| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0107/Э |
| Дугаар | 146 |
| Огноо | 2017-01-24 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Хохирогч Б.Ган-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ганбаатарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706034400446 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хангарьд төвийн 0 давхарт байрлах Таван хүрэн ломбарданд хохирогч Б.Ган-Эрдэнээс гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1706034400446 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Б.Г нь хохирогч Б.Ган-Эрдэнийн эзэмшлийн гар утасыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Б.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2017 оны 11 сарын 18-ны өдөр 12 цагийн үед ломбардандаа байж байхад эрэгтэй хүн орж ирээд “зарах утас байна уу” гэхээр нь Самсунг галакси эс 5, эс 7 маркийн гар утаснуудыг үзүүлсэн. Тэр залуу мөнгө бүтвэл эс 7 нь авъя гэж хэлээд явсан. Орой 18 цагийн үед буцаж ирээд самсунг галакси эс 7 маркийн утсыг нь авахаар боллоо гэхээр нь би түүнд өгч үзүүлсэн. Тэр сим картаа хийж яриад үзье гэсэн ба сүлжээ унаад байна гэж хэлээд цаашаа хаалга руу холдсон. Тэр залуу өдөр гар утас үзэж байхдаа эс 5 маркийн гар утсан дээр өөрийн зургийг тавьсан байсан. Надад хэлэхдээ засварын газарт ажилдаг. Та энэ газраас худалдаж авсан гэдэг нь үнэн гэсэн бичиг хийгээд өгөөч гэж хэлэхээр нь би баримт дээр бичиж өгөөд тэр гарын үсгээ зурсан бөгөөд 95946900, 88441505 гэх дугааруудыг бичсэн. Тэгээд тэр залуу эс 7 маркийн гар утсыг үзээд цаашаа хаалга руу холдоод хүнтэй утсаар яриад байж байсан. Миний утас дуугараад хүнтэй яричихаад харсан чинь тэр залуу алга болсон байсан. Араас нь гадаа гарч хайсан боловч олоогүй. Самсунг галакси эс 7 маркийн гар утсыг 500.000 төгрөгөнд худалдах гэж байсан гэх мэдүүлэг /хх-н 11-12/
Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Дамно ХХК-ийн №БЗ1-212 дугаартай:
Самсунг эс 7 маркийн гар утас нь 432.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 18-19/
Шүүгдэгч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Хангарьд төвийн ломбарднаас самсунг эс 7 маркийн гар утсыг худалдаж авна гэж хэлээд үзэж байгаад авч зугтаасан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Утас аваад гархад араас харахгүй байх шиг болхоор нь аваад явчихсан юм. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хохирлоо бүрэн барагдуулна гэх мэдүүлэг /хх-н 35-37/
-гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-ийн 2-4/
-эд мөрийн баримтаар тооцох тогтоол, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-7/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-шүүгдэгч Б.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-41/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Б.Гын иргэн Б.Ган-Эрдэнийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Г нь гэмт хэргийн учир нийт 35 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий DVD-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал уг хэрэгт хавсаргаж, хадгалах, хэрэгт шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 432.000 төгрөгийн хохиролыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Гыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гын цагдан хоригдсон гучин тав хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дивидиг хэргийг хадгалах хугацаа дуустал уг хэрэгт хадгалсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гаас 432,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ган-Эрдэнэ /ЕЛ84120753/-д олгосугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, түүний эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тооцсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ