| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2026/00052/И |
| Дугаар | 305/ШШ2026/00151 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 305/ШШ2026/00151
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би
нэхэмжлэгч: Ховд аймгийн *** сумын *** гол багт оршин суух, Т-тай овгийн П-ийн О-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумд оршин суух, Д-ийн Н, Ц нарт холбогдох
43,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Д.Н 2025 оны 7-р сарын 20-ны өдөр над руу би өөрийн сумаас мал авч өгье чи мөнгө гаргах боломж байна уу гэж утсаар ярьсны дагуу 2025 оны 7-р сарын 21-ний өдөр иргэн Д.Н-ийн Говь-Алтай аймгийн Дарви суманд байх түүний гэрт очиж уулзан мал авахуулахаар тохиролцсон. Ингээд 2025 оны 7-р сарын 22-ны өдөр өөрийн Төрийн банкны 110800009213 тоот данснаас 3 удаагийн гүйлгээгээр иргэн Д.Н гийн Хаан банкны *** тоот данс руу 40000000 /дөчин сая/ төгрөг шилжүүлсэн. Улмаар Д.Н , түүний эхнэр Цэрэнсодном нар над руу манай энд мал зарах хүн их байна, хот руу шилжих гэж байгаа 2 айл байна бүх малаа зарна гэнэ мөнгө шилжүүп гэж утсаар удаа дараа ярьсны дагуу өөрийн Хаан банкны ***4 тоот данснаас иргэн Н-ийн Хаан банкны *** тоот данс руу 2025.07.22-нд 10 сая, 2025.08.09-нд 10 сая гөгрөг, 2025.08.18-нд 10 сая төгрөг, 2025.08.25-нд 10 сая төгрөг нийт 80 сая төгрөг шилжүүлсэн. П.О миний бие 2025 оны 7-р сараас 2025 оны 11-р сарын хооронд нийт 6 удаа Говь Алтай аймгийн Дарви сум орж иргэн Д Н-тэй уулзаж мал авахаар очсон боловч ямар нэгэн шалтаг заан нэг ширхэг ч мал өгөөгүй болно. Ингээд 2025 оны 11-р сарын 7-ны өдөр Д.Н над руу 40,000,000 төгрөг шилжүүлж эхнэрийн хамт үлдсэн 40,000,000 төгрөг. 6 удаа нааш цааш явсан зардал 3,000,000 төгрөг нийт 43,000,000 төгрөгийг 2025.11.14-ний өдөр өгөхөөр тохиролцож бичиг хийж өгсөн. Үүнээс хойш мөнгөө төлөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд хариуцагч Д.Н , Ц нараас 43,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Н , Д.Ц нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д овогтой Н нь нэхэмжлэгч О-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Одоогоор миний орлого амьдралын нөхцөл байдал хурдан хугацаанд төлөх боломжгүй байгаа тул хугацаа сунган төлөх боломж олгож өгнө үү. Миний орлогын байдлыг харгалзан үзэж 4 сарын 01-ний өдрөөс 05 сарын 01-ний хооронд төлөх хүсэлтийг харгалзан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч П.О шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Иргэн П.О миний нэхэмжлэлтэй, хариуцагч Н, Ц нартай холбоотой хэргийн хариуцагч нарын хариу тайлбар болох 2026 оны 05 дугаар сарын 01-ний дотор миний мөнгийг бүрэн төлөх хариу тайлбартай танилцсан болно. Иймд энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
П.О-гийн нэхэмжлэлтэй, Д.Н , Д.Ц нарт холбогдох 43,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заажээ.
Хариуцагч Д.Н , Д.Ц нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний шүүхэд ирүүлсэн “…Миний бие Д овогтой Н нь нэхэмжлэгч О-гийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Одоогоор миний орлого амьдралын нөхцөл байдал хурдан хугацаанд төлөх боломжгүй байгаа тул хугацаа сунган төлөх боломж олгож өгнө үү. Миний орлогын байдлыг харгалзан үзэж 4 сарын 01-ний өдрөөс 05 сарын 01-ний хооронд төлөх хүсэлтийг харгалзан шийдвэрлэж өгнө үү…” гэх тайлбараар нотлогдож байна.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал хариуцагч шүүхийн зардлыг нөхөн төлөхгүй. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө” гэж тус тус хуульчилжээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372,950 төгрөгийн тал хувь 186,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 186,475 төгрөгийг улсын орлогоос, 186,475 төгрөгийг хариуцагч Д.Н , Д.Ц нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч П.О-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т овгийн П-ийн О-ийн нэхэмжлэлтэй, Д-ийн Н, Д-ын Ц нарт холбогдох, 43,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Н , Д.Ц нар нь 43,000,000 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 01-нээс 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372,950 төгрөгийн тал хувь 186,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 186,475 төгрөгийг улсын орлогоос, 186,475 төгрөгийг хариуцагч Д.Н , Д.Ц нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч П.О-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ