| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пэрлээгийн Гандолгор |
| Хэргийн индекс | 2406 01231 0689 |
| Дугаар | 2026/ДШМ/13 |
| Огноо | 2026-12-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Ууганбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2026/ДШМ/13
2025 12 24 2026/ДШМ/13
М.С-, М.М-, Б.Х-
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Ууганбаяр /томилолтоор/,
өсвөр насны шүүгдэгч М.С-, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Н- нарын өмгөөлөгч А.Энхтүвшин,
өсвөр насны шүүгдэгч М.М-, түүний хууль ёсны төлөөлөгч Б.М-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Ганпүрэв /цахимаар/,
шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч Д.Очирваань,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/2045 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Чингүүний бичсэн эсэргүүцлээр М.С-, М.М-, Б.Х- нарт холбогдох 2406 01231 0689 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.
З- овогт Б-гийн Х-, .........., урьд ял шийтгэлгүй, /РД:Б-/.
Х- овогт М-гийн С-, ........., урьд ял шийтгэлгүй, /РД:М-/.
Х- овогт М-ын М-, ........, урьд ял шийтгэлгүй, /РД:Х-/.
Өсвөр насны шүүгдэгч М.С-, М.М-, Б.Х- нар бүлэглэн 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шинэ зуун хотхоны гараашинд байсан хохирогч З.Т-ийн эзэмшлийн Талариа Стинг ЭмИкс 3 загварын цахилгаан унадаг дугуйны хянах самбар, урд, хойд их гэрэл, шаврын хаалт, тормосны аппарат зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.220.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.С-, М.М-, Б.Х- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х- овогт М-ын М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3,5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Өсвөр насны шүүгдэгч З- овогт Б-гийн Х-, Х- овогт М-гийн С- “Гүйцэтгэгчээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцож, Өсвөр насны шүүгдэгч Б.Х-, М.С- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.С-, Б.Х- нарт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 2 дахин багасгаж 120 цагийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.Х-, М.С- нарт оногдуулсан 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба өсвөр насны шүүгдэгч М.С-, Б.Х-, М.М- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Чингүүн эсэргүүцэлдээ: “... Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд, 2025/ШЦТ/2045 дугаартай шийтгэх тогтоолоор: “...Хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг харьцуулж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд өсвөр насны шүүгдэгч М.М-ийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар нотлох баримт хэрэгт байхгүй байх ба гэм буруутай эсэхэд эргэлзээ бий болж байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна... М.М-д холбогдуулан... яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, өсвөр насны шүүгдэгч М.М-ийг цагаатгах нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ... Шүүхээс өсвөр насны шүүгдэгч М.С-, Б.Х- нарт... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.С-, Б.Х- нарт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 2 дахин багасгаж 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “....гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...” гэж хуульчилсан байх тул өсвөр насны шүүгдэгч М.С-, шүүгдэгч Б.Х- нарт оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэв...” гэж дүгнэж, хэргийг шийдвэрлэжээ.
Шийтгэх тогтоолыг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 1. Өсвөр насны шүүгдэгч М.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй талаар:
Анхан шатны шүүхээс “чухам ямар баримтыг үндэслэж өсвөр насны шүүгдэгч М.М-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа нь тодорхойгүй, дан ганц Б.Х-ын мэдүүлэг, Б.Х-ын гар утасны мессеж зэргийг үндэслэн өсвөр насны шүүгдэгч М.М-ийг эд зүйлүүдийг авсан гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн боловч хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
хохирогч З.Т-ийн “...Отгонбат мөрдөгч бүх хүмүүсийг дуудаж тухайн 3 хүүхэд авсан эд зүйлсээ торонд хийн надад өгсөн...” гэх мэдүүлэг,
гэрч А.Т-ийн “...Үүнээс хойш 16 цагийн үед дахин нэг цахилгаан дугуйтай эрэгтэй хүүхэд граж руу орох гэхэд нь яах гэж байгаа юм гэхэд найз дээрээ очоодохъё гэсэн. Би байраа тойрчхоод үүдний хаалга янзлаад 21 цагт дуусахад нөгөө 3-н хүүхэд 3-уулаа гражид мотоциклоо янзалж байгаа бололтой байгаад байсан, нэг цагаан пүүзтэй хүүхэд нь энэ байранд амьдардаг гарж орж юм хийж болдоггүй юм уу гээд уурлаад байсан, тэгээд 21 цаг өнгөрөөд дахин харахад тэр хүүхдүүд гараад явчихсан байсан, тэр хүүхдүүд гражийн зүүн хойд талын мухарт л юм хийгээд байсан...” гэх мэдүүлэг,
Б.Х-ын яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...М.М- нь анх санаачилж уриалж зохион байгуулж Талариа цахилгаан дугуйны эд ангийг тайлж өөртөө авсан /хянах самбар, тоормоcны урд, доод аппарат/. С- нь их гэрэл, их гэрлийн суурь, шаврын хаалт авсан. Би тоормоcны арын доод аппарат авсан. Нөгөө хоёрын дугуй нь нэлээн эвдрэлтэй өөрсдийн дугуйнд дутуу зүйлсээ авсан. М-, С- нар нь Шинэ зуун хотхоны гражид авсан зүйлсээ тэр дор нь авч суурилуулсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч М.М-, М.С-, Б.Х- нар байрны грашид байсан хохирогч З.Т-ийн цахилгаан дугуйг олж хараад, тонох, өөрсдийнхөө дугуйг сайжруулах гэмт санаа зорилгоор тухайн цаг хугацаандаа үйлдлээрээ нэгдэн хамтдаа тайлж, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүхийн тогтоолд заасан өсвөр насны шүүгдэгч М.М-ийг цагаатгасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.
2. Өсвөр насны шүүгдэгч М.С-, Б.Х- нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэгт хамаарах буюу өөрөөр хэлбэл, тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж эрүүгийн хариуцлага оногдуулах тохиолдолд 6.7 дугаар зүйлийг Т дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглэх боломжтой байна.
Гэтэл шүүхээс өсвөр насны шүүгдэгч М.С-, Б.Х- нарт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 2 дахин багасгаж 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/2045 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэжээ.
Прокурор Б.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... прокурор Ц.Чингүүний бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна” гэв.
Өсвөр насны шүүгдэгч М.С-, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Н- нарын өмгөөлөгч А.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч болон миний зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж, давж заалдах гомдол гараагүй. Мөн миний үйлчлүүлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад өөрийн гэм буруугаа хүлээж, ямар нэгэн байдлаар маргаагүй оролцсон гэдгийг цохон дурдъя. Тухайн хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлт үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа.
Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгчийн холбогдох хэсэг үнэн зөв дүгнэгдсэн. Хохирол, төлбөр барагдсан. Энэ агуулгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зорилго, зарчим хангагдсан гэж үзэж байгаа.
Улсын яллагчийн гаргасан эсэргүүцлийн тухайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр эсэргүүцэл гаргасан. Түрүүнд дурдсанчлан миний зүгээс анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийг зөв, зүйтэй хэрэглэсэн гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүхээс Эрүүгийн хууль болон бусад хуульд зааснаас өөрөөр тухайн шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эрхийг олгосон. Тухайн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйлдэлд хандаж байгаа хандлага, ухамсарлаж байгаа ухамсрын түвшин, мөн миний үйлчлүүлэгч мотоциклын дугуйны гэрлийн хэсгийг нь авсан байсан, түүний үнэлгээ 200.000 төгрөг болсон, хувийн спортын амжилт гаргасан, хичээл номдоо онц сурдаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан энэрэнгүй байх, хүүхдийн эрх ашгийг хуульд заагаагүй хэлбэрээр хөнгөрүүлж хэрэглэсэн гэж үзэж байгаа. Прокурорын эсэргүүцлийг хүлээж авч, шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 2-т заасныг хэрэглэх ёстой байсан гэж үзэж, хэргийг буцаах тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9-т зааснаар эрүүгийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулна гэсэн заалт буюу хэрэв хөнгөрүүлсэн нөхцөл байдал буруу гэж үзвэл эцсийн үр дагавар нь эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөл байдал тул үндсэн зарчим, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч Д.Очирваань шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй гэж харж байгаа. Гэмт хэрэг гарахаас урьдаад М.М-, М.С- нар граш руу орж, 3 цаг гаруй болсон үйл явдал байдаг. Үүний дараа манай үйлчлүүлэгч Б.Х- орсон байдаг юм. Дутуу эд зүйлүүдийг өөрсдийн цурамд хийгээд 21 цагийн үед гарсан. Нийт М.М-, М.С- нар 7 цаг орчим, Б.Х- 5 цаг орчим болоод гарсан. Энэ талаар шүүгдэгч Б.Х- тогтвортой мэдүүлсэн. Гурвуулаа хамт явж байгаад үлдсэн гэх асуудал хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. Иймд прокурорын гаргасан эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т хамаарахгүй. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл бий болоогүй гэж тайлбарлаж байна. М.С-, Б.Х- нарын тухайд гэмт хэрэг гарсан цагаас эхлэн гэм буруугаа хүлээж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг 3 удаа өгсөн. Б.М-ий үйлдлээс болж хэрэг 2 жил дамжиж байна. Шүүгдэгч Б.Х-ын тухайд хувийн байдалтай Х-той бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан. Шүүгдэгч нь 3 улсын хэлтэй, гадаад улсад суралцахаар тэтгэлэг авсан. Мөн сайн дурын ажлууд хийдэг тухай баримтууд авагдсан. Бидний зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулж, асуудлыг нэг талдаа шийдүүлье гэх байр сууриар явсан. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлд М.С-, Б.Х- нарт холбогдох асуудлыг давж заалдах шатны шүүх нэг мөр хууль зүйн дүгнэлт өгөх боломжтой гэж харж байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.4-т хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй. Оногдуулах ялыг шийтгэх тогтоолын 4-т оногдуулсан. Тогтоох хэсгийн оногдуулах ялын хэмжээ хүндрэхгүй. Ийм агуулгаар ялаас чөлөөлсөн 5 дахь заалтыг хүчингүй болгохоор М.С-, Б.Х- нарын асуудал зарчмын хүрээнд энэ шатанд шийдэгдэх боломжтой гэж харж байгаа. Нөгөө талаас давж заалдах шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхгүй гэдэг агуулгаар шийтгэх тогтоолын 4-т заасан заалтын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-д заасны дагуу Б.Х-ыг нэг жилийн хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4-д заасны дагуу үүрэг хүлээлгэх, бусдын орон гэр, бусдын эд зүйл зөвшөөрөлгүйгээр нэвтрэхгүй байх үүрэг хүлээлгэх байдлаар ялыг хөнгөрүүлэх байдлаар өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
Өсвөр насны шүүгдэгч М.М- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэлэх тайлбаргүй...” гэв.
Өсвөр насны шүүгдэгч М.М-ий хууль ёсны төлөөлөгч Б.М- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хүү М.М-ийг Б.Чингүүн прокурор гэмт хэрэгт уриалсан, зохион байгуулсан гэж үзэж, яллаад байдаг. Гэмт хэргийг зохион байгуулсан гэдэг нь ямар баримт нотолгоогоор, яаж тогтоож буруутгаад байгааг ойлгохгүй байгаа. Энэ талаар баримт байдаггүй. Гэтэл тухайн хэрэг гарахын өмнөх өдөр дээрх гурван хүүхэд дугуйны юмыг хоорондоо сольё гэж ярилцаад очсон байдаг. Үүнийг нотолсон. М.М-, Б.Х-тай чаталсан чатанд үзлэг хийлгэсэн боловч шүүгдэгч Б.Х- утсаа үзүүлээгүй. Гэтэл М.М-ийг зохион байгуулсан гэж үздэг. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Анхнаасаа М.М-ийг дугуйны эд зүйлийг авсан гэж үзсэн юм бол яагаад хохирол, төлбөрийг гаргуулаагүй юм бэ, хохирлыг шүүгдэгч Б.Х-, М.С- нарын эцэг, эх төлсөн. М.М- юм аваагүй гэдгээ бидний хажууд мэдүүлэг өгөхдөө маш тодорхой хэлсэн. Иймд Б.Чингүүн прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Өсвөр насны шүүгдэгч М.М-, түүний хууль ёсны төлөөлөгч Б.М- нарын өмгөөлөгч Б.Ганпүрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан үндэслэл бүхий эргэлзээ гэх нөхцөл байдлыг анхан шатны шүүх зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, харилцан ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй өсвөр насны гэрч, шүүгдэгч, яллагдагч нарын мэдүүлгийг зөрүүг арилгахгүйгээр тэдгээрийг яллахдаа нэгнийх нь мэдүүлгийг эсрэг ашигласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэх агуулгаар анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгч М.М-ий үйлдэл оролцоог хуульд заасан хэмжээнд Х-ттай хүрэлцэхүйц нотлох баримтаар эргэлзээгүй тогтоож чадаагүй. Өөрөөр хэлбэл, тухайн нөхцөл байдалд 3 хүүхэд хамт байсан гэх үйл баримт тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, Б.Х-тай бичилцсэн мессеж дээр хэн юу авсан талаар тодорхой бичсэн байдаг учраас анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн. Хоёрдугаарт, хохирол төлбөрийн тухайд, 3 хүүхдийн эцэг, эх хохирогчидтой уулзаад, М.М-ий оролцоо байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг үлдсэн хоёр шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нар төлсөн үйл баримт байдаг. Үүнийг анхан шатны шүүхээс зөв үндэслэлтэй дүгнэсэн гэж үзэж байгаа. Хууль хэрэглээний алдааг зөвтгөх замаар өөрчлөлт оруулж, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, өсвөр насны шүүгдэгч М.С-, М.М-, Б.Х- нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоожээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч М.С-, Б.Х- нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхдөө тус зүйлийн 1-5 дахь хэсэгт урьдчилсан нөхцөл болгож тусгай ангид заасан ямар гэмт хэрэг үйлдсэн хүнд хэрэглэх талаар заасан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг 3 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон...” гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр заасан байна.
Өсвөр насны шүүгдэгч М.С-, Б.Х- нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хорих ялын хэмжээг зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар тогтоосон, ба тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байгаа талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзэн хүлээн авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтад түшиглэсэн шүүгчийн дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон заалт хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх гэдэгт шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй; хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн; хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэснийг ойлгохоор заасан.
Иймд прокурорын эсэргүүцэлд дурдсан 2 үндэслэлээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх эсэргүүцлийг хүлээн авч, өсвөр насны шүүгдэгч М.С-, Б.Х- нартай Х-той үйлдлийг шийдвэрлэснийг хууль зүйн хувьд үндэслэлгүй байна гэж үзэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч М.М-тэй Х-той үйлдлийг дүгнэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.
Анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч М.С-, Б.Х- нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг буруу хэрэглэсэнг зөвтгөж шийдвэрлэхэд тэдгээрийн эрх зүйн байдал хүндрэхээр байгаа тул өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирваанийн гаргасан шийтгэх тогтоолд өөрчлөл оруулж шийдвэрлэж өгнө үү гэх саналыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/2045 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгагдсан этгээд М.М-, өсвөр насны шүүгдэгч М.С-, Б.Х- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурор Ц.Чингүүний бичсэн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 43 дугаартай эсэргүүцлийг хэсэгчлэн хангаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/2045 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Цагаатгагдсан этгээд М.М-, өсвөр насны шүүгдэгч М.С-, Б.Х- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР