| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2409000001913 |
| Дугаар | 2026/ДШМ/08 |
| Огноо | 2025-12-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.1., 10.1.1, |
| Улсын яллагч | Б.Өнөбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2026/ДШМ/08
Т.Г-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Өнөбат,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ц-, түүний өмгөөлөгч О.Санчирбал, Ц.Туяа
яллагдагч Т.Г-, түүний өмгөөлөгч Н.Ууганцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЗ/6989 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Өнөбатын бичсэн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 38 дугаар эсэргүүцлээр Т.Г-д холбогдох 2409000001913 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
М овгийн Т-ын Г, 1980 онд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “М” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 2, эцгийн хамт Баянзүрх дүүрэгт тоотод оршин суух, (РД:...), урьд:
-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 585 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох ялаар,
-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 386 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн;
-дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч С.Э-гийн халааснаас “Samsung A52” загварын гар утас, ... бүртгэлийн дугаартай иргэний үнэмлэх 1 ширхэг, тунгалаг өнгийн гар утасны гэр зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 358,300 төгрөгийн хохирол учруулсан,
-2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ... тоотод хохирогч Г.А-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар гар, хөлөөрөө цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун, дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, духанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газар: Т.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: 1.Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нараас гаргасан 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэх хүсэлтийг хүлээж авах үндэслэлтэй байна. Учир нь, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн шинжээч Д.Дунгаамаа, Ц.Бадрал, Н.Энхцолмон нарын 654 дүгээр дүгнэлтийг 3 шинжээч гаргасан боловч 1 шинжээч гарын үсэг зураагүй байна. Шинжээчийн дүгнэлтэд “...Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх эмнэлгийн шинжилгээний тасгийн шинжээч эмч, хүний их эмч мэргэжилтэй, мэргэшлээрээ 8, ахлах шинжээч эмч, хүний их эмч мэргэжилтэй, мэргэшлээрээ 15 дахь жилдээ, Шүүх эмнэлгийн амбулаторийн тасгийн ахлах шинжээч эмч, ахлах зэргийн эмч, хүний их эмч мэргэжилтэй, мэргэшлээрээ 16 дахь жилдээ ажиллаж байгаа цагдаагийн хошууч Ц.Бадрал бид...” гэжээ Үүнээс үзэхэд, дээрх шинжээчийн дүгнэлт нь хуулийн шаардлага хангахгүй байх тул 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах нь зүйтэй.
2.2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 654 дүгээр дүгнэлтийн 5 дугаарт “...цочмог дутагдал үүсэж, амь тэнцсэн байдалд орсон байна....” гэжээ. Үүнээс үзэхэд, амь хохирогчид олон тооны шарх гэмтэл учруулж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай 10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгах.
3.Т.Г- нь Т.Г-тай гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгах.
4.Яллагдагч Т.Г- нь хохирогч С.Э-г алсан талаар хэргийн товч утгыг бичихдээ яллагдагчийн нэрийг буруу бичсэн. Т.Г- гэснийг Т.Г- гэж засах.
5.Т.Г- нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ ямар санаа зорилго, сэдэлттэй байсан, яагаад амь хохирогчийн амь насыг хохироох болсон эсэхийг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай байна.
Иймд дээрх ажиллагаануудыг хийж гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Өнөбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Шинжээчийн дүгнэлт нь хуулийн шаардлага хангахгүй тул 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаас өөрөөр буюу хэргийн бодит байдлыг буруу дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, хэргийн 159 дүгээр хуудаснаас эхлүүлээд дараа дараагийн хуудсыг харвал 3 шинжээчийн гарын үсэг хуудас тус бүрд зурагдсан байдаг. Шинжээч эмч Ц.Бадралын гарын үсгийг урдаасаа хойш чиглэлд татагдаж зурагдсан. Шинжээчийн дүгнэлтийн эхний болон сүүлийн хуудсанд авагдсан гарын үсгүүд болон шинжээчид эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл, мөрдөгчөөс шинжээч томилсон тогтоолуудад зурсан гарын үсгийг харьцуулж харвал 3 шинжээч гарын үсэг зурсан болох нь тодорхой харагдана.
2.Хэрэгт цугларсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 900 дугаар дүгнэлт, гэрч Д.Б-ийн мэдүүлэг, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 00 цаг 08 минутад үйлдсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтууд нь үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай хүрэлцээтэй байна.
Өөрөөр хэлбэл, дээрх баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн нягталж хэргийн бодит байдлыг сэргээн дүрслэхэд “...яллагдагч Т.Г- нь 2024 оны 10 дугаар сарын 14- ний шөнийн 00 цаг 10 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байх Р таурын үүдний хэсэгт хохирогч С.Э-тай “миний ах болох Т.Г-ийг зодлоо” гэх шалтгааны улмаас нүүр, толгой, цээж хэсэгт олон удаагийн цохих, өшиглөх үйлдлээр зодож амь насанд аюултай хүнд гэмтэл учруулж алсан...” болох нь нотлогдсон.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасныг зөрчиж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гэм буруугийн талаарх урьдчилсан дүгнэлтийг хийсэн. Дээрх нөхцөл байдлыг гэм буруугийн шүүх хуралдаанаар нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалж, улмаар тогтоогдож буй нөхцөл байдлаас хамааран зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилж зохих шийдвэрийг гаргах агуулгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зохицуулсан.
3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлттэй холбогдуулан шинжээч эмчээс мэдүүлэг, тайлбар авч, онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийн гол хүчин зүйл буюу амь тэнссэн байдалтай байсан эсэх, зовлон шаналал, зүдүүрийг хэр удаан хугацаанд авсан эсэх байдлуудыг тодруулсан.
3.Яллагдагч Т.Г- ганцаараа амь хохирогч С.Э-тай маргаан үүсгэж, улмаар цээж, толгой хэсэгт гараараа цохисон, хөлөөрөө өшиглөсөн, хөлөөрөө дэвссэн талаар гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 удаа тогтвортой мэдүүлсэн. Түүнчлэн, гэрч Э.Х нь хяналтын камерын бичлэгт тусгагдсанаар амь хохирогч С.Э-г амь тэнссэн байдалтай байх үед нь гарч ирж түргэн тусламж дуудсан бөгөөд тухайн цаг хугацаанд гэрч Д.Б-оос юу болсон талаар тодруулахад “...сая манайд хүлээн авалт хийсэн хүмүүс гарч ирээд тэр хүн нэг хүнийг зодож байсан чинь нэг хүн гарч ирээд энэ хүнийг зодчихоод яваад өглөө...” гэж хэлсэн талаар мэдүүлсэн.
Хяналтын камерын бичлэгт тусгагдсанаар хэрэг учрал болсон гэх газарт 4 эрэгтэй хүн байгаа нь тодорхой харагдах бөгөөд дээрх бичлэгт тусгагдсанаар яллагдагч Т.Г- нь амь хохирогч С.Э-гийн цээж, толгой, хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх үйлдлээр зодсон болох нь илэрхий харагддаг. Яллагдагч Т.Гантулгын ах Т.Г- нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд их хэмжээний буюу 2.94 хувийн согтолттой байсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон.
Гэрч Д.Б-ийг оролцуулан таньж олуулах ажиллагаа явуулахад гартаа эрх зүүсэн, ногоон хувцастай гэсэн онцлог шинжээр нь Т.Г-ийг таньсан ба мэдүүлэгтээ “...ногоон хувцастай залуу бол зодоогүй, нэг барилцаж аваад салсан...” гэж мэдүүлсэн зэргээс дүгнэхэд, амь хохирогч С.Э-гийн амьд явах эрхэд нь яллагдагч Т.Г- ганцаараа халдаж, улмаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон.
4.Мөрдөн байцаалтын 2409000001913 дугаартай хэрэгт Т.Г гэх хүн оролцоогүй бөгөөд яллагдагчийн биеийн байцаалтад тусгагдсанаар болон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд тусгагдсанаар М овогт Т-ын Г (...) гэх хүнд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.
Прокурорын яллах дүгнэлтийн товч агуулгыг бичихдээ нэрийг буруу бичсэн талаар дурдсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт яллах дүгнэлтэд тавигдах бүтцийн шаардлагыг хуульчилсан. Тодруулбал, мөн хэсгийн 3.2-т “тэмдэглэх хэсэгт яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга” тусгагдахыг заасан.
Яллагдагч Т.Г-д холбогдох 2409000001913 дугаартай хэрэгт 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 19/а дугаар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд дээрх яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан, бүтцийн хувьд алдаагүй гэж үзэхээр байна. Хэргийн товч утга нь прокурорын яллах дүгнэлтийн 1 дүгээр хуудаст “Хоёр. Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга” гэж тусгагдсан бөгөөд тус хэсэгт буруу бичсэн зүйл байхгүй. Харин шүүхийн хэлэлцүүлгийн явцад прокурорын зүгээс “Яллах дүгнэлтийн 2, 5 дугаар хуудсанд тусгагдсан нотлох баримтын хамаарлаар ялгасан хэсэгт Т.Г- гэснийг Т.Г- болгон өөрчилж техникийн шинжтэй алдааг засах” саналыг гаргасан боловч шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-т заасан асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зайлшгүй нотолсон байхыг үүрэг болгосны ач холбогдол нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийг зөв зүйлчилж, гэмт этгээдэд шударга ял оногдуулах үндэслэл болдог. Харин гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоох зорилгоор мөрдөгч, прокурор нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлдэг.
Шүүхээс тухайн хэргийг хэлэлцэх явцдаа цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий үйл баримтын дүгнэлт хийх замаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийн дотоод хүсэл зоригийг тодорхойлж, түүнээс улбаалан хэргийн зүйлчлэлийн талаар эцсийн шийдвэрийг гаргахаар хуульд заасан.
Хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ үйл баримтын болоод зүйлчлэлийн талаар хууль зүйн дүгнэлтийг хийсэн бөгөөд яллах дүгнэлтийн 6-7 дугаар хуудсанд авагдсан дүгнэлтийн хүрээнд хэргийн бодит байдал мөрдөн байцаалтын шатанд нотлогдсон тул хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, улмаар талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хүрээнд дээрх заалтад заасан “сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдсэн санааг” шүүхийн шатанд тодорхойлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурор үүргээ хэрэгжүүлэхдээ шаардлагатай оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаж, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлах аргаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтой. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөнөөс гадна хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хийж гүйцэтгэх мөрдөн шалгах ажиллагаа тодорхойгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.
Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ц- тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй, шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Уг хэргийн тухайд дээрх нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй. Тухайн урт нарийн зураас шинжээч Н.Энхцолмонгийн гарын үсгийн үргэлжлэл мэт харагддаг. Мөн мөрдөгчийн шинжээч томилсон тогтоол, шинжээч эмчид эрх үүрэг танилцуулсан баримтад Ц.Бадралын гарын үсэг байгаа эсэх нь харагддаггүй. Түүний гарын үсэг зураас байдлаар бичигддэг бол 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 654 дүгээр дүгнэлтэд гарын үсэг зурагдсан байх ёстой. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал тогтоогдоогүй байна гэж үзэж хэргийг прокурорт буцахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Санчирбал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр оролцож анхан шатны шүүхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүүлэх хүсэлт гаргасан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “шинжилгээ нь анхдагч, нэмэлт, дахин гэсэн хэлбэртэй байна” гэж заасан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд анх шинжээч Д.Сэвжидмаа 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 3466 дугаар дүгнэлтийг гаргасан. Уг дүгнэлтийн 2 дахь хэсэгт зааснаар амь хохирогчид хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 4.1.15-д заасан 3 хүнд зэргийн гэмтэл тогтоогддог. Дахин томилсон 654 дүгээр шинжээчийн дүгнэлт 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гарсан ба гэмтлийн зэргийн 4.1.3 дахь заалт хасагдсан байсан. 4.1.3-т заасан гэмтэл нь “тархины гэмтэл” байдаг. Анхдагч шинжээчийн дүгнэлт болон 2 дахь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийн хооронд зөрүүтэй байдал бий болдог. Анхдагч шинжээчийн дүгнэлт гаргасан Д.Сэвжидмаа нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр буюу шинжээчийн дүгнэлт гаргахаасаа 9 хоногийн өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байсан. Шүүх шинжилгээний тухай хуульд тусгай мэдлэг эзэмшсэн этгээд буюу шинжээч эмчийн ажлын чиг үүрэг нь хуульд заасан эрх үүргийг хэрэгжүүлснээрээ эхэлж, тушаал гарснаар дуусгавар болдог. Эрх нь дуусгавар болсон шинжээч “шинжээчийн дүгнэлт” гаргаад байгаа нь эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна. Өөрөөр хэлбэл, эрхгүй этгээд ямар учиртай шинжээчийн дүгнэлт гаргасан бэ гэх асуудал үүссэн. Уг хэрэгт хийгдсэн шинжээчийн дүгнэлтийн аль нь анхдагч дүгнэлт болох нь эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна. Учир нь, эхний шинжээчийн дүгнэлтийн хүнд зэргийн гэмтэл дахин шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй. Уг хэрэгт хийгдсэн 2 удаагийн дүгнэлт нь эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгосон учир 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулж, гэмтлийн зэргийг мухарлах шаардлагатай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал бий болохыг үгүйсгэхгүй. Шүүхээс хамтран оролцогчийн хэлбэр байгаа эсэхийг буюу Т.Г-ийн үйлдлийг шалгаж, тогтоох шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлтэй. Гэмт хэрэг гарсан цаг хугацаанд Т.Г- нь гар утсаар Т.Г-ыг дуудсаны улмаас Т.Г- хэрэг учрал болсон байршилд ирсэн. Т.Г- ирээд амь хохирогчийг зодож, цохисон. Хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, сэдэл зорилго, гэм буруугийн хэлбэр, хамтран оролцох хэлбэрийг шалгах шаардлагатай гэж үзсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны, үндэслэл бүхий гараагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар, хэргийн бусад оролцогчид шинжээчийн дүгнэлтүүд болон хэргийн нотлох баримттай танилцсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцахад шинжээч нар гарын үсэг зураагүй гэх үндэслэл бүхий нөхцөл байдал илрээгүй ба энэ талаар гомдол, хүсэлт гаргаж байгаагүй. Уг хэрэгт 3 шинжээчтэй бүрэлдэхүүн дүгнэлт гаргасан учир шинжээчид эрх үүрэг тайлбарлахад гурвуулаа дараалсан байдлаар гарын үсгээ зураад явсан нөхцөл байдал харагдаж байна. Шаардлагатай тохиолдолд шинжээч Ц.Бадралыг шүүх хуралдаанд оролцуулж гарын үсгийн талаар тодруулах боломжтой. Иймд шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй. Хэргийн бодит байдлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд ямар ч нотлох баримт шинжлэн судлахгүйгээр миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан агуулга бүхий хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зүйлчлэх эсэх асуудлыг шалга гэж буцааж байгааг шүүх субьектив санаа зорилгоор шийдвэр гаргасан гэж хардах үндэслэл үүсэж байна. Прокурорын зөвшөөрлөөр, эсвэл мөрдөгч бие даан явуулахаар тодорхой хуульчлан заасан ажиллагаануудыг мөрдөн шалгах ажиллагаа гэж хуульчилсан. Хэрэв шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хэргийг прокурорт буцаах, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэж байгаа бол ямар ажиллагаа явуулахаа тодорхойлох ёстой. Ингэснээр энэ ажиллагааг шүүхийн шатад нөхөн гүйцэтгэх боломжтой эсэх асуудал гарч ирнэ. Гэтэл анхан шатны шүүх ерөнхий байдлаар “онц харгис хэрцгий шинжээр үйлдсэн эсэх, хамтран оролцогч байгаа эсэхийг шалга” гэх мэт хийсвэр байдлаар хэргийг прокурорт буцаасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий, тодорхой хэрэгжих боломжтой байдлаар гарах ёстой гэх хуульд заасан диспозитив шинж хангагдахгүй нөхцөл байдал үүссэн. Прокурорын шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд талуудын мэтгэлцээнээр нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой. Гэм буруугийн шүүх хуралдааны үеэр оролцогчийн эрхийг зөрчсөн, нотлох баримт бүрдүүлэхдээ хууль бусаар хязгаарласан, зөрчиж цуглуулсан нөхцөл байдал илэрвэл шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулах боломжтой. Тиймээс прокурорын эсэргүүцлийг дэмжиж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, яллагдагчийг шүүхэд шилжүүлэн хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.
Яллагдагч Т.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Т.Г-ыг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хохирогч С.Э-г “ах Т.Г-ийг зодлоо” гэх шалтгааны улмаас нүүр, толгой, цээж, хэсэгт олон удаагийн цохих, өшиглөх, үйлдлээр зодож, амь насанд нь аюултай буюу зүүн чамархайгаас салаалж зүүн урд хонхор, баруун дунд хонхор хүрсэн хугарал, хатуу хальсан доорх шингэн цус хуралт, тархины аалзан хальсан доорх цус хуралт, зүүн чамархайн хуйхны дотор гадаргуу, булчингийн цус хуралт, өвчүү ясны хугарал, булчин зөөлөн эдийн цус хуралт, үнхэлцгийн урд гадаргууд цус хуралт, зүрхний баруун чихний урагдсан шарх, үнхэлцгийн хөндий дэх шингэн цус /160мл/, зүрхний булчингийн завсрын цус хуралт, баруун, зүүн хацар, эрүү, хэвлийн цус хуралт, духны цус хуралт, зулгаралт гэмтэл учруулж алсан,
-дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч С.Э-гийн халааснаас “Samsung A52” загварын гар утас, иргэний үнэмлэх, тунгалаг өнгийн гар утасны гэр зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 358,300 төгрөгийн хохирол учруулсан,
-2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.А-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хэргийг хүлээн авч, хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзсэн нь үндэслэл бүхий байна.
1.Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилсан “онц харгис хэрцгий” гэх ухагдахуунд хохирогчийг алахын өмнө болон алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчлаан зовоосон, сэтгэл зүйн хүнд шаналал бий болгох зорилгоор зориуд ойр дотнынх нь хүмүүсийн дэргэд алсан зэрэг нөхцөл байдлыг хамруулдаг.
Дээрх ойлголтыг хүнийг алах арга, мөн гэмт хэрэгтний онц харгис хэрцгий байдлыг гэрчилж байгаа бусад нөхцөл байдалтай нягт холбоотойгоор авч үздэг.
Онц хэрцгий арга нь зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлаас гадна, гэмт этгээдийн хууль зөрчсөн зан үйл ба түүний хор уршигт харьцсан сэтгэцийн хандлага, өөрөөр хэлбэл, амь хохирогчийг зовоон шаналгах ямар аргыг сонгосон буюу үйлдлийн аргын шинжээр илэрнэ. Олон удаагийн үйлдлээр хохирогчийн толгой, цээж, хэвлий зэрэг амин чухал хэсгүүдэд өшиглөх, дэвсэх зэргээр халдан, амь насанд нь аюул учруулж болзошгүй нөхцөл байдлыг мэдсээр байж үл тоон хууль бус үйлдлээ таслан зогсоолгүй үргэлжлүүлсээр байгаа нь онц харгис хэрцгий аргын шинжтэй юм.
Тиймээс “хохирогчид учруулсан олон тооны шарх, гэмтэл” болон “гэмт этгээд уг хохирлыг учруулахдаа хэрэглэсэн үйлдлийн арга” гэсэн 2 шинжийн аль нэг нь хангагдсан тохиолдолд “хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэх зүйлчлэлд хамаарна.
Өөрөөр хэлбэл, субъект өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, түүний улмаас үүсэх үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байдаг. Тийм учраас онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэж дүгнэхэд тухайн этгээд амь хохирогчийн биед олон удаагийн үйлдлээр халдан зодож, өвтгөн тарчлаах харгис аргыг сонгосон эсэхийг харгалзах учиртай.
Иймд амь хохирогч С.Э-гийн биед хэрхэн, ямар байдлаар, ямар хүчний үйлчлэлээр тухайн олон тооны шарх гэмтэл учирсан, тухайн гэмтлүүдийн улмаас өвдөж шаналсан, тарчлан зовсон нөхцөл байдал байгаа эсэхээс гадна яллагдагчийн хэдэн удаагийн, ямар үйлдлүүдээр, амь хохирогчийн биеийн аль хэсэгт халдан зодсон үйл баримтад бүрэн дүүрэн дүгнэлт хийж, шаардлагатай бүхий л ажиллагааг явуулсны эцэст хэргийн зүйлчлэлийг зөв тодорхойлох талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
2.Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээс гадна давж заалдах шатны шүүхээс хэрэгт дараах ажиллагааг нэмж хийх шаардлагатай гэж үзэв.
Эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдал буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой ба энэ нь шүүхээс оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээнд шууд нөлөөлөх тул тэдгээрийг заавал тогтоож тодорхойлох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь хохирогчийн өмч гэмт этгээдэд хэрхэн шилжсэнээр ялгагдана.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан байдаг. Өөрөөр хэлбэл, хохирогч бие болон эд хөрөнгөө хамгаалах чадвартай, өөрийн ухаантай байхад нь түүнд мэдэгдэлгүйгээр буюу бие махбодын болон сэтгэл санааны ямар нэгэн халдлага, дарамтгүйгээр, эсхүл өмчлөгчийн эзгүйд, мөн өөрийн хөрөнгийг хамгаалах сөхөөгүй байхад нь авсан үйлдлүүд нь хулгайлах гэмт хэрэгт тооцогддог.
Харин гэмт этгээдийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч өөрийн бие болон өмчийг хамгаалах чадваргүй болсны дараа эд хөрөнгийг нь авч буй нь хулгайлах гэмт хэргийн шинжээс ялгаатай юм.
Хэдийгээр яллагдагч Т.Г- нь анхнаасаа хохирогч С.Э-гийн эд хөрөнгийг авах зорилгоор түүний биед халдаагүй боловч амь хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй болсон үед түүний халааснаас эд хөрөнгийг нь авч буй нь Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг өөр гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалган тогтоох шаардлагатай байна.
Иймд дээр дурдсан 2 үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулсны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүхийн шатанд шийдвэрлэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нөхөн, эсхүл нэмж хийлгэх, процесс ажиллагааны засаж үл болох зөрчил, эсхүл хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх шалтгаантай бол хэргийг прокурорт буцаах бөгөөд бусад асуудлыг шүүх хэргийг оролцогчдын мэтгэлцээнийг ханган хэлэлцүүлж, хөндлөнгийн байр сууринаас хандан, эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэдэг.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.Дунгаамаа, Ц.Бадрал, Н.Энхцолмон нарын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 654 дүгээр дүгнэлтэд нэг шинжээч эмч гарын үсэг зураагүй эсэх асуудлыг дүгнэлт гаргасан шинжээч эмч нарыг шүүх хуралдаанд оролцуулах байдлаар тодруулан эцэслэх боломжтой.
Мөн Т.Г- нь Т.Г-тай гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх тухайд:
Мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан дээрх нөхцөл байдлуудыг буюу хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардагдах нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан байх тул шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэх байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн тул яллах дүгнэлтэд алдаатай бичигдсэн “Т.Г-” гэснийг “Т.Г-” болгон засах байдлаар яллах дүгнэлтийг дахин үйлдэх замаар зөвтгөх боломжтой.
Дээрх үндэслэлүүдээр прокурор Б.Өнөбатын бичсэн эсэргүүцлийг хэсэгчлэн хангаж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Яллагдагч Т.Г-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЗ/6989 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Өнөбатын бичсэн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 38 дугаар эсэргүүцлийг хэсэгчлэн хангасугай.
2.Яллагдагч Т.Г-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН