Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2026/ДШМ/01

 

2025           12            23                                                                             2026/ДШМ/01

 

З.С-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхням,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатарын даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/2356 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Энхнямын бичсэн эсэргүүцэлд үндэслэн З.С-т холбогдох 2308 02712 0711 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х- овогт З-ын С-, ........., ял шийтгэлгүй, /РД: З-/,

 

Цагаатгагдсан этгээд 3.С- нь "гар утас зарж өгнө" гэж хохирогч Г.Б-ийг хуурч, 2022 оны 8 дугаар сараас 10 дугаар сарын хооронд 161 ширхэг гар утас, 1 ширхэг нөүтбүүкийг тус тус хууран, залилан авч нийт 113,306,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: З.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “…Шүүгдэгч 3. С-т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч нь оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд хандан хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3.С-ийн тэмдэглэлийн дэвтрийг буцаан олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хохирлын талаарх асуудлыг хэлэлцэхгүй орхисныг тус тус дурдаж...” шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Энхнямаас давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...3.С- нь хохирогчийн "гар утсыг нь зарж өгнө" гэж итгүүлэн авч, авсан зүйлсээ бусдад зарж борлуулсан бөгөөд зарсан мөнгөө хохирогчид өгөх ёстой гэдгээ мэдсээр байж өгөлгүй, мөнгөөр нь цахим мөрийтэй тоглоом тоглосон, мөрийтэй тоглоом тоглосны улмаас хохирогчид мөнгөө төлөх боломжгүй болсон нь хохирогч Г.Б-ийн “2021 оноос хойш хувиараа гар утасны дэлгүүр нээж, фэйсбүүкээр Э.М-, 3.С- нар нь надтай харилцаж найзууд болоод надаас гар утас худалдаж аваад би БНСУ-аас каргонд өгч явуулдаг байсан. 2022 онд Э.М- нь нөхөр бид хоёр 100 сая төгрөгийн зээл авах гэж байгаа юм. Чи бид хоёрт түрүүлээд утас өгч явуулаач гэж хэлсэн. Өмнө нь гар утас зөндөө өгөлцөж, авалцдаг байсан болохоор итгэсэн юм. Би БНСУ-аас "Хангай сувд" болон "KGB tegbe" нэртэй каргогоор явуулсан. Одоогийн байдлаар нийт 65.069.000 төгрөгийг авах ёстой юм. Надаас гар утсыг бөөнөөр нь хүнд өгөөд зарж борлуулсан гэж байсан. Би Э.М-. 3.С- нараас гар утасныхаа мөнгийг авч чадаагүйн улмаас мөнгөө эргэлдүүлж чадахгүй алдагдалд орсон гэх мэдүүлэг, шүүгдэгч Л.С-ийн яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэх /хх-172-р тал/, шүүхийн хэлэлцүүлэгт" санхүүгийн асуудалтай болоод хохирогчоос гар утсыг түрүүлж авсан. Миний хувьд гар утас С-гаас авсан. Утас зарсан мөнгөнөөс мөрийтэй тоглоом тоглосон учраас одоо болтол хохирогчийн мөнгийг өгч чадахгүй байгаа гэх мэдүүлэг, гэрчээр утаснуудыг иргэдэд борлуулаад зарж борлуулсан мөнгөөрөө мөрийтэй тоглоом тоглоод 70 сая гаруй төгрөгийг алдсан. Үүнээс болоод С-гийн мөнгийг эргүүлж өгч чадахгүй Ариг болон Хаан банкнаас зээл хөөцөлдсөн боловч зээл гараагүй. БНСУ-аас гар утаснуудыг Хангайн сувд, KGB tegbe нэртэй каргогоор Монгол Улс руу явуулдаг байсан. С-гаас ирсэн гар утсыг би зарж борлуулаад мөнгийг нь шилжүүлж өгөхөөр ярилцсан байсан. С-д өгөх ёстой байсан мөнгийг 1x bet тоглоод алдчихсан юм. Зээл авах гэсэн боловч барьцаа хөрөнгө байхгүйн улмаас зээл гараагүй. 2022 оны 01 дүгээр сард би өөртөө 1x bet буюу цахим мөрийтэй тоглоомын аккоунтыг нээлгэж тоголж эхэлсэн. Тоглоод мөнгөө алдсан. Алдсан мөнгөө эргүүлж олж авахын тулд С-д өгөх ёстой байсан мөнгөөр тоглож алдсан гэх мэдүүлэг /хх-117-118-р тал/

Дөлгөөн дэлгэрэх ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 06/8/034 дугаартай албан бичиг, хавсралт /хх-73-р тал/,

гэрч Б.Б-ын манай хүргэлтийн байгууллагаар С- 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд үйлчилгээ авсан. Солнгос улсмаас дандаа гар утас хүргүүлж авсан авсан гэх мэдүүлэг /хх-79-р тал/

хохирогч Г.Б-аас гаргаж өгсөн хохирлын тооцоо бүхий баримт хавсралт чат хуулбар, /хх-43-49-р тал/,

"Тэнцвэр-Эстимэйт" ХХК-ийн газраас хохирогч Г.Б-ийн 161 ширхэг гар утас 111. 306 000 төгрөгөөр, Нетбүүк 1 ширхэг 2 000 000 төгрөг нийт 113. 306.000 төгрөг үнэлсэн үнэлгээ /хх-134-161-р тал/,

тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- 177-180-р тал/ болон бусад нотлох баримтуудаар тогтоогддог бөгөөд дээрх шинжийг агуулж байгаа тул бусдын итгэлийг эвдэх аргаар залилан, мэхэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхээс тогтоолдоо шүүгдэгч Л.С-ийн "гар утаснуудыг зараад мөнгийг нь өгнө" гэж хохирогч Г.Б-ийг итгүүлэн хуурсан, гар утас зарсан мөнгөө хохирогчид өгөх боломжтой атал өгөөгүй идэвхтэй, зориуд санаатай, ухамсартай үйлдлээр цахим мөрийтэй тоглоом тоглосон, хохирогчийн мөнгийг одоо болтол төлөөгүй зэрэг нөхцөл байдал болон улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэж чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэх заалттай нийцэхгүй байна.

Иймд Баянгол, Хан-Уул. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/2356 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар З.С-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурор С.Энхнямын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Прокуророос 3.С-ийг “гар утас зарж өгнө” гэж хохирогч Г.Б-ийг хуурч, 2022 оны 8 дугаар С-с 10 дугаар сарын хооронд 161 ширхэг гар утас, 1 ширхэг нөүтбүүкийг тус тус хууран, залилан авч нийт 113.306.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч З.С-т холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Анхан шатны шүүх “...хохирогч, шүүгдэгч нарын хооронд бусдын өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх, гэрээний үүрэгтэй холбоотой иргэний эрх зүйн харилцаа үүссэн, хохирогч иргэний хуульд зааснаар шаардлага гаргах, шүүхийн журмаар маргаанаа шийдвэрлүүлэх бүрэн боломжтой...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан З.С-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ хохирогч Г.Б-ийн “... 3.С-тэй 2017 оны эхээр танилцсан. Намайг Бүгд Найрамдах Солонгос Улсад амьдарч байхад 3.С- нь мөнгө шилжүүлээд би гар утаснуудыг каргогоор явуулдаг  байсан. Бидний бизнесийн харилцаа тухайн үед хэвийн үргэлжилж байсан. 2022 оны эхээр холбоо тасарсан байж байгаад, 2022 оны 7 дугаар сарын орчим 3.С- түүний эхнэр Э.М- нар нь фэйсбүүк чатаар холбогдоод... бид 2 зээл хөөцөлдөж байгаа, 100.000.000 төгрөгийн зээл гарахаар болсон. Тэр болтол утас явуулаач гэж хэлсэн. Тэгээд гар утаснууд явуулсан хэдий ч өнөөдрийг хүртэл буцаан өгөөгүй...” /1хх 32/, “...өмнө нь зөндөө гар утас өгөлцөж, авалцдаг байсан болохоор итгэсэн юм...” /1хх 39/, “...2022 оны 7 дугаар сарын 25-нд эхнэр М- залгаад 100.000.000 сая төгрөгийн зээл банкнаас авч байгаа, түрүүлээд утсаа явуулаач...” /1хх 37/ гэсэн мэдүүлэг,

“KGB TEGBE” Дөлгөөн дэлгэрэх ХХК-ийн албан бичигт “...З.С-, Э.М- нар манай байгууллагаар 2022 оны 8 дугаар сарын 12-ноос 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хэд, хэдэн удаагийн давтамжтайгаар үйлчлүүлж байсан нь үнэн болно...” /1хх 73/,

гэрч Б.Б-ын: “...З.С-, Э.М- нар нь манай байгууллагаар 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд үйлчилгээ авсан бөгөөд эхний удаа З.С- гэдэг хүн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр манай хүргэлтийн компаниас ирж аваад үүнээс хойш хэд, хэдэн хаягт хүргүүлсэн байх бөгөөд хамгийн сүүлд 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 44 байрны 8 давхар 28 тоотод бараа хүргүүлсэн байна...” /1хх 80-84/,

“Uunaa Б-” фэйсбүүк мессэж чатууд /1хх 93-114/, О- Е-, М- нарын 2022 оны 01 дүгээр сарын 22-нд харилцсан фэйсбүүт мессэжүүд “...jms avsan munguuruu bairaa awna bairaa butsaaj tavina daraa ni mungut bhr baraagaa zahina dahiad sar garan ajilgvi banknii hvvgee tulj chdku dampuurah tsaashaa boloh yum bnlda...”, “...bid 2-rt baraa ch alga...” /1хх 228/ гэсэн баримт, шүүгдэгчийн “...О.Э- найздаа 60.000.000 орчим сая төгрөгийн гар утас, 85.000.000 төгрөгийг дансаар шилжүүлээд алдсан. Би гар утас зарсан мөнгө буюу С-д өгөх ёстой мөнгөөрөө 1x bet тоглоод алдчихсан...” /1хх 118/...” /1хх 124-125, 172/ гэсэн баримтуудыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж чадаагүй байна.

Тодруулбал, дээрх баримт мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх, эсхүл үнэлээгүй тохиолдолд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, алийг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, алийг нь үнэлээгүй, хэрхэн няцаан үгүйсгэсэн талаараа цагаатгах тогтоолд тодорхой, ойлгомжтой тусгаагүй байна.

Иргэний хуульд заасны дагуу гэрээ байгуулсан, түүний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст аливаа эрсдэлд орсны улмаас үүссэн маргаан буюу өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилах гэмт хэрэгт тооцдоггүй бөгөөд харин өөрөөс нь үл шалтгаалах хүчин зүйл буюу нөхцөл байдал үүсээгүй байхад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар тодорхой арга хэмжээ аваагүй, биелүүлэх нөхцөл, боломж бүрдсэн байхад үүнд чиглэсэн идэвхтэй үйлдэл хийгээгүй зэргээр гэрээний харилцаагаар шилжүүлэн өгсөн эд хөрөнгийн хариу төлбөрийг хийхгүйгээр, гэрээний үүргээ зориуд биелүүлэлгүйгээр ашиглах, өөрийн үзэмжээр захиран зарцуулах, эргэлтэд оруулах нь залилах гэмт хэргийн нэг хэлбэрт тооцогддог болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” стандарт шаардлагыг хангаагүй байна.

 Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, мэдүүлгийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлж дүгнэсний эцэст хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгчийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх учиртай. Ингэхдээ дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа нөгөөг нь ямар үндэслэлээр няцааж үгүйсгэснээ зааж, Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, үзэл баримтлалд нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглэсэн шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэлтэй гэж үздэг болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, энэ талаар гаргасан прокурор С.Энхнямын бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 56 дугаар эсэргүүцэлийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон тул цагаатгагдсан этгээд З.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/2356 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. З.С-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                           Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                      Н.БАЯРМАА