| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2026/00109/И |
| Дугаар | 305/ШШ2026/00180 |
| Огноо | 2026-02-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 305/ШШ2026/00180
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би
нэхэмжлэгч: Т банк ХК-ийн Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй
хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын ***-р баг ***д оршин суух, Б-ын Б , Б-ын Н нарт холбогдох,
үндсэн зээл 8,158,456.60 төгрөг, зээлийн хүү 1,155,531.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,276.47 төгрөг, нийт 9,331,264.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1 Нэхэмжлэгч Т банк ХК-ийн Говь-Алтай салбар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Б , Б.Н нар нь “Т банк” ХК-тай 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн MN530034242006704393 тоот зээлийн гэрээгээр олгосон 15,000,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн MN530034242006704393-1 тоот зээлийн нэмэлт гэрээгээр олгосон 1,700,000 төгрөг, жилийн 20,4 хувийн, сарын 1,7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлүүдийг олгосон байна.
Банк нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “Зээлийн гэрээ”-ний дагуу зээлдэгч Б.Б , Б.Н нарын MN530034242006704393-02 тоот, малчны зээлийн 11,000,000 төгрөгийн зээлийг сунгасан.
Зээлдэгч Б.Б , Б.Н нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн дугаар MN530034242006704393-02 тоот Зээлийн гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул банкнаас, удаа дараа зээлийн төлбөрийг төлөхийг зээлдэгчид мэдэгдэж, мөн удаа дараа утасаар болон мессеж, Facebook чатаар, шаардлага тавьж байсан. Мөн зээлдэгчид “зээлийн гэрээний үүргээ биелүүлэх”-ийг 2025.08.04-ний өдөр 2025.09.25-ны өдөр 2025.10.24-ний өдөр удаа дараа хүргүүлсэн боловч зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үндсэн зээлдэгч Б.Б хамтран зээлдэгч Б.Н нарын зээлийн гэрээний зөрчил 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар төлбөрийн хуваарь 214 хоног хугацаа хэтэрч байгаа тул тухайн гэрээг цуцлах бүрэн үндэслэл болж, өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч Т банк ХК-д хохирол учруулаад байна. Зээлдэгч нь малчны зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу 2022.06.22-ны гэрээ байгуулсан өдрөөс хойш үндсэн зээлээс 8,541,543.40 төгрөг, хүүнээс 6,141,862.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,105.05 төгрөг, нийт 14,757,512.59 төгрөгийг тус тус төлсөн байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуудийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 30 дугаар зүйлийн 30.1, талуудын хооронд байгуулсан MN530034242006704393-02 тоот малчны зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 8,158,456.60 төгрөг, үндсэн хүүний төлбөр 1,155,531.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 17,276.47 төгрөг, нийт 9,331,264.33 / Есөн сая гурван зуун гучин нэгэн мянга хоёр зуун жаран дөрвөн төгрөг гучин гурван мөнгө, улсын тэмдэгтийн хураамжийн 164,250 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж “Т банк” ХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Т банк ХК-ийн Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй, Б.Б , Б.Н нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 9,331,264.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Б , Б.Н нар нь хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрт 3,500,000 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, 700,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тус тус төлсөн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн төлбөрт нийт төлсөн 4,200,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нар зээлийн үлдэгдэл төлбөр 5,131,264.33 төгрөгийг 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дотор, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,250 төгрөгийн тал хувь буюу 82,125 төгрөгийг 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Т банк ХК-ийн Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй, Б.Б , Б.Н т холбогдох үндсэн зээл 8,158,456.60 төгрөг, зээлийн хүү 1,155,531.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,276.47 төгрөг, нийт 9,331,264.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.
Т банк ХК-ийн Говь-Алтай салбар нь 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 41/21 дугаартай албан бичгээр “…Б.Б , Б.Н нарт холбогдох иргэний хэрэгт Т банк ХК-ийг төлөөлөх эрхийг Т банкны Говь-Алтай салбарын тооцооны төв хариуцсан менежер Б.Э-т энэхүү итгэмжлэлээр олгож байна. …Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан, түүнээс гадна шүүхийн шийдвэр албан гүйцэтгэх захиармж, гүйцэтгэх хуудас гаргуулах, гардан авах эрх, үүргийг Б.Э эдлэх болно” гэж бүрэн эрхийг олгожээ.
Б.Б нь 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ГА13 дугаартай итгэмжлэлээр …Т банкны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганад оролцох…, …Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх бүрэн эрхийг Б.Б-д олгожээ.
Б.Н нь 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 0086 дугаартай итгэмжлэлээр …Т банкны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганад оролцох…, …Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх бүрэн эрхийг Б.Б-д олгожээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь харилцан тохиролцож эвлэрсэн болох нь тэдний шүүхэд ирүүлсэн “...Т банк ХК-ийн Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй, Б.Б , Б.Н нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 9,331,264.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Б , Б.Н нар нь хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрт 3,500,000 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, 700,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тус тус төлсөн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн төлбөрт нийт төлсөн 4,200,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нар зээлийн үлдэгдэл төлбөр 5,131,264.33 төгрөгийг 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дотор, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,250 төгрөгийн тал хувь буюу 82,125 төгрөгийг 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэв” гэх эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу зохигчид зээлийн төлбөрийг төлөх хугацааны хувьд харилцан тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,250 төгрөгөөс 82,125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 82,125 төгрөгийг улсын орлогоос гаргуулж Т банк ХК-ийн Говь-Алтай салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Т банк ХК-ийн Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй, Н овгийн Б-ын Б , Х овгийн Б-ын Н нарт холбогдох үндсэн зээл 8,158,456.60 төгрөг, зээлийн хүү 1,155,531.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,276.47 төгрөг, нийт 9,331,264.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн төлбөрт нийт төлсөн 4,200,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нар зээлийн үлдэгдэл төлбөр 5,131,264.33 төгрөгийг 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дотор, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,250 төгрөгийн тал хувь буюу 82,125 төгрөгийг 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тус тус төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,250 төгрөгөөс 82,125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 82,125 төгрөгийг улсын орлогоос гаргуулж Т банк ХК-ийн Говь-Алтай салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ