Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 182

 

А.М холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймгийн Шүүн таслах газрын 1944 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 67 дугаар хурлын тогтоолтой, А.М холбогдох 8966 дугаартай эрүүгийн хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1943 оны байдлаар: А овогтой М, 32 настай, Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн харьяат, ард, баяд, ам бүл 2, хөрөнгийн байдал бод 17, цэрэг ба эсэргүү бослого хөдөлгөөнд оролцож яваагүй, хоршоо, үйлдвэрчний гишүүн, ял шийтгүүлж байгаагүй.

А.М нь 1942 оны 12 сард Тэс сумын 5 дугаар багт сумын намын үүрийн шийдвэрээр түүхий эдийн бэлтгэлийн төлөвлөгөөг хангаж биелүүлэхээр очоод 10 хоногийн дотор 3 удаа ардын хурлыг зохиож, ухуулан таниулах ажлыг буруугаар урвуулан айлган сүрдүүлснээс болж мөн багийн  Ц бие амиа хорлож үхсэн нь үнэн болохын дээр хувьсгалын эсэргүү Лувсаншарав, Малж нарыг Лениний онолтой хүн, түүнчлэн эсэргүү нарын эхнэрүүдийг СССР-т цөлж явуулсан, СССР, Германы байлдаан 10 жилээс нааш зогсохгүй, хэрэв Герман нь СССР-ийг дийлбэл дэлхий дээр Германаас өөр хүчирхэг улс байхгүй болно гэх буюу одоо дайн байлдаантай хэцүү байгаа тул бараа, таваар ирэхгүй, ардууд өлсгөлөн болоход хүрнэ хэмээн ятган цуурхсан хэрэгт холбогджээ.

Увс аймгийн Шүүн таслах газар А овогтой Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2 жил, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 1-т зааснаар 8 жил хөдөлмөрийн лагерт хорьж,

Ерөнхий ангийн 47 дугаар зүйлд заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтаан мөн хуулийн 66-гийн 1-ээр оногдуулсан 2 жилийн хорих ялыг 123-ын 1-ээр оногдуулсан 8 жил хорих ялд багтаан эдлүүлсүгэй” гэж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор Ц.Батцэнгэл бичсэн болон шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “...А.М ял оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд хамаарахгүй байна.

Харин А.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлд зааснаар ял шийтгэл оногдуулсан нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт хамаарч байна.

А.Мыг улс төрийн хэрэгт холбогдуулан удаа, дараа байцааж, Увс аймгийн Ардын шүүх таслах газрын 1944 оны 05 дугаар сарын 08-ны өдөр таслан шийтгэсэн 67 дугаар хурлын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2 жил хорьж хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд, Хувьсгалын эсэргүү нарын толгойлогч Л, М нарыг “Лениний онолч” хэмээн магтан сайшааж, ард түмэнд итгүүлэх зорилгоор худал цуурхал тараасан гэдэг нь А.Мын өөрийнх нь мэдүүлэгээр батлагдсан гэж таслан шийтгэсэн тогтоолд дүгнэсэн боловч А.М нь удаа дараагийн мэдүүлэгтээ энэ цуурхал гэх яриа нь улс төрийн талаар ямар нэгэн санаа, зорилго агуулаагүй, ардуудаас асуусан асуултанд энгийн хариулж байсан гэдгээ мэдүүлсээр байхад хэргийн санаа зорилгыг тогтоогоогүй, хэргийг тал бүрээс нь нягтлан шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөлгүй, нэг талыг баримтлан, хэт үзэл сурталжиж, түүний энгийн ярьсан яриаг гол баримт болгон хилсээр ял тулган шийтгэсэн байна.

Энэ хэрэг /цуурхсан/-ийн улмаас тухайн үед нийгэмд учирсан хор хохирол болон гэмт хэргийн санаа зорилго зэргийг шалгаж тогтоосон баримт хавтаст хэрэгт байхгүй.

А.Мын өөрийнх нь ярьсан зүйл, сонссон гэх 2 хүний мэдүүлэгт үндэслэн А.М 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйл /Ардын хувьсгалт засаг төрийг түлхэн унагаах, гутаах, султгах, эсхүл мөнхүү засаг төр ба түүний арга хэмжээнүүдийг эсэргүүцэхийн тулд буюу эсхүл аливаа нэгэн хувьсгалын эсэргүү гэмт хэргийг үйлдэхийг тулд уриалан дуудах чанартай ятгалга явуулах, суртал нэвтрүүлэх, мөн хувьсгалд эсэргүүцүүлэх зорилгоор ард түмнийг үймүүлэн сандруулах, эсхүл нэгэн буюу хэсэг бүлэг хүмүүсээс ардын хувьсгалт засаг тард итгэх явдлыг султган бууруулж болох худал цуурхлыг тараах/-д зааснаар ял оногдуулсан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Энэ хэрэгт яригдаад байгаа “хувьсгалын эсэргүү нарын толгойлогч” гэх Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Л-ыг ЗСБНХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн 1956 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4н-022693/56 тоот тогтоолоор, Цэргийн яамны жанжин штабын дарга Мийг Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1962 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаар тогтоолоор тус тус хэрэгт холбогдолгүй болгон цагаатгасан байна. Аийн Мыг хувьсгалын эсэргүү цуурхал тараасан гэж улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ял шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэг /хуулийг илт буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн/-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

Хэрэгт байгаа баримтуудаас дүгнэвэл А.Мын хувьсгалын эсэргүү цуурхал тараасан гэх хэргийг бүрэн шалгаж, санаа зорилго, учирсан хор уршгийг нь тогтоолгүйгээр, өөрийнх нь засаг, төрийн эсрэг ямар нэгэн санаа зорилго агуулаагүй гэж мэдүүлсэн мэдүүлэгт нь үндэслэж улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хэргийг нотолсон хөндлөнгийн ямарч баримтгүйгээр Увс аймгийн Ардын шүүх таслах газрын 1944 оны 05 дугаар сарын 08-ны өдөр таслан шийтгэсэн 67 дугаар хурлын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2 жил хорьж хилсээр шийтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Увс аймгийн Шүүн таслах газрын 1944 оны 5 дугаар сарын 08-ны өдөр таслан шийтгэсэн 67 дугаар хурлын тогтоолоос А.М 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлд зааснаар 2 жил хорих ял оногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгуулан, Аийн Мыг хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтыг баримтлан прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгах нь шүүхийн эцсийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан эсэхийг урьд мэдэгдээгүй байсан нөхцөл байдалд үндэслэн дахин хянаж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой үе шат бөгөөд шүүн таслах ажиллагаагаар шударга ёсыг хэлбэрэлтгүй тогтоох чухал баталгаа болж өгдөг.

Энэ ажиллагааны зорилго нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч, оролцогч нарын хууль бус ажиллагаа, шүүхэд урьд мэдэгдээгүй байсан бусад нөхцөл байдлын улмаас алдаатай гарсан шүүхийн шийдвэрийг засаж залруулах байдлаар хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах явдал юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд А.Мыг “1942 оны 12 сард Тэс сумын 5 дугаар багт сумын намын үүрийн шийдвэрээр түүхий эдийн бэлтгэлийн төлөвлөгөөг хангаж биелүүлэхээр очоод 10 хоногийн дотор 3 удаа ардын хурлыг зохиож, ухуулан таниулах ажлыг буруугаар урвуулан айлган сүрдүүлснээс болж мөн багийн Тангадын Цагаадайн бие амиа хорлож үхсэн нь үнэн болохын дээр хувьсгалын эсэргүү Л, М нарыг Лениний онолтой хүн, түүнчлэн эсэргүү нарын эхнэрүүдийг СССР-т цөлж явуулсан, СССР, Германы байлдаан 10 жилээс нааш зогсохгүй, хэрэв Герман нь СССР-ийг дийлбэл дэлхий дээр Германаас өөр хүчирхэг улс байхгүй болно гэх буюу одоо дайн байлдаантай хэцүү байгаа тул бараа, таваар ирэхгүй, ардууд өлсгөлөн болоход хүрнэ хэмээн ятган цуурхсан” гэсэн дүгнэлт хийж 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 8 жил хөдөлмөрийн лагерт хорих ялаар шийтгэсэн нь тогтоогдож байна.

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай “Монгол Улсын хууль 1998 онд батлагдаж уг хуулийн үйлчлэх хүрээнд хамаарах эрүүгийн хэргүүдийн хувьд шинэ нөхцөл байдлыг үүсгэсэн нь тухайн үеийн эрүүгийн хууль тогтоомжид заасан улс төрийн буюу төрийн эсрэг гэмт хэрэг, эрүүгийн хуульд шууд заагаагүй боловч намын эсрэг гэх хэргийг гүтгэлэг, бие махбодын болон сэтгэл зүйн хүчирхийлэл, албадлага зэрэг хууль бус аргаар зохиомлоор бүрдүүлсэн хэрэгт хууль бусаар холбогдуулж шүүх тусгай, онцгой бүрэн эрхт комиссын болон нам, төрийн бусад байгууллагын шийдвэрээр баривчлан мөрдөх, эрүүгийн ял шийтгэл эдлүүлэх, шүүхээс гадуур нутаг зааж суулгах, хууль бусаар эрх, эрх чөлөөг нь хязгаарлах, хасах замаар амь нас, эрүүл мэнд, нэр төр, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол учруулсан үйл ажиллагааг улс төрийн хилс хэрэгт хамааруулан хуульчилсантай холбоотой.

Монгол Улсын Их хурлаас батлан гаргасан дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсгийн г-д шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 1942 оны “Эрүүгийн хууль”-ийн 55-69, 137 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн нь хэргийг шинэ нөхцөл байдлын улмаас сэргээн хэлэлцэх үндэслэл болох талаар заажээ.

А.М ял оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд хамаарахгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлд заасан “...худал цуурхал тараах” хэрэгт ял шийтгүүлсэн нь дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт хамаарахаар байна.

А.Мыг үйлдсэн хэрэгтэй нь холбогдуулан 28 удаа байцааж мэдүүлэг авсан бөгөөд гэрч нарыг байцааж, хооронд нь нүүрэлдүүлсэн баримтуудаар түүнийг хувьсгалын эсэргүү цуурхал тараасан гэмт хэрэг үйлдсэн гэж 2 жил хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Тухайлбал, А.Мын өөрийнх нь мэдүүлгээр худал цуурхал тараасан гэдэг нь батлагдсан гэж таслан шийтгэх тогтоолд дүгнэсэн хэдий ч тэрээр удаа дараагийн мэдүүлэгтээ энэ цуурхал гэх яриа нь улс төрийн талаар ямар нэгэн санаа зорилго агуулаагүй, ардуудаас асуусан асуултад энгийн хариулж байсан гэдгээ мэдүүлсээр байтал хэргийн санаа зорилго болон үүнээс нийгэмд учирсан хор хохирол байгаа эсэхийг тогтоогоогүй, түүнчлэн энэ хэрэгт яригдаад байгаа “хувьсгалын эсэргүү нарын толгойлогч” гэх Л, М нарыг хэрэгт холбогдолгүй болгон цагаатгасан зэргээс дүгнэхэд А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлийн дугаар зүйлд заасан “гэмт хэргийн шинж”-ийг агуулсан гэх үндэслэлгүй байна.

Иймд прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн авч, Увс аймгийн Шүүн таслах газрын 1944 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 67 дугаар хурлын тогтоолын холбогдох хэсэг буюу  А.Мыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил оногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг хэлмэгдсэнд тооцож, цагаатгасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Увс аймгийн Шүүн таслах газрын 1944 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 67 дугаар хурлын тогтоолд “А.М холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2 жил хорих ял оногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай” гэсэн өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН