Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 146

 

С.Э-ийн нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар,

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд

тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Г.Банзрагч  

                                                    Б.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Нэхэмжлэлийн шаардлага: “Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримтын хуулбарыг олгохыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд даалгах, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримтын хуулбарыг олгохгүй байгаа Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0726 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 93 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: хариуцагч Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-Э, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, С.Ц-Ө нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Н.А-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0726 дугаар шийдвэрээр: Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг тус тус баримтлан Улсын Их Хурлын гишүүн С.Э-ээс Монгол Улсын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд тус тус холбогдуулан гаргасан Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримтын хуулбарыг олгохыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд даалгах, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримтын хуулбарыг олгохгүй байгаа Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 93 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 726 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 6 дугаар зүйлийн 6.1” гэсний дараа “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар 7.1.17” дахь заалтыг нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн, нэхэмжлэгч Монгол улсын Их Хурлын гишүүн С.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Н.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Улсын Их Хурлын гишүүн С.Э 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримт”-ын хуулбарыг авахаар Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хандан хүсэлт гаргасан. Гэвч Засгийн газрын хэрэг эрхлэх газраас уг хүсэлтийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд шилжүүлсэн талаар хариу мэдээлсэн. Мэдээлэл авах тухай хүсэлт гаргаснаас хойш олон сар өнгөрсөн хэдий ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь мэдээлэл авах хүсэлтийг шийдвэрлэсэнгүй. Уг эс үйлдэхүйд нь холбогдуулан шүүхэд гомдол гаргасан боловч шүүх “төрийн нууцад хамаарах мэдээлэл” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч уг баримт бичгийг төрийн маш нууцын зэрэглэлд авсан гэсэн тайлбарыг өгсөн хэдий ч хариуцагч байгууллагаас маш нууцын зэрэглэлд хамруулсан ямар нэг нотолгоо, холбогдох шийдвэрийг ирүүлээгүй. Ийм байтал шүүх нь “нууцлах арга хэмжээ авч байгаа” гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэн “Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримт” нь төрийн маш нууцын зэрэглэлд хамаарч байгаа талаар дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг... үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцэхгүй байна.

5. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Төрийн байгууллага, бусад хуулийн этгээд нь энэ зүйлийн 13.1-д заасан жагсаалтын хүрээнд салбар, байгууллагын хэмжээнд нууцлах төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг боловсруулж, тагнуулын байгууллагын саналыг авч Засгийн газраар батлуулна” гэж заасан. Энэ заалтын хүрээнд Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолын хавсралтаар Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт баталж, 2019 оны 196 дугаар тогтоолоор нэмэлт орсон. Түүний “К” хэсгийн 11-д “Үндэсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслийн ажил, түүнд оролцуулах зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийн тоо хэмжээ болон ус хангамжийн эх үүсвэр, худалдан авах үйл ажиллагааны нууцалбал зохих хэсэг” гэж заасан.

6. Харин үүнд “Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримт” гэж заагаагүй. Тиймээс төрийн нууцад Засгийн газрын тогтоолоор хамааруулаагүй заалтыг төрийн нууц /төрийн нууцад хамааруулах процесс явагдаж байгаа/ гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т нийцэхгүй байна.

7. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.17-д зааснаар Улсын Их Хурлын гишүүн нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл шаардаж авах эрхтэй. Харин уг мэдээлэл нь төрийн болон албаны нууцын зэрэглэлд хамаарч байгаа бол уг мэдээллийг хүлээн авах ашиглах нь нууцын тухай хууль тогтоомжид зааснаар зохицуулагдана. “Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримт” нь 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн биелэлтийн хүрээнд хийгдсэн ажлын үр дүн юм.

8. Гэтэл Улсын Их Хурлын гишүүний “...хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл шаардаж авах” эрхийг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 21-т заасан “төрийн болон албаны нууцтай танилцах тусгай нөхцөл”-тэй шүүх хольж хэргийг хянан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй.

9. Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж” өгнө үү.

ХЯНАВАЛ:

10. Улсын Их Хурлын гишүүн С.Э-ээс захиргааны хэргийн шүүхэд хандаж, “...Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримтын хуулбарыг олгохыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд даалгах, ... /уг/ бичиг баримтын хуулбарыг олгохгүй байгаа Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, үндэслэлээ “...Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.17-д заасан Улсын Их Хурлын гишүүний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл шаардаж авах эрхийг зөрчсөн” гэж маргажээ.

11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “... хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд /нэхэмжлэл гаргах/” эрхтэй, тухайн тохиолдолд, Улсын Их Хурлын гишүүн С.Э-ийг хувь хүний хувьд “захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар” нэхэмжлэл гаргасан гэх, эсхүл “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд” гэж үзэх үндэслэлгүй  байна.

12. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн С.Э-ээс 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 6546 дугаар албан бичгээр “Улсын Их Хурлын гишүүн С.Э-ийн нэхэмжлэлтэй ... захиргааны хэргийн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай/ хуулийн 41.1.3-т заасны дагуу чөлөөлнө үү” гэх хүсэлтийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т “... төсвийн байгууллагын нэхэмжлэлийг /улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх/”-өөр  зааснаас үзэхэд нэхэмжлэгч Улсын Их Хурлын гишүүн С.Э захиргааны хэргийн шүүхэд өөрийн гаргасан нэхэмжлэлээ “төсвийн байгууллагын нэхэмжлэл” гэж тодорхойлсон буюу “Улсын Их Хурлын гишүүний эрх зөрчигдсөн” гэж маргасан байх тул хувь хүний хувьд “захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар” нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар “... хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах” боломжийг хуульчилсан, Улсын Их Хурлын гишүүнийг “захиргааны байгууллага” гэж үзэх, нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон маргаан үүсгэж захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуулиар тусгайлан олгоогүй байх тул түүнийг энэ тохиолдолд, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзнэ.

14. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлд Улсын Их Хурлын гишүүний “... Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад асуулга, асуулт тавьж хариуг нь хуульд заасан хугацаанд авах, шаардлагатай гэж үзвэл тухайн асуудлаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл санаачилж хэлэлцүүлэх”, “Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагаатай танилцах”, “хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл шаардаж авах”, “бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч, хэнтэй ч хүлээгдэлгүй уулзах, шаардлагатай асуудлаар тайлбар авах” гэх зэрэг бүрэн эрхийг хуульчилсан, мөн хуулийн 33 дугаар зүйлд “Засгийн газрын болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын тайлан, мэдээлэл, илтгэл сонсох”, “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад асуулга тавих, түүний хариуг чуулганаар хэлэлцүүлэх”, “... албан тушаалтанд асуулт тавьж хариулт авах”, “... хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлж байгааг хянан шалгаж дүнг Байнгын хорооны, шаардлагатай гэж үзвэл нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх” гэх зэргээр бүрэн эрхээ хэрэгжүүлэх арга хэлбэрүүдийг тусгайлан заасан, харин Улсын Их Хурлын гишүүний энэ хуульд заасан бүрэн эрхийг “шүүхийн журмаар хамгаалах”, бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа гэх асуудлаар захиргааны шүүхэд хандаж гомдол, нэхэмжлэл гаргах эрхийг хуулиар тусгайлан олгоогүй байна.  

15. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд гэж хуулиар эрх олгогдсон этгээд, энэ хуулийн 18.3-т заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг /ойлгох/”-оор, 18 дугаар зүйлийн 18.3-т “хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй...”,  нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь “нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх, дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” шаардлага хангасан байхыг хуулиар тусгайлан шаардсан байх тул Улсын Их Хурлын гишүүн С.Э-ийг “захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд” гэж үзэх мөн үндэслэлгүй, анхан шатны шүүх нэхэмжлэгч Улсын Их Хурлын гишүүн С.Э-ийг “... нийтийн эрх ашгийн төлөөлөх эрх бүхий этгээд” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн, түүнчлэн, шүүхүүд нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд холбогдуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тусгайлан тогтоосон “нэхэмжлэл гаргах эрх”-ийн талаар дүгнэлт хийлгүй “нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

16. Иймд, шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн  54.1.5-д “... нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан /бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах/”-аар заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн С.Э-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0726 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 93 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Улсын Их Хурлын гишүүн С.Э-ээс гаргасан “Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримтын хуулбарыг олгохыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд даалгах, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримтын хуулбарыг олгохгүй байгаа Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                        Д.МӨНХТУЯА