Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 305/ШШ2026/00165

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын ЗД-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймаг, *** сумын ***-р багт оршин суух, А-ийн Д-д холбогдох,

Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 4,930,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн оролцов.

Нэхэмжлэгч П.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А  нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Н , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А  нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: С.Т нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хоршоог хөгжүүлэх сангаас 10,000,000 (арван сая) төгрөгийг 3 жилийн хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй зээлийг “Хадлан тэжээл бэлтгэх” зорилгооор авсан. Хариуцагч С.Т нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нас барж хариуцах эзэнгүй болсон бөгөөд хамтран зээлдэгч А.Д г аймгийн прокурорын газарт шилжүүлэн эвлэрлийн гэрээ байгуулан ажилласан боловч гэрээний хугацаанд зээлээ төлж барагдуулаагүй. Сумын Засаг даргаас удаа дараа зээлээ төлөхийг шаардан мэргэжилтэн биеэрээ уулзаж хэлж сануулан, мэдэгдэх хуудас хүргэсэн боловч одоог хүртэл зээлээ төлөхгүй байна. Иймд тус сумын Хоршоог хөгжүүлэх сангийн төрийн банк дахь *** тоот дансанд дээрх зээлийн үлдэгдэл 4,930,000 (дөрвөн сая есөн зуун гучин мянга) төгрөгийг төвлөрүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Д-д холбогдох сум хөгжүүлэх сангийн зээл 4,930,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт урьд нь тус шүүхээр шийдвэрлэгдсэн тул *** сумын ЗД-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 412 дугаартай шийдвэрийг хавсаргав гэжээ.

3. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн *** сумын ЗД П.Н  шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн А.Д-д холбогдох шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул 4,930,000 (дөрвөн сая есөн зуун гучин мянган) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Говь-Алтай аймгийн *** сумын ЗД-ын нэхэмжлэлтэй, А.Д д холбогдох хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 4,930,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Учир нь нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга П.Н  нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь шүүхэд ирүүлсэн “...Иргэн А.Д д холбогдох шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул 4,930,000 (дөрвөн сая есөн зуун гучин мянган) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзаж байна” гэх хүсэлтээр нотлогдож байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь ... нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэж заажээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Говь-Алтай аймгийн *** сумын ЗД-ын нэхэмжлэлтэй, А-н Д-д холбогдох, хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 4,930,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Н.ОЮУНБИЛЭГ