| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/01104/И |
| Дугаар | 305/ШШ2026/00090 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 305/ШШ2026/00090
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сум *** баг, Х банк ХК-ийн Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймаг, *** сум, ***-р баг, О-т оршин суух, Н овгийн Т-ын Б-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 24,757,868.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.З , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О , хариуцагч Т.Б /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х банк” ХК-ийн Говь-Алтай салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Т.Б нь Х банктай 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1200093269 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 31,400,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авсан. Нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Т.Б н Х банк дахь *** дугаартай дансанд 31,400,000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлдэгч Т.Б нь цалингийн зээлийн 1200036726 дугаартай гэрээний 4 дүгээр зүйлд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул гэрээний 8 дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцалж байна. Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 87 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х банк нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлэлгүй өдийг хүрээд байна. 1.1200093269 дугаартай Зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 23,463,467 төгрөг, хүүгийн төлбөр 1,278,255.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,146.92 төгрөг 24,757,868.92 (хорин дөрвөн сая долоон зуун тавин долоон мянга найман зуун жаран найман төгрөг ерөн хоёр) төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. 2. Хариуцагч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны дээр дурдсан хөрөнгүүд болон зээлдэгчийн бусад хөрөнгө, орлогоор хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Т.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т овогтой Б миний бие 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн. Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт амьдардаг. 2020 оноос хойш Говь-Алтай аймгийн Бигэр сумд байрлах “Хан-Алтай” ресурс ХХК-д 2025 оны 04 дүгээр сарын хүртэл ажилласан. 2025 оны 04 сард бөөрний архаг дутагдал гэх оноштой эмнэлгээр явж эмчлүүлж маш их мөнгөний асуудалтай болсон. Өөрийгөө эмчлүүлэхийн тулд өөрт байсан бүх эд хөрөнгө машин тэргээ зарж болох бүх эд зүйлээ зарж үрж мөнгө болгосон. Гэвч өвчин хүндэрсэн байсан тул тийм сайн эмчилгээ авахгүй байгаа тул ажил хийж мөнгө олох ямар ч боломжгүй байна. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүгч болон шүүхийн туслах эерэгээр хүлээн авч үзэхийг хүсч байна. Т.Б би нэгдүгээрт биеэ эмчлүүлж эдгэрсний дараа ажил хийж Х банкны хохирлыг бүрэн барагдуулна. Тодорхойгүй хугацааны дараа гэжээ.
3. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “Х банк” ХК-ийн Говь-Алтай салбар нь Т.Б-аас зээлийн гэрээний төлбөрт 23,463,467 төгрөг, хүү 1,278,255.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,146.92 төгрөг, нийт 24,757,868.92 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагчийн биеийн байдал хүсэлтийг харгалзан үзээд 2026 онд 6,000,000 төгрөг, 2027 оны 16,000,000 төгрөг, 2028 онд үлдсэн төлбөр болох 2,757,868.92 төгрөг төлж барагдуулах болно. Улсын тэмдэгтийн хураамж болох 281,739.34 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 01-нээс өмнө төлж барагдуулахаар тохиролцов. Хариуцагч эдгээр хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх захирамж гаргуулан авч ажиллах болно гэж харилцан тохиролцож эвлэрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “Х банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Б-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 24,757,868.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.
Х банк ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А-314 дугаартай тушаалаар ...салбар, тооцооны төвийн захирал болон түүний эзгүйд орлон ажиллаж байгаа ажилтанд олгосугай..., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдлэхийг дурдсугай. Энэ тушаалыг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд мөрдөж, мөн өдрөөс гүйцэтгэх захирлын 2021 оны Х банкийг эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд болон шүүхэд төлөөлөх эрх олгох тухай А-314 дугаар тушаалыг хүчингүй болгосугай гэжээ. Уг тушаалаар салбарын захирал А.З-д эвлэрэх эрх олгогдсон байна.
Дээрх иргэний хэрэгт зохигчид “...“Х банк” ХК-ийн Говь-Алтай салбар нь Т.Б-аас зээлийн гэрээний төлбөрт 23,463,467 төгрөг, хүү 1,278,255.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,146.92 төгрөг, нийт 24,757,868.92 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагчийн биеийн байдал хүсэлтийг харгалзан үзээд 2026 онд 6,000,000 төгрөг, 2027 оны 16,000,000 төгрөг, 2028 онд үлдсэн төлбөр болох 2,757,868.92 төгрөг төлж барагдуулах болно. Улсын тэмдэгтийн хураамж болох 281,739.34 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 01-нээс өмнө төлж барагдуулахаар тохиролцов. Хариуцагч эдгээр хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх захирамж гаргуулан авч ажиллах болно” гэж харилцан тохиролцож эвлэрчээ.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэлтэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “Зохигч эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бол шүүх энэ зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,739.34 төгрөгийг хариуцагч 2026 оны 04 дүгээр сарын 01-ний дотор нэхэмжлэгчид төлөхөөр зохигчид эвлэрлийн гэрээндээ харилцан тохиролцсон тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,739.34 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Х банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, Н овгийн Т-ын Б-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 24,757,868.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Б нь Х банк ХК-д 2026 онд 6,000,000 төгрөг, 2027 онд 16,000,000 төгрөг, 2028 онд үлдсэн төлбөр болох 2,757,868.92 төгрөг, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,739.34 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор тус тус төлөхөөр, хариуцагч эдгээр хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх захирамж гаргуулан авч ажиллах болно гэж харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,739.34 төгрөгийг хариуцагч 2026 оны 04 дүгээр сарын 01-ний дотор нэхэмжлэгчид төлөхөөр зохигчид эвлэрлийн гэрээндээ харилцан тохиролцсон тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,739.34 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ