| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0050/Э |
| Дугаар | 127 |
| Огноо | 2017-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Хэрлэнчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Прокурор М.Хэрлэнчимэг,
Нарийн бичгийн дарга Г.Номин,
Хохирогч С.Батболд, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа,
Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ут холбогдох эрүүгийн 1706000260420 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.У нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ачаа тээврийн газарт хохирогч С.Батболдыг хадгалуулсан ачаагаа авахаар ирэхэд нь хоорондоо маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1706000260420 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Б.У нь хохирогч С.Батболдтой маргалдан түүний бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл урчруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч С.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14-р хороо далангийн баруун талд байх хот хоорондийн ачаа тээврийн ачаагаа буулгадаг газар байнга тэнд ачаа буулгадаг нэрийг үл мэдэх эрэгтэй надад 5 ширхэг ачаа өгөх ёстой байсан. Би дээрх 5 ширхэг ачааг яаралтай хөдөө явуулах ёстой байсан ба ачаа түгээдэг эрэгтэйтэй 88053941 дугаарын утсаар 18 цагийн үед холбогдоход би ажилтай Баянхошуу явж байна гээд уцаарлангүй хэлээд утсаа тасдсан. Тэгээд би тэр эрэгтэйг 20 цаг хүртэл хүлээгээд тэг эрэгтэй ирэхэд нь очоод ачаагаа авмаар байна гэхэд “чи ер нь яагаад дахин дахин залгаад байгаа юм бэ” гэж уурлаад ачаа чинь гэрт байгаа дагаж очоод өөрөө ав гэсэн. Тэгэхэд нь би мөнгийг нь төлсөн шүү дээ авчраад өгөөчээ гэхэд гэрээс дагаж очоод ав гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би “за яахав, тэгвэл танай гэр рүү чинь явъя” гээд араас нь дагаад 50 метр орчим алхаад явж байтал эргэж хараад ямар ч үгийн зөрүүгүй шууд цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14/
Түүний шүүх хуралдаанд өгсөн:
Ачаагаа авах гээд зөндөө хүлээсэн. Байн байн залгасан. Энэ ирээд ажилтай байхад яагаад дахин дахин залгаад байгаа юм гээд уурлаад байсан. Бид гурвуулаа цуг явж байхад шууд эргэж хараад намайг цохьсон. Би газар дээрээ ухаан алдаж унасан. Цаанаас нь нэг эгч юу болж байна болиоч гэсэн. Би хөмсөгөө дараад хархад энэ цаашаа явж байсан. ...Маргааш нь 120.000 төгрөгөөр толгойн КТ-ийн зураг авахуулсан, 43.003 төгрөгөөр бензин хийж явсан. 33.000 төгрөгөөр эм авсан. Өөр баримтууд байгаа тэрийг нь олохгүй байна. Миний биеийн байдал одоо бол зүгээр байгаа. Тэр өдөр баярт оролцох байсан. Оролцож чадаагүй. Тэрийгээ би нэхэмжлээгүй. Хохиролын мөнгөө авчих юм бол гомдол, саналгүй гэх мэдүүлэг.
Гэрч Б.Мөнхдалайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“Б.У нь манай компанийн түгээлтийн Портерийн жолоочоор ажилладаг байсан юм. 2017 оны 06 сард манай каргод Замын-Үүдээс барилгын овор ихтэй урт бараанууд ирсэн юм. Манайх контейнэрт хадгалж багтахгүй байсан тул жолооч Ууганхишиг гэртээ аваачиж хадгалсан юм. Арав орчим хоногийн дараа буюу 2017 оны 07 сарын 01-ний өдөр нэг залуу ирээд бараагаа авъя гээд надаас нэхэхээр нь би “манай жолоочийн гэрт нь байгаа, багтахгүй байхаар нь аваачсан юм” гэж хэлээд Ууганхишиг рүү ярихад “түгээлт хийгээд гадуур явж байна” гэсэн. Тэгээд 30-40 минутын дараа У ирэхэд нөгөө залуу уурлаад “чи яасан уддаг юм бэ” гээд мөр, цээжрүү нь түлхээд уурлаад байсан. Нэг харахад тэр залуу Угийн араас гартаа юм бариад ухас хийхэд У эргэж хараад түлхэхэд нөгөө залуу уначихсан. Тэгээд босч ирээд Урүү дайраад дахиад газар унасан....Тэгэхэд У бөгс рүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,
Шүүгдэгч Б.Уийн шүүх хуралдаанд өгсөн:
2017 оны 07 сарын 01-ний өдөр байсан. Манай каргод ирээд 20 гаран хоног хадгалагдаж байсан зөөж тээвэрлэхэд овор хэмжээ ихтэй барааг контейнерт хадгалах боломжгүй байсан учир миний түрээслэж байсан байрны подволд хадгалсан байсан. Барааны эзэн надруу утсаар яриад нэг хүн очиж авна өгчихөөрэй гэсэн. Би ачаа тараах ажилтай явна шүү. Тэр хүндээ хэлээрэй гэхэд за гэсэн. Өдөр Батболд юнителийн дугаараас залгаад одоо би очиж авах гэж байна гээд ярьж эхэлсэн. Би Баянхошууруу ачаа тээвэрлээд түгжрээд явж байсан. Удахгүй яваад очиё гээд тэр ажилаа хойшлуулаад Баянзүрх дүүргийн 14-р хороо, гандангийн арын карго дээр очсон. Батболд ирээгүй байсан. Дахин дахин залгаад байсан. Би ирээд ирчихлээ гэхэд нэг крантай кантертай ирээд бууж ирээд хөөе чи миний ачааг аваад ир энэ тэр гээд, тэрний өмнө хамт ажилдаг Мөнхдалай руу дайрч байгаад явсан байсан. Тэгээд би ирээд ачаа чинь гэрт байгаа. Хурдан очоод зөөгөөд авч ирээд өгье гэхэд чи ингэж хадгалдаг юм уу. Одоо ачиж авч ирж өг гэсэн. Тэнд каргоны улсууд бүгдээрээ байж байсан. Тэгээд унадаг дугуй авна гээд нэг хүн бид хэд алхаж явсан. Эхлээд ирэнгүүтээ миний цээж энэ тэр лүү түлхэсэн, өмнө нь бас Мөнхдалайд ийм байдлаар хандсан байсан. Тэгээд каргоны хашаанаас гараад гэр рүү явж байхад араас орилох шиг болсон. Эргээд хархад Батболд миний араас гүйж ирж байгаа харагдсан. Яг ард дагаж явж байгаад. Тэгээд эргэж хараад би хоолой руу нь түлхсэн. Хойшоо суун тусаж унаад буцаж миний зүүн хөлрүү дайраад духаараа яг зүүн хөлний өвдөг мөргөөд унасан. Унаад дух нь задарсаныг бол би мэдэж байгаа. Тэр унасных нь дараа би бөгс рүү нь нэг удаа өшиглөсөн. Ийм л юм болсон. Өөр тэгж хоёр, гуравуулаа нийлж зодсон зүйл байхгүй. Санаатайгаар эргэж хараад цохьсон зүйл байхгүй. Хохирогчийг би түлхэж унагаасан. Санаатайгаар өшиглөхдөө бөгс рүү нь нэг удаа өшиглөсөн. Хохирогчоос уучлалт гуйж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүл мэндэд учирсан хохиролыг нотлох баримтын дагуу төлнө гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 сарын 02-ны өдрийн 8557 дугаартай:
“С.Батболдын духны хөндийн гадна ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын цөмөрсөн хугарал, хөмсөгт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дух, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг хэрхэн алдагдуулах нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт /хх-ийн 20/
-гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-ийн 5-6/
-хохирогч С.Батболдын Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 07/
-хохирогч С.Батболдын компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 21/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-шүүгдэгч Б.Уийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26-29/
-хохиролын талаарх баримтууд /ШШҮХ-ийн 3000 төгрөгийн төлбөрийн баримт, Натур эмнэлгийн толгойн КТГ хийлгэхэд төлсөн 120.000 төгрөгийн баримт, Лхамган ХХК-ийн Дөш эмийн сангаас 33.500 төгрөгийн бараа худалдан авсан баримт, МТ Ойл ХХК-ийн шатахуун худалдан авсан 43.003 төгрөгийн баримт, өмгөөлөгч Г.Нарантуяагийн өмгөөлөлийн хөлсөнд төлсөн 150.000 төгрөгийн баримт/ болон хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Б.Уийн иргэн С.Батболдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.У нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хохирогч нь нотлох баримтаар 349.503 төгрөгийн хохирол нэхэмжилсэнээс 156.000 төгрөгийн хохиролыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгон, иргэний нэхэмжлэлээс өмгөөлөгчийн төлбөрт төлсөн 150.000 төгрөгийн, шатахууны төлбөр 43.0003 төгрөгийн нэхэмжлэлийг гэмт хэргийн улмаас шууд учирсан хохиролд тооцон гаргуулах үндэслэлгүй байх учир хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хохирогч С.Батболд нь шүүх хуралдаанд 2017 оны 07 сарын 02-ны өдөр шатахуун авсан, уг шатахууныг машинд хийж эмнэлгийн байгууллагаар явахад зарцуулсан гэж мэдүүлсэн боловч уг шатахуун авсан баримт нь 2017 оны 07 сарын 06-ны өдрийн 06:46 цагт хэвлэгдсэн шатахуун түгээх станцын баримт байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Уийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг найман сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уээс 156.500 төгрөг гаргуулж хохирогч С.Батболдод олгож, иргэний нэхэмжлэлээс 193.003 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ууганхишигт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ут хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ