй гэдэг. Оршуулгын зардал буюу лам, хийдэд ном уншуулсан нөхцөл байдал нь баримтгүйгээр явдаг учир баримт өгч чадаагүй юм. Гэтэл иймхэн зүйлийг ч ойлгочихгүй, төлөхгүй гээд байж байгаа нь нэгийг бодогдуулж байна. Тийм учраас шүүгдэгч Н.Б*******ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь бүхий л нөхцөл байдалд тал бүрээс нь дүгнэлт хийж, ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Тийм учраас шүүгдэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэв.
1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Б*******д холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.А*******, шүүгдэгчийн өмгөөлөгч А.А*******, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.У*******ын өмгөөлөгч Д.А******* нарын давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
2.Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
3.Шүүгдэгч Н.Б******* нь 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Х сумын 1-р баг, Цагаан булаг гэх газарт Т маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ, б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөний улмаас, тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдон, тус тээврийн хэрэгслийн зорчигч болох 44 настай, эмэгтэй, Б.Ж /РД:/-ын амь нас хохирч, 38 настай, эмэгтэй Д.Г /РД:/-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, 51 настай, эрэгтэй, Б.А******* /РД:/-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал нь:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан:
Цогцост үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, “Т-200” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2023, 2024 онд үзлэг хийсэн “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлт, тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарууд, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр нотлогдон тогтоогдож байна.
4.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах дээрх шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг учиртай.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн байна.
5.Шүүгдэгчийн өмгөөлөгч А.А******* нь “шүүгдэгч Н.Б*******ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг төлж барагдуулсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр ялыг тэнсэж өгнө үү” гэж давж заалдах гомдол гаргасан. Гомдолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц*******, хохирогч Б.А******* нарт хохирол төлбөр төлсөн баримт, Эрүүл мэндийн ерөнхий газрын нэхэмжлэл төлсөн баримт, шинжээчийн зардал төлсөн баримтыг тус тус хавсарган ирүүлжээ.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж... болно”, 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь дээрх хуульд заасныг хэрэглэх нөхцөл бүрдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах эрхтэй.
Мөн эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт “гэм буруугаа хүлээн зөвшөөрөх” гэдэгт шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байхыг ойлгоно.
Шүүгдэгч Н.Б*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.
Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Н.Б*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Б******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж, шүүгдэгч Н.Б*******д оногдуулсан тэнссэн болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэлээ.
7.Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх ба хэрэгт авагдсан дан ганц худалдан авалт хийгдсэн баримтаар нэхэмжлэлийг тооцон шийдвэрлэх боломжгүй мөн тээврийн хэрэгслийн өмчлөгч Ч.У*******, түүний гэр бүлийн гишүүн н.М, хохирогч Б.А*******, амь хохирогч Б.Ж, шүүгдэгч Н.Б******* нарын хооронд “” маркийн тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах, түрээслэх, зорчигч тээвэрлэх, хөлс төлөх, тээврийн хэрэгсэл ашиглаж олох орлого, гарах эрсдэл, үүрэг хариуцлага, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл зэргийг хэн хэрхэн хариуцах талаарх нотлох баримт хангалттай бус байх тул хохирогч Б.А*******ий эмчилгээний зардалтай холбоотой 6,600,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Гын цалингийн зээл, кредит картын төлбөр 16,813,267 төгрөг, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.У*******ын тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 84,509,320 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй гэж нээлттэй үлдээсэн нь хууль зөрчөөгүй байна.
8.Иймд хохирогч Б.А*******, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.У*******ын өмгөөлөгч Д.А******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч А.А*******гийн давж заалдсан гомдлыг хүлээн авч, Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/165 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
9.Шүүгдэгч Н.Б******* нь 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын сарын 16-ны өдөр хүртэл 97 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хохирогч Б.А*******, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.У*******ын өмгөөлөгч Д.А******* нарын давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч А.А*******гийн давж заалдсан гомдлыг хүлээн авч, Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/165 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Б*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 5 /тав/ жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй” гэж,
Тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б*******д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Н.Б*******ыг “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй” гэж,
Тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Н.Б*******д сануулсугай гэж,
Тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд цагдан хорьсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар Н.Б*******д оногдуулсан тэнссэн болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай” гэж,
Тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай” гэж,
Тогтоох хэсгийн 6, 7, 8, 9, 10 дахь заалтыг 7, 8, 9, 10, 11 гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шийтгэх тогтоол гарсан өдрөөс хойш шүүгдэгч Н.Б******* нь 97 /ерэн долоо/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч Н.Б*******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3.Шүүгдэгч Н.Б*******ыг нэн даруй сулласугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л. АРИУНЦЭЦЭГ
Л. ХИШИГДЭЛГЭР