Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2026/ДШМ/07

 

Д.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

хохирогч Ж.Э-гийн өмгөөлөгч Ү.Ананд,

шүүгдэгч Д.Д-,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/2404 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Д-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2503002350432 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д-ын Д, 1964 онд Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);

Шүүгдэгч Д.Д- нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зайсангийн замд “Nissan Advan” загварын ... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Э-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Тээврийн прокурорын газар Д.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.Д-ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

шүүгдэгч Д.Д-аас хохирогчийн эмчилгээ хийлгэсэн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан хохирол төлбөрт 646,962 төгрөг, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 8,580,000 төгрөг, нийт 9,226,962 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Э-д олгож, хохирогч нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн заалтуудыг харгалзан үзээгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоогүйд гомдолтой байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж буй тээврийн хэрэгслийг өнгөрүүлж эгц хөндлөн гарна” гэсэн үүргээ биелүүлээгүй. Мөн дүрмийн 5.12.б-д “Аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх”, 5.12.д-д “Ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх” гэсэн хориглох заалтыг тус тус зөрчсөн.

Явган зорчигч нь тээврийн хэрэгслийн зорчих хэсэг дээр тээврийн хэрэгсэлд мөргүүлэхээс зайлсхийж эсрэг талын зорчих хэсэг рүү гүйж, миний жолоодож явсан машинд мөргүүлсэн нь камерын бичлэгээс тод харагдаж батлагдана.

2.Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлж, 8,580,000 төгрөг гаргуулан хохирогчид олгосон нь үндэслэлтэй эсэхэд эргэлзэж байна.

Би тэтгэврийн хүн, 689,000 төгрөг авдаг. Хохирогчийн эмнэлгийн зардал, эмчилгээний төлбөр зэргийг чадлынхаа хэрээр тэтгэврийн зээл авч, хүнээс зээлэн төлж байна. Миний ээж 86 настай Д.Д нь эмнэлгийн хяналтад байдаг ба байнгын асаргаа шаарддаг. Эхнэр П.У хавдрын мэс засалд орж, одоо байнгын эмчилгээ хийлгэж байна. Эдгээр өвчтэй хүмүүсийг асарч, эмнэлгүүдээр дагуулан авч явж үзүүлэх, хэвтүүлэх, эм тариаг бичүүлж, олох, авч өгөх, асрах зэрэг ажлуудыг хийдэг.

Иймд шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж, хөнгөн ялаар шийтгэж өгнө үү. Мөн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг жишиг аргачлалын хүснэгтэд тусгаснаар 8,580,000 төгрөгөөр тооцсоныг багаар тогтоож өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ү.Ананд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гомдлыг манай үйлчлүүлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Хавтаст хэргийн материалд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт авагдсан. Тухайн дүгнэлтэд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 3 дугаар дугаар зэрэглэл гэж тогтоосон. Шүүхээс тус зэрэглэлд тогтоогдсон нөхөн төлбөрийн хамгийн бага хувиар тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Д- нь замын хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж, явган зорчигч Ж.Э-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д-д ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлөх бололцоо зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулсан. Сэтгэцэд учирсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал болон бусад нөхцөл байдлыг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэлийн хамгийн бага хувиар гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Д.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

-хохирогч Ж.Э-гийн: “...Би 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 06 цагийн үед Зайсангийн ... тоотод ажил хийж байгаад гэр рүүгээ явахаар болсон. Түргэн үйлчилгээний цэгээс автобусны карт цэнэглэдэг эсэхийг асуухаар Сарнайх төвийн баруун талын замаар зам хөндлөн гарахаар замын хоёр тал руу харахад бараг хөдөлгөөнгүй шахуу байхаар нь зүүнээс баруун чиглээд алхтал хойноос урагш чиглэлтэй тээврийн хэрэгсэл ирж байсан. Зогсчих байх гэж бодоод гүйтэл хүрч ирээд миний биеийн баруун талаас мөргөөд би зам дээр өнхрөөд унасан...” (хх 28-29),

-шүүгдэгч Д.Д-ын: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид нийт 2,500,000 төгрөгийн хохирол төлсөн...” (хх 99) гэсэн мэдүүлгүүд,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3768 дугаар: “...Ж.Э-гийн биед тогтоогдсон баруун умдаг яс, суудал ясны хугарал, сээрний 11,12 дугаар нугалам, бүсэлхийн 1, 5 дугаар нугалмын хугарал, зүүн шилбэний тахилзуур ясны далд хугарал, дух, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд ба хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” (хх 37-38),

-мөн газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2723 дугаар: “...Ж.Э-гийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” (хх 154-156),

-“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 135 дугаар “Nissan Advan” загварын ... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлын талаарх дүгнэлтүүд (хх 57-60), 

-мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 491 дүгээр: “...жолооч Д.Д- нь Замын хөдөлгөөний дүрмийн “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон, явган зорчигч Ж.Э- нь мөн дүрмийн “Явган зорчигч үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөлийг нэмэгдүүлсэн гэх үндэслэлтэй байна...” гэсэн магадалгаа (хх 84-85),

-камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх 16-19, 23-25),

-зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх 5-10),

-жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх 11),

-дуудлагын лавлагааны хуудас (хх 4) зэргийг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Д.Д- нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зайсангийн замд “Nissan Advan” загварын ... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Э-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Нотлох ажиллагааны явцад цугларсан дээрх нотлох баримтууд нь харилцан уялдсан байдлаараа хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн, бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах үүргээ биелүүлээгүйн улмаас гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол төлбөр бүрэн барагдуулаагүй болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь шударга ёсны зарчимд нийцжээ.

Учир нь, тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих нь хүний эрүүл мэндэд хохирол учруулаад зогсохгүй, бусдын амь насыг хохироох хүртэл хэмжээний аюул, дахин сэргээгдэхгүй хор уршгийг бий болгодог.

Тиймээс жолооч бүр хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, Замын хөдөлгөөний дүрмээр үүрэг болгосон заалтуудыг биелүүлснээр бусдын эрүүл байх, амьд явах эрхийг хангах баталгаа болдог.

Хэдийгээр энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн “гарцгүй газраар зам хөндлөн гарсан” нь осол гарах шалтгаан нөхцөлийг нэмэгдүүлсэн байх хэдий ч шүүгдэгч Д.Д- нь “аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчих, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах” зэрэг жолоочид үүрэг болгосон хэм хэмжээг зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч нь хэрэг болсны дараа түргэн тусламж дуудсан, хохирол төлбөрөөс тодорхой хэмжээгээр төлсөн боловч эдгээр нөхцөл байдлууд нь дээрх гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг бүрэн сэргээх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн, давж заалдах гомдолд “өөрийн эх болон эхнэрийг асарч, эмнэлэгт үзүүлэх, эм тариа авч өгдөг” зэрэг асуудлыг дурдсан ч гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг тул шүүгдэгч Д.Д- нь өөрийн хууль бус үйлдэлд тохирсон ял шийтгэлийг хүлээхэд дээрх нөхцөл байдал саад болохгүй гэж үзлээ.

Мөн тэрээр тэтгэвэрт байдаг, сарын орлого 689,000 төгрөг гэсэн нөхцөл байдлыг өөрөө мэдүүлсэн төдийгүй хэрэгт түүнийг ажил хөдөлмөр эрхэлдэг гэх баримт байхгүй тул торгуулийн ял биелэгдэх боломжгүй.

Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэл, боломж тогтоогдсонгүй.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ... 27.10 дугаар зүйл (Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих)-т ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжээчийн дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчилсан.

Хохирогч Ж.Э-гийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байх ба энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэлд хамаарахыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2723 дугаар дүгнэлт хэрэгт авагджээ.

Ийнхүү сэтгэцийн эмгэг 3 дугаар зэрэглэлд хамаарч байгаа тохиолдолд Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр нөхөн төлбөр олгоно.

Анхан шатны шүүх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлж,  8,580,000 төгрөгөөр буюу уг аргачлалд заасан хамгийн доод хэмжээгээр тооцон гаргуулсныг давж заалдах шатны шүүхээс дахин багасгах хууль зүйн үндэслэл байхгүй.

Түүнчлэн, хэрэгт авагдсан сиди бичлэг болон түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаас үзэхэд, давж заалдах гомдолд дурдсанчлан хохирогч Ж.Э-г шүүгдэгчийн жолоодож явснаас өөр тээврийн хэрэгсэл мөргөх аюул занал бий болсон, хохирогч нь осолд өртөхөөс зайлсхийн гүйж, улмаар Д.Д-ын унаж явсан машинд мөргүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна. 

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Д.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/2404 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

                        ШҮҮГЧ                                                           Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН