Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 144

 

 

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 207/МА2019/00144

 

*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч

*******д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00938 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******, *******, ******* нарт холбогдох,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р баг, хуучин хороолол, 19 дүгээр байр, 34 тоот орон сууцыг өмчлөгч нарын зөвшөөрөлгүй хасах хэлцэл хийж бусдад алдсанаас нэхэмжлэгчид ногдох хувийг гаргуулан авах, өмчлөгч хасах хэлцлийг  хүчингүйд тооцуулахаар өөрчилсөн ба 2018 оны 12 дугаар сарын 12-нд нэхэмжлэлийн шаардлагаа дахин өөрчилж хариуцагч *******, *******, *******, ******* нараас тус бүр байрны үнэ-6.875.000 төгрөг, хохирол 305.000 төгрөг, нийт 28.720.000  төгрөг гаргуулах, өмчлөгч хасах хэлцлийг хүчингүйд тооцуулах тухай

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Л.Чулуунбаатар, З.Оюун, ******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч: *******д холбогдох,

Байрны түрээсийн үлдэгдэл 1.300.000 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тээврийн зардал 58.000 төгрөг, хууль бус эзэмшлээс 34 тоот орон сууцыг чөлөөлүүлэх, 2016 оны 06 дугаар сарын 13-наас 09 дүгээр сарын 13 хүртэлх түрээсийн төлбөр 1,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаатарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Миний бие Дархан хотын хуучин хорооллын 19-р байрны 34 тоотод эцэг, эх, дүүгийн хамт амьдарч байгаад 1997 оноос Улаанбаатар хотод шилжин суурьшиж нөхөр хүүхдүүдийн хамт амьдарч байгаа. Ээж Лхамсүрэн 2001 онд нас барсан, миний төрсөн дүү Х.Даваатогтох эхнэр хүүхдийн хамт аавыг асрамжилж амьдардаг байсан, аав маань биеийн байдал тааруу, хараагүй, унаж татдаг, сэтгэцийн өөрчлөлттэй, олон жил хүний асрамжид байгаа юм. Миний дүү Х.Даваатогтох 2013 оны 11-р сарын 19-нд барилгын засварын ажил хийж байгаад унаж нас барсан. ....миний эцгийн 4 өрөө байрны асуудлаар ярилцаж тохиролцон байрыг худалдаж талийгаач дүүд ногдох хувь хэсгийн үнийг өгөхөөр Дарьмаасүрэнтэй тохиролцсон боловч байрны бичиг баримтыг авчирч өгөөгүй. Манай 19-р байрны 34 тоот орон сууцны эзэмшигч А.Хишигням, хамтран өмчлөгчөөр ээж Д.Лхамсүрэн, охин *******, хүү Х.Даваатогтох нар байсан. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар очиж байрныхаа лавлагааг гаргуулж авах гэтэл аавын чинь нэр дээр уг байр байхаа больсон байна, хамтран өмчлөгчөөр миний нэрийг ч байхгүй байна гээд лавлагаа өгөөгүй. Ямар үндэслэлээр аав бид 2-ын зөвшөөрөлгүйгээр байрны өмчлөгчөөр өөр хүмүүс тогтоогдсоныг ойлгохгүй байна. Хууль бус эзэмшлээс байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авахыг шаардаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлдээ:

Хариуцагч *******д холбогдуулан иргэний хуулийн 56.1.8 дах заалтыг зөрчин гэрээнд зөвшөөрөлгүй гарын үсэг зурсан учир хуулийн 56.6-д зааснаар түүнээс байрны зарагдсан үнийн дүнгийн 50 хувь болох 27.500.000 төгрөгийн тодорхой хувь болох 6.875.000 төгрөг, хохирлын мөнгө болох 305,000 төгрөгийг тус тус гаргуулах /энэ нь Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албанаас 2014  оны 07 дугаар сарын 03-нд шүүхэд ирүүлсэн №14 ё/98 тоот албан бичиг, *******гийн өөрийнх нь шүүхэд гаргаж өгсөн тайлбараар нотлогдоно.

2.Хариуцагч ******* нь Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчиж өмчлөгч нарыг байлцуулахгүйгээр өмчлөгчийн нэрийг хасах хэлцлийг гэрчилсэн учир нотариатын үйлдлийг хүчингүй болгох мөн Иргэний хуулийн 56.6-д зааснаар байрны зарагдсан үнийн дүнгийн тодорхой хувь болох 6.875.000 төгрөг, хохирлын мөнгө болох 305.000 төгрөгийг тус тус гаргуулах,

3. Хариуцагч ******* нь 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө хамтран өмчлөгч хасах хэлцлийг Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар өмчлөгч нарын зөвшөөрөлгүй хийж бичвэрийг бичиж гарын үсэг зурсан. Энэ хэлцэлд үндэслэн Улсын бүртгэл хийгдсэн, дараа дараагийн хэлцлүүд хийгдсэн. Энэ нь Иргэний хуулийн 56.1.10 болно. 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хамтран өмчлөгч хасах хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Иргэний хуулийн 56.6-д зааснаар хохиролд байрны зарагдсан үнийн дүнгийн тодорхой хувь болох 6.875.000 төгрөг, хохирлын мөнгө оолох 305.000 төгрөгийг тус тус гаргуулах

4. Хариуцагч *******гээс зарагдсан байрны үнийн дүнгийн нэхэмжлэгчид ноогдох хэсгийн үнийн дүнгийн тодорхой хувь болох 6.875.000 төгрөг, хохирлын мөнгө болох 305.000 төгрөгийг тус тус гаргуулах, Дарьмаасүрэн хохиролд хамаатай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоно. Түүний оролцоогүйгээр хасах хэлцэл болон бусад хэлцэл хийгдэх боломжгүй. Өөрөөр хэлбэл өмчлөгч нар хэн нь ч 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө хамтран өмчлөгч хасах хэлцэлд гарын үсгээ зураагүй болох нь удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаа. Мөн хасах хэлцэл хийх үед Дарьмаасүрэн нь уг байранд амьдарч байрыг ззэмшиж байсан. Анхны хасах хэлцлээс хойшхи бүх хэлцэлд оролцсон. Уг байрыг 55.000.000 төгрөгөөр худалдаж мөнгийг бэлнээр авах, төлбөрөө төлүүлж үлдсэн мөнгийг өөрийн дансанд шилжүүлэх зэргээр авч захиран зарцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно. Нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан хохирол болох улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тээврийн зардал, бичиг баримт шуудангаар илгээхэд гарсан зардал, нотариатаар итгэмжлэл гэрчлүүлсэн зардал, байрны үнэлгээний ажлын хөлс зэрэг гарсан зардлыг хавсаргасан болно. Хохирлыг хариуцагч нараас Иргэний хуулийн 242.11-ээр адил тэнцүү хэмжээгээр гаргуулах ёстой гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р баг, 1-р хороолол 19-34 тоот 4 өрөө орон сууцанд манай хадам аав Хишигням, түүний охин Нямсүрэн, манай нөхөр Даваатогтох, түүний ээж Лхамсүрэн гээд бид 5-лаа амьдарч байсан. Би 1994 онд Хишигнямын бэр, Даваатогтохын эхнэр болж, 1995 онд Хишигням гэх хүнийд ирсэн. 1996 онд манай талийгаач нөхөр Даваатогтохын эгч Нямсүрэн хот руу шилжсэн. Тэрнээс хойш хадам аав Хишигням, ээж Лхамсүрэн, нөхөр, би 3 хүүхдийн хамт амьдарч байсан. Тэгтэл 2013 оны 11 дүгээр сард хадам ээж Лхамсүрэн зуурдаар нас барсан. Нямсүрэн энэ байрны талаар нэг ч үг цухуйлгаж байгаагүй. Би энэ 4 өрөө байранд талийгаач нөхөр Даваатогтох, хадам аав Хишигням, 3 хүүхдийн хамт амьдарч байсан. Тухайн үед талийгаач нөхөр маань аав надад энэ 4 өрөө байрыг өгнө гэж надад ярьдаг байсан. 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Хасагдах хэлцэл, өв залгамжлалын талаар би огт мэдэхгүй. 2006 оны 02 дугаар сард би бага хүүхдээ гаргаад 02 сар хүүхдээ гэртээ харж байгаад ажилдаа орсон. 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Нямсүрэн хасагдах хэлцлийг хийхэд ирж гарын үсэг зураагүй гэж яриад байна. Гэтэл Нямсүрэн Улаанбаатар хотоос ирсэн. Би хасагдах хэлцэл хийх өдөр өөрийгөө жирэмсэн гэдгээ мэдээгүй байсан. Тэгээд Нямсүрэнтэй хамт очиж хүүхдээ авахуулсан учраас түүнийг ирсэн гэдгийг сайн мэдэж байна. Нямсүрэн намайг орифлэйм гэх сүлжээний бизнест оруулдаг байсан. Түүнээс би Нямсүрэнгийн цахим үнэмлэхийг ашигласан зүйл байхгүй. Даваатогтох бид хоёр хоорондоо ярилцаж байхад түүний найз Цэнгэл гэх хүнТунгалагийг Кредит монгол ББСБ-ын эдийн засагч ажилтай гэж ярьж байсан талаар манай нөхөр надад хэлсэн. Дараа нь Даваатогтох Цэнгэлтэй хамт Тунгалагтай уулзсан гэж ярьсан. Тэр үед манай нөхөр хасах хэлцлийг хийсэн юм шиг байсан. Тухайн үед 4 өрөө орон сууцыг Тунгалаг нь 02 жилийн хугацаатай ашиглаж байгаад өгнө гэж хэлчихээд Кредит монгол ББСБ татан буугдаж, Тунгалаг сураггүй алга болсон. Тэгээд манай нөхөр Даваатогтох найз Цэнгэлээрээ дамжуулан Тунгалагийг олж авсан. Тэгэхэд Тунгалаг Солонгос улс руу яваад 3 жил болно гэж ярьж байсан. Тэгтэл ор сураггүй байж байгаад 2009 онд Тунгалагийг олж авсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй байж өөрийн нэрийг 4 өрөө орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээнд нэмсэн гэж яриад байна. 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн /1-р хавтаст хэргийн 57-р хуудас/ гэрээнд *******, Даваатогтох нар харилцан тохиролцож гэрээг байгуулав гээд гарын үсэг зурах хэсэг Х.Даваатогтох, ******* гэж бичсэн байгаа. Ямар ч улсын бүртгэл гэрээний үндсэн дээр гэрээ хийнэ. 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн гэрээ гэсэн мэдүүлэг хүртэл гарсан. 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн үйл явдлыг би мэдэхгүй. 2009 онд Тунгалагийг хайж олоод 4 өрөө орон сууцаа өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн. Даваатогтох бид хоёр ногооны бизнес эрхэлж байтал бизнес амжилтгүй болж бүтэлгүйтсэн. Тэгээд Кредит монгол ББСБ-д 10.000.000 төгрөгийн зээлийн өрөнд орсон учраас 4 өрөө байраа зарах зар тавьсан. Зарын дагуу Чулуунбаатар, Цэенпэлжээ, Оюун нар ирсэн. Тэгээд Чулуунбаатар, Цэенпэлжээ, Оюун нарт байраа зарахаар болж, харилцан тохиролцсон. Чулуунбаатар, Цэенпэлжээ, Оюун нарт байраа зарахдаа Кредит монгол ББСБ-д байгаа 10.000.000 төгрөгийн өрийг даруулсан. Тэгээд цаана нь байр авах мөнгө бага байсан учраас Чулуунбаатар нартай үргэлжлүүлэн орон сууц түрээслэх түрээсийн гэрээ хийсэн. Оюун, Чулуунбаатар, Цэенпэлжээ, Даваатогтох бид нар хамт Кредит монгол ББСБ-ын эдийн засагч дээр очиж, бүх тооцоогоо хаасан. Тэгээд нотариатч ******* дээр очсон. 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр би байрнаасаа гарсан. *******г дээрх 4 өрөө орон сууцын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагатай гэж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч яриад байх шиг байна. Би Тунгалаг, Туяа, Энхболд нарыг танихгүй. Туяаг тухайн үед Шүүхийн шинжилгээний албанд эмч ажилтай байсан гэдгийг мэддэг болохоос танихгүй. Туяагаар дамжуулан Тунгалагтай гэрээ хийсэн. ******* хот руу нүүхдээ бидэнд энэ 4 өрөө байр хэрэггүй, харин манай нөхөр Даваатогтоход өгнө гэж яриад явж байсан. Хишигням нь нэг охин, нэг хүүтэй айл. Том нь Нямсүрэн, бага нь Даваатогтох юм. Манай хадам аав Хишигням 2015 онд нас барсан. Гарын үсэг зурсан талаар би мэдэхгүй. Хишигням, Лхамсүрэн, Нямсүрэн, Даваатогтох нар харилцан ярилцаж тохироод хасах хэлцэл хийсэн байж, өнөөдөр намайг буруутгаж байгааг ойлгохгүй байна. Манай хадам аав Хишигням архины цагаан солиорол гэдэг өвчтэй байсан учраас өөрийн мэдэлгүй өмдөндөө бааж, шээдэг байсан. Би хадам аавыг маш олон жил асарсан. Тэгтэл ******* биднийг 4 өрөө байрнаас хөөж явуулсан. Миний нөхөр нас бараад 1 сар болоход намайг байрнаас ******* хөөж гаргасан. Нямсүрэн, Отгонбаатар, Алтанзагас нарт байраа зарсан гэдгээ би тухайн үед хэлээгүй. Тэгсэн Нямсүрэн байрны гэрчилгээг яг одоо гаргаад ир гэж над руу дайрсан. Тухайн үед намайг хамгаалах хүн байхгүй байсан учраас би юу ч хэлээгүй. Хадам аав Хишигням амьд сэрүүн байхдаа ганц хүү Даваатогтохдоо 4 өрөө байраа өгнө, чи хотод амьдарч байгаа учраас үлдсэн ганц хүүдээ байраа үлдээнэ гэж Нямсүрэнтэй ярьж тохирон хасах хэлцэл хийчихээд одоо намайг буруутгаж, надаас 4 өрөө орон сууцыг нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Чулуунбаатар, Оюун, Цэенпэлжээ нартай байгуулсан Түрээсийн гэрээг 2014 оны 4 дүгээр сар хүртэл би сунгасан байсан. 2009.08.04-ний өдрийн гэрээ, 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээ, 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн  хасах хэлцлийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй. Би Чулуунбаатар, Оюун, Цэенпэлжээ нартай 2014 оны 4 дүгээр сар хүртэл орон сууц хөлслөх гэрээг сунгаж, түүний төлбөр болох 1.358.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин сүүлийн нэхэмжилсэн 1.200.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би яагаад 1.200.000 төгрөгийн төлбөр гарсныг мэдэхгүй байна. Учир нь би 2014 оны 04 дүгээр сард байрнаас гарсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг 1.500.000 төгрөгөөр хийсэн гээд байна. Бид орон сууцыг өндөр үнээр зарахын тулд тэгж тавьсан. Даваатогтох бид хоёр гэрлэлтээ батлуулсан. Даваатогтох бид хоёрыг Хишигням, Лхамсүрэн, Нямсүрэн нар хамтран өмчлөгчөөр ярилцаж байгаад оруулсан. Тэгээд Даваатогтох бид хоёр 3 хүүхдээ өмчлөгчөөр оруулах уу гэхэд нь бид дургүйцсэн. Би 2014 оны 04 дүгээр сар хүртэлх түрээсийн төлбөрийг төлнө. Би 01 дүгээр сард байрнаасаа гарсан. Надтай гэрээ байгуулсан учраас би төлбөрөө төлнө гэж тайлбар хийсэн. Харин 2014 оны 04 дүгээр сараас хойшхи төлбөрийг би төлөхгүй. Би 2014 оны 04 дүгээр сараас хойш энэ байранд амьдраагүй, байхгүй байсан. Тиймээс 1.200.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг би ганцаараа хийгээгүй. Чулуунбаатар нар зарын дагуу байрыг очиж үзээд зарахаар болсон. Тухайн үед Даваатогтох миний байр учраас би Нямсүрэнд мөнгө өгөх ёсгүй, би тэр хүнд хэлж, мөнгө өгөх шаардлагагүй гэж хэлж байсан. Түүнээс би байрыг зараад мөнгө идсэн зүйл байхгүй. 4 өрөө байрыг 55.000.000 төгрөгөөр зарсан. 15.000.000 төгрөгийг Кредит монгол ББСБ-ын зээлд хийсэн, түрээсийн төлбөрт 1,500,000 төгрөгийг хийсэн. Хашчулуун эмчилгээний аппаратыг авсан. Үлдсэн мөнгийг охиныхоо сургалтын төлбөрт зарцуулсан. Талийгаач нөхөр бид хоёр хоорондоо ярилцаж байхад нөхөр маань найздаа мөнгө зээлүүлсэн гэж ярьдаг. Сүүлдээ манай нөхөр намайг миний мөнгө, чи захиран зарцуулах эрхгүй гээд өөрөө мөнгөө зарцуулсан. 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээг хийхэд манай нөхөр байсан. Нотлох баримт шинжлэн судлахад Энхтүвшин нотариатчийн мэдүүлгээр Даваатогтохын гарын үсэг мөн гэж гарч ирээд байна. Гэтэл Отгонбаатар гэдэг хүн мэргэжлийнхээ үүднээс шинжээчид нөлөөлөөд байна уу гэж үзэхээр байна. 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн гэрээнд би огт оролцоогүй. Би тэдгээр хүмүүсийг танихгүй. Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хэлцэлд би оролцоогүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг ер нь хэнээс нэхэмжлээд байна вэ, талийгаачаас нэхэмжлээд байна уу, эсвэл надаас нэхэмжлээд байна уу. Би гуравдагч этгээдээс нэхэмжилж байгаа 1.358.000 төгрөгийг төлнө, 1.200.000 төгрөгийг төлж чадахгүй. А.Отгонбаатар 1.200.000 төгрөгийг төлөх ёстой байх гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26-р зүйпийн 26.3. дахь хэсэгт “Хариуцагч“ гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ хэмээн тодорхойлсон. Гэтэл нэхэмжлэлээс харахад ******* нэхэмжлэгч *******гийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хэзээ, ямар үйлдлээр, хэрхэн хохирол учруулсан нь тодорхойгүй. Иймд ******* нь энэхүү нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дурьдагдсан үйл баримтуудтай шууд холбоогүй тул хариуцагч биш болно.  2006 оны 10-р сарын 17-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах” хэлцэл нь А.Хишигням, *******, Х.Даваатогтох нарын хооронд байгуулагдсан байх бөгөөд энэхүү харилцаанд ******* ямар нэг хэлбэрээр оролцоогүй. Харин 2009 оны 08-р сарын 04-ний өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр ******* уг орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн ба энэхүү өмчлөх эрхийг хуулийн хүрээнд олж авсан тул хууль ёсоор олж авсан эд хөрөнгөтэй холбогдуулан *******гээс шаардах нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч *******тэй маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчилж байсан. А.Хишигням 2015 оны 01-р сарын 23-ны өдөр, Х.Даваатогтох 2013 оны 11-р сарын 19-ний өдөр нас барсан боловч өв нээлгэж, өвлөх эрхийн гэрчилгээг авсан тухай үйл баримт хавтаст хэргийн хүрээнд тогтоогдохгүй байх тул үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг гаргуулахаар шаардах үндэслэлгүй юм. Хохиролд улсын тэмдэгтийн хураамж, тээврийн зардал, шуудангийн болон нотариатын зардал, байрны үнэлгээний ажлын хөлс зэрэгт 305.000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй. Учир нь дээрх зардал нь мөн хариуцагч *******гээс шууд шалтгаалахгүй нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч өөрийн эрхээ хамгаалахаар гаргасан зардал тул дээрх зардлыг ******* хариуцах үндэслэлгүй юм.Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн А.Хишигням, ******* нарыг орон сууцны хамтран өмчлөгчөөс хасах хэлцлийг 2006 онд баталсан ба А.Хишигням нь өвчний учир гэртээ 16-р баг 19-р байр, 34 тоотод хүү Х.Даваатогтохын асаргаанд гарын үсэг зурах чадваргүй хэвтэж байсан ба охин ******* нь өөрийн биеээр гэрээ хийх үед байсан бөгөөд А.Хишигнямын оронд төрсөн хүү *******, Х.Даваатогтох нарын нэг нь гарын үсэг зурсан. Тэгээд ч тус байр нь А.Хишигнямын гал голомтыг залгаж үлдсэн ганц хүү нь болох Х.Даваатогтох нь тус байрандаа аавын хамт 1990-д оноос хамт амьдарч байсан ба түүний өмчлөлд байр нь үлдсэн юм. Ингээд Х.Даваатогтох нь өөрийн өмчлөлийн байраа хэдийд хэнд ямар үнээр зарсан талаар би мэдэх боломжгүй ба мэдэх ч үндэслэлгүй юм. Мөн орон сууцаа зарах эсэх нь надад ямар ч хамааралгүй, энэ байрнаас би нэг ч мөнгө аваагүй учраас Иргэн  *******гийн нэхэмжлэл нь үндэслэлгүй. Мөн орон сууцнаас хамтран өмчлөгч хасах хэлцэл хийгдээд бараг 13 жил болж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Чулуунбаатар, З.Оюун нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан шаардлагадаа:

******* миний бие хамтран өмчлөгчид болох Л.Чулуунбаатар, З.Оюун нарын хамт 2012 оны 4-р сарын 02-ны өдөр иргэн Х.Даваадорж, ******* нараас Дархан сумын 16-р баг, 1-р хороолол, 19-р байрны 34 тоот орон сууцыг худалдан авсан ба мөн өдрөөс хөлслүүлж эхэлсэн. Хөлслүүлэх явцад Дарьмаасүрэн нь түрээсийн төлбөрөө удаа дараа төлөхгүй хойшлуулж ирсэн ба 2012 оны 4-р сарын 2-ны өдөр хамтран өмчлөгч Л.Чулуунбаатар, З.Оюун мөн миний бие уулзахад 2014 оны 4-р сарын 07-ны өдөр гэрээний үлдэгдэл 3,600,000 төгрөгийг хийнэ, 5-р сарын 20-ны өдөр байр чөлөөлж өгнө, төлбөрийг хугацаанд нь хийхгүй бол эхний 2 сарын алданги 400,000 төгрөг нэмж төлнө гэсэн боловч одоог хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Байрны түрээсийн үлдэгдэл 1,300,000 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тээврийн зардал, 58,000 төгрөг, нийт 1,358,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Чулуунбаатар, З.Оюун нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Сүүлийн 3 сарын /2014.06.13-2014.09.13/ 1,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Одоо бид хууль ёсоор өмчилж авсан байраа өмчлөгч бус хүмүүсийн шударга бус эзэмшлээс суллуулж чадахгүй 5 сар болж байгаа уг байрыг хууль бус эзэмшлээс гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00938 дугаар шийдвэрээр:

Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг баримтлан Х.Даваатогтох, А.Хишигням, ******* нарын хооронд 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хийгдсэн “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасах” хэлцлийг гэрчилсэн нотариатч *******ын нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар Х.Даваатогтох, А.Хишигням, ******* нарын хооронд 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хийгдсэн “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасах” хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хариуцагч *******, ******* нараас 305.000, төгрөг 305.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,  нэхэмжлэлээс *******, *******, *******, ******* нараас тус бүр 6.875.000 төгрөг гаргуулах, хариуцагч *******, ******* нараас хохирлын 305.000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Чулуунбаатар, З.Оюун, ******* нарын хариуцагч *******гээс байрны түрээсийн үлдэгдэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тээврийн зардал 1358000 төгрөг гаргуулах, хууль бус эзэмшлээс 34 тоот орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас тус бүр улсын тэмдэгтийн хураамжид 44900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Чулуунбаатар нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140228 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаатар давж заалдсан гомдолдоо:

Миний бие А.Отгонбаатар нь *******гийн нэхэмжлэлтэй ******* нарын хариуцагчтай иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэгийн шийдвэрлэсэн 142/ШШ2019/00938 дугаартай шүүхийн шийдвэрийг 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр шуудангаар хүлээн аваад дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “2006 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хамтран өмчлөгч хасах хэлцлийг Иргэний хуулийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцов” гэсэн мөртлөө өмчлөгч нарын зөвшөөрөлгүй хасах хэлцэл хийж бусдад худалдсан байрны зарагдсан үнийн дүнгийн 50% болох 27,500,000 гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь анх нэхэмжлэгч нь өмнө гаргаж байсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн уг маргаж буй орон сууцтай холбоотой бүх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн ба 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцэл”-ийн дараа хийгдсэн маргаж буй үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоогоогүй байхад уг гэрээ хэлцлүүдийн улмаас хийгдсэн худалдах худалдан авах гэрээний дагуу өөр этгээдийн өмчлөлд шилжсэн орон сууцны үнийг хариуцагч нар хариуцах үндэслэлгүй байна гэжээ. Гэтэл Иргэний хуулийн 56.1.10.-д зааснаар: Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Иргэний хуулийн 56.4.-д зааснаар: сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагварыг арилгуулахаар шаардаж болно. Иргэний хуулийн 56.5 Энэ хуулийн 56.1.-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 56.6-д: Хүчин төгөлдөр бус хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж тус тус заасантай зөрчилдөж байна. Өөрөр хэлбэл хамтран өмчлөгч хасах хэлцэлийг хүчингүйд тооцсон бол бусад бүх хэлцэл хуулиараа хүчингүй болох ёстой. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчсөн байна.

Мөн үндэслэх хэсэгт хариуцагч *******, Ц.Туяа нар нь нэхэмжпэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хэзээ ямар үйлдлээр хэрхэн хохирол учруулсан нь тогтоогдоогүй гэжээ. Гэтэл 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаатар миний бие хариуцагч ******* нотариатч ******* нар нь гэр бүлээс гадуур дотно харилцаатайн улмаас түүний эхнэр Н.Баярмааг зодож хоёр хавирганы хугарал, тархи доргилт, нүүр цээжний баруун тал, зүүн тохой, зүүн хөлний шагай, шилбэний доод хэсгийн зөөлөн эдийн цус хуралт бүхий хохирол эрүүл мэндэд нь учруулсан үйлдэлдээ Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2018/ШЦТ/323 дугаартай шийтгэх тогтоолоор 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, 405.000 төгрөгийн хохирол төлсөн тухай шүүхийн шийтгэх тогтоолын эх хувийг хэрэгт нотлох баримтаар хавсаргуулахаар гаргаж өгсөн ч шүүх хуралдаан хойшилно гээд хүлээж аваагүй. Дээрх шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгт нотлох баримтаар хавсаргаснаар хариуцагч *******гийн хариуцагч *******той үгсэн хуйвалдаж дээрх хамтран өмчлөгч хасах хэлцэл болон бусад гэрээ хэлцлүүдийг гэрчлүүлэн хэрхэн зохион байгуулж, хуурамчаар үйлдсэн болохыг тогтоох боломжтой байсан. Энэ нь Иргэний процессын хуулийн 25-р зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байна. Мөн хариуцагч Ц.Туяа нь бусдын өмнөөс гарын үсэг зурсан талаар Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний албанаас 2014 оны 07 дугаар сарын 03-нд шүүхэд ирүүлсэн №14ё/98 тоот албан бичиг, Ц.Туяагийн өөрийнх нь шүүхэд гаргаж өгсөн тайлбараар нотлогдож байгааг шүүх анхаарч үзэлгүй нэхэмжлэгчид хохирол учруулсан нь тогтоогдоогүй гэж шийдвэр гаргасан.

2. Маргаж буй Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг хуучин хорооллын 19 дүгээр байрны 34-тоот орон сууцны өмчлөгч байсан А.Хишигням, Х.Даваатогтох нар нас барсан байх ба, тэдний өв залгамжлалын асуудал шийдвэрлэгдсэн талаар хэрэгт баримт авагдаагүй байхад уг орон сууцны зарагдсан үнээс нэхэмжлэгчид ногдох хэсгийг хуваарилж шийдвэрлэх боломжгүй юм гэжээ. Дээрхи 19-34 тоот байр нь Чулуунбаатар нарын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ нь гарсан байгаа учраас нэхэмжлэгч яаж өв залгамжлах асуудлаа шийдвэрлүүлэх вэ? Ийм боломж байхгүй учраас анх шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан юм Харин хамтран өмчлөгч хасах хэлцлийг хүчингүйд тооцож, түүнийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа л өв залгамжлах асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой гэж ойлгож байна Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00938 тоот анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1,2 дахь заалтыг хүлээн зөвшөөрч дэмжиж байна. Харин 3.5 дахь заалтыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэрийн заалтууд нь хоорондоо зөрчилдөөнтэй, 2 үзүүртэй зүү шиг ойлгох боломжгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх магадлалаараа анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөн шийдвэрлэх боломжтой юм. Тодруулах нь:

1. *******, ******* нар нь гэр бүлээс гадуур дотно харилцаатай байснаар хуйвалдаж нэхэмжлэгчид хохирол учруулсан.

2. Хариуцагч Ц.Туяа нь зөвшөөрөлгүйгээр бусдын өмнөөс хасах хэлцэлд гарын үсэг зурсан талаар Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний албанаас 2014 оны 07 дугаар сарын 03-нд шүүхэд ирүүлсэн №14ё/98 тоот албан бичиг, Ц.Туяагийн өөрийнх нь шүүхэд гаргаж өгсөн тайлбараар нотлогдож байгааг шүүх анхаарч үзэлгүй нэхэмжлэгчид хохирол учруулсан нь тогтоогдоогүй гэж шийдвэр гаргасан.

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжпэлийн шаардлагыг өөрчлөхдөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10. дах заалт нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгааг тодорхой бичсэн юм. Өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад 2006 оны 10 дугаар сарын 17-нд хийсэн хамтран өмчлөлөөс нэр хасах хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8. байснаараа түүний дараа хийгдсэн бүх хэлцэл хүчин төгөлдөр бус байх талаар заасан хуулийн 56.1.10. дахь заалтыг нэхэмжлэлийн үндэслэлд дурьдаж, эдгээр хэлцлүүдээс учирсан хохирлыг шаардсан байхад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10. дахь заалтыг шүүх хэргийг шийдвэрлэхдээ опг хэрэглээгүй, тайлбарлаагүйгээс гадна нэхэмжлэлийн үндэслэлд хуулийн дагуу дүгнэлт хийсэнгүй.

3.Нэхэмжлэлийн үндэслэл нь шаардлага гаргах урьдчилсан нөхцөл болох бөгөөд анхны хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шүүх тогтоосон бол үүнээс хойш хийгдсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг хууль өөрөө зааж өгснөөр эрх нь зөрчигдсөн нэхэмжпэгч эдгээр хэлцлийн зөвхөн үр дагаврыг шаардаж болох тухай Иргэний хуулийн 56.5 дахь зүйлээр зохицуулагдсаныг шүүх анхаарсангүй.

4.Иргэний хуулийн 56.1.1.-56.1.10. хүртэлх зохицуулалт нь 56.4., 56.5., 56.6. дахь зүйл заалтаар шаардлага гаргах үндэслэл болдог зохицуулалт байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56.1.10-д заасан асуудлыг шийдвэрлээгүй учир хохирол гаргуулах үндэслэлгүй гэсэн нь процессын болон материаллаг хуулийн алдаа гэж үзэж байна.

5.2019 оны 07 дугаар зүйлийн 25-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч *******, ******* нарын гэр бүлийн харилцаатай холбоотой нотлох баримт гаргаж өгснийг аваагүй нь Процессын хуулийн 25-р зүйлд заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласнаас гадна нотлох баримт хэрэгт хавсаргах хүсэлтийг Иргэний процессын хуулийн 105.1-д заасан журмаар шүүх албан ёсоор шийдвэрлээгүй болно.

Иймд шүүх нэхэмжпэлийн зарим шаардлага болох хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бусад хэлцлийн улмаас учирсан хохирол гаргуулах нэхэмжпэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү? Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие биечлэн оролцох хүсэлтэй байна.

                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р баг, хуучин хороолол, 19 дүгээр байр, 34 тоот орон сууцыг өмчлөгч нарын зөвшөөрөлгүй хасах хэлцэл хийж бусдад алдсанаас нэхэмжлэгчид ногдох хувийг гаргуулан авах, өмчлөгч хасах хэлцлийг  хүчингүйд тооцуулахаар өөрчилсөн ба 2018 оны 12 дугаар сарын 12-нд нэхэмжлэлийн шаардлагаа дахин өөрчилж хариуцагч *******, *******, *******, ******* нараас тус бүр байрны үнэ-6.875.000 төгрөг, хохирол 305.000 төгрөг, нийт 28.720.000  төгрөг гаргуулах, өмчлөгч хасах хэлцлийг хүчингүйд тооцуулах тухай шаардлага гаргасан ба хариуцагч нар шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Шүүх Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг баримтлан Х.Даваатогтох, А.Хишигням, ******* нарын хооронд 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хийгдсэн “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасах” хэлцлийг гэрчилсэн нотариатч *******ын нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д зааснаар Х.Даваатогтох, А.Хишигням, ******* нарын хооронд 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хийгдсэн “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасах” хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.-д зааснаар хариуцагч *******, ******* нараас 305.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,  нэхэмжлэлээс *******, *******, *******, ******* нараас тус бүр 6.875.000 төгрөг гаргуулах, хариуцагч *******, ******* нараас хохирлын 305.000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Чулуунбаатар, З.Оюун, ******* нарын хариуцагч *******гээс байрны түрээсийн үлдэгдэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тээврийн зардал 1.358.000 төгрөг гаргуулах, хууль бус эзэмшлээс 34 тоот орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р баг, хуучин хороолол, 19 дүгээр байр, 34 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн ба 2006 оны 10 дугаар  сарын 17-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө өмчлөгчөөс  хамтран өмчлөгч хасах  хэлцэл”-ийн дагуу А.Хишигням, ******* нар хасагдаж улмаар уг байрны өмчлөгчөөр Х.Даваатогтох  бүртгэгдсэн болох нь тогтоогджээ.

 Хэрэгт авагдсан “Үл хөдлөх хөрөнгө өмчлөгчөөс  хамтран өмчлөгч хасах тухай” хэлцэлд  нэхэмжлэгч ******* гарын үсэг зураагүй болох  нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж  заасны дагуу  уг хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлтэй ба анхан шатны шүүхийн хийсэн “ ... хэлцэл нь хамтран өмчлөгчдийн зөвшөөрөлгүй, агуулгын хувьд илэрхий алдаатай хийгдсэн хэлцэл” гэх дүгнэлт  хууль зөрчөөгүй байна.            

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.10.-т “хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл” байхаар зохицуулагдсан хэдий ч нэхэмжлэгч ******* нь 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хийгдсэн “хамтран өмчлөгч хасах тухай хэлцэл”-ээс хойш хийгдсэн бусад хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд  тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тул талууд энэ талаар маргаагүй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч ******* нь 1997 оноос хойш  Улаанбаатар хотод амьдарч байсан, байрны өмчлөгчөөс хасагдсан болохоо 2006 онд мэдээгүй гэх тайлбар, татгалзлаа нотолж чадаагүй, түүнчлэн 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр Л.Чулуунбаатар, З.Оюун, ******* нар уг байрны өмчлөгчөөр бүртгэгдсэн нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.” гэж заасантай нийцжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн буруутэй этгээдээс 4 өрөө байрны үнийн дүнгээс өөрт ногдох хувийг нэхэмжлэх эрхтэй боловч байрны өмчлөгч Х.Даваатогтох 2013 оны 11 сард, А.Хишигням 2015 оны 1 сард тус тус нас барсан байх тул хариуцагч *******гээс байрны 50 хувь буюу 27.500.000 төгрөгийг гаргуулах боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбар, татгалзлаа нотлох, нотлох баримтаа өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байхаар зохицуулагдсан ба  нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй тухайлбал хариуцагч *******, ******* нарын буруутай үйлдлийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, тэрээр шүүх хуралдааны шатанд нотариатын үйлдлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул *******аас 7.180.000 төгрөг, *******гаас 7.180.000 төгрөг, Х.Дарьмаасүрэнгээс хохирол 305.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсоныг хүчингүй болгох, хариуцагч ******* “...******* өөрөө нотариат дээр ирсэн...” гэх тайлбар, татгалзлаа нотолж чадаагүй,  2006 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө өмчлөлөөс хамтран өмчлөгч  хасах тухай” хэлцэлд зурагдсан гарын үсэг *******гийн гарын үсэг биш болох тогтоогдсон учир түүнээс 6.875.000 төгрөг, хохирол 305.000 төгрөг нийт 7.180.000 төгрөг, хариуцагч Х.Дарьмаасүрэнгээс байрын үнэ 6.875.000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгох үндэслэлтэй байна.

Бие даасан шаардлага гаргасан Л.Чулуунбаатар, З.Оюун, ******* нар түрээсийн төлбөр гаргуулах шаардлага гаргасан ба тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* нар нь шаардлагаа нэмэгдүүлж “Сүүлийн 3 сарын  төлбөр /2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр/ 1.200.000 төгрөгийг гаргуулах, уг байрыг хууль бус эзэмшлээс гаргуулж өгөх”-ийг хүсч өөрчилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн байрыг шилжүүлэн авч  уг байраа эзэмжшиж байгаа, түрээсийн гэрээний хугацааг дахин сунгаагүй  болох нь нотлогдож байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ/2019/00938 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг хүчингүй болгож,

Шийдвэрийн 3 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5., 56.6.-д зааснаар хариуцагч *******гээс байрны үнэ 6.875.000 төгрөг, *******оос 7.180.000 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч *******, ******* нараас тус бүр 7.180.000 төгрөг, *******гээс 305.000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Шийдвэрийн 4 дэх заалтанд “... 34 тоот орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагыг бүхэлд нь гэсний дараа Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох хэргийг” гэж нэмж,

Шийдвэрийн 5 дахь заалтанд “.....*******, ******* нараас тус бүр улсын тэмдэгтийн хураамжид 44900 төгрөгийг гаргуулж гэснийг хариуцагч *******оос 129.830 төгрөг, *******гээс 124.950 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,

Шийдвэрийн 2, 3, 4, 5, 6 дахь заалтыг 1, 2, 3, 4, 5 болгон өөрчилсүгэй гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278.400 төгрөгийг, шүүгчийн захирамжаар олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                С.УРАНЧИМЭГ

                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ