| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2510000001331 |
| Дугаар | 2026/ДШМ/09 |
| Огноо | 2025-12-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ж.Баянжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2026/ДШМ/09
Ч.Э-од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Баянжаргал,
шүүгдэгч Ч.Э-, түүний өмгөөлөгч Б.Чинбат,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/2563 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ш.А-, шүүгдэгч Ч.Э-, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ч.Э-од холбогдох 2510000001331 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Ч-ын Э, 1989 онд Хөвсгөл аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “О” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:
-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 451 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,
-Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1645 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн;
Шүүгдэгч Ч.Э- нь хохирогч Ш.А-ыг “банкнаас зээл гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, түүний 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ... тоот гэртээ байхдаа шилжүүлсэн 1,500,000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогдуулан Хан-Уул дүүргийн прокурорын газар Ч.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ч.Э-ыг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч Ш.А- давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Ч.Э- надад 1,500,000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан ба надад гомдол, санал байхгүй. Ч.Э- надад “дахин доромжлон, элдэв муухайгаар харааж, амь насанд заналхийлэхгүй, танихгүй хүн шиг амьдарна” гэсэн бичиг амлалт өгсөн. Энэ хүний бага насны буюу 1-5 насны 2 хүүхэдтэй, эхнэр нь 9 сар гарантай жирэмсэн, төрөх гэж байгаа тул ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг өөр ялаар сольж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Ч.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үйлдсэн хэрэгтээ гэмшин, үнэн зөвөөр мэдүүлж, учруулсан хохирлоо бүрэн төлсөн ба хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болсон байхад анхан шатны шүүхээс “хувийн байдлыг харгалзан” гэж дүгнэн 6 сарын хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Би эхнэр, 1-5 насны 2 хүүхэдтэй, түрээсийн байранд амьдардаг бөгөөд эхнэр 10 сартай жирэмсэн, төрөх цаад хугацаа нь 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр юм. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 6 сарын хорих ялыг 6 сар тэнсэн харгалзах, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. Миний бие хөдөлмөр хамгааллын инженерээр 8 дугаар сард мэргэжил эзэмшсэн. Мэргэжлийн үнэмлэхтэй болоод 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж “О”-д ажилласан. Эхнэр маань төрөөд 18 хонож байгаа бөгөөд би 0-5 насны 3 хүүхэдтэй. Би гэр бүлдээ үнэхээр хэрэгтэй байгаа тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Ч.Э- нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогчийн зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болсон зэрэг Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тодорхой хэмжээгээр хангагдаж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхээс “шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж” гэж дүгнэн 6 сарын хорих ял оногдуулсанд гомдолтой байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж тодорхой заасан байхад 1,500,000 төгрөгийн хохиролтой, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт буруугаа хүлээн зөвшөөрөн, гэмшиж, бусдад учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт торгох, албадан ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих зэрэг ялын 4 төрөл байхад анхан шатны шүүхээс “...хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дүгнээд ялын хамгийн хүнд хэлбэр болох хорих ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхгүй.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Ч.Э-ыг “...Цагдаагийн байгууллагаас удаа дараа дуудахад ямар шалтгаанаар очихгүй байсан, хохирогч хохирлын мөнгөө нэхэхэд яагаад ёс зүйгүй авир гаргасан” зэрэг нөхцөл байдлыг тодруулахад, шүүгдэгч дээрх үйл явдлын талаар өөрийн буруутай үйлдлээ ойлгож ухамсарласан, дахин ёс зүйгүй үйлдэл гаргахгүй гэдгээ тодорхой илэрхийлж байхад шүүх анхаарч үзээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн заалтыг харгалзан үзээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлүүдийг хэрэглээгүйд гомдолтой байна.
Шүүгдэгч Ч.Э- нь эхнэр болон 1-5 насны 2 хүүхэдтэй, эхнэр нь 10 сартай жирэмсэн, төрөх цаад хугацаа нь 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байна. Мөн тэрээр жирэмсэн эхнэр болон 2 хүүхдийн хамт түрээсийн байранд амьдардаг. Эхнэр, 3 хүүхэд нь түрээсийн байрнаас гараад хаана амьдрах нь тодорхойгүй хүнд нөхцөл байдалд орсон.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ч.Э-од оногдуулсан 6 сарын хорих ялыг 6 сар тэнсэн харгалзаж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ж.Баянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хуульчлан зохицуулсан. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр дээрх хуулийн заалтад заасанчлан үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Ч.Э-од холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
-хохирогч Ш.А-ын: “...2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр найз н.У-ээр дамжуулан зээл гаргах хүний дугаарыг авч холбогдоход “Худалдаа хөгжлийн банканд цалингийн зээл 50,000,000 төгрөг гаргаж өгөх боломжтой, 1,500,000 төгрөг шилжүүлчих, 3 хоногийн дотор гаргаад өгье” гэж хэлсэн. Надад өөрийнхөө “Ч Э” гэсэн фейсбүүк хаягаа өгсөн ба 2025 оны 06 дугаар сарын 10-ны өглөө ... дугаараас залгаад “ахаараа тоглоод байгаа юм уу, би луйвар хийдэг хүн биш, мөнгөө хурдан хийвэл ажил чинь хурдан бүтнэ” гэхээр нь би тухайн өдрийн 09 цаг 05 минутад шилжүүлсэн. “Ах нь банкны хүмүүстэй ярьсан, маргааш 14 цагт хүмүүстэйгээ уулзана” гэж хэлээд салгасан бөгөөд би 14 цагт залгахад “материалыг чинь өгсөн” гэсэн. Үүнээс хойш “хоолонд оруул гэж байна, мөнгө нэмж явуул, эсвэл цалингийн дансаар нь оруулаад баталгаажуулбал бүтэх гээд байна” гээд дахиад 200,000 төгрөг нэхээд байхаар нь өгөөгүй байсаар 2 сар өнгөрч байна. Би “зээл гаргахаа больё, мөнгөө авъя” гэсэн чинь уурлаад “өгнө” гэж хэлээд 1 сар болсон. Мөнгөө авъя гэхээр янз бүрийн хараалын үгээр хэлж, айлгаж сүрдүүлээд байдаг...” (хх 63-64),
-шүүгдэгч Ч.Э-ын: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг зөвшөөрч байна. 1,500,000 төгрөгийг зээлээд буцааж хүүтэй нь цуг өгнө гэж хэлээд авсан...” (хх 77-79) гэх мэдүүлгүүд,
-хохирогч Ш.А-, шүүгдэгч Ч.Э- нарын эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (хх 7-8, 36, 37-52),
-хохирогч болон шүүгдэгч нарын хоорондоо харилцсан зурвасын хуулбар (хх 9, 10-33),
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх 4) зэргийг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Ч.Э- нь хохирогч Ш.А-ыг “банкнаас зээл гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, түүний 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ... тоот гэртээ байхдаа шилжүүлсэн 1,500,000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь дансаар авч залилсан гэмт хэргийн үйл баримт тогтоогджээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ч.Э-ын хохирогч Ш.А-ыг залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.
Аливаа гэмт хэрэг нь хүний аюулгүй байдал, эрх, эрх чөлөө нийгмийн аюулгүй байдал, хэв журам, эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах зэрэг нийгмийн амин чухал эрх ашигт халдаж хохирол учруулдаг тул Эрүүгийн хуулиар зохицуулж, хариуцлага хүлээлгэдэг.
Ял бол эрх зүйт ёсны зайлшгүй шаардлага, шүүхээс шударга ёсыг хангуулах хэрэгсэл болдог. Ялыг оноохдоо тухайн хэргийн хор аюул, хууль зөрчсөн байдлын түвшин, хэмжээ, яллагдаж буй этгээдийн засрах боломж болон нийгмийн шударга ёс сэргээгдсэн эсэхийг харгалзана.
Хохирогчийг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч буй залилах гэмт хэрэг нь нийгэм дэх итгэлцлийг тодорхой хэмжээгээр алдагдуулах хортой үр дагаврыг бий болгодог.
Шүүгдэгч Ч.Э- нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хохирогчийг хууран мэхэлж, залилсан гэм буруугийн хэлбэр, залилах гэмт хэргийн нийгэмд буй болгох хууль бус үр дагавар болон хохирогчтой зүй бус харьцан, айлгаж, сэтгэл санааны хувьд дахин хохироосон нөхцөл байдал зэрэгт дүгнэлт хийсний эцэст анхан шатны шүүхээс хорих ялыг сонгон хэрэглэж, түүний гэм буруу дээр маргаагүй, хохирогчид хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан байдлыг харгалзан тухайн зүйлд заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр буюу 6 сарын хорих ял оногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Түүнчлэн, тэрээр урьд хүний эрүүл мэндэд хүнд болон хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт 2 удаа шүүхээр ял шийтгэгдэж, хорих, торгох ялуудыг эдэлсэн боловч цаашид зөв төлөвшиж, хууль бус үйлдэл хийхгүй байхаар хүмүүжиж чадаагүй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байхыг ухамсарлаагүй байдал нь түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэхгүй байх нэг үндэслэл болсон болно.
Ял шийтгэл хүлээж буй хүн аливаа гэмт хэрэг, зөрчил үйлдэхгүй байх, бусад хүний эрхийг хүндэтгэх ёстой гэдгийг ухамсарлаж, нийгэм болоод бусдад хохирол учруулахгүй байх нь чухал юм.
Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт этгээдийн аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой.
Иймээс шүүх хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй бөгөөд шүүгдэгч Ч.Э- нь хорих ял эдлэхэд түүний бага насны хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөхөөргүй (эхийн асрамжид байгаа) байх тул түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Дээрх үндэслэлээр хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.Э-од оногдуулсан 6 сарын хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ч.Э- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 39 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/2563 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ш.А-, шүүгдэгч Ч.Э-, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-ын цагдан хоригдсон нийт 39 (гучин ес) хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН